Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Аршад Саед: Монголын төр, Засгийн газрын зүгээс ийм томоохон дэд бүтцийн төслүүдийг найдвартай , баталгаатай хэрэгжүүлэхэд чадавхийн асуудал дутагдаж

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Аршад Саед MMJ-ийн асуултад хариулж байна.

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас  яг нэг жилийн өмнө “Эдийн засгийн бодлогын  чуулга уулзалт” зохион байгуулсан. Дэлхийн эдийн засгийн хямралын гараан дээр зохион байгуулсан тэрхүү томоохон уулзалтаас  хүндрэл бэрхшээлтэй цаг үе ирж байгааг монголчуудад сануулсан дохио санамж анх ирсэн билээ. Чуулга уулзалтаас хойш  жил өнгөрч,  дараагийн хурлыг зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн нэг жилд бий болсон сургамж болон энэ удаагийн чуулга уулзалтын зорилго ямар байх вэ?
Өнгөрсөн оны аравдугаар сард Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулсан  эдийн засгийн анхны чуулга уулзалтын үеэр олон улсын болон бүсийн хэмжээнд,  Монголын хэмжээнд эхэлж байгаа эдийн засгийн хямралын нөлөөлөх хүрээ ямар байх вэ,  ялангуяа банкны салбарт эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлөх талаар бид онцлон ярилцаж байсан. Мөн тухайн үед Монголд дөнгөж мэдрэгдэж эхэлсэн  хямралыг, энэ явцад тулгарах асуудлуудыг хэрхэн даван туулах вэ гэдэг талаар ярилцсан. Тэр үед эдийн засгийн хямрал  дөнгөж эхэлж байсан болохоор хүмүүс бүтэн зураглалыг нь харж чадахгүй, харьцангуй өөдрөгөөр төсөөлсөн шүү дээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн эдийн засгийн бодлогын чуулга уулзалтын үеэр Монголын  уул уурхайн салбарын талаар, эдийн засагт үзүүлэх  үүргийнх нь тухайд хэлэлцсэн. Уул уурхайн салбарын хөгжил  өөрөө бас ямар эрсдэл дагуулж болох  вэ гэдгийг ч ярилцсан.
Харин яг жилийн дараа , энэ аравдугаар  сарын сүүлээр зохион байгуулагдах эдийн засгийн чуулга уулзалт нь  хоёр гол асуудалд тулгуурлах юм.  Нэгдүгээрт,  уул уурхайн түүхий эдийн үнийн циклтэй  холбоотой эдийн засаг дээш, доошоо савладаг энэ байдлыг хэрхэн зөв зохицуулж, хянадаг вэ. Хоёрдугаарт, санхүүгийн систем буюу тодруулбал банкны салбарын талаар нэлээд тогтож ярина. Ойрын жилүүдэд угтаж ирэх үнийн өсөлттэй холбоотойгоор энэ асуудлуудыг ярих ёстой юм. Уул уурхайн хөгжилтэй холбоотойгоор эдийн засаг өсөхөд банк өөрөө тэрхүү санхүүгийн урсгалд бэлэн байх ёстой. Энэ талаар бид чуулга уулзалтын үеэр онцлон ярина.

Манай арилжааны банкуудад олон улсын аудит орох гэж байгаа.  Хөндлөнгийн аудит хийх нь хэр чухал арга хэмжээ вэ. Ямар хугацаанд хийх боломжтой вэ. Ямар үр дүн гарна гэж Та бодож байна вэ?
Монголын Засгийн газар болон Төв банкны хувьд арилжааны банкны системдээ бие даасан аудит хийлгэх нь маш чухал байгаа. Тэрхүү аудитаар банкууд хэр хэмжээний бэлэн мөнгөний урсгалтай, хөрөнгөтэй байна гэдгийг бодитой мэдэх нь их чухал. Олон улсын аудит хийлгэсний дүнд дараах чиглэлээр тодорхой  ойлголт өгнө гэж үзэж байна. Тухайн банкны портфолио ямар хэмжээнд байвал зохистой  вэ. Ямар хэмжээний эх үүсвэрүүд шаардлагатай байх юм бэ. Мөнгөний хөрвөх чадвар, чадамж нь ямар хэмжээнд байгаа вэ гэдэг талаар  илүү сайн ойлголттой болно.  Сүүлийн үед арилжааны банкуудын төлөгдөөгүй өр  буюу муу зээлийн хэмжээ нэмэгдлээ гэсэн мэдээг бид олонтаа сонсож байгаа шүү дээ. Тэрхүү муу зээл ямар хэмжээтэй байгаа вэ гэсэн  бодит зураглалыг нь системтэй ойлгох хэрэгтэй. Мөн банк хоорондын гүйлгээ, банк хоорондын зээл , балансын тэнцвэрт байдлын талаарх  асуудлуудын талаар нэлээн сайн ойлголттой болно оо.

Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг хүсч байгаа санхүүжүүлэгчид Монголын арилжааны банкууд  ямар үзүүлэлтийг хангасан  байгаасай гэж хүлээж байгаа вэ?
Банк бол аливаа бизнесийн гол хөдөлгөгч цус, суурь нь шүү дээ. Монголын экспорт, импорттой холбоотой санхүүжилт бол хангалттай хөгжөөгүй. Эдгээрийг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Компаниуд  томоохон хэмжээний мөнгөн гүйлгээ болон санхүүгийн асуудлуудаа шийдэх боломжтой, маш найдвартай банкны системийг хүсч байна.

Хөгжлийн банк байгуулахаар Засгийн газар шийдээд байгаа. Хөгжлийн банк Монголын эдийн засагт ямар үүрэгтэй вэ. Нөгөө талаас , ийм банк байгуулснаар  төрийн нэрээр хийгдэх албан тушаалын хэрэг, авлигын шинэ боломж болчихно гэсэн болгоомжлол их байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Хөгжлийн банктай холбоотой түүх гэвэл маш холимог дүр зураг байдаг л даа. Япон зэрэг улсад Хөгжлийн банк байгуулах төлөвлөгөө нь  амжилттай хэрэгжсэн. Гэтэл бусад олон оронд Хөгжлийн банк байгуулах төлөвлөлт  амжилт олоогүй,  унасан. Тэдгээр улс оронд өөрийн чинь хэлж байгаагаар буруу хүмүүст, найз нартаа зээл өгөх гэх мэтээр  авлигыг өдөөсөн асуудлууд их гарсан байдаг. Тэгэхээр Хөгжлийн банк байгуулах асуудлаар нийгмийн өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Хөгжлийн банк улс орондоо байгуулахын давуу тал юу байх вэ. Үүнээс ард иргэд юу хүртэх вэ. Хүндрэлтэй ямар асуудлууд гарч болох вэ гэдгийг хэлэлцэх ярилцах хэрэгтэй юм.


Хөрөнгө оруулагч нь арилжааны банкаар
мөнгөө дамжуулахыг илүүд үзнэ


Хөгжлийн банкны дүрмийн санг бүрдүүлэх ямар аргачлалууд түгээмэл байдаг вэ. Тухайлбал Япон улс нь манай Хөгжлийн банкны дүрмийн сангийн тодорхой хувийг бүрдүүлэх гэрээ хэлцэл явагдаж байна?

Мэдээж  ямар нэг арилжааны ч гэдэг юм уу банктай адилаар уламжлалт дүрмийн сан бүрдүүлэх эх үүсвэр байж болно л доо. Ард нь Засгийн газар байх юм.  Гэхдээ  одоогоор   заавал улсын төсвийн мөнгийг Хөгжлийн банкинд эх үүсвэр маягаар ашиглах шаардлагатай гэж бид харахгүй байгаа. Жишээ нь,  Дэлхийн Банк бол энэ дүрмийн санд  хөрөнгө оруулахгүй.

Тэгвэл Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг хүсэгч нь Хөгжлийн банкаар мөнгөө дамжуулах уу. Арилжааны банкаар дамжуулахыг илүүд үзэх үү?
Хамгийн эхний зөв алхам бол одоо байгаа арилжааны банкуудынхаа системийг сайжруулах хэрэгтэй. Эцсийн эцэст ерөөсөө ихэнх хөрөнгө оруулагч арилжааны банкуудаар л мөнгөн шилжүүлгээ хийнэ. Үнэн хэрэг дээрээ Хөгжлийн банк нь  Арилжааны банктай өрсөлдөх шаардлагагүй шүү дээ. Тиймээс хамгийн гол нь өнөөгийн арилжааны банкны системийн  суурь үндсийг бэхжүүлэх  ёстой юм. Энэ системээ  сайжруулж чадавхтай болгосныхоо дараа, хэрвээ ямар нэг орон зай дутуу байгаа бол түүнийг Хөгжлийн банкаар төлөөлүүлэх шаардлагатай эсэхийг  авч үзэх хэрэгтэй.

Олон улсын аудит хийлгэсний дараа одоогийн арилжааны банкуудын тоо  цөөрөх үү?
Энэ аудитыг хийх гэж байгаа гол шалтгаан нь тоог цөөлөх асуудал гэж бодохгүй байна. Гол нь банкны салбарын сул тал нь юу вэ, тэдгээр сул талыг арилгаж нөхцөлийг сайжруулахын тулд ямар шийдвэрүүд гаргаж болох вэ гэсэн  асуултад эхлээд хариулах нь чухал. Арилжааны банкуудыг чадавхжуулах маш олон арга зам байж болно. Жишээ нь тэдгээрийн нэг нь АНУ-ын банкны системд болж байгаа процесс. Магадгүй яваандаа Монголд ч  банкууд нэгдэхийг үгүйсгэхгүй л дээ. Энэ бол нэг л арга зам нь юм. Бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх өөр олон арга зам байгаа.

Уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт ороод ирэх үед инфляци өсөх үү. Хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засаг өснө гэсэн зүйлийг л одоо ярьцгааж байна. Гэтэл бас сөрөг үр дагавар ч байж болох шүү дээ?
Хамгийн их анхаарах ёстой зүйл нь макро түвшинд төгрөгийн ханш буурах асуудал бий. Хоёрдугаарт, Голланд өвчний синдром илрэх асуудал байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эдийн засагт зөвхөн уул уурхай  маш хүчтэй, бусад салбар нь ач холбогдолгүй болчих жишээтэй. Гэхдээ миний бодлоор дээр дурдсан хоёр зүйл нь тийм ч аюултай асуудал биш. Үүнийг шийдэж зохицуулж болно. Гол нь уул уурхайгаас орж ирэх мөнгийг хэрхэн зөв зарцуулах вэ гэдэг л чухал юм. Үүний тулд маш сайн хууль дүрэм , сайн институциуд, сайн засаглал  хэрэгтэй. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг маш нээлттэй байлгах,  төсвийн сайн зохицуулалт хийх хэрэгтэй. Институциуд дээр Тогтворжилтийн сан байгуулах хэрэгтэй.
Дараагийн нэг чухал зүйл бол хүний нөөцийн асуудлыг сайн бодох ёстой. Уул уурхай төдийгүй эдийн засгийн бусад нөөцөө зөв удирдахад нь хүний  чадавхийн асуудал чухлаар тавигдана.

Стратегийн орд газраас орж ирж байгаа хамгийн эхний мөнгө болох  250 сая ам. доллараас иргэдэд 50,  50 мянган төгрөг бэлнээр тараах халамжийн арга хэмжээ  эхлэх нь зөв жишиг гэж Та бодож байна уу?
Монголчууд бүгдээрээ, нийгэм даяараа хүлээн зөвшөөрч байгаа ямар ч шийдвэр зөв л дөө. Гол нь одоо чи хэдий хэрийн мөнгө зарцуулж байна, хүүхдийнхээ ирээдүйд хэдий хэрийг хадгалах вэ гэдэг л асуудал шүү дээ. Өнөөгийн болоод дараагийн үе адилхан хувь шимийг нь хүртэх тэр зохицуулалтыг  Засгийн газар зөв бодож хийх  хэрэгтэй.

Зэсийн үнэ унаж, хямрал мэдрэгдсэн өдрөөс эхлээд хүн бүр  эдийн засгийн төрөлжилт чухал гэж ярилаа. Эдийн засагтаа төрөлжилт бий болгохын тулд ийм урт хугацаанд ярих ёстой юу. Хэрэгжүүлэхэд тийм их бэрхшээлтэй гэж үү?
Эдийн засгийн төрөлжилт бий болгох гурван чиглэлээр ярья. Эдийн засгийн төрөлжилтийн нэг хэлбэр нь уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг өөр салбарт, эсвэл тухайн улс дотооддоо зарцуулах биш,  гадагшаа хөрөнгө оруулалт хийж болно. Жишээ нь Тогтворжилтийн сангаас энэ арга хэмжээг гүйцэлдүүлэх хэлбэр байж болно. Хоёр дахь арга нь  тухайн салбартаа хөрөнгө оруулалт хийх. Тухайлбал, зөвхөн түүхий нүүрс гаргаад  зараад байх биш, химийн үйлдвэр хөгжүүлье  гэдэг ч юм уу. Энэ хүрээнд олон боломж  байгаа. Гурав дахь  нь уул уурхайн салбараас гадуур, аялал жуулчлалын, ноолуурын үйлдвэрлэл  зэрэг дотоодын бусад салбарт хөрөнгө оруулалт хийж болно. Энэхүү сүүлийн хувилбар нь хамгийн хэцүү . Шинэ, өөр салбарт хөрөнгө оруулалт хийхэд цаг хугацаа их шаардагдана.
 Дэлхийн банкны хувьд  Монголын эдийн засгийн төрөлжилтийн талаар нэлээн дэмжлэг үзүүлж байгаа. Өрсөлдөх чадварын сэдвээр Харвардын Их сургуулийн профессорууд ирж лекц уншсан. Түүнчлэн Монголын эдийн засгийн төрөлжилтийн талаар судалгаа хийж, үүгээрээ  бодлого боловсруулагчдад туслалцаа үзүүлэх ажил хийгдэж байгаа.

Таны дээр дурдсан эдийн засгийн төрөлжилтийн хоёрдугаар зүйл дотор, тухайлбал  уул уурхай дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалт багтах уу?

Тийм ээ. Жишээ нь зарим улсад уул уурхайн үйлдвэрлэлийг дагасан хоол хүнс нийлүүлэх  гэхчлэн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг  маш сайн хөгжүүлээд,  тэр нь эргээд  уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй  бусад улсад мөн тийм чиглэлийн  үйлчилгээ маш сайн хөгжихөд нөлөөлсөн байдаг. Уул уурхайг тойрсон яг  иймэрхүү үйлчилгээнүүдээс  нэг,  хоёр хэсгийг аваад, маш сайн төрөлжчихөж болно шүү дээ. Уурхайд зориулан  ажлын хувцас хийдэг ч юм уу, тодорхой хэрэгцээтэй үйлчилгээг нь чадварлаг гүйцэтгэдэг болчих хэрэгтэй. Жишээ нь Чили улсад молибедины  дагалдах бүтээгдэхүүн хийж эхэлсэн, үүгээрээ  сайн мэргэшсэн учраас эдийн засгаа төрөлжүүлэхэд нь нэг тус болсон.

Чили улс эдийн засгийн төрөлжилтөөрөө уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг олон оронд загвар болох болжээ. Тухайлбал дарс болон загасны экспортоо тус улс хэзээнээс эхэлсэн бэ?
Ойролцоогоор 60-аад оны үед болов уу.

Уул уурхайн үйлдвэрлэлийн “бүүм“ болсны  дараа нь уу?
Чили улс  100-гаад жил уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж  байна. Тус улс уул уурхайн үйлдвэрлэлийн  олон жилийн туршлага дээрээ тулгуурлаад түүхий эдийн үнээс хамаарч  эдийн засаг дээш, доошоо савлана гэдгийг маш сайн ойлгосон учраас төрөлжилт хэрэгтэй гэж үзсэн. Эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан нь маш чухал алхам байсан. Энэ чиглэлээр  дэд бүтцийг хөгжүүлэхэд маш их тусламж үзүүлсэн байдаг.  Компаниудын маркетинг сайжруулах чиглэлээр их ажил хийсэн улс. Компаниуддаа  өөр үйлчилгээ, эдийн засгийн төрөлжилт дээр ажиллахад нь дэд бүтэц болон бодлогоороо маш сайн тусалж чадсан. Тодорхой нэг салбарыг төр нь  бодлогоор болон дэд бүтцээр дэмжих шаардлага их байдаг. Тиймээс Чили улс нь кластерийн хөгжил дээр маш их туршлага олж,  төрөлжилтийг амжилттай хэрэгжүүлж чадсан.


Томоохон асуудлуудаар улс төрийн зөвшилцөлд хүрээгүй байна


Говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар  Дэлхийн банк  том төсөл хэрэгжүүлж байна. Манай яам, агентлагийн мэргэжлийн хүмүүстэй хэр уялдаатай ажиллаж байна вэ?
Монголын олон нийтийн дунд болон УИХ-ын түвшинд бид Говийн бүсийн дэд бүтцийн талаарх ойлголтыг нэлээн сайн өгч чадсан гэж боддог.  Ер нь ямар хүндрэлүүд байгаа юм, юу шаардлагатай байгаа вэ гэдэг  дээр нэлээн ойлголт авсан байх.  Гэхдээ шударгаар хэлэхэд Монголын төр, Засгийн газрын зүгээс ийм томоохон дэд бүтцийн төслүүдийг найдвартай баталгаатай хэрэгжүүлэхэд өөрсдөөс нь шалтгаалах зүйл маш их байгаа. Засгийн газар өөрийнхөө чадавхийг сайжруулах хэрэгтэй.  РРР буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны  хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай, энэ талын чадавхиа сайжруулах хэрэгтэй байна. Бодлогын болон зохицуулах түвшинд нэлээн сайн тодруулах  зүйлүүд  байна. Бид сая УИХ-ын гишүүд болон Засгийн газрын тодорхой гишүүдийг Чили болон Австрали улс руу аялалд явууллаа. Томоохон төслүүдийг РРР-гийн хамтын ажиллагааны нөхцөлд хэрхэн хэрэгжүүлдэг  туршлага судлуулахын тулд уг аяллуудыг зохион байгуулсан юм.

УИХ-ын Ажлын хэсэг мөн БНСУ явж туршлага судалсан байх аа?
Тийм. Концессийн хуулийн төсөл боловсруулах туршлага судлах хүрээнд Ажлын хэсгийн төлөөлөгчдийг тийшээ танилцах аялалд явуулсан.

Дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцад гарч байгаа гол бэрхшээл юу вэ. Удаан байна уу. Мэдлэг чадвар дутаж байна уу. Эсвэл ойлголцол зөвшилцөл дутаж байна уу?
Зөвшилцөл, ойлголцол бол үнэхээр чухал  асуудал. Дараагийн бэрхшээл бол координацийн асуудал байна. Үндэсний хөгжил , шинэтгэлийн  хороо ажиллаж байна. Бусад салбарын яамд ажиллаж байна. Тэд хоорондоо хэрхэн,  ямар байдлаар уялдаатай ажиллах вэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Дараагийн чухал зүйл нь хуулийн орчин бүрдээгүй байна.  Засгийн газрын зүгээс эдгээр асуудал дээр маш хурдан арга хэмжээ авч, шуурхай алхмууд хийхгүй бол асуудал урагшлахад хэцүү.

Зарим төсөл хүлээлтийн байдалтай байгааг Та мэдэж байгаа. Тухайлбал төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулагчид хүлээсэн байдалтай байна. Тавантолгойгоос Гашуунсухайтыг чиглэсэн төмөр замд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн  Банк хөрөнгө оруулагчаар ажиллахыг хүсч байна.  Гэтэл хүлээлт бий болчихсон. Шалтгаан нь Таны дээр дурдсан бэрхшээлүүдээс үүдэлтэй юү?

Мэдээж маш олон зүйлийн комбинацийн асуудал, шалтгаан  байгаа. Магадгүй дээр нь улс төрийн асуудлууд байгаа байх. Зарим нэг тодорхой томоохон асуудал дээр улс төрийн талууд хоорондоо зөвшилцөлд хүрээгүй байна. Энд онцлон  хэлэхэд чадавхийн хүндрэл  байна. Бодлого зохицуулалтын хомсдол байна. Энэ асуудлуудаар  талууд улс төрийн шийдэл, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй.

Дэлхийн банк Монголын дэд бүтцийн тодорхой нэг төсөл дээр хөрөнгө оруулах зорилт бий юү?
Дэлхийн банк аравдугаар сард дэд бүтцийн чиглэлийн төсөлд  олгох зээлийн асуудлаар ярилцахаар төлөвлөөд байна. Хөгжиж байгаа жижиг орнуудад үзүүлдэг маш хөнгөлөлттэй зээл байдаг. Өөрөөр хэлбэл,  арилжааны хэлбэрийн зээл олгох боломжийн талаар бид ярих гэж байгаа. Мөн Дэлхийн банкны зүгээс Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлэхээр ярилцаж байна. Тэрхүү туслалцааны хүрээнд  Засгийн газрын чадавхийг сайжруулах, ингэснээр томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой.  Олон улсын хэмжээний сайн эксперт зөвлөгчтэй байх хэрэгтэй гэдэг утгаар туслалцаа үзүүлэх юм. Магадгүй Дэлхийн банк  тодорхой нэг төсөлд оролцож болно оо. Гэхдээ Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпорациараа дамжуулан  оролцох боломжтой.


Эдийн засгийн шинэ архитектур бий боллоо

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Танаас асуухгүй өнгөрч чадахгүй нь. “Их 20“-ийн Питтсбургийн уулзалтын үр дүнг Та  хэрхэн харж байна. Өнгөрсөн жилийн өдийд Вашингтонд “Их 20“  уулзсан, дараа нь Лондонгийн уулзалт болсон. Энэ гурван уулзалтын хоорондох шат дараалсан уялдаа, онцлог , ач холбогдол юу вэ?
Нэг зүйл дээр зөвшилцөлд хүрлээ гэж би ойлгож байна.  Олон улсын  санхүүгийн архитектур  өөрчлөгдөж байгааг өнөөдөр хүн бүхэн ойлгож байгаа. Бид өмнө нь  “Их 7“  гэж ярьдаг байсан бол одоо “Их 20“  гэсэн ойлголт тогтлоо. Хүчний харьцаанд өөрчлөлт орж, хүндийн төв шилжиж байна. Энэтхэг, Хятадын олон улсын хэмжээн дэх хүчин чадал, байр суурь  нэмэгдэж байна.  Дэлхийн банк, олон улсын санхүүгийн бусад байгууллага, мөн бүсийн байгууллагуудын үүрэг нэлээн чухал гэдгийг уулзалтуудын явцад онцлон тэмдэглэлээ. Хөгжингүй болон хөгжиж байгаа олон орон хямралын эсрэг хамтарч ажиллах ёстой гэдэг дээр  зөвшилцөлд хүрч чадсан. Хөгжингүй юм уу , хөгжиж байгаа аль нэг орон  асуудал шийдэхдээ гол нь биш,  хамтын шийдвэр чухал  юм гэдэг дээр ойлголцсон.  Жишээ нь “Их 7“-гийн  эдийн засгийн энэ жилийн өсөлт дунджаар  -3.5-тай гарах төлөвтэй  байна. Харин Азийн хувьд  5 хувийн эдийн засгийн  өсөлттэй байх нь.

Хүчний төв Азид, тухайлбал Хятадад шилжиж ирсэн гэж Та хэлэх гэж байна уу. Хямралын дараах дэлхийн эдийн засгийн шинэ архитектур хэр найдвартай вэ?
Би  Хятадыг  хүчний төв гэж хэлэхгүй. Гол сүлжээ гэж хэлмээр байна. Тэнд олон туйлыг хамарсан сүлжээ байна гэж хэлье. Дэлхийн эдийн засгийн шинэ архитектур бол нэлээн тогтвортой  гэж бодож байна. Жишээ нь Хятад улс энэ хямралаас  юу ойлгож үлдэв ээ  гэхээр тэдний барааг худалдан авахын  тулд Америк өөрөө хүчирхэг байх хэрэгтэй. Эргээд Америк эдийн засгаа тогтвортой байлгахын тулд Хятадад үйлдвэрлэсэн хямд бараа тэдэнд хэрэгтэй. Ингэж нэг нэгнийхээ хэрэгцээ сонирхлыг сайтар ойлгож байгаа учраас л эдийн засгийн шинэ архитектурыг тогтвортой гэж ойлгож байгаа.
Эдийн засгийн хямрал нь улс орнууд хоорондоо маш их  харилцан уялдаа холбоотой амьдардаг болохыг ойлгуулж өглөө. Хөгжиж байгаа оронд өрнөж буй үйл явдал  зөвхөн тэр улсад л хамаатай  юм шиг байх атал хөгжингүй  оронд болж байгаа зүйл нь хөгжиж байгаадаа  шууд нөлөөлөх жишээтэй.

Манай улсын энэ оны эдийн засгийн сүүлийн улирлын төлөвийг Та хэрхэн харж байна вэ. Ирэх оны эхний хагас жилийн эдийн засгийн байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?
 Эхний ээлжинд,  эдийн засгийн  эерэг өсөлтийг харж байгаа. Оны эхний улиралд эдийн засгийн өсөлт  -4.2  хувьтай байсан бол хоёрдугаар улиралд 0.7 болсон гэх мэтээр  бага зэрэг  дэвшил харагдаж байна. Төсвийн алдагдал эхний улиралд  ДНБ-ий  9.8 хувьтай тэнцэж байсан. Хоёрдугаар улиралд 15.2 хувийн төсвийн алдагдалтай гарсан. Муу  зээлийн хэмжээ  нийт зээлийн 20 хувь болсон.  Үйлдвэржилт нь  жилийн өмнөхтэйгээ  харьцуулахад 11.4 хувиар буурсан.  Өмнөх жилтэй харьцуулахад ажилгүйдэл 3.5 хувиар нэмэгдсэн байгаа. Бодит ажилгүйдэл бол үүнээс өндөр байгаа. Энэ бүхнээс харахад Монголын эдийн засаг маш хэврэг хэвээрээ байгаа. Ажилгүйдэл ихэссээр байна. Зээл эргэн төлөгдөхгүй байгаагаас хүндрэл  хуримтлагдсаар байна. Үйлдвэрлэл,  бүтээгдэхүүний гарц багасаж байна. Монголын нийт хүн амын гуравны нэгийг ядуус эзэлсэн хэвээрээ байна. Тиймээс дунд хугацаанд л эдийн засгийн өсөлтийг илүү эергээр харж байгаа. Яагаад гэвэл Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. Ер нь л маш олон зүйл хийх хэрэгтэй байна. Шинэ генерацийн шинэлэг ажлын байрууд  бий болохгүй байна шүү дээ. Төсвийн орлого доод түвшиндээ байна. Гэтэл Засгийн газрын зардал нь тогтвортой хэвээрээ байгаад байдаг. Тэгэхээр дараа  жил мөн л төсвийн хүрээнд Засгийн газарт ирэх дарамтууд үргэлжлэх хэвээрээ байна.
Дэлхийн эдийн засаг хямралаасаа сэргэх явц ямархуу байх нь  тодорхойгүй  шүү дээ. Зэсийн үнийн өнөөгийн өсөлт нь үнэхээр бодит хэрэглээн дээр тургуурласан  өсөлт  үү, эсвэл зөвхөн агуулахдаа хадгалах гэсэн түр зуурын бодлогын үндсэн дээр гарч байгаа хэрэгцээ юү гэдэг нь мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх үйл явцад  маш анхааралтай хандах хэрэгтэй.