Япон улсын Гадаад хэргийн сайд Кацуяа Окада “Хоёр орны одоогийн иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх талаар ярилцлаа” гэж айлчлалынхаа үр дүнгийн талаар товчхон хариулав. Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Уулзалтаар хоёр тал цөмийн эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. Түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагааны хүрээн дэх асуудлуудыг ярилцлаа. Бид цаашдаа Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна” хэмээн мэдээлэв.
Гадаад хэргийн сайд Кацуяа Окада тэргүүтэй 11 төлөөлөгч ням гаригийн шөнийн нислэгээр Монголд морилсон юм. Тэрбээр даваа гаригийн өглөө Дамбадаржаа дахь Япон цэргийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Япон улсын эрхэмсэг зочид төлөөлөгчдийг Сайд Г.Занданшатар тэргүүтэй манай албаны хүмүүс угтан авч, хоёр тал хамтарсан хуралдаан хийв.
Дараагийн уулзалтууд Төрийн ордонд болохын өмнө Чингис хааны хөшөөнд зочид хүндэтгэл үзүүлээд, Ерөнхий сайд С.Батболдтой уулзав. Уг уулзалтад ЭБЭХ-ний сайд Д.Зоригт мөн оролцов. Энэхүү уулзалт дээр Сайд Окада Тавантолгой орд болон ураны салбарт Монгол улсын гурав дахь хөршийн хувьд Японы хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгааг онцлон дурдлаа.
Мөн өдөр Японы сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Бүх уулзалт хаалттай болсны дээр 11.00 цагт сэтгүүлчдэд зориулан хийхээр товлосон хэвлэлийн бага хурал ч хугацаа богино айлчлалын төлөвлөгөөнөөс хасагдав.
Үдийн 11.25 цагт Японы сайд төлөөлөгчдийн хамтаар Жаргалантын аман дахь жуулчны отогт бэсрэг наадам үзэж сонирхсон юм. Бөхийн барилдаан, биелгээ бүжиг, ардын найрал хөгжмийн гайхамшгийг зочид анхааран үзэж сонирхов. Тэдэнд арга хэмжээ их таалагджээ. Наадам дуусав уу гэтэл тээр цаана хоёр талын төлөөлөгчид нэг зүйлд их л анхаарал хандуулан, түүнийгээ нүд салгалгүй харж, сонирхож буй мэт аж байдал нүднээ тусав. Манай сайд Г.Занданшатар Японы сайдад хурдан удмын адуунаасаа бэлэглэж буй нь тэр. Хурдан хүлгийн эзэн болсон Японы сайд хүрмээ тайлаад, баярласан нүдээ гялалзуулан хонгор үрээгээ хөтлөнгөө зоог барих гэрийн зүг хөдлөв. Адууны үнэр ханхийнэ. Зоог ч бас сайхан байсан болов уу. Энэ завсар уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд ярьсан зүйлсийг тодруулсан юм.
ГХЯ-ны Азийн газрын захирал Б.Ганболд:
Айлчлалын хүрээнд сайд нар хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд шинэ техник технологи нэвтрүүлэх, эрдэс баялгаа байгальд халгүй шийдлээр боловсруулахад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Түүнчлэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн асуудлаар ярилцсан. Бид Япон улстай худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээний тарифыг хөнгөлөх хэлэлцээр байгуулахаар зорьж байгаа. Тус улс бусад улс оронд үзүүлэх зээл тусламжаа бууруулах хандлагатай байгаа ч Монголын хувьд хэвээр нь хадгална гэж хэлж байна.
2008 онд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан. Бид дэмжлэг, хөрөнгө оруулалтыг түлхүү татах бодлого баримталж байна. Нөгөө тал бол маш том хэрэглэгч. Тэгэхээр хоёр талын ашиг сонирхол хоорондоо нийцэж байна шүү дээ.
Эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар Япон улстай эрчимтэй ярилцаж эхэлсэн. Энэ удаад ямар нэг бодитой тохиролцоо хийсэн болов уу?
Эрчим хүчний салбарт Японы тал манай улсыг маш их дэмжсээр ирсэн. Хөдөөд дизель станцуудыг байгуулсан. Японы эрчим хүчний технологи найдвартай, үр ашигтай. Тиймээс шинэ эрчим хүчний эх үүсвэр болох Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулахад Японтой хамтран ажиллахаар Засгийн газар төлөвлөж буй. Энэ чиглэлээр хоёр улсын хооронд хэлэлцээр өрнөх болов уу гэж бодож байна.
Японы Гадаад хэргийн сайдын айлчлалыг ирэх арваннэгдүгээр сард Япон улсад хийхээр төлөвлөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын их сайн бэлтгэл ажил боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлэлцэх гол асуудалд Японы талтай эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах зорилт багтаж байна.
Б.Төгсбилэгт