Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхайг 2023 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж итгэж байна

2022-01-25

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.

Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тэрбээр "Эрхэм монголчууд аа,

Хөрөнгө оруулагчид, зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо,

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож буй уурхайчид, инженер техникийн ажилтан, албан хаагчид аа,

Монгол Улс Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг өнөөдөр онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Харамсалтай нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюутолгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53%, хөрөнгө оруулагч тал 47%-ийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсч, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч Оюутолгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ.

Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ.

Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34% Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна.

Хэлэлцээр өнөөдрийн түвшинд ирэхэд нэгдмэл бодлогоор тууштай дэмжиж, хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Улсын Их хурлын эрхэм гишүүд, Улсын Их хурлын Түр хорооны гишүүд, олон жил цөхрөлтгүй тэмцсэн улстөрчид, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүдэд гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авч, буулт хийж, хамтын ажиллагааны итгэлцлийг сэргээхийг эрмэлзсэн хөрөнгө оруулагч тал болох "Рио Тинто", "Туркойз Хилл" компанийн удирдлагуудад мөн талархаж байна.  

Эрхэм хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улсын Их хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хүрээнд  өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна.

Оюутолгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ өдөр бол хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага гэдгийг миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээ төлөөлөн та бүхэнд илэрхийлж байна.

Эрхэм монгол ахан дүүс ээ,

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.

Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болно.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байгаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлье.

Оюутолгой ордоос Монгол Улсын эрх ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, өмнийн говийг усжуулах, зэс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон чиглэлээр баяжин амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

Гүний уурхай харилцан тохиролцсон хугацаандаа ашиглалтад орж, газрын доорх их бүтээн байгуулалттай биечлэн танилцахаар эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

Та бүхэнд ажлын амжилт хүсье" гэв.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.108.202)
    МУ-ын Ерөнхий сайдын үгнээс зөвхөн хөрөнгө оруулагч тал энэ бүх хугацаанд гэрээний нөхцөлийг гацаагаад байсан мэт ойлгогдож байна. Seemed not good remark from PM.
    2022 оны 06 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 36 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 11 цаг 3 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.