“Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгаар БАЯЛГИЙН САН байгуулна

2022-01-07

Б.Төгсбилэгт The Mongolian Mining Journal /Dec 2021/

Эрдэнэс Монгол” баялгийн сан болох замдаа орлоо. Учир нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж батлуулахаар зэхэж байна. Хуулийн төсөл ил болоогүй ч үндсэн агуулгыг дэлгэсэн. Урьд өмнө нь баялгийн сан байгуулах тохиолдолд “Эрдэнэс Монгол”-ыг хэрхэн сан болгох талаар, нөгөө талд уул уурхайн салбарын төлбөрийн дарамтыг нэмэгдүүлэх үү зэрэг асуултууд гарч ирж байсан. Тэгвэл салбарын дэд сайд О.Батнайрамдалын тайлбарласнаар шинээр байгуулах сангаар дамжуулан салбарт нэмэлт ачаа үүрүүлэхгүй нь тодорхой болж ирлээ. Уг хуулиар “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн өөрчлөлт хийнэ.

Тус компани нь стратегийн эзэмшлийн ордод төрийн эзэмшлийг төлөөлөх зорилгоор байгуулагдсан компани юм. Харин одоо “Эрдэнэс Монгол” компани нь монголчуудад супер ногдол ашиг хуваарилагч болж өөрчлөгдөж чадах уу гэсэн асуулт урган гарна. Энэ асуултад салбарын дэд сайд О.Батнайрамдал “чадна” гэдгийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниудыг ашигтай ажиллуулж, ногдол ашиг бүрдүүлж, түүгээр сан байгуулах юм. Уг сан нь “Хөгжлийн сан” нэртэй байх бөгөөд тус сангаас дотоодын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулинд ч Хуримтлалын болон Хөгжлийн сантай байх ёстой гэсэн заалт тусгалаа олж байгаа ажээ. Асуулт гэвэл, “Эрдэнэс Монгол”- ын бор зүрхээрээ, алдагдалтай ажиллаж байгаа “Багануур”, “Шивээ Овоо” компаниас “Хөгжлийн сан”-д яг ямар ашиг хүртээх вэ, үгүй бол уг асуудал мөрөөдөл төдий зүйл болж хувирна.

Баялгийн сангийн хуулийн тухай улстөрчид ихээхэн гоё ярихыг эрмэлзсээр ирсэн. Тэгвэл энэ удаад шинэ баялгийн сан байгуулах хуулийн төсөл нь “хана мөргөх” төсөл байж болзошгүй юу? Мэдээж үгүй. Учир нь, “Эрдэнэс Монгол”-ыг эхний ээлжинд ашигтай ажиллаж байгаагаар харуулах учиртай. Үүний тулд ганцхан “Багануур”, “Шивээ Овоо” зэргийг хараад сууж болохгүй. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийг тус компани өөрийн харьяандаа оруулах нь тодорхой байна. Тус бүр нь жилд хоёр их наяд гаруй төгрөгийн борлуулалт хийдэг улсын чанартай хоёр байгууллагыг өөртөө нэгтгэснээр “Эрдэнэс Монгол” супер ашигтай компани болон хувирна. Супер ашигтай компани, супер сангийн төлөөлөл нь “Эрдэнэс Монгол” болон тодрон гарч ирнэ. Гэхдээ баярлах эрт байна. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” нь үндсэндээ нийгмийн чанартай хөтөлбөрүүдийн гол санхүүжүүлэгч төдийгүй дэд бүтцийн томоохон төслүүдийг үйл ажиллагааны ашгаараа санхүүжүүлж ирсэн. Улмаар энэ бүх үйл ажиллагаа нь борлуулалтын орлогоос нь давахад хүрдэг. Гэхдээ эдгээр компанид хуримтлагдсан ашиг бий. 2021 оны эхний хагасын байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн хуримтлагдсан ашиг 1.83 их наяд төгрөгөөр хэмжигдсэн бол (2020 оны эцсээр) “Эрдэнэс Тавантолгой” компанийнх 898 тэрбум төгрөгөөр илэрхийлэгджээ. Мэдээж аливаа томоохон компаниуд нь өр төлбөрийн хувьд чамлахааргүй дарамтан дор байдгийг мартаж болохгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн өр төлбөрийн хэмжээ оны эхний хагас жилийн байдлаар 558 тэрбум төгрөгт хүрсэн байсан бол “Эрдэнэс Тавантолгой”-н өр 2020 оны сүүлээр 2 их наяд төгрөг даваад байв. Нэлээд өндөр дүн болж байна. Зэсийн зах зээлийн өсөлттэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн борлуулалтын орлого энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 78%-иар буюу 700 гаруй тэрбум төгрөгөөр өсч 1.62 их наяд төгрөгт хүрсэн байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд хөрөнгө оруулалтын өөрийн гэсэн томоохон дэд бүтцийг санхүүжүүлэх бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд уурхайн өргөтгөл төслийн хөрөнгө оруулалтын олон ажил хойшлогдсон байгааг бодолцох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн уул уурхайн хоёр том байгууллага “Хөгжлийн сан”- ийн малгай дор нэгдэх нь илүү эмх цэгцтэй болно гэсэн санаа. Түүнээс биш прогрессоор өсч үржих сангийн тухай яриа биш юм. Сингапурын “Темасек” маягийн загвар буюу холдинг компанийн хэлбэрт “Эрдэнэс Монгол”-ыг шилжүүлснээр дотоодын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт илүү цэгцрэх сайн тал харагдаж байна. Үндсэндээ уян хатан нөхцөлтэй төдийгүй зарим тохиолдолд үр ашиг багатай төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг компани болно гэсэн үг. Энэ тохиолдолд бидний хүлээлт илүү доогуур байх нь зүйтэй. Эндээс Норвегийн сан шиг прогрессоор өсөх найдварыг хүлээх шаардлагагүй болов уу. Ямар нэг өгөөжийг иргэдэд хүртээх тухай ойлголт ихээхэн алс хэтэд өрнөх боломжтой. Учир нь, “Темасек”-ийн бодит өсөлт даруй хорин жилийн дараа тодорч иржээ. Салбарын дэд сайдын мэдэгдсэнээр “Хөгжлийн сан” нь төсөвтэй хутгалдахгүй гэсэн авч “Ирээдүйн өв сан” нь өөрөө уул уурхайн төрийн өмчит компаниудын ногдол ашгаас орлогын зарим хэсгээ бүрдүүлдэг. Тэгэхээр “Хөгжлийн сан” төрийн өмчит компаниудын ногдол ашгийг бүхэлд нь ногоон гэрлээр авах боломжгүй.

Нөгөө талд “Хөгжлийн сан” болох даалгавартай “Эрдэнэс Монгол” нь өөрөө төрд ногдол ашиг хуваарилсан туршлага бий.

Энэ оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компани төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгийг анх удаа хуваарилсан тухай бид дуулсан. Тэр нь маш энгийнээр төрийн эзэмшлийн нэгж хувьцаа бүрт 20.37 төгрөг буюу (нэг зуун сая хувьцаанд) нийт 2 тэрбум 37 сая төгрөгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлсэн нь 2019 оны үйл ажиллагаанд хамаарах ногдол ашиг хуваарилсан явдал байв. Хэмжээгээр их биш ч “Эрдэнэс Монгол” компани 2007 онд үүсгэн байгуулагдаад ийнхүү анх удаа ногдол ашиг хуваарилсан нь түүхэн үйл явдал байв. Цаашид бид “Эрдэнэс Монгол”-оос илүү өгөөж хүртэх боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Засгийн газрын арваннэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах үр ашиггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг шинэчлэх, шаардлагагүй охин/хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх санал танилцуулахыг үүрэг болгосон. Түүнчлэн төрийн өмчийн компаниудын санхүүгийн тайланг дэлгэрэнгүй ил тод мэдээлэх, төсөвт төлсөн татвар, болон бусад чухал үзүүлэлт, мэдээллийг ил тод дэлгэж байхаар шийдвэрлэсэн.

Харин “Эрдэнэс Монгол”-ын хувьд санхүүгийн тайлангаа ил болгоогүй байгаа юм. Зөвхөн Үндэсний аудитын газрын зарим аудитын тайлангаас тус компанийн санхүүгийн үзүүлэлтийг харах боломжтой. Тус компанийн хуримтлагдсан ашгийн үзүүлэлт 2019 оны байдлаар 6.56 тэрбум төгрөгийн үзүүлэлттэй байсан байна. Нийт өр төлбөрийн дүн 266.2 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэж байжээ.

Яг одоо “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн нөхцөл байдал ямархуу байгааг үзье. Тус компанийн орлого, зарлага, ашигт ажиллагааны тухай мэдэхэд шилэн дансны мэдээлэл тус болно.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК, Үндэсний аудитын газар

Шилэн дансанд “Эрдэнэс Монгол” компани нь цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний мэдээллээ оруулдаг. Энэ нь төрийн өмчийн компанийн тухайд ихээхэн дэвшилтэт алхам юм. Уг цахим хуудасны мэдээллээр 2021 он гарсаар эхний 11 сарын байдлаар тус компани 250 орчим тэрбум төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн бол зарлагын гүйлгээний тухайд 253.9 тэрбум төгрөгт хүрчээ. Гэхдээ энэ дунд тэтгэврийн зээлгүй ахмадын 1 сая төгрөгийн дэмжлэгт зориулсан 215.5 тэрбум төгрөгийн бонд багтсан нь гүйлгээний дүн өндөр гарахад нөлөөлсөн. Энэ дүнг хасч тооцвол “Эрдэнэс Монгол” мөн хугацаанд 33.8 тэрбум төгрөгийн орлогын гүйлгээ, 38.4 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна. Зарлага нь орлогоос давжээ.

Орлогын гүйлгээ дотроо дийлэнхийг замын хураамж бүрдүүлж байна. Тодруулбал 32 тэрбум төгрөгийг замын хураамжийн орлогоор бүрдүүлжээ.

Тус компанийн орлогын гүйлгээг дотор нь задалж үзье.

Эх сурвалж: Шилэн дансны нэгдсэн цахим хуудас (графикт бондын гүйлгээ ороогүй болно)

Замын хураамж орлого он гарсаар компанийн нийт орлогын гүйлгээний 94.6%-ийг эзэлжээ. Орлогын дийлэнхийг нэг л эх үүсвэр эзэлдэг энэ байдал өмнөх жилүүдэд ч ойролцоо түвшинд байсан. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” компани “Багануур”, “Шивээ Овоо” болон бусад охин компаниас төдийлөн их орлого төвлөрүүлж ажилладаггүйг харж болно. Гэхдээ энэ онд замын хураамжийн орлого урьд жилүүдийг бодвол мэдэгдэхүйц буурчээ. Нүүрсний экспортын орлого өсөлттэй ч биет жингийн хэмжээ буурч байгаа нь замын хураамжийн орлогод нөлөөлсөн нь дамжиггүй.

Эх сурвалж: Шилэн дансны нэгдсэн цахим хуудас

Зарлагын тухайд он гарсаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйлгээ 38.4 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдсэн. Үүний 25%- ийг охин компаниудын зардал эзэлжээ. Тодруулбал, толгой компаниас охин/хараат компани руу хийсэн зарлагын гүйлгээ 9.7 тэрбум орчим төгрөгөөр илэрхийлэгдэж байна.

Тайлбар: *2021 оны үзүүлэлт тэтгэврийн зээлгүй ахмадад зориулсан дэмжлэгийн бондын гүйлгээ ороогүй төдийгүй оны эхний 11 сарын дүн болно. Мөн 2020 оны дүнд “Эрдэнэс” бондын гүйлгээ ороогүй болно.

Эх сурвалж: Шилэн дансны нэгдсэн цахим хуудас

“Эрдэнэс Монгол” нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Ингэхдээ стратегийн орд газрыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан.

Зэс, нүүрс, уран, байгалийн хий, үнэт метал, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны байдлаар 13 охин/хараат компани болон гурван төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн мэдээлж буйгаар Оюутолгойг оролцуулаад нийт 4850 ажилтантай. “Багануур”, “Шивээ-Овоо” дотоодын эрчим хүчний хэрэгцээнд жилд 6-7 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. 81.5%- ийн эзэмшлийн охин компани “Эрдэнэс Тавантолгой” нь коксжих нүүрсний хамгийн том экспортлогч, олборлогч юм. Хэдийгээр “Эрдэнэс Монгол”-ын охин компани боловч хувьцаа эзэмшлийн эрх үүргийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ) гэж явдаг. Энэ зохицуулалт нь компанийн өмнө төлөвлөөд цуцлагдсан IPO-тэй холбоотой байсан.

“Эрдэнэс Монгол” ийнхүү сан болох замдаа Үндэсний баялгийн хууль батлагдсанаар шуудран орох гэж байна. Нөгөө талд “Ирээдүйн өв сан” анхаарал татсан асуудал болж байна. 2022 оны төсвийн дагалдах хуулиудаар “Ирээдүйн өв сан”-д жил бүр 1.46 их наяд төгрөгийн орлогыг хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжид зориулж гаргах тухай зохицуулалт батлагдсан. Ирэх жил “Ирээдүйн өв сан”-гийн нийт орлогын 1.06 их наяд төгрөгийг АМНАТ-өөр, үлдсэнийг (404.5 тэрбум төг) төрийн өмчийн компаниудын ногдол ашгаар бүрдүүлэхээр тусгажээ. Эндээс хоёр зүйлийг харж болно. Нэгд, “Ирээдүйн өв сан” нь цаашид жил бүр 1.5 их наяд төгрөг буюу түүнээс илүү их мөнгийг хүүхдийн тэтгэмжид зориулж төвлөрүүлэх ачааг нуруундаа үүрснээр жишиг баялгийн сангийн зарчмаар хөгжих боломжгүй болж байгаа юм. Хоёрт, “Ирээдүйн өв сан” нь уул уурхайн салбарын төрийн өмчийн компаниудын ногдол ашгаас томоохон хэсгийг өөртөө авах болно. Тэгэхээр “Хөгжлийн сан”- гаар дамжуулан “Эрдэнэс Монгол” нь төрийн өмчийн хоёр үлэмж компанийг мэдэлдээ авах тохиолдолд үнэхээр хангалттай хэмжээний ногдол ашиг шинэ санд бүрдүүлж чадахгүй байж мэдэх юм. “Эрдэнэс Монгол”-ын харьяанд “Эрдэнэт үйлдвэр”- ийг шилжүүлэх Засгийн тогтоол урьд нь гарч байсан ч хэрэгжээгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н тухайд угаас “Эрдэнэс Монгол”-д санхүүгийн хувьд нэгтгэх ажил хийгдэх учиртай байсан. Тэгэхээр “Хөгжлийн сан”-гаар хоёр компанийг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэх нь зөвхөн хүлээгдэж байсан хуучин зорилт юм. Харин одоо үнэхээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын сан бүхий, жил бүр ногдол ашиг өгдөг тийм санг хэрхэн бүрдүүлэх нь бүрхэг байна.

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 6 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 19 цаг 26 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.