Нүүрсний экспортын шинэ түрлэг

2022-07-25

Б.Төгс

Нүүрсний салбарт сайн цаг айсуй. Экспортын нүүрсний хэмжээ тавдугаар сарын дундаас эхлэн огцом нэмэгдэж эхэлсэн яг энэ өсөлттэй үеийг тохиолдуулан “Монгол Нүүрс Ассоциаци” болон Хятадын “sxcoal.com” нүүрсний мэдээллийн цахим хуудас хамтран Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлыг (2022.06.14) зохион байгууллаа.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд цар тахлын улмаас манай улсын нүүрсний экспорт тогтвортой бус явж ирсэн. Ялангуяа Шивээхүрэн боомтын экспорт өнгөрсөн оны эцсээс бүрэн зогссон нь тавдугаар сараас эргээд сэргэж, зэрэгцээд Гашуунсухайтын нэвтрэлт ч харьцангуй нэмэгдэх шинжтэй болж ирж байна. Нүүрс нь Монголын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэгчийн хувьд энэ нь томоохон үйл явдал юм. 

Тус хуралд “Эрдэнэс Тавантолгой”, “Аспайр Майнинг”, “Монголын Алт”, “МоЭнКо”, “Өсөх Зоос”, “Саусгоби Сэндс” зэрэг компанийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Түүнчлэн Хятадын “Guangxi Shuangshou Energy Science and Technology” компани үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Ж. Золжаргал: Нүүрсний экспорт 30 сая тонн давах боломжтой

Тус хуралд “Монгол Нүүрс Ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Монголын нүүрсний экспортын төлөв” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр цаашид Монгол Улс Хятад руу нүүрс экспортоо нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.  Монгол Улс одоогийн байдлаар нүүрс экспортлох боломжийнхоо 20%-ийг л ашиглаж байгааг дуулгав. Тодруулбал манай улсын хувьд нүүрс экспортлох боломжтой боомтуудын хүчин чадлыг авч үзвэл нийтдээ 225 сая тонноор хэмжигдэнэ. Бодит байдал дээр хамгийн ихдээ 36 сая тонныг экспортолсон байдаг. Энэ нь Монгол Улс экспортын боломжийнхоо 1/5-ийг ашиглаж байна гэсэн тооцоолол руу хөтөлнө. Боомтын шинэчлэлийг үл харгалзан, өнөөгийн бэлэн байгаа дэд бүтцийн хувьд ч хангалттай их нүүрс экспортлох боломж бийг ассоциацийн захирал тэмдэглэлээ. Боомтын шинэчлэлийн дараа гагцхүү Гашуунсухайт-Ганцмод боомтоор даруй 80 сая тонн нүүрсийг Монголын талаас нийлүүлэх боломжтой болно. 

Хятадын цар тахлын хатуу бодлогоос үүдэн нүүрс нэвтрэлт нэлээд удаашралтай байгаа үед энэ онд нүүрсний экспорт хэрхэх бол гэсэн асуулт хэн бүхний анхаарлыг эрхгүй татна. Тэгвэл энэ онд Монгол Улс Хятад руу 30 гаруй сая тонн нүүрс экспортлох бололцоо бийг “Монголын Нүүрс Ассоциаци” тооцоолсон байна. Гэхдээ үүнд мэдээж Хятадын хил гаалийн нөхцөл шууд нөлөөлнө. Монгол Улсын тухайд цар тахлын нөхцөл байдал хэвийн болсон тул дотоодын нүүрсний компаниуд хүчин чадлаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаа ажээ.

Гэхдээ оны зургадугаар сарын дунд үеийн байдлаар манай улс ердөө долоо орчим сая тонн нүүрс экспортлоод байгаа нь зорилтод хүрэхэд хол байгааг харуулна. Энэ оны тухайд Сангийн яам 36.7 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг танилцуулж байсан ч сүүлд төсвийн тодотголоор 18 сая тонн болгож бууруулаад байгаа юм.  

Монголын экспортын нүүрсний чанарын асуудал хэлбэлздэг байдал байсныг сүүлийн жилүүдэд ашиглалтад орж буй баяжуулах үйлдвэрүүдийн ачаар харьцангуй эергээр шийдвэрлэж буйг Ж.Золжаргал захирал онцлов. Одоогоор ашиглалтад ороод буй нойтон болон хуурай баяжуулах үйлдвэрүүд нийтдээ 50 гаруй сая тонн нүүрс боловсруулах боломжтой бол шинээр төлөвлөгдсөн үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр 100 гаруй сая тонн нүүрс баяжуулдаг болох юм байна. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой”-н дэргэд байгуулахаар төлөвлөсөн 30 сая тонны нүүрс угаах үйлдвэрийн эхний модуль буюу 10 сая тоннын үйлдвэрийн тухайд (EPC) гэрээ байгуулагдсан. Уг төсөлд Хятадын “Норинко” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний чанар харьцангуй тогтвортой болох давуу талтай юм. 

Энэ онд хэд хэдэн төмөр зам баригдаж дуусах товтой байгаа ч шилжүүлэн ачих байгууламжууд бэлэн болтол нэлээд хугацаа авна. Гэхдээ тэр болтол төмөр замаа ашиглаад, цааш нь чингэлэг тээврээр машинаар зөөх байдлаар ажиллаад явах боломжтой нь дамжиггүй. 

Монгол Улсын нүүрсний ангиллын стандарт удахгүй шинэчлэгдэх гэж буйг тэрээр мөн сонордуулсан. Одоо нүүрсний гурван төрлийн 10 дэд ангилалтай байгааг дөрвөн төрөл, 50 гаруй дэд ангилалтай болгож байгаа ажээ. Ерөнхийдөө Хятадын нүүрсний ангилалтай илүү ойрхон болж байгаа нь ханшийн тооцооллыг хялбар болгоно. Үүнтэй уялдаад хилийн боомт бүрээр үнээ харилцан адилгүй байдлаар тооцож, жишиг үнээ гаргадаг болох төлөв тодорч байна. 

Жишиг үнийн тооцооллоос үүддэг нэг асуудал нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зах зээлийн үнэд үндэслэж тооцдог. Гэвч жишиг үнэ буюу АМНАТ тооцдог ханш нь бодит үнээс 3-4 дахин өндөр байж таардаг. Тэгэхээр нүүрсний ангиллын стандартыг шинэчилснээр жишиг үнэ тогтоход илүү боловсронгуй болох, бодит байдалд ойртох дүр зураг харагдана. 

Гэхдээ Монголын нүүрсний худалдааны хамгийн том асуудал нь богинын тээвэр. Тавантолгойн уурхайгаас Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд буулгасан нүүрсийг хил хүртэл 25 км-ийн зайд зөөх асуудал “хар нүх” гэж дуудагдах болжээ. Учир нь эндээс үүдэн тээвэрлэгчид, уурхайн компаниудын ашиг “ховх сорогддог” байна. Ялангуяа 2021 онд асуудал даамжирсан. Уурхайгаас Цагаанхад хүртэл 220 км-т тээвэрлэлтийн зардал тонн тутамд 12 доллар, гэтэл хил хүртэлх 25 км-т 25-300 ам.доллар/тоннын хооронд тээвэрлэлтийн өртөг хэлбэлзжээ. Чингэлэг тээврийн терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр эдгээр асуудал нааштайгаар шийдэгдэх болов уу гэсэн төлөв бий.

Манай улсын хувьд Хятадтай хамгийн ойр, нүүрсний арвин их нөөцтэй хувьд нүүрсний томоохон экспортлогч болох боломжтой. Монгол Улсын нүүрсний геологийн нөөц 173 тэрбум тонн. Үүнээс эдийн засгийн үр ашигтай баталгаат нөөц нь 33 тэрбум тонн. Үүний 2/3 нь хүрэн нүүрс, үлдсэн нь чулуун нүүрс буюу коксжсон нүүрс байдаг. Уг салбарт манай улсын хэмжээнд нийт 300 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд 177 компани үйл ажиллагаа явуулж байна. 

Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнийн өсөлт үргэлжилнэ

“Хятадын нүүрс, коксын зах зээлийн төлөв байдал” сэдвээр “Фэнвэй Энержи”-ийн Зах зээл судалгааны хэлтсийн менежер Янжун Лиу илтгэл танилцууллаа. Түүний илтгэлээс үзэхэд Хятадын зах зээлд ирэх гуравдугаар улиралд коксжих нүүрсний ханш өндөр байх таамаг тодорч байна. Учир нь тус улсын хэмжээнд нүүрсний олборлолт харьцангуй буурч, цахилгааны эрэлт өсдөг зуны улирал тохиож буйн сацуу зургадугаар сард аюулгүй ажиллагааг чанд мөрдүүлэх хүрээнд төрийн өмчийн уурхайнуудын олборлолтыг танах төлөвтэй байгаа юм. Мөн зургаагаас наймдугаар сарын хооронд борооны улирлын үед уурхайнууд болзошгүй үер усны аюулаас болгоомжилж  хүчин чадлаа танаж магадгүй ажээ. 

Монгол Улсын хувьд энэ онд коксжих нүүрсний экспорт төдийлөн огцом нэмэгдэхгүй гэж үзэж байна.  Тухайлбал Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нэвтрэх машины тоо хамгийн сайнаар тооцоход 500-д хүрэх төлөвтэй байна. Сүүлийн өдрүүдэд өдөрт нэвтрэх машины тоо 400-гаар илэрхийлэгдэх болсон. Цар тахлын хатуу чанга хяналт үргэлжилж буй нь Монголын нүүрсний экспортыг хязгаарлах шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр Монголын төмөр замын бүтээн байгуулалтын хувьд урагштай байгаа ч хил дамнасан төмөр замын ажил энэ онд дуусах бараг боломжгүй. Тиймээс энэ онд Монголын нүүрсний экспорт төдийлөн нэмэгдэхгүй гэж үзэж байгаа ажээ. Оны эхний зургаан сарын байдлаар Хятадын нүүрсний импортын хувьд Монголын нүүрсний нийлүүлэлт  Ганцмод боомтоор өдөрт дунджаар 209 машин нэвтэрч байжээ. Хэвийн түвшнээс доогуур байгаа юм.

ОХУ-ын тухайд Хятад руу хийх экспорт өнгөрсөн дөрөв болон тавдугаар сард огцом нэмэгдсэн. Оны эхний дөрвөн сарын байдлаар ОХУ Хятадын коксжих нүүрсний нийт импортын 30%-ийг дангаар эзэлж байсан нь хамгийн томоохон нийлүүлэгч болсныг илтгэнэ. Гэхдээ ОХУ-ын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлын улмаас цаашид огцом өсөлт ажиглагдахгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Энэтхэг улсын хувьд нүүрсний импортын татвараа тэглэсний сацуу импортын нүүрсний татан авалтыг нэмэгдүүлэх бодлого барьж буй юм. Тиймээс ОХУ-ын нүүрс Энэтхэг рүү түлхүү гарах магадлалтай ажээ. Хятадын хувьд үнэ тогтворжуулах бодлого баримталж буй нь үнэ хэт өндөр үед импортын нүүрсний эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хятадын хувьд Австралийн нүүрсэнд албан бусаар импортын хориг тавьсны дараа АНУ, Канад, ОХУ орон зайг нөхөх болсон байна. Ялангуяа ОХУ-ын нүүрсний импорт  мэдэгдэхүйц өсч ирж байна. ОХУ-ын нүүрсийг боловсруулах үйлдвэрт бусад төрлийн нүүрстэй холих байдлаар урд хөршид хэрэглэдэг бол АНУ-ын нүүрсний хувьд дийлэнх нь хүхэрлэг өндөртэй байдаг ажээ. 

Энэ оны эхний хагаст Хятадын коксжих нүүрсний дундаж үнэ 2993 юань/тонноор хэмжигдсэн нь өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 1652 юань/тн байсантай харьцуулахад огцом өссөн дүн болжээ. Нөгөөтэйгүүр хүхэрлэг багатай болон хүхэрлэг өндөртэй нүүрсний үнийн зөрүү буурах хандлагатай болж иржээ. Хятадын зах зээлд коксын үнэ ч нэлээд өссөн байна. Shanxi Quasi Grade I металлургийн кокс оны эхний хагаст 3140 юань/тонн байгаа бол өнгөрсөн оны мөн үед ханш 2344 юань/тонноор илэрхийлэгдэж байжээ.
Оны эхний хагаст “Фэнвэй Энержи”-ийн судалгаанд хамруулсан нүүрсний уурхайнуудын олборлолт өнгөрсөн 2020, 2021 оны мөн үетэй харьцуулахад бууралттай гарчээ. Нүүрс олборлолтын гол муж болох Шансид уг үзүүлэлт оргил үеийнхээс 20%-ийн буурсан байдал ажиглагджээ. Шаньдун мужид ч олборлолт буурчээ. Ерөнхий нөхцөл байдал цаашид коксжих нүүрсний үнэ өсөх дүр зургийг тодруулна. Хэрэвзээ гангийн үйлдвэрүүдийн идэвхжил сул байвал бас үнэ буух үр дагавартай. 

Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх гурван чиглэл

Мөн “Chalco Trading” группын охин компани “Chalco Inner Mongolia International Trading”-ийн дэд захирал Ван Жинсуо “Монголын  төмөр замын нүүрсний экспортын шинжилгээ” сэдвээр илтгэл тавьсан. Тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” болон “Chalco Trading” групп хоорондын гэрээний дагуу Цанхийн зүүн хэсгийн нүүрсний худалдааны асуудлыг гардан хариуцдаг ажээ. Тэрбээр энэ оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа ч хугацааны хувьд хойшилж магадгүйг онцолсон. Нөгөөтэйгүүр, уг төмөр зам ашиглалтад орсон ч зөвхөн Монгол доторх тээвэрлэлтийн асуудал шийдэгдэнэ. Хил дамжуулан тээвэрлэх хэсгийн буюу Цагаанхад-Ганцмод чиглэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгааг дуулгасан. Тиймээс уг төмөр замаар томоохон экспорт эхлэх хүртэл хугацаа орох болов уу гэж үзэж буйгаа тэмдэглэлээ. 15 сая тонны тээвэрлэлтийн хүчин чадалтай Тавантолгой-Зүүнбаян төмөр замын хувьд Эрээний боомтоор нүүрс экспортлох нь хэмжээний хувьд хязгаарлагдмал болохыг тэмдэглэсэн. Одоогийн байдлаар Эрээний боомтоор манай улс өдөрт 10 галт тэргээр бараа экспортолж буйн 2-3 нь л коксжих нүүрс байгааг тэрбээр онцлов. Цаашлаад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажил өрнөж, арваннэгдүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн ч экспортын хэмжээний хувьд мэдэгдэхүйц нэмэгдэх хүртэл хугацаа орохыг тэмдэглэсэн. Хоёр улсын хилийн огтлолцлын цэгийг тохирох, төмөр замын дамжуулан ачих байгууламжийг барих зэргээр багагүй ажил давхар яригдана гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл уг төмөр замаар тээвэрлэлт хийгдэж эхлэх нь богино хугацаандаа боломжгүй ажээ. 

Тавантолгой-Цагаанхад чиглэлд Монголын тал жилд 30 сая тонн тээвэрлэлт хийх боломжтой төмөр зам байгуулж буй бөгөөд ирэх долдугаар сард ашиглалтад орохоор байгаа ч цар тахлын улмаас хойшилж болзошгүй байгаа ажээ. Хэдийгээр ашиглалтад орлоо ч гэсэн тээвэрлэлтийн хүчин чадал бүрэн хэмжээнд хүртэл хугацаа орохыг тэрээр тэмдэглэхийн сацуу тээвэрлэлтийн зардал хүнд даацын машин тээвэрлэлтээс доогуур байх албагүйг тэрбээр хуваалцлаа.  Тавантолгойн уурхайгаас Цагаанхад хүртэл нүүрс тээврийн өртөг 80 юань/тонн байгаа бөгөөд төмөр замын тээврийн өртөг үүнээс төдийлөн бага байж чадахгүй байж болохыг тэрээр уламжлав. 

Түүний илтгэлийн нэгэн гол санаа нь Гашуунсухайт-Ганцмод боомт нь зардлын хувьд хамгийн үр ашигтай нүүрсний экспортын гол суваг байсан хэвээр байх тухай байлаа. Баяннуур болон бусад баруун бүсийн хэрэглэгчид болох Bayannur Shenhua Coking, Black Cat Coking, Wuhai, Ningxia орчмын бүс нутаг болон Gansu JISCO компанийн хувьд хил гаалийн хүндрэлийг эс тооцвол Ганцмод бол  хамгийн сайн сонголт ажээ. 

Одоогийн байдлаар Тавантолгойн нүүрсийг төмөр замаар Хятад руу тээвэрлэх гурван чиглэлийн зам яригдаж (ТТ-Цагаанхад-Ганцмод, ТТ-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүд-Эрээн, ТТ-Зүүнбаян-Ханги-Мандал) байгаа юм.

Эдгээр гурван чиглэлийн төмөр замын тухайд авч үзэхэд Тавантолгой уурхайгаас Ганцмод хүрэх чиглэлийн хувьд Монголын нутгаар 270 км зам туулах бол Эрээний чиглэлд 635 км, Ханги-Мандалын чиглэлд 715 км нь манай нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр байна. Эдгээр гурван чиглэлийн хувьд аль аль нь Бугат эсвэл Шанси мужийн Jiexiu, Хэбэй мужийн Shaheyi хүрэх эсэхээс хамааран Хятадын нутагт тээвэрлэгдэх зай нь харилцан адилгүй байх ажээ. 

Тавантолгойн нүүрсийг Бугат хүргэхийн тухайд, нийт тээвэрлэлтийн зайг авч үзвэл Ганцмод чиглэлээр нүүрсээ тээвэрлэх хувилбар нь хамгийн богино зайг туулах бол түүний араас Ханги-Мандал, Эрээний боомтоор тээвэрлэх хувилбарууд яригдана. 

Тухайлбал, Ганцмод боомтоор дамжуулан Тавантолгойн нүүрсийг Бугат хүргэхэд 610 км зам туулдаг байна (270 км нь Монголд, үлдсэн нь айлын нутагт). Ханги-Мандалын боомтоор дамжуулах тохиолдолд уг үзүүлэлт нийтдээ 984.6 км болох юм (715 км нь Монголд). Харин Эрээнээр дамжуулах тохиолдолд уг үзүүлэлт 1414.6 км-ээр илэрхийлэгдэнэ (Монголд 635 км). 

Эрээн хотоор нүүрсээ тээвэрлэх нь Монгол болон Хятадын тухайд аль алиных нь хувьд тээвэрлэлтийн хол зай туулах тул энэ чиглэл нь тээвэрлэлтийн өртгийн хувьд төдийлөн үр ашигтай хувилбар биш ажээ. 

Ганцмодоор нүүрсээ нэвтрүүлэн тээвэрлэх нь Монголын талд богино зай туулах ч Хятадын талд илүү хол зай туулна. Ханги-Мандалаар тээвэрлэх нь Монголын талд илүү хол зай туулах ч Хятадын хувьд илүү бага зай туулна. 

Тавантолгойн нүүрсийг Хэбэй мужийн Shaheyi хүртэл тээвэрлэхийн тухайд Эрээн хот илүү богино зай туулах бол дараагийн дөт замаар Ганцмод нэрлэгдэх бол Мандал боомтын хувилбар нь илүү хол чиглэл болж байна. 

Хэбэй мужийн Shaheyi руу хүргэх тухайд Ганцмодоор тээвэрлэвэл 1440 км болно. Ханги-Мандалаар бол 1774.6 км болох бөгөөд Эрээнээр бол 1464.6 км болох (үүний 635 км нь Монголын нутгаар дамжих) ажээ. 

Мандал чиглэлээр тээвэрлэх нь Монголын талд илүү хол зай туулах бол Хятадын талд ч төдийлөн ашиг тус байхгүй. Тиймээс энэ чиглэл нь өртөг зардлын хувьд үр ашигтай бус. 

Ганцмодоор оруулж ирэх хувилбар нь Монголын нутагт илүү бага зай туулах ч Хятадын талд илүү их орон зайд тээвэрлэх шаардлагатай болно. Мөн Эрээнээр оруулж ирэх нь Монголын талд илүү хол зай туулах бөгөөд Хятадын талд илүү богино зай туулах юм. 

Тавантолгойн нүүрсийг Шанси мужийн Jiexiu рүү тээвэрлэхийн тухайд илүү богино зай туулах хувилбараар Ганцмод нэрлэгдэж байна. Үүний араас Эрээн хот болон Ханги-Мандал багтаж байна. Мандал боомтоор Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх нь Монголын нутагт илүү хол зай туулах ч Хятадын талд мэдэгдэхүйц давуу тал байхгүй. Тиймээс энэ чиглэл нь өртгийн хувьд төдийлөн үр ашигтай бус ажээ. 

Шанси мужийн Jiexiu рүү Ганцмод боомтоор дамжуулах тохиолдолд 1580 км (270 км нь Монголд) байх бол Эрээнээр 1584.6 км (635 км нь Монголд), Хангиар бол 1944.6 км (714.6 км нь Монголд) байх ажээ. 

Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэх хувилбар нь Монголын нутагт илүү богино зай туулах ч Хятадын нутагт илүү хол зай туулах шаардлагатай болно. Эрээн боомтын тухайд  Монголын нутагт илүү хол зай туулах бол Хятадын нутагт илүү богино зай туулна. 

Нэг үгээр Ганцмод бол онцгой чухал гарц бол Эрээний боомт нь Хэбэй муж руу нүүрс тээвэрлэхэд илүү давуу тал олгоно. Харин Мандал боомт нь бүс нутгийн хувьд давуу талтай гэж тэрбээр тайлбарлав.

Тэрбээр төмөр замын нүүрс экспортын боломжийн тухайд ийнхүү байр сууриа хуваалцсан бол Ганцмод боомтын нэвтрэлтийн төлөвийн тухайд харьцангуй өөдрөг таамаг дэвшүүлэв. Хэдийгээр цар тахлын хатуу бодлогын улмаас тус боомтоор нүүрс нэвтрэлт хэвийн түвшинд хүрэхэд хүндрэлтэй байгаа ч өдөрт 500-700 машин буюу 70-80 мянган тонн нүүрс гарах хэмжээнд очих боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. 


 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 39 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 13 цаг 30 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"