Т.Баттулга: Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн  бизнесээ өргөжүүлэх хамгийн чухал орчин бол “Mongolia Mining”

2022-08-15

Mongolia Mining 2022 олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.

“Mongolia Mining” үзэсгэлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээнд  оролцогчдын хүлээлт хэр байна вэ?

Mongolia Mining үзэсгэлэн бол уул уурхайн салбарынхны хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээ. Хүмүүс зунжингаа найр наадам гээд амарч байдаг бол уул уурхайн салбарынхан амрах завгүй. Харин намар болох Mongolia Mining бол уул уурхайнхны хувьд хүсэн хүлээсэн “найр наадам” нь. Бизнесийн байгууллагуудын ажил төрөл  урагштай, өргөжиж хөгжиж л байвал, түүнээсээ ямар ч баяр наадмаас илүү баяр хөөр, сэтгэл ханамжийг авдаг.

Mongolia Mining үзэсгэлэн бол уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх хамгийн гол орчин. Тэгэхээр үүнээс илүү хүсэн хүлээх зүйл гэж юу байх билээ.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ  утгаараа “Mongolia Mining 2022” үзэсгэлэнд уул уурхайн салбарын төрийн гол байгууллагуудын зүгээс  анхаарал нэлээд хандуулж байгаа байх. Энэ талаар ярина уу?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тэмдэглэлт ойг салбарын хамтын ажиллагааг дэмжих замаар ихээхэн ажил хэрэгч байдлаар  тэмдэглэж байна гэж дүгнэж болно. Хамтын ажиллагааны, эрдэм шинжилгээний хурал, уулзалтууд,  олон улсын хэмжээний чуулган, үзэсгэлэн экспо зохион байгуулахад дэмжин оролцож, хамтран ажиллаж байна. Эдгээрээс хамгийн чухал нь хувийн хэвшилтэй хамтран 2022 оны есдүгээр сарын 19-26-нд Улаанбаатар хотноо Mining Week буюу Уул уурхайн долоо хоног цуврал арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна. Дотоод гадаадын уул уурхайн мэргэжилтнүүдийн нэгдсэн цугларалт болно. Бүтэн долоо хоног үргэлжлэх цуврал арга хэмжээний хоёр чухал ажил болох Mongolia Mining экспо, Mongolia Mining олон улсын хөрөнгө оруулалтын чуулганыг манай компани зохион байгуулна. Экспогийн тухайд  уул уурхайн салбарынхан сайн мэднэ. Харин хөрөнгө оруулалтын чуулганыг  бид энэ жил анх удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Салбарын  яам албан ёсны зохион байгуулагчаар ажиллаж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад төрийн бодлогоо танилцуулна.

Энэ жилийн хувьд үзэсгэлэнСтеппе Арена буюу Мөсөн Өргөө”-нд зохион байгуулагдана гэж сонссон. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа бол? Одоогоор хэчнээн компани оролцохоор байна вэ?

Mongolia Mining үзэсгэлэнг Степпе Арена”-д анх удаа  зохион байгуулах гэж байна. Оролцохоор 100 гаруй компаниуд бүртгүүлээд байна.  Үзэсгэлэнгийн гол танхим болох мөсөн талбай дээр засах стэндүүдийн захиалга дүүрсэн. Оролцох хүсэлтэй олон компаниудын эрэлтийг хангахын тулд талбай нэмэгдүүлэх дээр сайн ажиллах болоод байна. Бусад бэлтгэл ажил хийгдэж байна. Бүх зүйл төлөвлөсний дагуу явж байна.

Олон улсын чанартай томоохон арга хэмжээг 10 гаруй жил тасралтгүй зохион байгуулж ирсэн танаас уул уурхайн салбарт дэлхий дахинд хөрөнгө оруулалтын хандлага хэр байгааг асуулгүй өнгөрч болохгүй байх?

Дэлхий дахинд  уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт тасралтгүй хийгдэж байна. Харин манай улсад  сүүлийн хэдэн жил дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Хийгдэх ч нөхцөл бүрдсэнгүй. Уул уурхайн үйл ажиллагааг тэлэх  хөрөнгө оруулалт геологи хайгуулын салбарт  хийгдэж байх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй байна. Геологи хайгуулын төслүүдэд хөрөнгө оруулалт хийгдэн  хоёр, гурав дахь Оюу Толгой, Тавантолгойг нээж илрүүлэх ёстой.

Монгол Улс өнөөдрийн боломжоо ашиглаж байгаа ч  ирээдүйн боломжоо бүрдүүлэхгүй байна. Дээр нь хөрөнгө оруулалт хийхэд хамгийн чухал нөхцөл бодлогын тогтвортой байдал, популизмгүй улс төр. Дэлхий даяар цар тахлын аюулд нэрвэгдээд эдийн засагт маш хүнд сорилт тулгарч байгаа энэ үед манай иргэд,  улс төрчид  энэ бүхнийг ойлгож, хөрөнгө оруулалтад нааштай хандан бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна гэж ойлгож байгаа.

“Майнэкс Монголиа” компанийн хувьд олон улсын үзэсгэлэн зохион байгуулахаас гадна “Oil and Oil Shale Mongolia” олон улсын хөрөнгө оруулалтын чуулган амжилттай зохион байгуулж байсан.  Харин өнөө жил Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулах гэж байгаа гэсэн.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Дээр дурдсан Mining Week-ийн цуврал үйл ажиллагааны хүрээнд 2022 оны есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Mongolia Mining брэнд нэрийн дор олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулган анх удаа болно. Уул уурхайн долоо хоногийн хамгийн эхний үйл ажиллагаа болох энэхүү чуулган Монгол улсын засгийн газрын тэргүүний илгээлт, салбарын сайдын бодлогын илтгэлээр эхэлнэ. Чухам энэхүү арга хэмжээн дээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, татвар санхүү, хил гаальтай холбоотой Монгол Улсын төрийн бодлого, зохицуулалтын талаар мэдээлэл, хэлэлцүүлэг өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан төслүүд танилцуулагдана.

Нэр хүндтэй, үр өгөөжтэй, томоохон арга хэмжээг албан байгууллагууд ивээн тэтгэж оролцох сонирхолтой байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаагийн “Mongolian Mining” үзэсгэлэн болон чуулганы дэмжигч, ивээн тэтгэгч болоод шинэ спонсор компаниудыг танилцуулбал?

Mongolia Mining 2022 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр  “Трансвест Монголиа” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ХХК болон  “Новел групп” ажиллаж байгаа бол Мөнгөн ивээн тэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, “Мега Сэлбэг” ХХК хамтран ажиллаж байна. Ивээн тэтгэгчдийнхээ дэмжлэгээр манай үзэсгэлэн жилийн жилд өндөр түвшинд, чанартай зохион байгуулагддаг.

Mongolia Mining 2022 олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болон уул уурхайн долоо хоногийн цуврал арга хэмжээг Монголын уул уурхайн томоохон компани Оюу Толгой болон хөрөнгө оруулагч Рио Тинто компаниуд идэвхтэй дэмжин ажиллаж байгаад талархаж байна.

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа!

Сэтгэгдэл (5)

  • Saya (103.26.195.253)
    Хийж бүтээх асар хүсэл, мөрөөдөл, эрмэлзэлтэй түүнийгээ ч хийж байгаа залуус олон,тэр дундаа жил болгон зохион байгуулдаг "Уул уурхайн үзэсгэлэн" нь энэ салбарын хөгжилд асар их мэдээлэл дата болоод зогсохгүй манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг билээ!Энэ чиглэлийн үйл, ажиллагаа явуулах яам агентлаг байдаг ч ажил нь харагдахгүй юм даа!Ийм сайн боловсролтоо залуусаа төр засаг дэмжмээр байна Эх орон,ард түмэндээ хэрэгтээ олон сайхан зүйл хийгээрэй,амжилт хүсье!
    2022 оны 09 сарын 23 | Хариулах
  • Zochin (66.181.160.34)
    Uul uurhai hugjluu geed jiriin irged yaj gylaisiin oligarhi manan mafiihan l hagarch yzartlaa idej uuj hurungujsun baigali eh doroitson boroo orhoo baisan maliin belcheergui bolson toos tuiren utaa uniaraar hot huduugui amisgalj bna eruul hun tsuursun hort havdar ihessen iim l yum bolsondoo
    2022 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.216.186)
    32 жил ийм чадваргүй төртөй байснаар монгол улс асар их эдийн засгийн боломжоо алдсан, одоо ч алдсаар байна. Хамгийн гол нь чадвартай, мэдлэгтэй хүмүүс төрөөс хол байгаа нь эмгэнэл.
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Пүрэвдамба (103.242.47.14)
    Танд баяр хүргэе амжилт хүсэе.
    2022 оны 08 сарын 17 | Хариулах
  • Д. Оюунчулуун (66.181.161.70)
    Улс эх орноо хөгжүүлээд аваад явчих ийм чадвартай залуусаа УИХ төрдөө ажлуулах хэрэгтэй байна
    2022 оны 08 сарын 17 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 42 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 14 цаг 33 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"