Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТАВАНТОЛГОЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ТЕНДЕРИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 31-НД ЗАДАЛНА

Тавантолгойн орд газрын Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийг хүлээж авах хугацааг дахин долоо хоногоор сунгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн өчигдрийн хурлаар тендерт оролцогч компаниудад материалаа бүрэн дүүрэн боловсруулж ирүүлэхэд нэмэлт хугацаа олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг Засгийн газрын Ажлын хэсэгтэй зөвлөлдөж гаргажээ.  Ирэх даваа гаригт буюу нэгдүгээр сарын 31-нд тендерийг задлан материалаа ирүүлсэн компаниудын жагсаалтыг гаргах юм байна. Үүний дараа оролцогч компаниудтай хэлэлцээр хийж, сонголтоо хийх юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дараагийн хурлаар төслийн бизнес төлөвлөгөөг эцэслэн батална гэдгээ хурлын үеэр мэдэгдлээ. Тус компанийн Гүйцэтгэх захирлын суудалд Австралийн иргэн Расселл Филиппсийг томилох ажил хэлэлцээрийнхээ шатанд яваа ажээ.

Б.Төгсбилэгт