Манай улсад нүүрсний дүн мэдээгээ олон жилээр нь эртлэн гаргах ажил орхигдсон байгааг салбарынхны удирдах ажилтны гуравдугаар зөвлөгөөнөөр ярив. Нүүрсний дүн мэдээг /баланс/ дөрөв, таван жилээр гаргаж байж, уурхайн хөгжлийн цаашдын төлөвлөгөө, техник хэрэгслийн шинэчлэл зэргийг хийх боломжтой болохыг уурхайнхан ярьснаас гадна төрийн “цагаан гар”-аар барьж буй одоогийн нүүрсний үнийг чөлөөлж өгөхийг хүсч байв.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Жил бүр нүүрсний үнийг 13-15 хувиар өсгөж, 2013 он гэхэд бодит үнэ өртөгт нь хүргэнэ”
Тодруулбал дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайн бүтээгдэхүүний үнэ 2013-2014 оны үед 5-7 мянган төгрөгөөр өсөх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл тонн тутамдаа одоо дунджаар 15-20 мянган төгрөг байгаа нүүрсний үнэ 2014 онтой золгомогц 20-28.4 мянган төгрөг болно гэсэн үг. Тэр болтол төрөөс нүүрс, эрчим хүчний салбарт татаас өгөх болно гэж Сайд нэмж хэлэв.
Нүүрсний уурхайн зарим төлөөлөл төр зөвхөн станцаа дэмжээд, харин уурхайд татаас өгөлгүйгээр үнэ чөлөөлөх зарчим баримталбал аль аль талдаа ашигтай байх тухай санал гаргасан ба үүнийг Сайд хүлээн авч, судалж үзэхээр болов.
Зөвлөгөөнд оролцогчид мөн нүүрсний хомсдол учирч болзошгүй талаар цухуйлгаж байв. Лиценз замбараагүй олгосны улмаас гол гол уурхай олон эзний гарт хуваагдах болсныг эрдэмтэд, уурхайн удирдлага хэлснийг ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан ч хүлээн зөвшөөрөв.
Тиймээс яаралтай комисс байгуулан, энэ бүх асуудлаар судалгаа хийгээд аравдугаар сарын дундуур танилцуул гэж салбарын Сайд үүрэг болгосон юм. Танилцуулах асуудалд нүүрсний ирэх 4-5 жилийн дүн мэдээ, үнэ чөлөөлөх зарчим боломжтой эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн асуудал, нүүрсний хомсдол зэрэг багтаж байна.
Энэ оны төсөв хүнд байх учир татаас бага олгох магадлалтай, төрийн өмчийн уурхай IPO хийхтэй холбогдуулан хийх ТЭЗҮ-ийг уурхайн удирдлага өөрсдөө хөрөнгө гарган шийдэх тухай Сайд сануулсан юм.
Б.Төгсбилэгт