Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 20 жилийн өнгөрөгч өдрүүдэд тохиож байна. 1991 оны нэгдүгээр сарын 18-нд Засгийн газрын тогтоолоор өмч хувьчлалын ажлыг шуурхай явуулах үүднээс Монголын Хөрөнгийн бирж байгуулах тогтоол гаргаж байсан нь Монголд хөрөнгийн зах зээл үүсэх эхлэл байсан юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж, Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1,4 их наяд төгрөгт хүрээд байна. Мөн өнгөрсөн хугацаанд шинээр 14 компани сонгодог утгаараа хувьцаа гаргах буюу IPO хийж, 67 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөрөнгийн биржээс босгожээ.
Өнөөдөр энэ салбарт мэргэжлийн 50 орчим байгууллагад 320 мэргэжилтэн ажиллаж, хөрөнгийн биржид 300 гаруй компани бүртгэлтэй байгаа юм. Түүхт ойн босгон дээр өнгөрсөн 20 жилийнхээ алдаа оноог ярилцахын зэрэгцээ ирэх 20 жилийн зорилтоо тодорхойлж байна.
Ирэх 20 жилд Монголын Хөрөнгийн бирж олон улсын хэмжээний бирж болох, тэр дундаа бүс нутагтаа уул уурхайн гол бирж болох бүрэн боломжтой хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна. Олон улсын бирж болох эхний алхмаа ч хийж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болоод байгаа. Лондонгийн хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийг удирдан олон улсын хэмжээнд хүргэх, дэд бүтэц, техник технологийг нь хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.
Монголын Хөрөнгийн биржийн 20 жилийн ойн өдөр буюу нэгдүгээр сарын 18-нд Монголын Хөрөнгийн биржийн 3385 дахь арилжааг нээх хонхыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл цохисон.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнд алдсан, оносон аль аль нь бий. Одоо ирээдүйн 20 жилд хийж бүтээх их ажилдаа орох хэрэгтэй” гэсэн юм. Энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн шинэ үе, шинэ 20 жил эхэлж байна гэдгийг Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү онцолж байв. Өмч хувьчлалыг зохион байгуулах гол зорилгоор байгуулагдсан Хөрөнгийн бирж үүргээ амжилттай гүйцэтгэж, ирэх жилүүдэд олон улсын бирж болох том зорилго тавин ажиллахаар боллоо.