2008 оны арванхоёрдугаар сард УИХ-аас Оюутолгойн зэс-алтны, Тавантолгойн нүүрсний ордыг хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах хэлэлцээ хийх, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлтгэх шийдвэр гарч, энэ дагуу удирдамж, үндсэн чиглэл баталсан. Үүний үндсэн дээр Засгийн газар шийдвэрүүд гаргаж, хоёр төслийн Ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан. Манай компанийн ажилтнууд эдгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, тусалж, өөрөөр хэлбэл ажлын гол алба нь болон ажиллаж байна. Мөн Шивээ-Овоогийн эрчим хүчний төсөлд хамрагдан ажиллаж байгаа. Говийн өмнөд бүсийн дэд бүтцийн асуудлаар ажлын хэсэгт ч хамрагдан ажиллаж байгаа.
Энэ бүхэн бол стратегийн том ордуудыг үйл ажиллагаанд оруулах бэлтгэл гэж ойлгож болно.
Оюутолгой, Тавантолгойн хэлэлцээр амжилттай болж, Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар манай компанийн үндсэн үйл ажиллагаа жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлнэ. “Эрдэнэс МГЛ“ нь стратегийн ордуудыг түшиглэн байгуулагдах хамтарсан компаниудад Монголын талын оролцоог төлөөлж хамтарч ажиллах болно.
Манай компани сайн боловсрол эзэмшсэн, хэл ус сайтай ажилтнууд бүхий цомхон бүтэцтэй. Өмнөх захирал маань энэ тал дээр их анхаарал тавьсан байна лээ. “Эрдэнэс МГЛ“-ийн хамрагдан оролцох ажлын хүрээнээс үзвэл бид компаниа илүү бэхжүүлэх хэрэгтэй болно. Ялангуяа санхүүгийн хувьд компаниа сайн бэхжүүлэх зайлшгүй шаардлага бий.
Оюутолгой болон Тавантолгойн орд газруудад Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын явц ямархуу байгаа вэ?
УИХ-ийн шийдвэрийн үндсэн дээр Засгийн газраас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус бүрд нь байгуулж ажиллуулж байгаа. “Оюутолгой“ төслийн хэлэлцээр хийгдэж, Засгийн газраас УИХ-д төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын холбогдох Байнгын хороо хэлэлцээд нэмэлт чиглэл өгсөн.
Тэгэхээр хэлэлцээ дахин үргэлжилнэ гэсэн үг. Манай компанийн хувьд “Оюутолгой“ төслийн Ажлын хэсэгтэй зохион байгуулалт болон эдийн засаг, санхүүгийн тооцооны талаас нь илүү ажиллаж байгаа. Гэрээ хэлэлцээ амжилттай болбол “Эрдэнэс МГЛ“нь “Айвенхоу Майнз Монголиа Инк“ компанийн хувь эзэмшигч болох юм.
Тавантолгойн ордын хувьд энэ төслийн Ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард хөрөнгө оруулах сонирхлоо өмнө илэрхийлж байсан дэлхийн уул уурхайн олборлолт, зах зээлийн салбарт тэргүүлэгч компани, консорциумуудыг урьж эхний шатны яриа хэлэлцээ хийсэн. Тухайлбал, Би Эйч Пи, Пибоди Энержи, Вали, Экстрата, БНХАУ-ын Шенхуа Энержи, ОХУ-ын консорциум, Өмнөд Солонгосын компаниудыг төлөөлж Корес, Японы худалдааны том компаниуд дангаараа болон нэгдэж, мөн Энэтхэгийн компани оролцож байгаа.
УИХ-ын удирдамжийн дагуу санхүү, стратегийн зөвлөхөөр Дойче Банк, Жэй Пи Морган хөрөнгө оруулалтын банкийг сонгож хамтран ажиллаж байгаа. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа уул уурхайн төслийн хүрээнд орд, уурхайн техникийн зөвлөхөөр Канадын “Норвест” компанитай хамтарч байна. Ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг учраас Тавантолгойн Ажлын хэсгийн гол ажил манай “Эрдэнэс МГЛ” компани дээр илүү төвлөрч байгаа гэж хэлж болох юм. Бид зөвлөхүүдтэй ойрхон ажиллаж байгаа.
Эхний яриа хэлэлцээний явцад компаниуд “Тавантолгой“ төслийг хэрэгжүүлэх талаар өөрсдийн саналыг хамгийн эхний байдлаар танилцуулсан. Үүнээс хойш ойролцоогоор дөрвөн сар орчмын хугацаа өнгөрч байна. Ажлын хэсэг ба “Эрдэнэс МГЛ“ компани дээрх компаниудтай байнга холбоотой байгаа. Өнгөрсөн хугацаанд компаниудын саналыг харьцуулж судаллаа. Орд, түүний нөөцийн бүрэн мэдээлэл бэлтгэх чиглэлээр ажиллав. Ордыг хэрхэн ашиглаж болох талаар Монголын мэргэжилтнүүд болон олон улсын зөвлөх компанийн дүгнэлт гаргуулж, тендерийн баримт бичиг бэлтгэж байна.
Ингээд энэ ажил юунд тулаад ирсэн бэ гэхээр гол түлхүүр асуудлаар манай тал өөрөөр хэлбэл, Засгийн газрын түвшинд байр суурь, бодлогоо тодорхой болгож гаргаж тавих шатанд тулаад ирсэн. Ерөнхий асуудлууд бол ойлгогдсон. Одоо энэ том ордыг хэрхэн ашиглах талаар, мөн дэд бүтцийн гол асуудлуудаар түүний дотор гол нь төмөр замын чиглэлүүд, хөрөнгө оруулалт, тээвэрлэлтийн нөхцөл, баталгаа, зохицуулалт, эрчим хүчний хангамж, байгуулагдах цахилгаан станцын хүчин чадал зэрэг асуудлаар ингэе тэгье гэсэн шийдвэр гаргаж хөрөнгө оруулагч нарт үүнээ танилцуулж, нөхцөл болгон тавьж хамтран ажиллах үлдээд байна.
Төмөр зам нь нэг чиглэлтэй байх уу, хоёр байх уу. Хэнийг оролцуулах вэ. Ямар хүчин чадалтай цахилгаан станц барих вэ. Тавантолгойгоос олборлосон нүүрсийг угаагаад, коксжих нүүрс нь экспортоор гарна. Ингэхээр эрчим хүчний нүүрс их хэмжээгээр үлдэнэ. Үлдэгдэл тэр их нүүрсийг ашиглахын тулд мэдээж цахилгаан станц барьж таарна. Зөвхөн Тавантолгойн уурхайг эрчим хүчээр хангахаар хүчин чадалтай байх уу, эсвэл Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангахаар давхар бодох юм уу, урд хөрш рүү эрчим хүч экспортлох хэмжээний том цогцолбор байгуулах уу гэх мэтчилэн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Энэ бүгдийг тодорхой болгосны үндсэн дээр Тавантолгойн хөрөнгө оруулагчийн шалгаруулалт удахгүй цааш үргэлжлээд явна.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд БНХАУ-д ажлын айлчлал хийсэн. БНХАУ-ын “СПЭКО“ консорциумтай хамтран ажиллах гэрээнд Улаанбаатар хотноо тавдугаар сард гарын үсэг зурлаа. Тус консорциум нь Монголын барилга, зам, цахилгаан станцад хөрөнгө оруулах юм байна. Дэд бүтцэд 1 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж яригдаад байгаа. Тэгэхээр иймэрхүү хөрөнгө оруулалтуудад “Эрдэнэс МГЛ“ компани нь уул уурхайн бүтээгдэхүүнээр урьдчилан баталгаа гаргаж өгөх үү?
Энэ талаар Засгийн газрын холбогдох шийдвэр гарсан шүү дээ. Том ордыг ашиглахын тулд зайлшгүй тэр их ажлын далайцтай тэнцэхүйц хэмжээний дэд бүтэц шаардлагатай. Ялангуяа зам, төмөр зам, авто замын асуудал маш чухал. Энэ үүднээсээ Тавантолгойн ордыг ашиглаж манай улс говийн өмнөд хэсгээр дэд бүтэц шинээр бий болгох, сайжруулах зайлшгүй хэрэгцээ байгаа. Яг юунд, яаж зарцуулах вэ гэдэг чухал.
Тавантолгойн ордын нүүрсээр баталгаа гаргах тухай асуудал байж болно. Гол нь Тавантолгойн ордыг ашиглахтай энэ нь холбоотой байх ёстой болов уу. Гэхдээ хэзээ, хэнтэй, яаж хийх вэ, ямар хуулийнхаа зохицуулалтын дагуу шийдэх вэ гэдгээ маш нарийн бодох учиртай юм. Түүнээс биш Тавантолгойн ордынхоо бүх нүүрсийг барьцаанд тавиад, замбараагүй зарцуулах тухай ойлголт байж болохгүй нь мэдээж.
“Совместное предприятие“ нэртэй төмөр замын хамтарсан компанийг Монгол, Орос улсууд байгуулж байна. Тус компанийн Монголын талын нэг хөрөнгө оруулагч нь танай “Эрдэнэс МГЛ“ ХХК байгаа. “СП“-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан талууд 1.8 сая ам.доллар гаргахаар тохиролцсон. Тэгэхээр энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг манай тал мөн л уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх хэлбэрээр гаргах уу?
ОХУ-ын тал, “Оросын төмөр зам“ нээлттэй хувьцаат нийгэмлэгээс санал
болгосны үндсэн дээр Монгол-Оросын хамтарсан компани байгуулъя, Монголын талыг төлөөлөх хоёр оролцогчийн нэгээр нь “Эрдэнэс МГЛ“ компанийг оролцуулах тухай шийдвэрийг Засгийн газар гаргасан. Зам тээвэр, хот байгуулалтын яам эрхлэн хэлэлцээ хийж, хамтарсан компанийн гэрээ, дүрмийг бэлтгэсэн. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путиний айлчлалын үеэр хамтарсан компани байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан байгаа. Энэ компанийн нэр нь “Дэд бүтцийн хөгжил“. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь ч ийм байна гэсэн байгаа. Одоогоор хамтарсан компанийг бүртгүүлэх үе шатанд байна Дүрмийн санд ногдох хувийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн.
Тавантолгойн коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замын асуудлыг ийнхүү урьдчилан шийдээд байгаа нь тухайлбал Оросын талд давуу байдал олгож буй явдал мөн үү?
Дээр хэлсэнчлэн олон улсын арав гаруй компани, консорциумтай хэлэлцээр хийж байгаа, түүний дараагийн үе шат нь хүлээгдэж байгаа гэсэн шүү дээ. Эдгээрийн дотор ОХУ-ын 3 компани нэгдэж оролцсон консорциум бий. Нэг нь саяхан нэрээ татаж авсан. Энэ консорциумд ОХУ-ын зүгээс ямар компани нэмж оролцох төлөвлөгөөтэй, хэн цаашид төлөөлөх гээд байгаа зэргийг тодорхой болгох хэрэгтэй болно. Миний ойлгож төсөөлж байгаагаар “Оросын төмөр зам” Тавантолгойн дэд бүтцийн асуудлыг илүү сонирхож оролцох хүсэлтэй байгаа юм болов уу.
Ордын ашиглалтад оролцоно гэвэл нэгэнт эхэлсэн хөрөнгө оруулалтын хэлэлцээний үйл явц, оролцогчдын төлөөлөлтэй уялдах учиртай гэж бодож байна. Хөрөнгө оруулах, хамтрах сонирхлоо талууд илэрхийлж болно, харин нөгөө тал нь түүнийг хэрхэн үзэх, тодорхой хэлбэл Монголын тал өөртөө ашигтай хэлбэрээр хамтран ажиллаж таарнаа даа.
Тавантолгойн ашиглалт дээр төмөр зам үндсэн гол асуудал байх нь тодорхой. Тэгэхээр хоёр хөрштэйгээ Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр хэзээнээс хийх вэ?
Тавантолгойн коксжих нүүрсний хамгийн ойр, гол зах зээл бол урд хөрш. Тэнд хэрэгцээ нь байнга нэмэгдэж байгаа. Хойд хөршийн тухайд өөрсдөө их нөөцтэй, өөрийгөө хангадаг, бага хэмжээгээр гаргаж болох л байх. Манай улсын өөр нэг гол зорилго бол зөвхөн хоёр хөршөөс гадна гурав дахь зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах явдал. Япон , БНСУ болон бусад зах зээлд коксжих нүүрс, кокс хүргэхийн тулд дамжин өнгөрөх тээврийн асуудал зайлшгүй хөндөгдөнө. Хөрш орнуудын төмөр замын үнэ тариф, бодлого зохицуулалт үүнд чухал нөлөөтэй. Мөн төмөр замынх нь хүчин чадал , зориулалтыг бид сайн судлах ёстой юм.
Тавантолгойн нүүрсний орд нөөцийн хувьд томд тооцогддог бөгөөд дэд бүтцийн шийдэл ихтэй учраас Монгол төдийгүй хөрш хоёр орны төмөр зам, далайн боомттой холбогдож байна. Ингэхээр энэ төслийн далайц нь том юм шүү дээ. “Тавантолгой” төслийн ажлын хэсэг дээр байнга яригддаг. Хоёр хөршийн төмөр замын чиглэл, хүчин чадал, зориулалт, төлөвлөгөө, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үнэ тариф, баталгаатай тээвэр хийх, мөн далайн боомт ашиглах асуудлаар Засгийн газруудын хооронд гэрээ хэлэлцээрүүд хийгдэх байх.
Тавантолгойн тендерт оролцохоор өмнө нь саналаа ирүүлээд байсан компаниудаас нэрээ татсан компани байгаа гэлээ. Тухайлбал ОХУ-ын “Ренова“, “Базовый Элемент“ компаниудын санхүүгийн байдал он гарсаар эрс мууджээ. Тэд энэ тендерт оролцох сонирхолтой хэвээрээ байгаа юу?
ОХУ-ын консорциум эхний яриа хэлэлцээрт оролцсон. “Базовый элемент“, “Ренова“ “Северсталь“ гэсэн гурван компани оролцсон. “Северсталь“ групп сар гаруйн өмнө консорциумаас гарч нэрээ татаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэгэхээр “Базовый элемент“, “Ренова“ хоёр үлдсэн гэж ойлгож байна. Ер нь ОХУ-ын төлөөлөл болж оролцож байгаа энэ консорциумын бүрэлдэхүүн нь ямар болж байгаа , яаж өөрчлөгдөж байгаа талаар дахин тодруулах шаардлагатай болно.
БНСУ-ын “КОРЕС“ байгууллагын ахалж буй 11 компанийн консорциум тендерт оролцоно гэж байгаа. КОРЕС байгууллагын талаар тодруулна уу. Энд БНСУ-ын төрийн оролцоо ямар хувьтай байна вэ?
БНСУ-ын “КОРЕС“ компани нь Солонгосын улсын компани. Өмнөд Солонгосын Самсунг, Л-Жи, Самтан зэрэг томоохон компани оролцсон 11 компани нэгдсэн консорциумаа төлөөлөх эрхийг “КОРЕС“-доо өгсөн юм билээ. Консорциумд багтаж байгаа компаниуд нь дотроо үйл ажиллагааны чиглэл нь өөр, тухайлбал, олборлолт, техник-технологи гэх мэт.
Олон улсын тендер шалгаруулах гол зарчим нь юу байх вэ? Аль болох өндөр үнийн санал хэлэх нь илүү оноо авах уу? Эсвэл техник технологийн дэвшилтэт талыг нь харах уу? Нөгөө талаар, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бодлоготой уялдсан сонголт байх уу?
Сонгох арга хэлбэрийн тухайд хэлэлцээр хийх замаар хамтрах, хөрөнгө оруулах түншээ сонгож авна гэсэн ийм аргыг чухалчилж байгаа. Энэ үндсэн дээр нэгдүгээр сард 11 компани, консорциум хэлэлцээрт орсон. Өөрөөр хэлбэл шууд нэг нөхцөл өгөөд, тэрэн дээр үнийн санал авч, тодорхой цаг минутад дугтуйг нээгээд явдаг тендерийн шалгаруулалт хараахан биш. Ерөнхийдөө үе шаттай хэлэлцээний аргаар түншээ сонгоно. Гэхдээ хэлэлцээнд оролцож байгаа компаниудын санал Монгол улсад ашигтай байх, дээр нь эдийн засгийн тооцоо, санал мэдээж гол нөхцөл нь болно. Мөн геополитикийн асуудал харгалзан үзэх хүчин зүйл бас болно.
Тавантолгойн тендер шалгаруулах болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил нь Оюутолгойнхоос ч илүү ярвигтай гэж Ерөнхий сайд хэлсэн. Шалтгаан нь юу вэ?
Хэрвээ Тавантолгойн хэлэлцээр амжилттай болж, төсөл хэрэгжээд явах юм бол дэлхийн гэж хэлэхээ больё гэхэд бүс нутгийн түвшинд коксжих нүүрсний үнийг тодорхойлох хэмжээний ийм орд. Нөөцийн хувьд ч, нүүрсний чанарын хувьд ч. Тавантолгойг сонирхож байгаа компаниудын цар хүрээ болоод бүс нутгууд, тодорхой орнууд хурдацтай хөгжиж, бүтээн байгуулалт өрнөсний үндсэн дээр дэлхийд ган төмрийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа зэргийг хамтатган харвал Тавантолгой нь бүс нутгийн коксжих нүүрсний зах зээлийг тодорхойлоход нөлөөлөхүйц хэмжээний том орд байгаа юм.
Энэ үүднээсээ , мөн Монгол улсад дэд бүтцийн маш том асуудлыг шийдэх агуулгаараа ч гэсэн Оюутолгойгоос илүү далайцтай гэж хэлж болно оо.
Тавантолгойг түшиглээд төмөр зам , авто зам, эрчим хүчний цогцолбор шинээр бий болж, төмөр ган, боловсруулах үйлдвэрүүдийн эхлэлийг тавьж болно. Уурхайг түшиглэж барих цахилгаан станц Оюутолгой болон бусад ордын уурхайг эрчмээр хангана. Төслийн хэмжээ далайц, оролцогчид нь дэлхийд тэргүүлэгч компаниуд, харгалзан тооцох хүчин зүйл олон учраас тэгж хэлсэн болов уу.
Тавантолгойн ордын талаар товч мэдээлэл өгнө үү?
Тавантолгой нь 1950-иад оны сүүлээс геологийн эрэл хайгуулын ажил эхэлж, нээсэн орд. Орон нутгийн жижиг уурхайн хэлбэрээр ашиглаж ирсэн. 1980-1990 онд геологийн хайгуулын бүхий л үе шатны 20 гаруй төрлийн судалгааг хийсэн юм билээ. Энэ судалгааны үндсэн дээр Тавантолгой одоогийн байгаа хэмжээнд нөөц нь тогтоогдсон. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүн дотроо коксжих нүүрс нь 40 гаруй хувийг эзэлнэ гэж ярьдаг.
Олон улсад өргөн хэрэглэдэг ангиллаар тооцвол нүүрсний нөөц нь нэмэгдэх магадлалтай.
Цаашид ч талбайн зарим хэсэг дээр нь геологи нэмэлт судалгааны ажил үргэлжүүлэн хийнэ гэж бодож байгаа. Товчдоо, Тавантолгойн нүүрсний орд нь манай улсын хамгийн судлагдсан ордын нэг юм. Энэ ордын нүүрсний нөөц, чанарын хувьд ОХУ-ын Гипрошахтын институт гэж байдаг. Тэнд урьдчилсан техник , эдийн засгийн үндэслэл 1990 онд хийлгэсэн. 1999 онд Канадын “Norwest“ компаниар мөн урьдчилсан техник , эдийн засгийн үндэслэлийг яамнаас захиалж хийлгэсэн. 2009 оны хоёрдугаар сараас “Norwest” компанид Засгийн газрын Ажлын хэсэг, “Эрдэнэс МГЛ“-ийн зүгээс дахин захиалга өгч , тодорхой ажил хийлгэж байгаа. Мөн “Энержи Ресурс“ компани уг ордын лиценз эзэмшигч байхдаа 2007 онд нүүрсний чанарын судалгааны ажил хийлгэсэн байна лээ. Ордын хувьд одоогоор дэлхийд нээгдсэн, ашиглагдаж эхлээгүй байгаа коксжих нүүрсний том ордуудын нэг нь юм.
Коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнийн хандлага ямар байгаа вэ?
Коксжих нүүрсний үнэ 2008 онд хамгийн дээд цэгтээ хүрсэн. 2008 оны хавар, зун нэг тонн нь 300 ам.доллар хүрч байсан. Энэ бол түүхэндээ хүрсэн хамгийн өндөр үнэ.
Дэлхийн эдийн засаг , санхүүгийн хямралаас болоод уул уурхайн бүх бүтээгдэхүүний үнэ буурсан. Энэ оны гурав , дөрөвдүгээр сарын мэдээгээр коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр 125-130 орчим ам.доллар байна. Яваандаа өсөх хандлагатай, эдийн засаг санхүүгийн байдал тогтворжоод сайжраад ирэхээр.
Коксжих нүүрсийг юунд хэрэглэдэг, үнэ нь юунаас болж хэлбэлздэг вэ гэдэг хэд хэдэн шалтгаан байдаг. Бүтээн байгуулалт өрнөж , барилга байшин, зам гүүр барьж байвал тэнд төмөр, ган хэрэгтэй. Төмөр, ган хайлуулдаг үндсэн түүхий эд нь коксжих нүүрс буюу коксжих нүүрснээс гаргаж авдаг кокс. Тэгэхээр хаана бүтээн байгуулалт, эрэлт, хэрэгцээ өндөр байна түүнийг дагаад уул уурхайн бүтээгдэхүүн, түүний дотор нүүрсний (коксжих нүүрс)-ний хэрэгцээ өсч байдаг явдал юм. Дэлхийн зах зээл хямралаас гарах төлөв ажиглагдаж байгаа. Яваандаа коксжих нүүрсний үнэ өсөх хандлагатай гэсэн тооцоо бий.
Стратегийн орд газруудыг ашиглах асуудал одоо илүү нарийвчилсан деталь хэсэг рүүгээ орж эхэллээ. Танай компанийн үүрэг роль ч их тодорхой болж байна. Ийм үед танай ажилд учирч буй гол бэрхшээл юу байна вэ?
Одоо бол ордуудаа ашиглах бүх бэлтгэл ажлын үйл явцад бид оролцож байна.Тавигдах шаардлагын түвшинд бид ажиллана. Ингэхийн тулд компани илүү бэхжих учиртай. Компанийн санхүүгээ бэхжүүлнэ. Манайх сайн боловсрол, хэл ус сайтай ажилтнууд бүхий цомхон бүтэцтэй байгаа. Ажилтнуудынхаа туршлага, ур чадварыг илүү нэмэгдүүлнэ.
Стратегийн ордуудыг ашиглах гэрээ хэлэлцээр амжилттай явагдаад, төслүүд эхлэхэд бидний үндсэн үйл ажиллагаа эхэлнэ. “Эрдэнэс МГЛ“ 100 хувь төрийн мэдлийнх. Асуудал Засгийн газрын түвшинд шийдвэрлэгдсэн тохиолдолд ажиллахад бэлэн гэж хэлэх байна.
Монголын уул уурхайн салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
Уул уурхайн салбарын ирээдүйг би маш өөдрөгөөр төсөөлдөг. Аливаа улс орон хөгжлийн гол тулгуураа болгодог салбар байдаг. Тэр нь Монголын хувьд уул уурхай. Улс оронд , ард түмэнд ашиг өгөөж өгөхүйцээр тийм зөв бодлого явуулаад, хууль эрх зүйн сайн зохицуулалт бүрдүүлээд, стратегийн болон бусад ордыг ашиглах юм бол манай улсын хөгжлийн гол тулгуур болно гэдэг нь эргэлзээгүй. Ер нь уул уурхай гэдэг эрсдэл өндөр , хэл ам дагуулсан , их хөрөнгө оруулалт шаардсан салбар.
Гэхдээ амжилттай хэрэгжүүлээд эхлэх юм бол тухайн улс орны дэд бүтэц, зам харилцаа, санхүү эдийн засаг, ажлын байр, амьжиргааны түвшин гээд бүхий л салбарт шууд нөлөө үзүүлнэ. Аялал жуулчлал бол Монголын хөгжлийн нэг гарц гэж ярьдаг. Гэтэл аялал жуулчлал дангаараа дэд бүтцийг бий болгож чадахгүй шүү дээ. Монголын нөхцөлд уул уурхай хөгжиж байж л бусад бүх салбараа өөд нь татах үндэс болно. Энэ “хоёр толгойг“ түгжээс болгохгүйгээр, уул уурхайн бусад төсөлд сайн жишиг, суурь нь болсон түлхүүр болгомоор байгаа юм.
Баярлалаа. “Эрдэнэс МГЛ“ -ын хамт олонд ажлын амжилт хүсье