Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

О.Чулуун: Монгол улсад найман төрлийн уран бий

Тодорхой  хэлэхэд  бас их хэцүү. Ураны талаар гарчихсан тодорхой бодлого, чиг баримтлал  байхгүй. Их олон компани ураны геологийн судалгаа явуулж байна. Ямар түвшинд, ямар арга замаар, яаж судалж байна гээд сүүлийн хоёр, гурван жилийн геологийн судалгаа хийгдсэн, хийгдэж байгаа газруудын мэдээллийг сонирхохоор  олддоггүй юм. Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг тэр болгон үзээд байх боломж байх биш. Ер нь  хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжаад нийтэд цацагдаж байгаа зүйлийг сонсоод байхад шинээр тодроод гараад ирчихсэн, үр дүнд хүрчихсэн ажлууд ерөөсөө харагдахгүй байгаа. Зүгээр өмнө нь байсан судалгаануудыг жаахан шалгасан, баталгаажуулсан иймэрхүү л юм хийгдэж байгаа  гэж ойлгосон.
Ураны нөөцийн талаар Танд мэдээлэл байна уу. Батлагдсан нөөцийн хэмжээ ба таамаг нөөцийн хооронд их зөрүүтэй тоо яригдах юм?

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр айхтар их нөөцтэй, дэлхийд тав, аравдугаарт  орно гээд ярьж байгаа. Аливаа улс орны хувьд тухайн ашигт малтмалын эрдэс баялгийн чадавх гэж бий. Хэдий хэмжээтэй гэдгийг нь тодорхойлж тоон хэлбэрээр илэрхийлсэн зүйл. Тэгэхээр хэдий хэмжээний чадвар, чадавх  бололцоо ураных байж болох вэ гэдгийг л гаргасан нэг тийм тоо.

Эндээсээ нарийвчилж, цаашдаа судалж байж үнэхээр үйлдвэрийн, эдийн засгийн ач холбогдолтой ураны нөөцийн хэмжээ хэд вэ гэдэг чухал үзүүлэлт гарч ирнэ л дээ. Гэхдээ таамаг нөөц ч гэнэ үү, энэ тооноос гадна баримттай бодитой тоонууд бол бий.

Монгол улсад өнөөдөр ашиглаж болох түвшинд судалгаа нь хийгдчихсэн гурван орд Дорнодод байгаа. Уг гурван орд дээр тогтоогдсон, ер нь нийтэд нь аваад үзэх юм бол 49 мянган тонн уран байгаа. Зүгээр яг өнөөдрийн түвшинд эдийн засгийнх нь ач холбогдлоор тооцоод үзэх юм бол үүнээс арван тонн нэмэгдэж, эсвэл хасагдаж ч болно. Хуучин яригдаж байсан 49 мянган тонн хэвээрээ байна уу, ихсэж үү, багасаж уу, яг өнөөдрийн ураны дэлхийн зах зээл дээрх үнэ, ашиглах нөхцөлтэй, эдийн засагтайгаа уялдуулаад тооцоод гаргаад ирчихсэн тоо бол байхгүй.

Та ураны ямар чиглэлээр доктор хамгаалсан бэ?

Ямар чиглэл, гарал үүсэлтэй, юутай холбогдолтой ураныг судалбал Монгол улсын хувьд эдийн засгийн талаасаа ашигтай байх вэ гэдэг судалгааг геологийн судалгаа, ураны тархалтын зүй тогтлыг үндэслэн хийсэн.

Өнөөдөр Монгол улсад гарал үүслээр нь аваад үзэх юм бол найман төрлийн уран байна. Эдгээрээс эдийн засгийн хувьд хамгийн ач холбогдолтой байж болох, судлахад хялбар, бага зардлаар богино хугацаанд  ашиглах, нөөцийнх нь хэмжээ бусад ордыг бодвол их байх, зөвхөн ураныг өөртөө агуулсан, бусад хольц нь харьцангуй бага зэрэг олон шалгуураар нь үзэх хэрэгтэй. Ингээд үзэхээр  орчин үеийн сэвсгэр хурдсанд хуримтлагдсан ордод уран тогтоогдох юм бол их ач холбогдолтой  байж болох нь.
Галт уулын гарал үүсэл бүхий чулуулагтай холбогдолтой ураны ордоо судлаад илрүүлбэл их ач холбогдолтой байж болох нь гэх мэтээр судалсан даа. Би  найман төрлийн уранаас хоёрыг нь л онцолсон юм. Тэр хоёр онцолсон дотроосоо сэвсгэр хурдсанд хуримтлагдсан уран байх юм бол их ач холбогдолтой гэсэн   судалгаа хийж, докторын ажлаа хамгаалсан.

Үлдсэн зургааг нь нэрлэх юм бол бас сонин байж магадгүй?

Боржинлог чулуулагтай холбогдолтой үүссэн уран байна. Анх Хятад улс ийм төрлийн ордыг ашиглаад урантай болж байсан. Тиктоникийн хагарал бутралын бүсэд хуримтлагдсан  уран гэж бий. Энэ ураныг өнөөдөр бусад улсад ашиглаж байгаа. Газрын ховор элемент, бусад химийн элементтэй нийлмэл байдлаар үүссэн ураны орд байна. Уран-фосфоритын орд гэж байна. Фосфор, уран хоёр нэг цаг хугацаанд гарал үүслийнхээ хувьд бүрэлдсэн. Нүүрсний уран гэж бий. Ингээд тоолохоор манайд байгаа уран гарал үүслээрээ найман төрөлд ялгардаг.

Таны дурдсан ураны орд манайд түгээмэл байх магадлалтай юу. Компаниуд ямар газар, ураны аль төрөл дээр нь түлхүү судалгаа хийгээд байх шиг байна вэ?

Миний судлаад хэлээд байгаа нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэдэг талаас нь харсан юм. Өнөөдөр тийм төрлийн ордуудыг олж илрүүлээд ашиглаж болохоор байна гэх юм бол ашиглах олборлох технологиуд нь бий болчихсон байна.

Их олон элемент нийлмэл маягаар үүсчихсэн ордуудын хувьд өнөөхөндөө аль нэг давамгайлж байгаа элементийг нь ашиглаж байгаа болохоос бусдыг нь ялгаж салгаад хэрэглэдэг тийм технологи бий болоогүй л байна.

Та хэдэн онд докторын ажлаа хамгаалж байсан бэ?

Би 2000 онд энэ сэдвээр хамгаалсан юм.

Таны судалгааны ажлаас ашиглаж байгаа газрууд бий юү?

Өөрийнхөө хийсэн зүйлийг бүгдийг нь үйлдвэрт тодорхой хэмжээгээр нийлүүлчихсэн гэж боддог. 1987 оноос эхлээд оросууд ураны судалгаа  хийж байхад би энэ ажилд   оролцож байсан. Тэрнээс хойш өөрийнхөө шинжилгээний ажлыг хийсэн.

Уран  цаанаа их хор уршиг дагуулдаг ашигт малтмал учраас энэ талаар хамаагүй мэдэмхийрэх их буруу.
1990 оноос эхлээд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийсэн ураны судалгаатай холбогдолтой бүх  материалыг Монгол улсад албан ёсоор шилжүүлэн авч ирж Геологийн архивт Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу хадгалуулсан. Оросуудын судалсан зүйлийг ерөнхийд нь нэг цэгцлэх, тэр нь байна уу, үгүй юү гэдгийг тодруулах гэж 1993 онд “Уран“ гэдэг компани байгуулаад, энэ судалгааны ажлуудыг хийгээд холбогдох газарт нь тайлагнаж байлаа.

Ураны байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл нь бусад ашигт малтмалыг бодвол өвөрмөц эд л дээ. Тийм учраас би зөвхөн ашигт малтмал гэдэг талаас нь судлаагүй. Энэ цацраг идэвхит бодисууд байгальд ямар нөлөөлөл үзүүлж байна гэдгийг тодруулахаар 1993 онд “Улаанбаатарын радио  экологийн судалгаа“ явуулсан. Маш олон тооны цацраг идэвхит бохирдолтыг зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс илрүүлсэн.

Уранаас айгаад байлгүй гадны хөрөнгө оруулалт оруулж ирэх хэрэгтэй гэдэг талаас нь би нэлээн ажил хийсэн гэж боддог. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа Орос, Монгол, Америкийн хамтарсан “Гурвансайхан“ гэдэг компани байна. Би энэ компанийг үүсгэн байгуулсан хүн.  Францтай хамтарсан “Кожеговь“ гэдэг компанийг  1997 онд бас байгуулалцсан. Одоо нэлээн сайн үр дүнтэй ажил хийгээд явж байгаа газар. Мөн ондоо “Уран“ гэдэг хөтөлбөр боловсруулж байсан. Сүүлд энэ нэрээрээ Засгийн газрын хуралдаанаар батлагдсан юм.

Маш олон тооны цацраг идэвхит бохирдолтыг зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс илрүүлсэн дээ.