“Энержи Ресурс” хоёронтоо илүүрхэв

2011-12-16 11:53

Хариуцлагатай гэж хэнийг хэлэх вэ?

Энэ бол салбартаа жин дарах том компаниудыг өрсөлдөөнд дууддаг босго өндөртэй номинаци. Стандарт, ном журмын дагуу зөв үйл ажиллагаа явуулахаас гадна бусдаас ялгарсан давуу тал, онцгойрч товойсон  үйл ажиллагааг тодруулах ёстой.  Бас нийгмийн өмнө энэ уурхай, энэ үйлдвэр, энэ компани юү хийв гэдгийг шүүн харах учиртай билээ. Өнгөрсөн жил дотоодын гэхээсээ гадны хөрөнгө оруулалттай компаниуд энэ номинацийг сонгож, олноор нэр дэвшсэн онцлог бий. Энэ нь номинацийн өндөр үүдтэй холбоотой байсан биз. “Рэдхил Монголия”, “Оюутолгой”, “Бороо гоулд”, “Мо Эн Ко”, “Саусгоби сэндс” зэрэг компаниудын өрсөлдөөн дундаас “Энержи Ресурс” товойн гарч, номинацийн эзнээр тодорч байв. Харин ганцхан жилийн дотор байдал эсрэгээр өөрчлөгджээ. Нэр дэвшигсэд бүгдээрээ үндэсний компаниуд. Шалгаруулалтын өндөр үүдийг дотоодын компаниуд зоригтой татан орж ирж, харин гадаад шошготой компаниуд орон зайгаа үлдээн “Шилдэг технологи” зэрэг номинаци руу дайжжээ. Эндээс Монголын уул уурхайн ертөнцөд ганцхан жилийн дотор ямар их өөрчлөлт, хувьсал бий болсныг харж болохоор. Эх орны компаниуд асар хурдтайгаар өсөн өндийж, дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж эхэлснийг анзаарч мэдрэх сайхан юм. Тэд олборлолтоос боловсруулалт, үйлдвэрлэл рүү давшиж байна. Харин хэрхэн давшиж буйг нь эл номинацид нэр дэвшигчдийн үйл ажиллагаанаас тольдоорой.    
    
“Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид нэр дэвшигчид: 

1.    Нарийнсухайт болон Элдэвийн нүүрсний уурхай, Цагаансуваргын зэс молибденийн төслийг хэрэгжүүлж, хот хөдөөгийн хэмжээнд нийт 1145  хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж буй “МОНГОЛЫН АЛТ” компани. 

/2011 онд Нүүрсний хуурай баяжуулалтын FGX-12 үйлдвэр, Хагас коксон түлшний үйлдвэр нь ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрсэн бол Нарийнсухайтын нүүрсийг баяжуулах үйлдвэр, Цементийн үйлдвэр, Цагаансуваргын зэс-молибденийн ил уурхай-баяжуулах үйлдвэрийн цогцолборын төслийг ирэх жилд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангасан амжилтаараа нэр дэвшиж байна./ 
   
2.    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Ухаахудаг” коксжих нүүрсний ордод үйлдвэрлэл эрхлэн, хот хөдөөгийн хэмжээнд нийт 1855 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж буй “ЭНЕРЖИ РЕСУРС” компани.
/Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, автозам, усан хангамж, орон сууцны хороолол зэрэг дэд бүтцийн чиглэлийн олон чухал төслийг хэрэгжүүлж ашиглалтад өгсөн амжилтаараа нэр дэвшив.

3.    422 хүнийг ажлын байраар ханган, Дархан-Уул, Орхон аймгийн дулааны цахилгаан станц болон бүс нутгийн үйлдвэр, аж ахуйн байгууллагуудыг сайн чанарын нүүрсээр хангагч “ШАРЫН ГОЛ” компани.
/2011 оны эхний 9 сарын байдлаар нүүрс олборлолт, борлуулалтын төлөвлөгөөгөө 103 хувиар давуулан биелүүлсэн төдийгүй нэмэлт хайгуулын ажил хийж, ордын нөөцийн хэмжээг 3 дахин өсгөн нэмэгдүүлсэн амжилтаараа нэр дэвшиж байна. /   

4.    Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, өрөмдлөгийн салбарт 48 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 114 хүнийг ажлын байраар хангасан “ГОВЬГЕО” компани.
/Энэ оны 11 сарын байдлаар 2 тэрбум 300 гаруй сая төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, хөрөнгө оруулалтад 609 сая, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд 156 сая төгрөг зарцуулсан үзүүлэлтээрээ нэр дэвшлээ./ 

5.    Үйлдвэрлэл, санхүү-эдийн засгийн төлөвлөгөөт даалгавраа тогтмол давуулан биелүүлж ирсэн “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” компани.
/Энэ оны эхний 10 сарын байдлаар 429.647 мян.тн зэсийн баяжмал, 3,273.33 мян.тн молибденийн баяжмал үйлдвэрлэсэн болон Эрдэнэт хотдоо хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаараа нэр дэвшжээ./

6.    “Коал Монголиа”, “Металс Монголиа” зэрэг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан, “Монголын уул уурхайн нэгдсэн лавлах”-ыг жил бүр шинэчлэн гаргасан ажлын үзүүлэлтээрээ  “ГЛОЖЕКС” компани нэр дэвшжээ.


Олон нийт хэнийг сонгов?

Mining Journal Awards-аас сарын өмнө олон нийт болон мэргэжлийн байгууллагынхны дунд санал асуулга явуулсан юм. Мөн номинаци тус бүрээр цахим хуудсаар саналыг нээлттэй авсан билээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг төлөөлсөн мэргэжилтнүүд болон олон нийтийн санал асуулгын нэгдсэн дүнгээр “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацийн эзнээр “Энержи ресурс” тодорчээ. Нийт саналын 19,89 хувь нь энэ компанийг нэрлэжээ. “Оюутолгой” 12.47 хувиар араас нь нэхсэн байна. Гуравдугаарт 8.62 хувиар “Эрдэнэт үйлдвэр” орсон бол 7.56 хувиар МАК, 4.38 хувиар “Шарын гол”, 3.98 хувиар “Бороо гоулд”, 3.32 хувиар “Мо Эн Ко”, 2,65 хувиар “Алтайн хүдэр”, 2.25 хувиар “Саусгоби сэндс”, “Багануур” компаниуд жагсжээ. Гэхдээ энэ бол санал дүгнэх 100 онооны ердөө 20 хувийг цуглуулсан хэрэг. Хамгийн гол оноог Шүүгчдийн зөвлөлөөс авах ёстой. Шүүгчдийн няхуур шүүлт тэдний өмнө бий. 

Шүүгчдийн мэтгэлцээн дундаас  шилдэг төрнө

Номинацид өрсөлдсөн шилдгүүд дотроос хамгийн шилдэг нь шүүгчдийн үнэлгээгээр тодорно. Чухамхүү тэр үнэлгээг өгөхийн тулд манай шүүгчдийн дунд халуухан бөгөөд сонирхолтой мэтгэлцээн өрнөдөг юм. Шүүгчид маань номинацийн эзнийг тодруулахын тулд юү хэлэлцэж, ямар үнэлэлт дүгнэлт өгснийг хамтдаа сонирхоцгооё. 
  
Б.Энхбаатар:  Б.Пүрэвтогтох багш бид ярилцаж байгаад “Энержи Ресурс”-т хамгийн өндөр оноог тавьсан. Шалтгаан нь дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой. Одоогоор үүнээс илүү хөрөнгө оруулалт хийсэн газар Монголд байхгүй. Мөн анхны боловсруулах үйлдвэрийг ашиглалтад өгөөд байна.

Н.Алгаа: Би хоёр үндэслэлээр энэ номинацийн хамгийн өндөр оноог “Энержи Ресурс”-т өгсөн. Яагаад гэхээр төслөө хэрэгжүүлэхээс өмнө зэргэлдээ гурван сумын нутгаар хоёр ч удаа олон нийтийн хэлэлцүүлэг явуулсан. Төслийн талаар орон нутагт хэлэлцүүлэг явуулна гэсэн утга бүхий заалт Ашигт малтмалын тухай хуульд байгаа. 1997, 2006 оны хуулийн аль алинд нь бий. Орон нутгийн иргэдэд төслөө танилцуулж ойлгуулах ажлыг тэд маш сайн хийж чадсан. Цогтцэций суманд орон сууц, сургууль, цэцэрлэг, авто зам барьж байгуулах, усыг цэвэршүүлэх зэргээр нийгмийн чиглэлээр их ч ажил хийсэн. Энэ талаараа үнэхээр номер нэг нь байна. Орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёлд анхаарсан цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж дүгнээд байна л даа. Араас нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг  хоёрт, МАК-ийг гуравт оруулж байна.

Г.Шархүү: Би Алгаагийн үндэслэлтэй санал нэг байна. Тиймээс ч хамгийн өндөр оноог “Энержи Ресурс”-т өгсөн. Дараа нь МАК орж байна. МАК-ийн хувьд их юм хийсэн байна лээ. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэлийн түвшингийн үзүүлэлт дээр “Энержи Ресурс”-тэй харьцуулахад доогуур орчихоод байгаа юм. Үйлдвэрүүд барьсан нь маш сайн. Харин технологийн хувьд “Энержи Ресурс”-тай харьцуулахад арай доогуур түвшний үзүүлэлттэй байна. Гуравдугаарт “Эрдэнэт үйлдвэр”-ийг оруулсан. Харьцуулах юм бол “Энержи Ресурс” орон нутгийн иргэдийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан байхад “Эрдэнэт” өөрийн дотоодод хийсэн ажлуудаа нэлээд бичсэн байна лээ.

Д.Дондов: Энэ номинаци дээр би “Энержи Ресурс”, МАК, “Шарын гол” гуравт хамгийн өндөр оноог өгсөн. “Энержи Ресурс”-ын хувьд нийгмийн хариуцлагын талаар Алгаатай адил үндэслэлээр би хамгийн өндөр үнэлгээг өгсөн. Мөн МАК-ийг нэлээд дээгүүр үнэлээд байгаа. 100 хүнд ногдох үйлдвэрлэлийн осол гэдэг дээр тоо байхгүй байсан учир дүн тавьж чадсангүй. Үүнийг нэлээд бодоод байгаа юм. “Шарын гол” сайн ажилласан. Гэхдээ энэ хоёрыг гүйцэхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ирүүлсэн материал хангалтгүй байсан гэж үзэж байгаа. 

Н.Батбаяр:
Энэ номинацид “Энержи Ресурс” хамгийн өндөр оноогоор гарч ирж байна. Үндэслэл нь нэгдүгээрт, боловсруулах үйл ажиллагааны түвшин гэсэн үзүүлэлт дээр угаах үйлдвэр байгуулсан. Зүгээр ч нэг үйлдвэр байгуулчихаагүй. Дэлхийд нэлээд дээгүүрт тооцогдох технологиудыг харьцуулж байж байгуулсан. Хоёрдугаарт, дэд бүтцэд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ үнэхээр тасархай юм билээ. МАК-ийн дэд бүтцэд зориулсан хөрөнгө оруулалт 70 гаруй тэрбум бол “Энержи Ресурс”-ийнх 500 орчим тэрбум байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ харагдахгүй байсан. “Энержи Ресурс”-ийг 247 км зам тавьсан, 18 мегаваттын цахилгаан станц барьж, ус цэвэршүүлэх байгууламж байгуулсан гэсэн гурван том бүтээн байгуулалт хийснээр нь авч үзлээ. Татварын хувьд ойлгомжтой байна. Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгад хамрагдсан, санхүүгийн тайлангаа аудитаар хянуулсан гээд бүх үзүүлэлт нь байна. Дээрээс нь нийгмийн хариуцлагын хувьд үнэхээр сайн ажиллаж байгаа. Ажлын байр нэмэгдүүлж байна. Тэр дундаа орон нутгийн иргэдийг нийт ажиллагсдын 28 хувьд хүргэсэн байсан. Дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс маш их хэмжээний бүтээгдэхүүн авч байна. Орон нутгаас мөн ялгаагүй. Маш олон хүн сургаж байгаа. Ерөөсөө бидний дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг жигд ханган биелүүлсэн үйл ажиллагаатай учраас “Энержи Ресурс” гарцаагүй тэргүүлж байна гэж үзлээ. Дараагийн байрт “Монголын Алт” орж байна. “Шарын гол” гуравдугаарт орж байна. 

Д.Цэрэнжав: Миний хувьд материалыг уншаад цар хүрээ болон цаг хугацааны хүчин зүйлийг нэлээд сайн харьцуулж үзэх ёстой юм шиг санагдлаа. Том компаниуд үнэхээр их ажил хийжээ. Тэднийг цар хүрээгээр жижиг компаниудтай харьцуулахад хэцүү. Гэхдээ нийгэм болон бүс нутгийн амьдралд хамгийн их зүйл хийсэн нь яах аргагүй “Энержи Ресурс” байна. “Энержи Ресурс” хамгийн сайн нь байна гэсэн та бүхний дүгнэлттэй санал нийлж байна. Хоёрт, яах аргагүй МАК орж байна. Маш сайн тайлан ирүүлсэн байна. Миний хувьд технологи талын нарийн зүйлсийг мэдэхгүй. Гэхдээ бүс нутгийнхаа хэмжээнд үнэхээр их зүйл хийснээс гадна нийгмийн хариуцлага тал руугаа их анхаарч байгаа нь тайлангаас харагдлаа. Гуравт, “Эрдэнэт” үйлдвэрийг хойш тавьж болмооргүй байсан. Өмнө ч хийдэг байсан. Одоо ч ажлууд нь сайнаар үргэлжилж байна. “Шарын гол”, “Говьгео”, “Гложекс” зэрэг компани цар хүрээний хувьд арай бага болохоор энэ номинацид бусадтайгаа өрсөлдөхүйц байж чадсангүй.    
Шүүгчдийн зөвлөлийн хуралд хүрэлцэн ирж амжаагүй Д.Галсандорж шүүгч, МАК-д хамгийн өндөр үнэлгээ өгсөн бол хоёрт “Эрдэнэт”, “Энержи Ресурс” хоёрыг оноо тэнцсэн үзүүлэлтээр жагсааж, “Шарын гол”-ыг гуравт оруулсан байлаа. Харин Х.Наранхүү шүүгчийн хувьд “Энержи Ресурс”-ийг нэгд оруулж, МАК-ийг хоёрт, “Эрдэнэт”-ийг гутгаарт эрэмбэлжээ.
Өнөө жилийн шалгаруулалт ийнхүү дууссан ч ирэх жилийн өнгийг шүүгчид бас өөр зуураа хэлцэн шинжиж байна. Энэ онд суурийг нь тавьсан ажлуудын өгөөж айсуй жилд гарна. Тэдний өнгөнд “Монголын Алт”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг бүтээн байгуулалт нь ид жигдрэх компаниуд хүч түрэн гарч ирж, эрчтэй давхих биз ээ гэсэн мэргэжилтнүүдийн таамаг ирэх жил хэрхэн биелэхийг уншигчидтайгаа хамтдаа хүлээцгээе. 


“Энержи Ресурс” тэргүүлж, “Монголын Алт” хоёрт, “Шарын гол” гуравт “давхижээ”

Ингээд шүүгчдийн онооны нийлбэрээр “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа“ номинацийг “Энержи Ресурс” тэргүүлж, “Монголын Алт” хоёрт, “Шарын гол” гуравт “давхижээ”. “Энержи Ресурс” компани “Mining Journal Awards”-ын “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа“ номинацийн эзнээр ийнхүү хоёронтоо тодорч, бусдаасаа илүүрхлээ. Шагнал гардуулах ёслолын тайзан дээрээс номинацийн эзнийг тодруулан зарлах үүргийг   Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал, ноён Н.Алгаа хүлээсэн юм. Тэрбээр эх орны гайхамшигт эрдэнэсийн чулуу Гартаамаар урласан цомыг “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлд гардуулан өгөхдөө “Энэ номинацид өрсөлдсөн зургаан компани бүгдээрээ маш сайн ажиллагаатай байсныг онцлон хэлэхийг хүсч байна. Тэр дундаас товойж гарсан амжилтаараа “Энержи Ресурс” тэргүүллээ. Шүүгчдийн дүгнэлт олон нийтийн санал асуулгын дүнтэй бас давхцан нийцсэн юм шүү” гэлээ.

“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Батцэнгэл: Өнгөрсөн жил ч гэсэн манай хамт олон “Mining Journal Awards”-т оролцсон. 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн залуу хамт олны хувьд амжилттай оролцсон гэж боддог. Мэргэжлийн шүүгчид, хөндлөнгийн нүдээр хараат бусаар шүүж, Монголын уул уурхайн компани дотоодынхоо нүүрсний салбарт орчин үеийн уул уурхайн технологийг нэвтрүүлж байгааг үнэлж, манай хамт олныг тодорхойлсон нь бидэнд маш их урам хайрласан. Бидний хувьд 2011 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа бүгдийг хэрэгжүүлээд явж байна. Манай нүүрс олборлолтын төлөвлөгөө 7 сая тонн. Одоогийн байдлаар 6.3 сая тонныг олборлоод байна. Хамт олон маань зорьсондоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Өнгөрсөн зургадугаар сард бид Монголдоо анхдагч нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Жилдээ 5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг орчин үеийн техник технологи ашиглан барьж байгууллаа. Мөн 247 км хүнд даацын нүүрсний авто тээврийн замыг Гашуунсухайтын чиглэлд тавьж дуусган ашиглалтад хүлээлгэж өгсөн. Хамт олны минь нэгэн жилийн ажлыг ийнхүү үнэлсэнд баярлалаа.

 


 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 38 минутын өмнө
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • 2 цаг 42 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
  • Өчигдөр 14 цаг 27 минутад
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 38 минутад
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.
  • 2021-01-15 19:10
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.