Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

МОНГОЛ УЛС 31 САЯ ТОНН ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН БАЯЛАГТАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Америкийн геологийн судалгааны алба /USGS/  Монголд 31 сая тонн газрын ховор элементийн оксид буюу дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь нь агуулагдаж буйг тогтоожээ. Монгол улс газрын ховор элементээр дэлхийд хоёрдугаарт орох томоохон нөөцтэй  болохыг АНУ-ын судалгааны энэхүү байгууллага 2009 онд мэдэгдэж байжээ. Энэхүү судалгаагаар Монголын газрын ховор элементийн дөрвөн гол ордын нэг Мушгиа худгийн нөөцийг 5 сая 872 мянган тонн оксидын агууламжтай гэж үнэлжээ. Манай улсад газрын ховор элементийн нөөцийн судалгааг илүү нарийвчлах шаардлагатай байгаа бөгөөд одоогоор таван том орд газар, 71 илрэл, 246 эрдэсжилттэй хэсгийг олж тогтоогоод байгаа юм.

Гэхдээ тухайн үед газрын ховор элементийн 90 гаруй хувийг хангадаг Хятадын “экспортын түрэмгийлэл” эхлээгүй байсан юм. 2010 оны хоёрдугаар хагаст электрон хэрэгсэл, авто машин, боловсруулалтын технологи, зэр зэвсэг үйлдвэрлэлийн салбарт амин чухал орц нь болдог уг түүхий эдийн экспортыг 70 хувиар танах болсноо Хятад улс зарласнаар дэлхийн бусад улс орнуудын удирдагчид болон бизнесийнхэн цочролд орсон билээ.

2011 оны эхний хагаст тус улс дээрх бодлогоо үргэлжлүүлэн, өнгөрсөн оны мөн үеийнхээс 35 хувиар доогуур буюу 14 мянган тонн түүхий эд экспортлох зөвшөөрлийг үйлдвэрлэгчдэд олгожээ. Одоогоор дэлхийн газрын ховор элементийн хэрэглээ 130 гаруй мянган тонн/жил байгаа бол 2012 онд 180 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа. Ийм нөхцөлд “технологийн” түүхий эдийн хамгийн том хэрэглэгчийн нэг Япон улс газрын ховор элементийг орлох зүйлийг олж нээх судалгаа болон АНУ, Австрали, Канад, Монгол улстай нийлүүлэлт дээр хамтрах ажлыг эрчимжүүлэхэд 150 сая ам.доллар төсөвлөөд байна.

Б.Төгсбилэгт