Тиймээс MMJ энэ удаагийн төдийгүй ирэх сарын дугаарууддаа тэрхүү дэд бүтцийн нарийн асуудлуудыг нэгтгэн зохицуулах хууль эрх зүйн цоо шинэ орчин, ажлуудыг зангидах байгууллагын бүтэц, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа Монгол нутагт хэр богино хугацаанд идээшин төлөвших тухайд байнга хөндөн бичих болно.
Манай энэ дугаарын зочноор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн Түр хорооны зөвлөх Содномын Бэхбат уригдлаа.
Төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулах тухайлсан хууль өмнө нь байгаагүй боловч бусад хуулийн хүрээнд ямар нэг хэмжээнд зохицуулалт хийгээд явж ирсэн. Одоо РРР (Public-Private Partnership) харилцааг нарийн зохицуулах шаардлага гарсан шалтгаан юу вэ?
Өмнө нь бусад хуулиар зохицуулагдаад явж байсан. Одоо бол нэн даруй хууль гаргах хэрэгтэй болж байна. Олон улсын туршлагыг хараад байхад жишээ нь Франц улс гэхэд 200 жилийн өмнө РРР хэмээх харилцаагаа эхлүүлчихсэн орон. Ялангуяа хотын дэд бүтцийг хөгжүүлэхэд Франц улс РРР-г өргөнөөр ашигладаг. 1970 –аад оноос бусад улс, тэр дундаа хөгжиж буй орнууд РРР-г их өргөнөөр хэрэгжүүлж эхэлсэн. Томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй мөнгө дутсан тохиолдолд хувийн хэвшлийн боломж чадавхийг , менежментийн шилдэг арга барилыг ашиглан , ер нь төслийн үр ашгийг нь сайжруулъя гэдэг үүднээс хувийн хэвшлийг татан оролцуулж эхэлсэн. Энэхүү харилцааг төр, хувийн хэвшлийн түншлэл гэж бид нэрлээд байгаа юм.
Хөгжсөн орнууд, АНУ, Канад , Англи зэрэг нь дэд бүтцийн чиглэлийн төслүүдийн хөрөнгө оруулалтыг төсвийн хөрөнгөөрөө голдуу хийдэг байсан. Харин өнөөгийн санхүүгийн хямралын бэрхшээлт үед жишээ нь АНУ гэхэд РРР-г нэлээн сонирхож байна. Ерөнхийлөгч Барак Обама хувийн хэвшлийг дэмжих, оролцоог нь нэмэгдүүлэх үүднээс РРР-г хөгжүүлнэ хэмээн цөөнгүй удаа мэдэгдээд байгаа.
Буурай болон Латин Америкийн Перу, Чили зэрэг дунд зэргийн хөгжилтэй орнуудад дэд бүтцийг хөгжүүлэхдээ РРР аргыг маш их хэрэглэдэг л дээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсыг эрх зүйн зохицуулалт нь сайн улс орнуудын нэг гэж үздэг. Мөн Австрали байна. Эдгээрт РРР их түгээмэл болжээ.
УИХ-ын болон Түр хорооны хэдэн гишүүн өнгөрсөн сард БНСУ-ын туршлагыг судалж танилцаад ирлээ. Сангийн яаманд нь очлоо. Яг энэ РРР харилцааг хариуцсан нэгж болон баталгаа гаргадаг байгууллагад нь очлоо. РРР аргаар хэрэгжүүлсэн зарим төсөлтэй ч танилцсан. БНСУ-ын туршлагыг олон улсын хэмжээнд нэлээд үнэлж ярьдаг юм. Яагаад гэвэл олон төслийг богино хугацаанд , амжилттай хэрэгжүүлсэн орнуудын нэг. Сонин баримт, туршлагуудын талаар тэнд сонссон.
РРР харилцааг зохицуулах хууль батлагдаад гарсны дараа хэрэгжихгүй тодорхой хугацаа өнгөрсөн байх юм. Солонгост хувийн хэвшлийнхэн ч ялгаагүй ийм шинэ харилцаанд ороход бэлэн биш байжээ. Тиймээс бид Монгол улс РРР-г хэрэгжүүлэхэд бэлэн байна уу гэсэн судалгаа хийсэн. Манай Түр хорооны гүйцэтгэх ажлын хүрээнд судалгаа хийх үүрэг ногдсон байгаа. Нэг хууль гаргаад л РРР хэрэгжчихдэг тийм хялбар асуудал биш юм. Энэ нь үргэлжилсэн процесс. Ерөөсөө амьдралын турш үргэлжлэх тийм процесс.
Нөгөө талаар, төр болгоны зүрх сэтгэлд РРР шингэсэн байдаг гэж гадныхан ярьдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төсвийн хөрөнгөөр бус , бусад эх үүсвэрийг дайчилж тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх эрмэлзэл аливаа төрд байдаг. Ялангуяа ихээхэн хөрөнгө шаардсан дэд бүтцийн томоохон төслүүдийг , түүнчлэн нийгмийн чиглэлийн төслүүдийг хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлж чадвал сайн л даа.
Бид тодорхой тохиолдлууд дээр судалгаа бэлтгэж байна. Тухайлбал, орон сууцны контор байгуулах гэх мэт нийтийн аж ахуйн чиглэлийн төслүүд хувьчлалын шугамаар Монголд хэрэгжсэн. Тэр ажлууд хэрхэн явагдаж байгааг тухайн тохиолдлын судалгаа болгон аваад, үнэлэлт дүгнэлт хийж байна.
Танай хороо хэдийнээс ажлаа эхэлсэн бэ?
Түр хороо 2008 оны арваннэгдүгээр сарын 22-нд байгуулагдсан. УИХ-ын 12 гишүүнээс бүрдсэн хороо юм. Р. Амаржаргал гишүүн даргаар нь ажилладаг. Хорооны дэргэд мөн Ажлын хэсгүүд байгуулагдсан. Тэдгээр нь судалгааны, хууль боловсруулах чиглэлээр, нийгмийн ба дэд бүтцийн чиглэлээрх гэсэн дөрвөн Ажлын хэсэгтэй.
Түр хорооны Ажлын албаны дэргэд орон тооны бус Зөвлөхүүд ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын дундуур байгуулагдаад бүтэц зохион байгуулалт нь цэгцэрч, ажил нь үндсэндээ энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн. Одоо судалгаа, тохиолдлын судалгаа хийхийн зэрэгцээ Концессийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Уг нь 2007 онд УИХ-д уг хуулийн төслийг өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй. Тиймээс хуулийг илүү боловсронгуй болгохоор ажиллалаа. Хаврын чуулганд өргөн барихад бэлэн болоод байна. Түүнчлэн бодлогын бичиг баримт гэж чухал зүйл бий. РРР-ийн талаарх улс орны өргөн хүрээтэй стратеги ямар байх ёстойг харуулсан чухал бичиг баримт. Энэ нь мөн л хаврын чуулганаар батлагдах ёстой.
Дэд бүтцийн олон том төслийг нэгтгэн, зохицуулалт хийх нэгж нь ямар статустай байх вэ? Сангийн яамныхаа дэргэд
РРР-г хариуцсан нэгж нь байдаг олон улсын жишиг бий. Манай улсын хувьд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороондоо энэ нэгж байх ёстой гэж зарим хүн хэлдэг. Эсвэл бүр тусдаа , бие даасан агентлаг байх ёстой юу?
Ямар тогтолцоо байх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Хаана харъяалагдах вэ гэдгээсээ илүүтэй ямар зарчим дээр суурилсан тогтолцоо байх вэ гэдэг нь чухал. Гадаадын туршлагыг хараад байхад маш их нээлттэй , шударга ажилладаг, тэгээд боловсронгуй тогтолцоо ажиллах ёстой юм.
Түрүүнд би дурдсан шүү дээ, ийм харилцааг хэвшүүлэхэд, ер нь хуулийг хэрэгжүүлэхэд нэлээд хугацаа шаардагдана. Хууль батлагдлаа ч гэсэн хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Монголын онцлогоос шалтгаалаад гадаадын туршлагаас өөр бас тодорхой ялгаанууд ч байгаа. Тухайлбал, хариуцсан нэгж хаана байрлах нь манай онцлогоос шалтгаалаад гадаадынхаас өөр байж болох юм.
Миний ойлгож байгаагаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо бол бодлогын чанартай ажил хийдэг газар. Хэрэгжүүлэгч агентлаг биш. Хэд хэдэн хувилбар саналууд явж байгаа л даа. Сангийн яамны дэргэд РРР-г хариуцсан нэгжээ төвлөрүүлье гэдэг ч юм уу. Төрийн өмчийн хороонд байлгах тухай яриа ч гарч байсан. Эсвэл бүр бие даасан байгууллага хэрэгтэй ч гэж ярьдаг. 4-5 хувилбар байна. Гадныхны ярьж зөвлөж байгаар бол, Концессийн гэрээ гэдэг 20-30 жилээр хийгдэх урт хугацааны гэрээ. Тэгэхээр аливаа Засгийн газар, Их хурлын бүрэн эрхийн хугацаанаас урт хугацаатай гэрээнүүд байгуулагдана шүү дээ. Тиймээс гэрээг улс төрийн ч юм уу, тодорхой эрсдэлүүдээс хамгаалах асуудал гарч байгаа юм. Ингэж эрсдэлээс ангид байлгах үүднээсээ бие даасан нэгж байгуулах санал гарч байна. Гадны зөвлөхүүдийн хэлж байгаар бол Монголд төвлөрсөн нэг нэгж тусдаа байх нь оновчтой гэдэг.
БНСУ-д ийм байгууллага нь хаанаа харъяалагддаг юм бэ?
Тэдний тогтолцоо өөр л дөө. Яам нь бодлогыг хэрэгжүүлж байна. Том тогтолцоо , том эдийн засаг учраас манайхаас ялгаатай. Судалгаа, үнэлгээг нь хийдэг эрдэм шинжилгээний шахуу том байгуулага дэргэд нь байна.
Энэ нэгжийг ямар зарчмаар санхүүжүүлэх вэ?
Санхүүжилтийн асуудал ярвигтай. Ерөнхийдөө төсвийн байгууллага байна. Ядахдаа эхлэлтийн шатандаа тэгж явах байх. Жишээ нь Латин Америкийн зарим улсад бие даасан байгууллага байдаг ба санхүүжилтээ Концессийн гэрээний тодорхой хувийг авах замаар хийдэг. Гэтэл Монголд тийм олон Концессийн гэрээ байгуулагдаа ч уу, үгүй ч үү. Тэгэхээр РРР-ийн нэгжийг байгууллаа гэхэд санхүүжүүлэх систем нь их чухал асуудал болно. Яагаад гэвэл тэр нэгжид чадварлаг хүмүүсийг татан ажиллуулах хэрэгтэй. Тийм мэргэжилтнүүдэд сайн цалин өгөх ёстой болно.
РРР хариуцах байгууллагын үйл ажиллагааны зарчим нээлттэй байх ёстой гэж Та хэллээ. Өөр ямар шаардлагууд гарч ирэх вэ?
Нээлттэйгээс гадна тэргүүлэх чиглэлээр нь ямар төслүүдийг эрэмбэлэх вэ гэдэг приоритетийн асуудал их чухал. Зам байгуулах нь бүх аймагт л чухал. Эрчим хүч ч ялгаагүй. Тэр дундаас эн тэргүүнд онцлох хэсгийг нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос тодорхойлж өгөх гэх мэтээр. Нөгөөтэйгүүр, баталгаа гаргадаг байгууллага байх ёстой болно.
Миний хэлэх гэсэн гол санаа бол ер нь хуулиа гаргаад, ажлаа эхлүүлчих л хэрэгтэй юм. Манай Парламент байнгын ажиллагаатай учраас тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай бол тухай бүрд нь зохицуулаад явчихна. Нөгөө талаар Концессийн хууль бол ерөнхий зарчмыг тодорхойлсон хууль. Яг амьдралд хэрэгжүүлэх журмууд , гэрээний загварууд нь маш чухал шүү дээ.
Ийм хууль хэрэгтэй гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлт байна уу?
БНСУ-д энэ хууль хэрэгжихгүй жаахан удчихсан шалтгаан нь хувийн хэвшлийнхэн тийм ч дуртай байгаагүй. Тэгэхээр төр нь юу хүсч байна, хувийн хэвшил ямар бодолтой байгаа юм, энэ хоёр талын хүсэл эрмэлзэл нийлсэн тохиолдолд л РРР харилцаа амьдралд хэрэгжих юм.
Одоогийн энэ яригдаад байгаа Концессийн гэрээ гэдэг маань төрийн өмч дээр тулгуурласан Концессийг яриад байгаа шүү дээ. Энэ бол хувийн өмч дээр тулгуурласан харилцаа биш. Конценсийн хугацаанд энэ нь төрийн өмч гэсэн үг. Цахилгаан станцын тухай ярилаа гэхэд хувийн хэвшлийн байгууллага сонгон шалгаруулалтад орж ялаад , мөнгө хөрөнгө босгоход нь олон улсын байгууллагуудын өмнө Засгийн газар орлогын баталгаа гаргана. Янз бүрийн хөнгөлөлт байж болно л доо. Гол нь тэр салбар хэр ашигтай байх вэ гэсэн асуудал бий. Салбарын онцлогоос харгалзаад төр, засгаас үзүүлэх дэмжлэг нь тодорхойлогдоно. Холбоо харилцааны салбар гэхэд эрчим хүчнээсээ илүү ашигтай байх жишээтэй. Иймэрхүү хүчин зүйлийг харгалзаж төр, засгаас үзүүлэх дэмжлэг тодорхойлогдоно гэсэн үг.
Тэгээд цахилгаан станц барьчихлаа гэж бодъё. Концессийн гэрээний хугацаа 20 жил гэе. 20 жилийн хугацаанд төрийн өмчийг эзэмшээд ашиглаад, оруулсан мөнгөө нөхөж аваад, тодорхой ашиг хийхийн тулд маш сайн ажиллах ёстой болно оо доо. Нөгөө талаар, тэрхүү Концессийн 20 жилийн хугацаанд хяналтын маш сайн механизм үйлчлэх ёстой. Үнэ тариф уналаа, эдийн засгийн янз бүрийн бэрхшээл гарлаа гэхэд Засгийн газар баталгааг нь гаргах ёстой.
Концессийн тухай хуулийн суурь концепц нь BOT зарчим юм. Build, Operate, Transfer. Бариад, ашиглаад , тодорхой хугацааны дараа төрд хүлээлгэн өгнө гэсэн санаа.
Нөгөө талаар РРР-г хэрэгжүүлэх боломжтой олон салбар бий л дээ. Зам тээвэр, эрчим хүч гэхээс гадна эрүүл мэнд, боловсрол гэх мэт нийгмийн салбаруудад ч төсөл хэрэгжүүлж болно шүү дээ. Хуулийг хэрэгжүүлэх шатандаа энэ харилцаа илүү цэгцрээд явах байх.
Өмнө нь янз бүрийн хуулийн хүрээнд энэ харилцааг зохицуулж ирсэн. Одоо шинэ хууль батлагдсанаар хоорондоо зөрчилдөх явдал гарах уу?
Холбогдох хуулиудыг манай мэргэжилтнүүд бас судалж байгаа. Багц хууль гэдэг утгаараа энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөх явдал амьдралд тохиолддог. Өнөөгийн байдлаар хуулийн ерөнхий зарчим нь хориотой байна уу, нээлттэй байна уу гэдгийг л чухалчилж байна.
РРР харилцааг Монгол амжилттай хэрэгжүүлэхэд тохиолдох ямар бэрхшээлүүд байж болох вэ?
Хүний нөөцийн асуудал бий. Хоёрдугаарт нь чадавхийн асуудал байна. Төрийн ч бай, хувийн хэвшлийн ч бай ялгаагүй чадавхийг тойрсон бэрхшээл гарч болзошгүй. Мөнгө хөрөнгөнөөс өгсүүлээд техник технологийн чадавхи хэрэгтэй болно. Дэд бүтцийн томоохон төслийн өртөг 200, 300 сая ам.доллар гэхэд гадаадын хөрөнгө оруулагчид тэнд орж ирэх магадлал өндөр. Тиймээс Монголын хамтрагч нь санхүү хөрөнгөө яаж зохицуулах вэ гэсэн асуулт гарч таарна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэх төслүүдээс гадна аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтууд гэж бий.Тэгэхээр урган гарах асуудал болгоныг зохицуулах механизм хэрэгтэй. Эндээс нөгөө зохицуулах нэгж маань хаана байх вэ гэдэг чинь бас төвөгтэй. Ер нь бэрхшээл тоочоод байвал олон. Гэхдээ даван туулахын тулд ямар ч байсан хуулиа батлаад, ажлаа эхлүүлээд явчих ёстой юм.