“Монголын Бизнесийн зөвлөл” /Business council of Mongolia/ сар бүрийн сүүлийн долоо хоногийн даваа гаригийн 17 цагт Кэмпински Хаан Палас зочид буудалд гишүүн байгууллагуудын төлөөллүүдээ оролцуулсан уулзалт өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Өмнөх сарын уулзалтыг тодорхой шалтгааны улмаас түр хойшлуулан арваннэгдүгээр сарын 1-нд зохион байгуулсан бөгөөд уул уурхай болон банк санхүүгийн салбар, элчин сайдын яамдын 160 гаруй төлөөлөгч оролцов.
Учир нь, Монгол улсад тухайн сард болсон онцлог үйл явдлаас шалтгаалан нэр бүхий хүмүүсийг уулзалтад урьж оролцуулдаг байна. Монголын уул уурхайн үндэсний групп олон улсын бирж дээр хувьцаагаа борлуулж, дэлхийн санхүүгийн ертөнцөд дуулиан тарьсан “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, парламентын сонгуульд дөхөж буйтай холбогдуулан “Улстөрийн барометр-2010” сэдвээр “Сант Марал” төвийн тэргүүн Л.Сумати, мөн “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажил шувтарч буй энэ үед Зүүн Азийн “Монгол дахь IFC-ийн Хөрөнгө оруулалтын орчны хөтөлбөр” сэдвээр Олон улсын санхүүгийн корпорацийн /IFC/ Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа нар тус тус илтгэл тавьлаа.
“Монголын Бизнесийн зөвлөл”-ийн дэд захирал И.Сэр-Одоос уулзалтын талаар тодруулахад, тэрбээр “Манай гишүүн байгууллагуудын бүх төлөөлөл оролцлоо. Ер нь гишүүн биш ч ойрын үед гишүүнээр элсэх сонирхолтой хүмүүс энэ арга хэмжээнд ажиглагчаар оролцож болно. Гишүүдийн маань цар хүрээ дан уул уурхайн салбар гэхгүй, элчин сайдын яамдууд, байгаль хамгаалахынхан, банк санхүүгийн төлөөллүүдээр тэлж байна. Ямар илтгэл тавьж байгаагаас шалтгаалан тухайн салбарын хүмүүс түлхүү оролцох тохиолдол бий” гэсэн юм.
Г.Идэрхангай