Газрын тосны хэлэлцээр хийх мэргэжлийн багтай болъё

2022-06-22

The Mongolian Mining Journal /May.2022/

Дорнод аймгийн “Агар” студийн сэтгүүлч Э.Отгонтуяа

Газрын тосны хэлэлцээрийн үед Засгийн Газрын зүгээс анхаарах гол асуудлууд дунд хэлэлцээр хийх мэргэжлийн баг зайлшгүй шаардлагатайг “Газрын тос-2022” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын үеэр илтгэгчид онцолж байв. Салбарын яам, агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, газрын тосны мэргэжлийн ТББ-тай хамтран ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос-Өрөмдлөгийн салбар, Дорнод их сургууль, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг /МГТИН/-ээс хамтран зохион байгуулсан олон улсын онол практикийн энэхүү хуралд 13 илтгэл хэлэлцэж, Б.Болор, Х.Эрдэнэбулган нарын “Газрын тосны хэлэлцээрийн үед Засгийн газрын зүгээс анхаарах гол асуудлууд” илтгэл шилдэг  нь боллоо. Уг илтгэлд Монгол улсын газрын тосны салбарын хүний нөөцийг чадваржуулах, цаашид үндэсний газрын тосны корпораци бий болоход чадварлаг хүний нөөцтэй байхын тулд газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс гадна олон улсад ид ашиглагдаж буй “Үйлчилгээний гэрээ” байгуулах боломжийг сайтар судлах нь зүйтэйг онцолсон юм. 

Монгол орны газрын тосны баталгаат нөөцийн ихэнх хэсэг Зүүн бүс нутагт бий. Газрын тосны олборлолт эрчимтэй явагдаж буй Дорнод аймагт энэ удаагийн хурал цахим, танхим хосолсон хэлбэрээр болсноороо онцлогтой. Эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулсан Дорнод их сургуулийн хувьд Газрын тосны инженерийн ангийн хөтөлбөрийг орон нутагт анх удаа хэрэгжүүлж, 2019 онд анхны төгсөгчид нь газрын тосны гэрээлэгч “Петрочайна Дачин тамсаг” компанид 100% ажилд орж чаджээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлогын дагуу Зүүн бүс нутагт Дорнод их сургууль үйл ажиллагаагаа өргөжүүлж, төвлөрлийг сааруулах, бүс нутагт мэргэжил эзэмшиж, дадлагажин ажиллах боломж олгож байгаа нь чухал ач холбогдолтой бөгөөд Газрын тос, уул уурхай, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх боломжтой энэ бүс нутагт газрын тос, уул уурхайн инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд цаашид илүү анхаарах хэрэгтэйг Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн зөвлөх профессор Ж.Цэвээнжав тодотгосон юм.  

Манай улсад 2024 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудлын тухай “Монголын геофизикчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир илтгэл танилцууллаа. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт орших Тосон уул, Тамсагийн ордоос олборлох түүхий тосоор хангахаар тооцсон байдаг. Энэ тооцоог “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн Газрын тосны газарт ирүүлсэн 2012 оны тайланд үндэслэсэн боловч сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд тус компанийн олборлолт жил бүр буурч байгаа ажээ. Тийм учраас түүхий эдийн хангамжийн асуудлыг зайлшгүй авч үзэж, одоо ашиглаж байгаа ордуудын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага тулгараад байгаа юм. 

Монгол Улсад газрын тосны судалгаа 1923 оноос эхэлжээ. Монгол орны газрын тосны орд илрэлүүд тогтоогдоод байгаа хэтийн төлөв гэж үзсэн Тамсагбулаг, Дорноговийн сав газрууд харьцангуй сайн судлагдсан гэж хэлж болох ч геологийн болон гүний тогтоцын талаарх өмнөх мэдээллүүдийг эргэн харах, шинэчлэх, нарийвчлах хэрэгтэйг “Татах хүч” компанийн захирал Б.Өнөрбаяр хэлж байв.  

1993-2021 онуудад манай орны хэмжээнд хийсэн гурван хэмжээст өрөмдсөн 1774 цооногийн 76,3%-ийг “Петрочайна Дачин Тамсаг Монгол“ компани дангаараа гүйцэтгэсэн байна. 2011-2012 онуудад Монголын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн нөөцийн магадтай болон боломжит зэрэглэлээр тухайн үед тооцоолсон нөөцийн зэрэглэлийг сүүлийн үеийн шинэ мэдээлэлд тулгуурлан ахиулж, зэрэглэл тооцох, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Ингэснээр ордуудын үнэ цэн эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. 

“Газрын тос-2022” (Oil and gas-2022) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн Олон улсын хуралд холбогдох төрийн байгууллагууд болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг, “Мерит” төсөл болон газрын тос олборлогч компаниуд, газрын тосны бүтээгдэхүүний импорт хангамжийн компаниуд зэрэг олон талын төлөөлөл оролцсон юм. 

Хуралд ирсэн илтгэгч, зочид төлөөлөгчид Газрын тос олборлож буй “Петрочайна Дачин тамсаг” компанийн Тамсаг 21 дүгээр талбайн үйл ажиллагаатай танилцлаа. Газрын тосны салбарын инженер мэргэжилтнүүд энэ удаагийн хурлаар манай улс газрын тосны сав газруудын гүний тогтцыг сайтар судлах, одоо ашиглаж буй орд газруудын нөөцийн мэдээллээ шинэчлэн сайжруулах, олон талт судалгааг нарийвчлан хийх шаардлагатайг онцолж байв.  Энэ удаагийн хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд болон хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн дараах санал зөвлөмжүүдийг гаргасан. Үүнд:

1.    Инженер-технологийн, түүний дотор, газрын тос, уул уурхайн мэргэжлийн хүний нөөцийг бүс нутагт нь шаталсан сургалтаар бэлтгэх, бүс нутагт нь ажил эрхлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нь нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
2.    Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэм-эдийн засагт чухал ач холбогдолтой Газрын тосны бүтээгдэхүүний, нэн ялангуяа, “баялаг бүтээгч” дизелийн түлш зэрэг бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг түүхий эдийн нөөцтэй, дэд бүтэцтэй, хэрэглээ өндөртэй газруудад нэн яаралтай эхлүүлэх шаардлагатайг зөвлөмж болгож байна. 
3.    Эх орны газрын тосны баталгаат нөөцийн 98%, нөөцийн өсөлт тогтоогдох магадлал хамгийн өндөртэй Зүүн бүс нутагт газрын тосны хайгуулыг нэмэгдүүлэх, олборлолтыг эрчимжүүлэх талаар төр засгийн болон, бүс нутгийн төрийн захиргаа, бизнесийн байгууллагууд онцгойлон анхаарах шаардлагатай болно.
4.    Газрын тосны хайгуул-олборлолт, тээвэрлэлт-боловсруулалт-бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд үндэсний мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс, ажиллагсдын оролцоог хуульчилж, БХГ-г гэрээлэгчдээс Засгийн газартай, түүний төлөөлөлтэй биш, үндэсний бизнесийн байгууллагатай, өөрөөр хэлбэл, үндэсний газрын тосны байгууллагатай хийдэг болгох хууль эрх зүйн зохицуулалт хийх.
5. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг аль болохоор элдэв тусгай зөвшөөрлөөс ангижруулах, үнийг чөлөөлөх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах зэрэг асуудлуудыг тусгасан юм. 


 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 40 мин
    УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа зургадугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
  • 2 цаг 29 мин
    Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна. "Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.
  • Өчигдөр 15 цаг 29 мин
    Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн эрдэс түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг багасгах шийдлүүдийн нэг Таваарын Хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал У.Анартай ярилцлаа.
  • Өчигдөр 12 цаг 13 мин
    Өнгөрсөн оны намар УИХ-аар хэлэлцэхээр  яригдаж байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ойрд чимээгүй байна. Парламентын хаврын чуулганаар орох болов уу гэтэл бас л хойшлон намартай золгохоор болжээ. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадна, дотныхон энэ хууль хэзээ батлагдах бол, хөрөнгө оруулах орчин нөхцлийг хэр бүрдүүлэх бол хэмээн чих тавьж буй. Зарим нь хөрөнгө оруулалт татъя гэж байгаа бол эхлээд энэ хуулийн төслөө олон нийтэд ил болгож, хэлэлцүүл гэдэг шаардлагыг ч хурал, зөвлөгөөн болгон дээр хэлэх болов.
  • Уржигдар 14 цаг 26 мин
    Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.