Туркойз Хилл: Оюутолгой оны эхний улиралд 403 сая долларын орлоготой ажиллав

2022-05-13

“Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Энэ оны эхний улиралд тус компанийн борлуулалтын орлого 402.7 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс (526.5 сая ам.доллар) 23.5%-иар буурсан байна. Гэхдээ энэ хугацаанд зэсийн ханш 17.9%, алтны үнэ 4.3%-иар тус тус өссөн нь орлогын бууралтыг тодорхой хэмжээнд хазаарлах нөлөө үзүүлжээ. Үйлдвэрлэлийн гарц доошилсон нь баяжмал дахь металын агуулга, тэр дундаа алтны хэмжээ мэдэгдэхүйц буурсантай холбоотой. Энэ онд агуулга багатай хүдрийн хэсэгт олборлолт хийх тул баяжмал дахь металын хэмжээ буурч, орлого ч доошлохоор байгаа юм. Тус компанийн зэс олборлолт мөн улиралд 33.3%, алтны үйлдвэрлэл 59.6%-иар тус тус буурчээ. Тодруулбал оны эхний улиралд баяжмал дахь цэвэр металын агуулгаар, 30.3 мянган тонн зэс, 59 мянган унц алт, 211 мянган унц мөнгө үйлдвэрлэсэн бөгөөд компани энэ онд олборлолтын төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэ оны тухайд уурхайгаас нийттдээ 110-150 мянган тонн зэс, 135-165 мянган унц алт олборлохоор төлөвлөсөн.

Оны эхний улиралд Оюутолгойн баяжуулах үйлдвэрт 9.6 сая тонн хүдэр боловсруулсан байна. Компанийн үйл ажиллагааны зардал эхний улиралд 13.8%-иар нэмэгдэж 228.9 сая ам.долларт хүрсэн нь түлш, эрчим хүч, тэсэлгээний бодис, ган бөмбөлгийн зардал нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Энэ онд үйл ажиллагааны зардал нийт 800-875 сая ам.долларт хэмжигдэнэ гэж тооцоолж байгаа бөгөөд инфляцын үр нөлөөгөөр зардлын бодит хэмжээ одоогийн төсөөллийн дээд утга хавьцаа очино гэж компани үзжээ.

Оны эхний улиралд Оюутолгой уурхайн олборлолтын зардал өмнөх оны мөн үеийнхээс 14.2%-иар өссөн байна.

“Туркойз Хилл” ирэх оны эхний хагаст багтааж далд уурхайн олборлолтын жигд үйл ажиллагааг эхлүүлнэ гэж мэдээлжээ. 

“Туркойз Хилл” далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглалтад оруулах нэмэлт зардлыг 3.4 тэрбум ам.доллар гэж үзэж байгаа бөгөөд хэрэв зээлийн үндсэн төлөлтийн хуваарийг төлөвлөгөөний дагуу хойшлуулбал уг үзүүлэлтийг 1.7 тэрбум хүртлэх ам.доллараар бууруулах боломжтой юм байна. Тус компани далд уурхайг ашиглалтад оруулах нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар болно гэж тооцоолж буй юм. Санхүүжилтийн эцсийн тооцооллыг хараахан боловсруулж дуусаагүй байгаа ажээ.

Энэ оны эхний улирлын эцэс гэхэд, “Туркойз Хилл” компанийн бэлэн мөнгөний нөөц 0.6 тэрбум ам.доллар байгаа нь ирэх аравдугаар сар хүртэл ил болон далд уурхайн үйл ажиллагааг санхүүжүүлж хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байна. “Оюутолгой” ХХК-ийн зээлийн хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар 8.4 тэрбум ам.доллар байгаагийн 2.3 тэрбум ам.доллар нь хуримтлагдсан хүү байна. Энэ зээл нь LIBOR+6.5%-ийн хүүтэй тухай “Туркойз Хилл”-ийн мэдээнд тэмдэглэжээ. 

Оюутолгойн баяжмалын экспорт оны эхний улиралд харьцангуй сайжирсны үр дүнд уурхайн талбай дахь баяжмалын агуулах дахь нөөц 30%-иар буурчээ.

 

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ