PDAC 2022: "Монголын өдөр"

2022-06-14

Канадын Торонто хотноо Prospectors and Developers Association of Canada (PDAC) буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын 90 дэх удаагийн чуулган (2022.06.13) эхэллээ.

"Монголын өдөр"-ийг нээж Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкоф, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар үг хэлэв.

"Оюутолгой", "Steppe Gold", "Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэ Ресурс Девелопмент", "Xanadu Mines", "ION Energy" зэрэг компаниуд төслүүдээ танилцууллаа.

УУХҮ-ийн сайд  Г.Ёндон  хөрөнгө оруулагчид, хайгуулын компаниудын төлөөлөлтэй уулзалт хийж байна.

Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд зохиогдсон “MONGOLIA@PDAC 2022” бизнес форумыг нээж салбарын сайд Г.Ёндон үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд,
Эрхэмсэг ноён Элчин сайдууд,  
Хүндэт зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, хатагтай, ноёд оо!

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дэгдэлт намжиж, олон улсын хөрөнгө оруулагч, хайгуулч, олборлогч, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд та бүхэнтэй биечлэн уулзах боломжтой болсонд баяртай байна. 1932 онд анх удаа зохион байгуулагдаж байсан PDAC олон улсын чуулга уулзалт өдгөө 90 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, олон улсын хөрөнгө оруулагчид, хайгуулчид, олборлогчид, уул уурхайн салбарын төрийн байгууллагууд, мэргэжилтнүүдийг холбосон дэлхийн хамгийн том арга хэмжээ болон өргөжижээ. Канадын хайгуулч, олборлогчдын холбооны Төлөөлөн удирдах зөвлөл, зохион байгуулах хороод, нийт ажилтнууд, олон улсын оролцогч та бүхэнд 90 жилийн ойн баярын мэнд хүргэе! Манай улс дэлхийн уул уурхайн салбарын идэвхтэй оролцогч болж, олон улсын хөрөнгө оруулалт татахад анхаарал хандуулах болсон үеэс хойш PDAC арга хэмжээнд идэвхтэй, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож ирсэн улсуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Энэ жил мөн Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Үе үеийн уурхайчид, уул уурхайн салбарт хүчин зүтгэж буй та бүхэнд энэхүү дэлхийн хамгийн том арга хэмжээний индэр дээрээс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь олон улсын хөрөнгө оруулагч, төрийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд зэрэг салбарын оролцогч талуудын харилцан ойлголцол гүнзгийрч, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөөг та бүхэнтэй хуваалцах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох сайхан боломж гэж харж байна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, нөөцөөрөө дэлхийд дээгүүрт тооцогдох зэс-алтны “Оюутолгой” төсөл, коксжих нүүрсний “Тавантолгой” төсөл болон олон арван төсөл амжилттай хэрэгжиж дэлхийн шилдэг техник, технологи нэвтэрч байна. Үүний дүнд манай улс зэс, металлургийн нүүрс, алтны экспортод тулгуурласан, 6 тэрбум долларын жилийн орлого бүхий орчин үеийн уул уурхайн хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгож амжсан байна.

Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс салбарын хөгжлийг “Хайгуул-Олборлолт-Боловсруулалт-Борлуулалт-Хуваарилалт” гэсэн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд манай яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулиудын төслийг боловсруулаад байна.  Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслүүдийг илүү амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчдын өөр хоорондын харилцаа сайжрах, нийгэм, эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэх, байгалийн баялгийн иргэнд бүрт тэгш шударга хүртээх, тодорхой хэсгийг баялгийн санд төвлөрүүлж, хуримтлал үүсгэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан үр ашигтай нягт хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто" групптэй хийж буй Оюутолгой төслийн хэлэлцээр амжилттай явагдаж, харилцан ойлголцолд хүрч байна. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2022 он гарсаар гүний уурхайн хүдрийг олборлох анхны тэсэлгээний ажил хийгдсэн. Далд уурхай бүрэн уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын үйлдвэрлэл, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.

Бид зэсийн салбараа цаашид улам бэхжүүлэх, томруулахын зэрэгцээ зай хураагуурын түүхий эд, газрын ховор элемент, бусад критикал минералын хайгуулыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтууд хийж эхэлж байна. Мөн энэ чиглэлийн түүхий эд хэрэглэгч улс орнуудтай засгийн газрын түвшинд хамтран ажиллах алхмуудыг эрэлхийлж байна. 2050 онд гэхэд дэлхийн хүн амын 68 орчим хувь нь Ази тивд төвлөрөх судалгаа байна. Үүнийг дагаад Ази тивд зай хураагуурын түүхий эд, газрын ховор элемент, бусад критикал минералын эрэлт эрчимтэй нэмэгдэх чиг хандлага байна. Цаг уурын өөрчлөлтийг бууруулах талаар дэлхийн улс орнуудын баримталж буй бодлого, ногоон эдийн засгийн шилжилттэй холбогдуулан зарим төрлийн ашигт малтмалын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул энэ чиглэлийн геологи, хайгуулын судалгааг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэх болно.

Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт дэд бүтэц томоохон үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та бүхэн мэднэ. Томоохон ордуудыг хилийн боомттой холбосон төмөр зам ашиглалтад орно. Цаашид уул уурхайн бүс нутаг дахь цахилгаан станц, ус хангамжийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилтыг бид дэвшүүлсэн. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах нь Засгийн газрын зорилт юм.

Эцэст нь дурдахад, дэлхий нийтийг хамарсан сорилттой үед PDAC арга хэмжээг өргөн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа зохион байгуулах хорооны та бүхэнд баяр хүргэе.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин талархал илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье" гэв.

 

 

Б.Алигэрмаа (Канадын Торонто хот)

 

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 0 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 12 цаг 51 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"