Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Г.БАТЗОРИГ: Гашуунсухайтын төмөр замыг эдийн засгаа бүхэлд нь золиосолж барилаа

Эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой сэтгүүлч Ц.Баасансүрэн ярилцлаа.

Шинэ сэргэлтийн бодлого ба төмөр замын бүтээн байгуулалт сэдвээр ярилцлагаа эхэлье. Шинэ сэргэлтийн бодлогод 13 аймгийг холбосон 3000 км төмөр замыг 2030 онд багтааж дуусгана гэж тусгасан. Эхний том бүтээн байгуулалт нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байлаа. Иймэрхүү шийдлээр төмөр замуудаа бариад явах боломж байна уу, бидэнд?

Шуудхан хэлэхэд боломжгүй. Санхүүжилтын шийдэл нь буруу. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос мөнгө авч “Бодь”-руу шилжүүлэх маягаар шийдсэн. “Бодь” тэр мөнгөөр нь импортын тоног төхөөрөмж авч, төмөр замын бүтээн байгуулалт ямар ч саадгүй хурдан явлаа л даа. Ер нь бол эдийн засгаа бүхэлд нь золиослоод төмөр зам барьчихсан. Эрдэнэт чигийн төмөр замыг яг ийм шийдлээр Эрдэнэтээс санхүүжилт авч барих өнгөтэй байна. Нүүрсний төмөр замуудын санхүүжилтыг тухайн орон нутагт ажиллаж яваа уул уурхайн компаниудаас санхүүжилт татах хэлбэрээр шийдэх нь гэж ойлгосон.

Эдийн засгаа бүхэлд нь золиослоод төмөр зам барьсан гэдгээ тодруулна уу?

Богино хугацаанд ашиглах ёстой мөнгөний болоод хүний нөөцөө төмөр зам руу хаясан нь бодлогын алдаа болсон. Мөнгөний нөөц дээр гэхэд “Эрдэнэс Таван толгой”-н хүлээгдэж байсан 600-700 сая ам.долларыг төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан. Хүлээгдэж буй валютын урсгалыг төр төмөр зам барих ажилд хэрэглэхээр дотоодод валютын хомстол үүсч ханш огцом хөдөлчихөж байгаа юм. Төмөр замын бүтээн байгуулалт их хэмжээний импорт шаарддаг. Та импортын өсөлтийг хараарай. Хөрөнгө оруулалтын импортын хувь маш өндөр байгаа. Өөрөөр хэлбэл төмөр замын бүтээн байгуулалт валютын гадагшлах урсгалыг бий болгосон. Кофены бизнес эрхлэх гэж гаднаас тоног төхөөрөмж авчрах гэж байсан хүний долларын нөөцийг хэрэглэсэн гэсэн үг. Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой импортын хувьд хил дээр дугаарласан бараа бүтээгдэхүүний урсгалыг гацааж байж оруулж ирсэн нь ч том асуудал. Засгийн газар төмөр замд төвлөрчихөөр богино хугацаанд хэрэгжих ёстой төсвийн бодлогууд алдагдах нь ойлгомжтой. Нэг өгүүлбэрээр хэлбэл иргэдийнхээ худалдан авах чадварыг богино хугацаанд огцом унагаж эдийн засгаа маш хүнд нөхцөл рүү орууллаа. Манай улс дэд бүтэц ложистикийн өрсөлдөх чадвараараа дэлхийн 176 орноос 100-гаас хойш бичигдэж байгаа гэдэг утгаараа төмөр зам маш чухал. Гэхдээ богино хугацаанд шахаж эдийн засгаа эрсдэлд оруулж болохгүй.

2030 он хүртэл 27 их наяд төгрөгийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлэх гээд байна аа даа?

Хэрэгжүүлэхэд хэцүү. 27 их наяд бол эдийн засгийн 60, 70%-тай тэнцэх том мөнгө. Долларын орлого олж ирдэг компаниудаа дотооддоо шахвал ханш 10 мянган төгрөг хүрэх эрсдэлтэй. Сая гэхэд л төмөр замаа барих хэсэгхэн хугацаанд ханшийг 2850-иас 3360 болгоод алдсан. Наанаа валютын ханш гэж ярьж байгаа ч цаана нь маш олон хүний хөрөнгө үнэгүйдэх, эдийн засгийн хямралд ороод дампуурах хэмжээний асуудал бий. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын эдийн засгийн тогтвортой байдлаа хангангаа үргэлжлүүлээд явах ёстой. Манай улсыг компаниар зүйрлэвэл 37 их наядын борлуулалтын орлоготой, 10 их наяд төгрөгийн зээлтэй хэрнээ ирэх арван жилд 27 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ гээд сууж байна л даа. Бүтээн байгуулалт бүрийн цаана импорт хэлхээтэй явдаг. Том импортын цаана ханшийн уналт гэсэн том асуудал нуугддаг. 2030 онд 3000 км төмөр замтай боллоо гэж төсөөлье. Тэр үед иргэдийн амьжиргаа шалдаа бууна. Иргэд нь төгрөгөө хадгалах ямар ч сонирхолгүй болвол эдийн засаг хөмөрч, өрийн дефолт болно. Өрийн дефолт үүсвэл дараагийн Шри Ланка болох эрсдэлтэй. Улстөрчид нь онгоцоор хил давж, чадвартай залуус нь гадагшаа цагаачилж, орлогогүй хэцүүхэн амьдралтай хэсэг нь үлдэнэ. Дахиад хэлэхэд дунд урт хугацааны бодлогодоо анхаарах хэрэгтэй. Дунд хугацааны бодлогоо төсөв мөнгөний бодлоготойгоо уялдуулах шаардлагатай.

Уул уурхайтай, өргөн уудам газар нутагтай манайх шиг улсууд төмөр замын бүтээн байгуулалтаа хэрхэн шийдсэн байдаг юм бол?

Казахстан, Австрали манайтай төстэй. Эдгээр орны төмөр зам барьсан туршлагыг анзаарвал төрийн санхүүжилт өндөр, суурь дэд бүтэц нь төрийн өмч ч гэлээ ашиглах эрхийг нь хувийн компанид өгдөг гэх мэт шийдлүүд анзаарагддаг. Төмөр замын төслүүд хэрэгжсэн амжилттай нөхцөл нь улстөрийн саадгүй орчин байсан. Гэтэл манайх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа өчнөөн жил гацаасныг та мэднэ.

Өмнө нь төмөр замын бүтээн байгуулалтад гаднаас санхүүжилт татах хувилбар яригдаж, амжилттай хэлцэл өрнөж байсан кейс бий. Бидэнд ийм боломж бий болов уу?

Гаднаас санхүүжилт татах хэлбэр байж болох хувилбар. Гэхдээ гадныхан Монгол гэдэг улсыг хэрхэн харж байна вэ гэдэг асуудал бий. Оюу Толгой төсөл дээр гарсан ахиц томоохон жишиг болсон байж магадгүй. Гэхдээ гадны ямар нэг улсын төрийн өмчит компани байж болохгүй. Өнөөхөндөө гадны хөрөнгө оруулалт гэхээр иймэрхүү компаниуд л биднийг сонирхох байна. Тавантолгойн цахилгаан станцын төсөл дээр тендер зарлахад л Хятадын төрийн өмчит компани орж ирэх жишээний. Манай улсын хувьд улс төрийн аюулгүй байдал талаа харж, аль болох гуравдагч хөршөөс санхүүжилт авахад анхаарах хэрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн урт хугацааны, хатуу хяналттай, бага хүүтэй зээлээр барьж байгаа. Улс хоорондын ийм зээлүүдийг ашиглавал тун зүгээр. Гэхдээ хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин нөхцөлийг харахаар дэд бүтцийн бүтээн байгуулалтад санхүүжилт хийхээр орж ирэх аж ахуйн нэгж алга. Гадаад ертөнцийг харахаар хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалт дайжаад эхэлсэн. Дэлхий дээр 100 доллар эргэлдэж байна гэж төсөөлвөл ихэнх нь АНУ руу урсаж байгаа. Америкийн инфляц найман хувь гарчихсан. Бодлогын хүүгээ өсгөж инфляцаа буулгахаар зорьж яваа. Бодлогын хүүгээ таван хувьд хүргэх магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн эрсдэлгүй орчинд мөнгөө хийгээд таван хувийн өгөөж хүртээд явах боломж нээгдэнэ гэсэн үг. Манайх шиг улс төрийн эрсдэлтэй орчинд мөнгөө хийж 15%-ийн өгөөж харж суухаар найдвартай зах зээлд мөнгөө оруулаад таван хувийн өгөөж хүртэх нь илүү ашигтай. Хөрөнгө оруулагчид гадны сантай холбогдохоор манайх шиг бондуудыг сонирхохгүй Америк, Европыг илүүд үзэж байна. Манай Засгийн газрын бонд дайнтай, улстөрийн үймээнтэй улсуудын ард бичигдэж яваа. Украин, Венесуэл, Аргентины хойхноос жагсч байх жишээний. Гадаад зах зээл биднийг ингэж л харж байна. Оюу Толгойн гүний уурхай ажиллаж экспортын хэмжээ нэмэгдлээ, төмөр зам тодорхой хэмжээнд ашиглалтад орж экспорт өслөө гэх мэт мэдээ цацагдаж эдийн засаг ахиж тэлэх боломж гарвал гадныхан биднийг сонирхоно. 2012 оных шинэ нөхцөл үүсвэл л бидэнд боломж бий. Тийм боломж гарвал төмөр зам, цахилгаан станц гэх мэт том төслүүдээ хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.

Гадаад ертөнцийг харахаар хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалт дайжаад эхэлсэн.

Орос, Украины дайн, Хятадын “Тэг ковид” бодлого, сая таны хэлсэнчлэн Америкийг чиглэсэн долларын урсгал гээд харвал ирэх жилүүдэд маш том сорилтууд хүлээж байна. Ингээд харахаар том төслүүд хэрэгжих орчин ойрын хугацаанд бүрдэхгүй юм биш үү?

Шуудхан хэлэхэд ойрын хугацаанд байдал хэцүү хэвээр үргэлжлэх нь тодорхой боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Тэг ковид бодлогыг үргэлжүүлнэ” гээд зарлачихлаа. Дор хаяж ирэх хавар хүртэл үргэлжлэх байх. Манай улс урд хөршийн “Тэг ковид”- оос болж нүүрсээ хүссэн хэмжээндээ экспортолж чадахгүй байна. Товчхондоо импортын гацаа ахиад үргэжилнэ гэсэн үг. Ингээд харахаар өнөө жилийнхтэй яг ижил хүндрэл бэрхшээл ирэх жил үргэлжлэх нь тодорхой болсон. Бид сүүлийн гурван жилд яг адилхан хүнд нөхцөлтэй орчинд байгаа. Гурван жилийн эдийн засгийн өсөлт дунджаар 0.6%-ийн бууралттай. Уул уурхайн салбар сэргэхгүй л бол эдийн засаг сэргэхгүй. Тэр дундаа нүүрс сэргэхгүй бол эдийн засгийн сэргэлт ярих ямар ч боломжгүй. Эдийн засгийн ийм орчин 2023 онд угтаж байна. 2024 онд “Тэг ковид” бодлого дуусвал бага зэргийн сэргэлт ирнэ. 2024,2025 онд бондын төлбөрөө төлөх том асуудалтай нүүр тулна. Ингээд бодоод үзвэл та бид хоёрын яриад суугаа төмөр зам гэх мэт том төслүүд хэрэгжих макро эдийн засгийн орчин, төсөв мөнгөний боломж, хүн хүчний нөөц маш бага байна.

Ирэх жилийн төсөв алдагдал нь өндөр, орлого нь өөдрөг харагдаж байна. Зэсийн үнийг 7000 ам.доллар, нүүрсний хэмжээг 36 сая тонноор тооцсон. Таны ярианаас анзаарахад төсвийн орлого төлөвлөснөөсөө илт бага багасч таарах нь ээ?

Хятад, Америкийн улс төрийн дотоод орчин хэцүү байна. Ши Жиньпин улиран сонгогдлоо. Тэгэхээр Америктай явуулж буй худалдааны дайн нь улам даамжирна гэсэн үг. БНХАУ инноваци, технологи гээд бүх чиглэлээрээ Америкийг давж эхлэх гээд байна. Мэдээж АНУ энэ бүхнийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Тарифийн гэх мэт янз бүрийн арга хэрэглэх байх. Австрали гэх мэт хөршүүдтэйгээ нийлж хавчих хэлбэрээр олон улсын төвшинд Хятадын ганцаардуулах гэж үзэх нь тодорхой. Хятадын нэг том хөрш байсан ОХУ Украины хооронд зөрчил үүслээ. Энэ нөхцөл байдал үргэлжилнэ гээд харахаар геополитик хурцдах нь ойлгомжтой. Дэлхий цаашид худалдааны бүсэд хуваагдаад явах байх. Ер нь бол бие биеэ бодох дангаарших тал руугаа явсан. Хятадын эдийн засаг ирэх жил саарах төлөв ажиглагдаж байна. Нийт эдийн засгийнх нь 20%-ийг эзэлдэг барилгын салбарт нь 66 сая хүн амьдрах боломжтой эзэнгүй байр байна. Ши Жиньпин “Үл хөдлөх бол хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах зүйл биш” гээд хувийн сектортоо янз бүрийн шалгалт оруулж, барилгын компаниудын банкнаас зээл авах нөхцөлийг хаасан. Энэ салбарын нийт бондын тавь орчим хувь нь дампуурсан. Бонд босгож барилга бариулаад байсныг “Өрийн хэт дарамттай” гээд болиулсан. Барилгын сектор гангийн үйлдвэр, зэс гэх мэтийн гуравны нэгийг ашигладаг салбар. Өөрөөр хэлбэл боломжит хэрэглэгчдийн гуравны нэг нь байхгүй болсон гэсэн үг. Хятадын гангийн үйлдвэр потенциалаараа ажиллалаа ч борлуулалт нь буурах нөхцөл бүрдэж байна.

Манай экспортын гол бүтээгдэхүүн коксжих нүүрсний үнэ буурах эрсдэл өндөр байгаа юм байна. Ирэх жилийн дэлхийн эдийн засгийн талаарх хамгийн муу таамаглалыг онцлоно уу?

Нүүрс, зэсийн үнэ буурах эрсдэл өндөр байна. Америкийн төсвийн зардал асар их хэмжээгээр нэмэгдсэн. Өрийн таазандаа тулсан. Ийм орчинд сангийн бодлого буюу төсвийн тэлэх бодлого явуулах боломжгүй. Бодлогын хүүгээ өсгөхөөс гадна зах зээл дээр хэвлэсэн мөнгөө буцаан татаж байгаа нь цаанаа ийм учиртай. Нийтдээ долоон их наяд ам.долларыг зах зээлээс татаж байна. Энэ нь бодлогын хүүгээ нэг хувиар өсгөсөнтэй ижил нөлөөтэй. Америкт ирэх жил хямрал болох нь 98%- ийн магадлалтай гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэллээ. Хамгийн том эдийн засагт хямрал нүүрлэх энэ хямрал Европ руу халдах нь ойлгомжтой. Хийн асуудлаас үүдсэн өндөр инфляцийн эрсдэлтэй Европ өнөөдрийнхөөсөө ч хэцүүднэ гээд харахаар том гүрнүүдийн хямрал ирэх жил илүү хүндрэх нь тодорхой байна. Нөлөө нь жижиг улсуудад маш хүнд тусна. Энэ бүхэн манайд гурван янзаар нөлөөлнө. Европтой холбоотой логистикийн тээврийн асуудал байна. Орос Украинтай холбоотой үр тариа, шатахуун, цианит, хөдөө аж ахуй, уул уурхайд ашигладаг тоног төхөөрөмжийн импорт зогсох эрсдэл бий. Хэрвээ уул уурхайн салбарт тэсэлгээний бодисын импорт зогсвол алт олборлолт зогсох эрсдэлтэй. Ганц алт ч биш уул уурхайн салбар бүхэлдээ хэцүү байдалд орно. Уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлж буй хоёр зүйл бий. Нэг нь ковид, нөгөө нь Хөдөлмөрийн хууль. Хөдөлмөрийн хууль өөрчлөгдсөнөөр өмнө нь хоёр рейстэй ажиллаж явсан компани гурван рейстэй болсон. Үүнээс болж компани талдаа зардал нэмэгдэж, ажлын бүтээмж асар ихээр унасан гэх мэт асуудлууд дуулдаж байна. Оюу Толгойн далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон нь цаанаа ийм шалтгаантай. Барилгын салбарт ажиллаж явсан хүмүүс уул уурхай руу орсон, хилтэй ойролцоо компаниудад ковидтой холбоотой бүтээмжүүд асар их буурч байна.

Төрийн оролцоотой компанийн хувьд Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад ч итгэж авах хүн ховор. Төрөөс ямар нэгэн хамааралтай л бол хөрөнгө оруулагчид мөнгөө хийхгүй.

Шинэ сэргэлтийн бодлогод боомтын сэргэлтийг онцолж байгаа. Боомтын сэргэлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

Хангийн боомтоор 23 сая, Гашуунсухайтаар 40 сая тонн нүүрс гаргана гэж байгаа. Боомтын сэргэлтийн бодлогод туссан энэ тооцоог харахаар манай улс жилдээ 100 саяыг гаргахаар байгаа биз. Гэвч бодит байдлаа харахаар 100 сая тонн нүүрс гаргах боломж бидэнд нээгдлээ гэхэд Хятадын талд энэ хэмжээний нүүрс худалдаж авах боломж байхгүй. Хятадын өнгөрсөн жилүүдийн нийт импортыг харахаар коксжих нүүрсээ 65 сая тонноос хэтрүүлдэггүй. 65 сая тонн дээр нь л бид тоглодог. Австралид үер боллоо гэхэд бидний экспортолдог нүүрс 65 сая тонных нь 45, 50%-ийг эзэлдэг. Австралид янз бүрийн асуудал байхгүй үед манай улс жилдээ гуч гаруй сая тонн нүүрс л экспортлох боломжтой. Хятад ийм бодлоготой байхад бид боомтын сэргэлт, зуун сая тоннын экспорт яриад нэмэргүй л дээ.

Тэсэлгээний бодисын импорт тасалдвал алтны салбарт хүнд тусна гэж та түрүүн хэллээ. Алтны салбарыг онцгойлж дэмжлээ гэхэд жилд 800 сая ам.доллараас илүүг олох боломж нь хэр бол? Ер нь ирэх жил долларын ханш хэчнээн хувиар өсөх дүр зураг ажиглагдаж байна вэ?

Долларын ханшийн таамгийг эхлээд ярья. Эдийн засгийн мэдлэг шаардахгүйгээр харах хэдэн өнцөг байгаа. Аливаа зүйлс мөчлөгтэй. Зуун жил тутам нэг тахал, тавин жил тутам нэг дайн, таван жилд нэг хямрал тохиож буй. Иймэрхүү циклээр харвал долларын ханшид ч цикл бий. Ханшийг сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөр харах боломжтой. 2012-2016, 2016- 2020, 2020-2024 оны сонгуулийн жилүүдэд буюу дөрөв, дөрвөн жилийн хугацаанд ханш яаж хөдлөв гэдгийг харах хэрэгтэй. Өнгөрсөн хоёр сонгуулийг харахаар ханш нийтдээ 700- 800 төгрөгөөр хөдөлсөн. Сонгуулийн өмнөх 18 сард нь ханш барих бодлого явагддаг. Ханш барих жил хагасын хугацаанд ханш 100-200 төгрөгөөр хөдөлсөнийг статистикаас харж болно. Харин ханш барих 18 сарын өмнөх 30 сард нь ханш 500-600 төгрөгөөр хөдөлдөг. Ингээд харахаар өнөөдөр сонгуулийн өмнөх 18 сардаа ирсэн. Ханш 100-200 төгрөгөөр хөдлөхтэй үгүйтэй нөхцөл байдалд аж төрж яваа гэсэн үг. Өөрөөр хэлбэл засаг ханшийг тогтоохын тулд хамаг аргаа хэрэглэнэ. Доллар олж ирэх боломжтой бүхнийг эрэлхийлж ажиллана. Алтны компаниудыг дэмжихийн тулд бүх хүчээ дайчлах нь тодорхой. Төмөр замыг ногоон гэрлээр босгодог шиг ажиллагаа явагдана гэсэн үг. Гэхдээ алтны салбарын хувьд яаж ч дэмжээд жилийн 800 сая ам.доллараас илүү олох боломжгүй. Үүнээс гаднах эх үүсвэр гээд харвал Азийн хөгжлийн банкны донор орнуудын мөнгө бий. 300 сая ам.долларын 100 сая нь ороод ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгийг урьдчилж аваад зах зээлд 800 сая ам.доллар оруулах шийдэл бий. Банкуудыг гаднаас эх үүсвэр татаач гэж байгаа. Нийтдээ шинээр тэрбум гаруй ам.долларын нөөц бий болох гэж байна. Тэрбум гаруй ам.доллар гэдэг бол Монгол Улсын аравдугаар сар хүртэл хэрэглэсэн мөнгө. Ингэж чадвал ханш огцом савлах магадлал багасна. Тэгж чадахгүй бол ханш өссөөр байх эрсдэлтэй. Дахиад хэлэхэд ханшид нөлөөлөх нэг том зүйл бол нүүрс.

Уул уурхайн жижиг дунд төслүүдийг санхүүжүүлэхэд дотоодоос мөнгө татах боломж бий гэсэн мэссэж Mongolia Mining-2022 уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр сонсогдсон. Ийм боломж хэр байгаа вэ?

Арилжааны банкуудын хувьд уулуурхай, барилгын салбарын төсөл хамгийн их чанаргүй болдог. Олон хүчин зүйлээс хамаардаг гэдэг утгаараа мөнгө гацдаг салбарууд л даа. Ийм онцлогтой учраас банкууд эдийн засгийн хямралын үед уул уурхай, барилгын салбарын зээлээ зогсоодог. Урт хугацааны санхүүжилтын өөр гарцууд бий. Хөрөнгө оруулалтын сан байгуулах, бонд босгох, IPO хийх замаар санхүүжилт босгож болно. Компаниуд ийм замаар санхүүжилт босгоно гэвэл мөнгөний боломж бол бий. Нийтдээ 23 их наядын харилцах хадгаламж байгаа. Уул уурхайн салбарын жижиг, дунд төслүүдийн тухайд харилцах хадгаламжаас гурав, дөрвөн их наядыг татах боломжтой ч эрсдэл өндөр гэсэн шалтгаан бий. Уул уурхайн компаниуд хөрөнгийн зах дээр 30%-ийн өгөөжтэй бондууд гаргадаг. Ийм өндөр хувь амладаг нь учиртай. Цаана нь тийм хэмжээний эрсдэл бий шүү гэсэн үг. Компани нь банкинд өртэй, бонд босгосон, борлуулалтын орлого нь олон улсын нөхцөл байдлаас хамаараад тодорхой бус гэх мэт эрсдлүүдтэй төсөл рүү арван хүний найм нь орохгүй. Төрийн оролцоотой компанийн хувьд Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад ч итгэж авах хүн ховор. Төрөөс ямар нэгэн хамааралтай л бол хөрөнгө оруулагчид мөнгөө хийхгүй. Хувийн хэвшлийн тухайд төрийн оролцоо гэсэн сул тал байхгүй ч гэлээ тодорхой асуудлууд байна л даа. Хувийн компаниудыг төрийн зүгээс шантааж, хууль эрх зүйн өөрчлөлт, тусгай зөвшөөрөл гэх маш олон зүйлээр хааж боож, хүссэнээрээ хөдөлгөх асуудлууд хэвээр байгаа.

Ярилцсан танд баярлалаа.            / October 2022. No 010 (167). /

Сэтгэгдэл (1)

  • Гантулга (192.82.69.74)
    Төмөр замын замын төслүүдийн хөрөнгө оруулалтыг нүүрсээр урьдчилан төлж байгаа учир валютын нөөцөд учруулах шууд эрсдэл байхгүй. Гашуунсухайтын төмөр замын төслийг хэрэгжүүлж байж валют бодит утгаараа орж ирэх боломж үүснэ. Экспортын голлох бүтээгдэхүүнийхээ логистикийн шийдэж байж улс орны төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Өөр гарц байхгүй. Хэрэлдэж ухрахаас өөр зүйлгүй...
    2022 оны 11 сарын 30 | Хариулах