Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009
оны дөрөвдүгээр сарын 13-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж
байгаа төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор сонирхсон хөрөнгө оруулагч,
зээлдэгч нарт төрийн өмчит “Эрдэнэс МГЛ“ компаниар уул уурхайн
бүтээгдэхүүн нийлүүлэх баталгаа гаргуулахыг Засгийн газрын ээлжит бус
хуралдаанаар хэлэлцэн батлав.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас:
1. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд“ чиглэлээр хоёр хөршийг холбосон 990 км урт олон улсын хурдны зам,
2. “Тавантолгой-Зүүнбаян-Чойбалсан“ чиглэлийн 920 км урт төмөр зам шинээр тавих,
3. Улаанбаатар хотын 350 км замыг шинэчлэх, шинээр 212 км зам тавих,
4. “Мянганы зам“-ын босоо тэнхлэгийн дагуу 1284 км зам шинээр барих,
5. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр
6. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр
7. Жилд 500 мянган тонн төмөр хийц үйлдвэрлэх металлургийн үйлдвэр барихаар төсөл боловсруулсан юм.Нийт зургаан тэрбум ам.долларын өртөг бүхий дээрх төслүүдийг хөрөнгө оруулагч нарт хэд хэдэн удаа танилцуулжээ. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын үед их хэмжээний мөнгө шаардагдах дээрх төслүүдэд шууд хөрөнгө оруулалт олдох найдвар бага. Иймээс уул уурхайн бүтээгдэхүүнээр төлбөрийн баталгаа гаргах, баталгааг үндэслэн сонирхсон хөрөнгө оруулагч, зээлдэгч нартай хэлэлцээр хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. 100 хувийн төрийн өмчит компаниуд гуравдагч этгээдүүдэд баталгаа гаргах боломж хуулийн хувьд боломжтой учир “Эрдэнэс МГЛ“ компанийг сонгожээ. Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ“ компанийн ТУЗ-өөс шийдвэр гарсан тохиолдолд дээрх төслүүдийг санхүүжүүлэх асуудлаарнэн даруй хэлэлцээр хийж эхлэх юм.Орос, Монголын хамтарсан компани байгуулна.
ОХУ-ын “Оросын төмөр зам“ нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй хамтран төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, түүнийг үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг зарчмын хувьд зөвшөөрөн хуралдаан дээр гарсан саналуудыг тусгах нь зүйтэй гэж үзэв.Хамтарсан компанийн Монголын талын хувь нийлүүлэгчид нь төрийн өмчит “Эрдэнэс МГЛ“ ХХК, “Монголын төмөр зам“ ХК байх юм. Хамтарсан компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг төмөр замын дэд бүтцийг байгуулах, шинэчлэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, дээрхтэй холбоотой төслийг хэрэгжүүлэх, одоо байгаа төмөр замын суурь бүтцийг сайжруулах, төмөр замын дэд бүтцийг байгуулахад шаардагдах санхүүжилтийг татан төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулах гэж гэрээ, дүрмийн төсөлдөө тусгажээ.
Хамтарсан компани нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын орд газруудыг түшиглэж олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой ажээ. Гэхдээ хамтарсан компани ашигт малтмалын орд газруудтай холбоотой аливаа төсөлд зөвхөн охин компаниараа дамжуулан оролцох юм байна. Компанийн үйл ажиллагааг эхлэхэд зориулж талууд 1.8 сая ам.долларыг гаргахаар тохирчээ. Гэрээ болон дүрэмд компанийн хувь нийлүүлэгчид компанийн бодлогын бичиг баримт, бизнес төлөвлөгөө, төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлд заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр цаашдын санхүүжилтээ хийхээр тусгасан байна. Хамтарсан компани нь өөрийн үйл ажиллагаанаас олох аливаа орлогоос хуулийн дагуу ногдуулах татвар, хураамжуудыг төлөх үүрэг хүлээжээ гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлэв.Монгол Улсад шинээр төмөр замын дэд бүтэц барих болон “УБТЗ“ ХНН-ийг хөгжүүлэх асуудлаар хамтарсан ААН байгуулах талаар
1.Монгол Улсад шинээр төмөр замын дэдбүтэц барих болон “УБТЗ“ ХНН-ийг хөгжүүлэх асуудлаар Монгол-Оросын хамтарсан ААН байгуулахдаа хоёр орны нутаг дэвсгэр дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр болон дүрмийн санд нь Монголын талаас санхүүгийн эх үүсвэр болон өмч, түүний дотор орд газрыг боловсруулах эрх, харин Оросын талаас санхүүгийн эх үүсвэр гаргах замаар төслийг хэрэгжүүлэх схемийг дэмжих.
Үүнд:1.1.Хамтарсан ААН-ийг Улаанбаатар хотод байгуулна. Тал тус бүр Хамтарсан ААН-ийн 50 хувийг эзэмшинэ.
1.2.Эхний үе шатанд Хамтарсан ААН төсөл хэрэгжүүлэх Үзэл баримтлалыг 2009 оны зургадугаар сарын 6-наас өмнө боловсруулна.
1.3. Хоёрдугаар үе шатанд Хамтарсан ААН байгуулах Үзэл баримтлалын үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулж, төслийн бэлтгэл ажлыг хангана.
1.4. Гуравдугаар үе шатанд Хамтарсан ААН нь төслийг хэрэгжүүлнэ.1.5. Дараагийн үе шат бүрийг хэрэгжүүлэх шийдвэр, түүний дотор хамтарсан ААН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг өмнөх үе шатанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд үндэслэн Талууд хамтран шийдвэрлэнэ.
2. Хамтарсан ААН нь үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг баримтална:-Монголын болон Оросын эдийн засгийн ашиг сонирхлыг хангах-Талууд төслийг хэрэгжүүлэх ажилд адил тэгш оролцох.
3. Хамтарсан ААН-ээс эхний үе шатанд боловсруулж буй төсөл хэрэгжүүлэх Үзэл баримтлалд дараах зүйлийг хамруулсан байх шаардлагатай:
А. “УБТЗ“-ийн шинэчлэл, техник болон технологийг хөгжүүлэхэд гарах зардлын тооцоо ба үндэслэл. Түүнчлэн дараах зүйлийг хамарна:-үйлдвэрлэлийн үндсэн фондыг шинэчлэх,-чингэлгийн байнгын маршрутын цувааг зохион байгуулах асуудлыг оролцуулан дамжин өнгөрөх чадавхийг хөгжүүлэх,-эдийн засгийн үндэслэлтэй, өрсөлдөх тарифыг тогтоох чиглэлээр үр дүнтэй тарифын бодлого бий болгох,-орчин үеийн мэдээллийн технологи, шинэчлэлийг нэвтрүүлэх, мөн Монгол болон Оросын төмөр замуудын мэдээллийн системийн нэгтгэлийг хангах,-Төмөр замын үндсэн мэргэжлийн ажилтнуудыг сургах, давтан сургах.
Б. Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Номхон далай дахь Оросын боомтууд руу тээвэрлэх зорилгоор шинэ зам тавих замаар Монголын төмөр замын дэд бүтцийн цаашдын хөгжлийн үндэслэл болон шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо.
В. Төсөлд Талуудын оруулсан хөрөнгийг нөхөн төлөх нөхцөл болон арга хэлбэр.
Г. Хамтарсан ААН-ийн дүрмийн санг өсгөх боломж болон талуудын оролцооны хэмжээг өөрчлөх нөхцөл болон арга хэлбэр.
4. Ажлын хэсэг нь эхний үе шатанд Хамтарсан ААН-ийн төсвийг 2009 оны хоёрдугаар сарын 1-ний дотор боловсруулан тохиролцож, энэхүү төсөвт үндэслэн Хамтарсан ААН-ийн эхний дүрмийн санг тодорхойлох.
5. Ажлын хэсэг нь 2009 оны хоёрдугаар сарын 1-ний дотор Хамтарсан ААН байгуулахад шаардлагатай эрх зүйн баримт бичгийн төслүүдийг бэлтгэн хэлэлцэх.
6. Ажлын хэсэг нь 2009 оны хоёрдугаар сарын 15-ны дотор Хамтарсан ААН байгуулахад шаардлагатай эрх зүйн багц баримт бичгийг батлах.
7. Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон “ОТЗ“ НХН 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор Хамтарсан ААН-ийг Монголд бүртгүүлэх.“УБТЗ“ ХНН-тэй холбоотой асуудлаар
9. Монголын тал “УБТЗ“ ХНН-ийн Ерөнхий хороонд “ОТЗ“ НХН-ийн төлөөллийг оролцуулах тухай Оросын талын саналыг дэмжиж байна.
10. Талууд “УБТЗ“ ХНН болон түүний хувь нийлүүлэгчдээс “УБТЗ“ ХНН-ийн хөрөнгийн тооллого болон бүртгэлийг ойрын хугацаанд хийх эрмэлзэлтэй байгаа бөгөөд мөн “УБТЗ“ ХНН-ийн хөрөнгийн дахин үнэлгээ хийх шаардлагатай эсэхийг эргэж харна.
11. Талууд ойрын хугацаанд, “УБТЗ“ ХНН, түүний хувьцаа эзэмшигч нараас Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “УБТЗ“ ХНН-ийн хувьцааны эрхийн бичгийг гаргах ажлыг хийх сонирхолтой байна.
12. Талууд хамтарсан төсөлд хувь нийлүүлсэн “УБТЗ“ нийгэмлэгийн үүргийг өндрөөр үнэлж, түүний үр ашигтай үйл ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авах шаардлагатай талаар тохиролцов.Үүнтэй холбогдуулан, “УБТЗ“ ХНН байгуулагдсаны 60 жилийн ойг угтаж тус нийгэмлэгийн материал-техникийн баазыг бэхжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор, дурдсан асуудлуудад эерэг явцыг бий болгохын тулд Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, “ОТЗ“ НХН хамтран арга хэмжээ авна.
13. Талууд “Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийг байгуулах тухай БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сарын 6-ны хэлэлцээрийг шинэчлэх Монгол-Оросын ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.Протоколыг хоёр хувь монгол, орос хэл дээр тус бүр үйлдэж, 2008 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурав.
Монголын талын Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга
Оросын талын Ажлын хэсгийн ахлагч, “ОТЗ“ НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин