Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Шинэ төмөр зам” төсөлд гурван чиглэл хамаарагдана


Монгол улсын Засгийн газар хөгжлийн 26 том төслийг зарла­хаар бэлэн болгоод байна. 200 сая ам. доллараас багагүй сан­хүүжилт шаардагдах тэдгээр төсөл нь манай улсын ирээдүйн хөгжлийн суурь, урагшлах чиг шугам болох учиртай. Бодлогын түвшинд ийнхүү хэлэлцэн батлагдсан 26 төслийг одоо гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад танил­цуулах ажил эхэлж байна. Энэ талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хөгжил, хө­рөн­гө оруулалтын бодлогын газрын дарга Б.Ганбаатартай ярилцлаа.


Том 26 төсөл буюу хөгжлийн хөтөлбөр батлагдсан нь ямар ач холбогдолтой вэ?

Манай хороо байгуулагдаад удаагүй байгаа шүү дээ. Хагас жил гаруй ажиллах хугацаанд бид Монгол улсыг хөгжүүлэх асуудлаар Засгийн газарт хэд хэдэн төлөвлөлтийн арга хэмжээ , зөвлөмжүүд бэлтгэн хүргэлээ. Тэдгээрийн дотор саяын жагсаалтыг гаргахад хүргэсэн хэд хэдэн бодлогын, судалгааны баримт бичгүүд урьдчилан боловсруулсан юм. Тухайлбал, өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар Засгийн газраас цаашид авах арга хэмжээ, хөгжлийнх нь төлөвлөлтийн талаар манай хороо бүр дөрөвдүгээр сард өөрийн боловсруулсан хувилбараа Засгийн газарт хүргүүлсэн. Тухайн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэн батлагдаагүй байсан шүү дээ. Гэрээ батлагдсаны дараа ийнхүү төсөл, хөтөлбөрийн жагсаалт бэлэн болоод байна.
 
Өмнөд говь маань 2010-2015 онд бүтээн байгуулалтын том талбар болно. Говьд том том төслүүд хэрэгжинэ. Тухайлбал, “Оюутолгой”, “Тавантолгой” төслүүд, дээр нь Нарийнсухайтын чулуун нүүрсний ордыг ашиглах асуудал яригдана. Мөн Цагаан суваргын орд байна. Эдгээр орд газрын ашиглалтыг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтууд өрнөх юм. Мөн бүс нутагт хэд хэдэн жижиг орд ашиглах асуудал ч бий. Зүүн тийшээ Чойр-Сайншандын бүс нутагт Шивээ-Овоогийн уурхай дээр томоохон цахилгаан станц баригдах , түүнчлэн цаашдаа нүүрс боловсруулах үйлдвэрийн тухай тодорхой асуудлууд ч яригдах нь ээ . Ер нь Монгол орон маань хөгжлийнхөө тодорхой зааг дээр ирчихжээ. Цаашдаа өсөн дэвжих , өргөнөөр хөгжих боломжтой ийм үе шат дээр ирсэн байна. Яг ийм үед манай Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулагдсан учраас улс орны хөгжлийн тодорхой боломжуудыг гаргаж ирэх, түүнд чиглэсэн санал зөвлөмжүүдийг бэлтгэн ажиллаж байгаа юм.

Бидний ажлын эхний үр дүнд Засгийн газрын 320 дугаар тогтоол гараад байна. Засгийн газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор 10-аас доошгүй, 200 сая ам. доллараас дээшгүй хөрөнгө оруулалт шаардагдах төслүүдийг гаргаж, нийтэд зарлана гэсэн заалт байгаа. Энэхүү мөрийн хөтөлбөрийн дагуу Засгийн газрын 2009 оны нэгдүгээр тогтоол гарсан. Уг тогтоолд зааснаар хэд хэдэн яамдын сайд, түүний дотор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо асуудлыг нэгтгэж боловсруулан Засгийн газарт оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Тиймээс бид эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн жагсаалтыг боловсрууллаа. Энэ жагсаалт маань 26 төслөөс бүрдэж байгаа. 26 төслийн талаар бүгдийг нь дэлгэрэнгүй тайлбарлаад яриад байх нь тийм ач холбогдолтой биш байх. Эдгээр дотроос Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж тодорхойлсон хоёр чиглэлийг  онцлох нь зүйтэй гэж үзэж байна.

Манай улс юуны өмнө ашигт малтмалаа ашиглан, уул уурхайн салбарыг хөгжүүлж, хүнд үйлдвэрийн суурийг тавина гэж хөгжлийнхөө тэргүүлэх чиглэлийг гаргасан. Энэ чиглэлээр хэрэгжүүлэх хэд хэдэн төслийг Засгийн газар хэлэлцээд уг жагсаалтад оруулсан байгаа. Тухайлбал “Оюутолгой” төсөл байна. “Оюутолгой” төслийн тухайд тун саяхан Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, энэ талаар нэлээд яригдсан учраас нэмж тайлбарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. “Тавантолгой” төслийн хувьд тус ордыг ашиглалтад оруулах, олборлолт явуулах , бүтээгдэхүүн экспортолж эхлэх гэсэн үе шаттай төсөл зарлаж байгаа. Дараагийн том төсөл нь зэс хайлах үйлдвэр. Монгол улс өвөг дээдсээс уламжилж үлдээсэн эрдэс баялгийн хишиг ихтэй юм. Үүний дотор зэсийн хэд хэдэн орд илрээд байна. “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэтийн овоо маань өмнө нь ч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжих үед ч манай улсын хөгжилд гүйцэтгэсэн үүргийг тэмдэглэх нь зүйтэй. Түүнээс гадна “Оюутолгой” , дээр нь “Цагаан суварга”-ын төсөл байна. Манай геологчдын ярьж байгаагаар эдгээрээс гадна цаашдаа ч зэсийн нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэдэг юм билээ. Гэхдээ одоохондоо энэ гурван ордоо ашиглаад, тэндээсээ  зэсийн баяжмал гаргахаас гадна баяжмалаа гүйцэд боловсруулах , улмаар цэвэр зэс үйлдвэрлэх томоохон төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Зэс хайлуулах үйлдвэр байгуулахын тулд тодорхой хэмжээний судалгаа хийгдэх ёстой. Техник , эдийн засгийн үндэслэл нь бэлэн болох ёстой. Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх болон 2011, 2012 онд хөгжүүлэх хандлагыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа. Тиймээс бид дээрх саналыг Засгийн газарт танилцуулж, танхим уг асуудлыг УИХ-д оруулсан байгаа.

Мөн жагсаалтад хар металлургийн цогцолбор төсөл багтсан. Ямар ч улсын хөгжил  хар металлургийн үйлдвэрлэл дээрээ тулгуурладаг. Өнөөдрийн байдлаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр маань хаягдал төмөр цуглуулж хайлуулаад, барилгын тодорхой хийцүүд хийхээс давж чадахгүй байна шүү дээ. Гэтэл манайд тухайлбал Дарханы бүсэд гэхэд хар төмөрлөгийн хүдрийн таван орд байна. Үүнийгээ түшиглээд хар металлургийн үйлдвэрлэл байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Энэ бол маш том төсөл. Хүдрийг олборлох, баяжуулах, хүдэр хайлуулах анхан шатны үйлдвэр, дээр нь гангийн үйлдвэр , бүр цаашлаад тодорхой хэмжээний төмөр хийцүүдийг хийх ажилд үе шаттайгаар орох нь зүйтэй . Тийм учраас энэ том төслийг Засгийн газар зарлаж байна.

Түүнчлэн, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төслийг зарлаж байгаа. Монгол улс нефтийн бүтээгдэхүүнээр 100 хувь гаднаас хамааралтай. Хөгжье гэвэл газрын тос, эрчим хүчний хувьд бусдаас хамааралгүй болох нь тэргүүн ач холбогдолтой зорилтуудын нэг юм. Газрын тосны боломжтой нөөцийг өнөөдөр олборлоод эхэлчихсэн. Цаашдаа энэхүү нөөц өсөх боломжтой. 2013 оны түвшинд дотоодынхоо хэрэгцээг бараг хангах түвшний газрын тос олборлож эхлэх нь ээ гэж манай Газрын тосны газрынхан хэлж байгаа шүү дээ. Тиймээс боловсруулах үйлдвэрийг 2014, 2015 оны түвшинд барихаар бид зорьж байна.
 
Нүүрс-химийн үйлдвэр гэсэн өөр нэг томоохон төслийг мөн зарласан. Уг үйлдвэрийн хувьд хүрэн нүүрсэн дээр буюу чулуун нүүрс дээр тулгуурлан янз бүрийн химийн бүтээгдэхүүн гаргаж авах,  тухайлбал метанол болон бусад бүтээгдэхүүн гаргах ийм төслүүд багтаж байгаа юм. Нүүрс -химийн үйлдвэрлэлийн асуудал өнөөдөр зөвхөн судалгааныхаа шатанд явж байгаа. Судалгааг улам гүнзгийрүүлэх, цаашдаа туршилтын шатанд шилжих учиртай ийм төслүүд .

Барилгын материалуудын үйлдвэрийн төслийг бид бас зарлалаа. Бүтээн байгуулалттай холбогдоод, тухайлбал Оюутолгойн орд гэхэд ихээхэн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Үүнийг дагаад цемент зэрэг барилгын материалын хэрэгцээ ихээхэн гарахаар байгаа. Дашрамд тэмдэглэхэд Засгийн газрын 320 дугаар тогтоолоос гадна  229 дүгээр  буюу Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг батлах тухай тогтоол саяхан батлагдсан. Уг тогтоолд дээр дурдсан төслүүд, түүний дотор барилгын материалын үйлдвэрийн төсөл ч бас зарлагдсан байгаа. Бүс болгонд цементийн нэг том үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Бүсийнхээ хэрэгцээг хангаж , дэмжих үйлдвэрлэл болно. Учир нь цемент гэдэг маань өөрөө тээврийн зардал ихтэй. Тиймээс аль болох хэрэглэгчдэдээ ойрхон үйлдвэрээ байгуулах ёстой юм. Харин барилгын бусад материалын үйлдвэрийн хувьд зарим нь төвлөрсөн байдлаар ажиллах бололцоотой.

Хөрөнгө оруулагчдад зориулан эдгээр 26 том төслийг зарлаж байгаа учир нь ялангуяа манай хувийнхан, энэ чиглэлээр ажиллах гэж байгаа хүмүүст их ач холбогдолтой дохио гэж бодож байна. Засгийн газрын эдгээр тогтоолыг бариад манай хөрөнгө оруулагчид санхүүжүүлэгчид, банкуудтай холбогдож, төслийн судалгааг хийх, төслүүдийг хэрэгжүүлэх талаар ажиллахад нь ач холбогдолтой юм. Үүнд л энэ тогтоолын ач холбогдол оршино.

Дараагийн багц төсөл нь юу вэ? Зөвхөн уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлийн ямар төслүүд байна вэ?
 
Дараагийн багц нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх, аж үйлдвэржүүлэх ийм төслүүдийг зарласан.

Мөн дараагийн тэргүүлэх чиглэл нь дэд бүтцийн төслүүд байгаа. Энд зарим тайлбар өгье. Уул уурхай дэд бүтэцтэй салшгүй холбоотой хөгждөг. Тиймээс төслийн хүрээнд Тавантолгойн ордод түшиглээд томоохон  цахилгаан станц барих нь зүйтэй гэж үзэж байна. 

“Шинэ төмөр зам” төсөл зарлаж байгаа. Уул уурхайн ордын бүтээгдэхүүн экспортлох, мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон гадагш экспортлоход зам харилцаа , төмөр замын асуудал маш чухал. Тиймээс Засгийн газар энэ чухал бүтээн байгуулалтыг “Шинэ төмөр зам” төсөл хэмээн нэрлэе гэж шийдсэн. Уг төсөлд одоогийн байдлаар гурван чиглэлийн зам харъяалагдаж байна. Нэгдүгээрт, Тавантолгойгоос урагшаа Гашуунсухайт руу баригдах 270 км төмөр замын төсөл. Мөн Нарийнсухайтын уурхайнуудаас Шивээхүрэн боомт руу тавих 47.5  км төмөр замын төсөл. Гурав дахь нь Тавантолгойгоос хэвтээ чиглэлийн өргөн төмөр зам барина. Тавантолгой-Гашуунсухайт болон Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэл нь нарийн төмөр зам байна гэж бид үзэж байгаа. Говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх судалгаандаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хөрөнгө оруулалтын тооцоо ба хэрэгцээ шаардлагыг нь ингэж гаргасан. Тиймээс дээрх гурван чиглэлийн төмөр замын томоохон төслийг Засгийн газар зарлаж байна. Говь маань ойрын жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын талбар болох нь ээ. Боловсруулах аж үйлдвэр ч энэ бүхнийг дагаад цаашдаа хөгжих нь . Хүнд аж үйлдвэр хөгжих анхан шатны суурь тавигдах нь.

Төслүүдийг зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх үү? Дэд бүтцийн төслүүд дээр Концессийн гэрээ байгуулан, урт хугацааны дараа тухайн зам харилцааг төрд хүлээлгэн өгөх үү?

Эдгээр нь бүгдээрээ гадны болон дотоодын хувийн хөрөнгө оруулагчдад зориулан зарлаж буй төслүүд. Зарим дээр нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтарсан байдлаар, төрийн баталгаатайгаар хэрэгжих төсөл бий. Тэр болгон нь явцын дунд судалгаа, эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд нарийвчлан тодроод явна.

Бүтээн байгуулалтын ажлуудаас гадна усны асуудлыг бүс нутагт хэрхэн шийдвэрлэх вэ?

Төслүүдийг хэрэгжүүлэхэд усны хэрэгцээ маш их. Тийм учраас Орхон голоос говийн бүс нутгийн усны хэрэгцээг хангах төсөл гэж бас зарлаж байгаа. Гэхдээ Орхон голоос шууд авна гэж бид ойлгохгүй байна. Орхоны саваас , голынхоо гольдрол , урсцад нь өөрчлөлт оруулахгүйгээр тодорхой хэмжээний , арав хүртэлх хувийг нь ч гэдэг юм уу усан сан байгуулах замаар авч ашиглаж болох юм. Цаг агаараас шалтгаалаад голын усны түвшин янз бүр байдаг шүү дээ. Илүүдэл усыг хуримтлуулах байдлаар хэрэгжүүлэх төсөл гэсэн үг.

Өмнө нь зарлаж байсан “Хэрлэн-Говь” төсөлд голын урсцыг өөрчилнө гэсэн судалгаа байсан. Энд зарлаж байгаа төсөл өмнөхөөс ялгаатай юу?


Усны нөөцийг олон зориулалтаар ашиглах цогцолборын “Хэрлэн-Говь”” төсөл ч бас  чиг хандлагын хувьд ийм л байдлаар шийдэгдэх болов уу гэж бодож байна. Ер нь аль болох голынхоо үндсэн урсац, үндсэн усан санд өөрчлөлт оруулахгүйгээр, харин хаврын их усны , эсвэл үерийн үед хуримтлагдсан усаар сан байгуулах маягаар шийдэх нь зөв.

Дээр дурдсан дээр нэмж хэлэх төслүүд бол Монгол улсын ерөнхий хөгжилтэй холбоотой Хиймэл дагуулын төсөл гэж байна, мөн Улаанбаатар хотын замыг шинэчлэх гэсэн чухал төсөл бий. Алтанбулагаас урагшаа Замын- Үүдийг чиглэсэн хурдны замын төслийг зарлаж байгаа. Энэ төслийн хувьд хувийн хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр татах бололцоотой. Олон улсын замын практикт зам тодорхой хэмжээний төлбөртэй байдаг. Ийм зарчмаар шийдвэл хурдны замын энэ төсөл өөрөө хөрөнгө оруулалтаа нөхөх  бололцоотой.

Хурдны гэдэг үг энэ төсөл дээр хэр зохимжтой вэ?

Орчин үед контейнер тээвэр гэсэн ойлголт гарсан шүү дээ. Их хэмжээний ачааг 80-аас дээш км/цаг хурдтайгаар тээвэрлэх боломжтой замыг бид хэлээд байгаа юм. Алтанбулагаас Замын -Үүд хүртэлх магистралийн үүрэг нь ачаа тээврийг хурдасгах явдал. Монгол орон газарзүйн байршлын хувьд Европ, Зүүн хойд Азийг холбосон коридорт тодорхой байр суурь эзэлж байна. Газар нутгийн сунасан тогтоцтой учраас манайхаас гарч буй энэ коридор нь дэлхийн хөгжлийг XXI зуунд тодорхойлж байгаа Хятад, Энэтхэг, Ази, Номхон далайн бүстэй  бусад бүс нутгийг холбох чухал гарц мөн.
Энд  нэмж дурдах ёстой бүтээн байгуулалт бол эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг  Улаанбаатарт  байгуулахаар төсөл зарлагдаж байгаа.
Түүнчлэн хог хаягдал, био массаас эрчим хүч гаргах, үйлдвэрлэл бий болгох төсөл бий. Дэлхий  нийтийн хандлага өдгөө цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, агаар мандлын нүүрсхүчлийн хийн хэмжээг  багасгах чиглэлээр их анхаарах болжээ. Энэ чиглэлд хандсан төсөл. Манай хогны найрлагыг  үнс ихтэй гэж зарим хүн маргах байх. Гэхдээ орон сууцнаас гарч буй хогийг аваад үзэх юм бол бүтцийн хувьд тодорхой хэмжээгээр ашиглах боломжтой хаягдал байдаг. Био массаас эрчим хүч авах тухайд  хүнсний зориулалттай янз бүрийн хаягдал,   тариан талбай дээр янз бүрийн ангилалт хийгдэхэд гарч буй үлдэгдэл, нүүрсний үлдэгдэл зэргийг боловсруулаад эрчим хүч, тухайлбал шатдаг хий үйлдвэрлэж болох юм.

  • зочин (202.21.111.10)
    Салтыков-Щедрин Дэлхийн бүх улс орон тээвэрлэлт хийх зориулалтаар төмөр замаа барьдаг бол манайд хулгайлж идэх гэж барьдаг
    2013 оны 06 сарын 04 | Хариулах