“Монголын төмөр зам“ ТӨХК 2008 оны гуравдугаар сард Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор байгуулагдсан. Монголын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийг эзэмшиж, ашиглах үндсэн чиг үүрэгтэй. Тухайн үед хамгийн гол нь “Улаанбаатар төмөр зам“-ын техникийн шинэчлэлийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх зорилгоор байгуулсан. Юуны түрүүнд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгд тулгамдаж байгаа асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэхэд тус дөхөм болох, хамтарсан үйлдвэрт шууд хөрөнгө оруулж болохгүй учраас манайхаар дамжуулан хэрэгжүүлэхээр тус хувьцаат компанийг байгуулсан гэж ойлгож байгаа. Цаашдын зорилго маань үндсэн тээврийнхээ шинэчлэлтэй холбогдсон үйл ажиллагаа болно.
Одоохондоо манайх долоо, найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эхний үйл ажиллагаа гэвэл улсын төсвөөр худалдан авсан Америкийн нэг илчит тэргийг УБТЗ-д түрээсийн хэлбэрээр ашиглуулж байгаа. ОХУ-аас мөн хоёр илчит тэрэг орж ирнэ. Түүнчлэн Хятадын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төмөр замын салбарт 60 сая ам.долларын зээлийн асуудал яригдаж байна. Энэ зээлийн асуудлаар Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо болон холбогдох яам агентлагуудын оролцоотойгоор хөөцөлдөж байна.