Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Төрөөс боомтуудын асуудлыг тусгайлан авч үзэж , бодлого гарган, эрх зүйн орчныг бий болгох ажлыг цаг алдалгүй эхлэх хэрэгтэй байна


Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнийг ямар  боомтуудаар  экспортолж  байна вэ?

Хятадтай хиллэж байгаа 13 боомтоос Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор газрын тос, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар  нүүрс экспортолж байна. Удахгүй Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхай ашиглалтад орвол Булган боомтоор бас нүүрс экспортлох боломж нээгдэх юм. Мөн Говь-Алтай аймгийн Бургастай, Дорноговь аймгийн  Ханги боомтоор төмрийн хүдэр экспортлох санал хувийн хэвшлийнхнээс ирүүлээд байнаа.Цаашид стратегийн  ач холбогдол бүхий орд газруудыг ашиглалтад оруулах, түүнийг дагалдсан төрөл бүхийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжих  тутам хилийн боомтын асуудал хурцаар тавигдах болно. Хилийн боомтуудын одоогийн үйл ажиллагааг шинэчлэх, өөрчлөх, орчин үеийн шаардлагад нийцүүлэх зайлашгүй шаардлага  амьдралаас урган гарч байна. 

Боомтын асуудлыг ямар хууль эрх зүйн хүрээнд  зохицуулж байна вэ?

Боомын үйл ажиллагааг тусгайд нь зохицуулсан хууль одоогоор байхгүй. Харин Монгол Улсын хилийн боомт дээр хилийн хяналтын үйл ажилагаа явуулж байгаа Хил хамгаалах байгууллага, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн , харъяатын асуудал эрхэлсэн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу  явуулж байна. Үүнээс гадна хил хамгаалах болон хилийн хяналтын байгууллагуудын өдөр тутмын  үйл ажиллагаа, ажлын уялдаа холбоог Засгийн газрын 2002 оны 20 дугаар тогтоолоор зохицуулж байна. Цаашид хилийн боомтоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж, уул уурхайн төрөл бүрийн бүтээгдэхүүн экспортлох, импортлох  тохиолдолд одоо байгаа боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, цалин хөлс, ахуй хангамжийг бүрдүүлэх асуудлыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх  хэрэгтэй байна.

Нөгөө талаас, төрөл бүрийн тээврийн хэрэгслэлийг нэвтрүүлэх  зам талбай барьж байгуулах, тээврийн хэрэгслэлийн засвар үйлчилгээний газар байгуулах, улсын хил дамнасан шугам, хоолой барьж байгуулсан тохиолдолд тэдгээрийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах инженер техникийн ажилтнуудыг ажиллуулах гээд олон шинэ асуудлууд ар араасаа гарах төлөвтэй байна.  Нэг үгээр хэлбэл хилийн боомт өөрөө хүн ам суурьшсан төв газар болох нь гарцаагүй. Ийм учраас төрөөс боомтын асуудлыг тусгайлан авч үзэж төрийн бодлого гаргаж, эрх зүйн орчныг бий болгох ажлыг цаг алдалгүй эхлэх хэрэгтэй байгаа юм. Энэ бол шинэ тутам гарч ирж байгаа асуудал.

Боомтуудын ачаалал ямар байгаа вэ?

Манай улс  ОХУ-тай 29 боомтоор, БНХАУ-тай 13 боомтоор тус тус харилцдаг. ОХУ-тай харилцаж байгаа 29 боомт дээр харьцангуй бага ачаалалтай байдаг. Цөөн хэдэн боомтоос бусад нь дэд бүтэц байхгүй. БНХАУ-тай харьцаж байгаа 13 боомтоос хамгийн их ачаалалтай нь Өмнөговийн Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн боомтууд. Нүүрс тээвэрлэдэгтэй холбоотойгоор ачаалалтай байдаг. Шивээхүрэн   боомт хоёр талын байнгын ажиллагаатай боомт. Гашуунсухайт боомтын хувьд хоёр талын байнгын ажиллагаатай болгох бэлтгэл ажил хиййгдэж байна. Өөрөөр хэлбэл, улирал, цаг хугацаа харгалзахгүйгээр Монгол улс- БНХАУ-ын  хооронд тохиролцсон хэлэлцээрийн дагуу ажиллана гэсэн үг. Боомтуудыг байнгын ажиллагаатай болгох асуудал нь хоёр улсын харилцан тохиролцож байж шийддэг асуудал. Боомтыг байнгын ажиллгаатай болгох нь хил хамгаалах болон хилийн хяналтын байгууллагуудын орон тоо, цалин, ажилтнуудын нийгмийн асуудал, орон сууц,  ахуй хангамжтай холбоотой олон  асуудал хөндөнө гэсэн үг.

Гол боомтууд дээр асуудал хэзээ цэгцрэх боломжтой вэ?

Тодорхой цаг хугацаа хэлэхэд хэцүү л дээ. Төрөөс бодлого гаргах түвшинд асуудал шийдэгдэх учиртай. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах УИХ-ын гишүүд, холбогдох мэргэжлийн хүмүүс оролцсон Ажлын хэсэг 2009 онд байгуулан ажиллаж байгаа. Мөн ХЗДХЯ хил хамгаалах байгууллага болон хил боомтын үйл ажиллагааг сайжруулах асуудлаар, ЭБЭХЯ уул уурхайн бүтээг¬дэхүүн хилийн боомтоор импортлох  асуудлаар Ажлын хэсэг гаргаад тус тус ажиллаж байна. Манай яам ч гэсэн энэ асуудлаар  өөрийн байр сууриа илэрхийлэх болно.