Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ДЭЛХИЙН БАНК: ИНФЛЯЦИ 25 ХУВИАС ДАВНА
МОНГОЛ БАНК: ИНФЛЯЦИЙГ НЭГ ОРОНТОЙ ТООНД БАРИНА

Өнгөрсөн лхагва гаригт Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч сэтгүүлчдэд хандан инфляци 25 хувиас хэтэрч магадгүй байгаад сэтгэл эмзэглэж буйгаа хэлэв. Дэлхийн банкны үзэж байгаагаар манай хөрш хоёр улс төдийгүй дэлхий нийтээр нэмэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсад ч нөлөөлөх аж. Мөн өнгөрсөн жилийн зудын гамшгаар энэ жил махны үнэ огцом өсч байгаа болон төрөөс тарааж байгаа бэлэн мөнгө зэрэг нь энэ онд инфляцийг 25 хувь, магадгүй түүнээс давахад ч хүргэж болзошгүй гэнэ.

Ганц манай улсад ч гэлтгүй дэлхийн ихэнх улсуудад бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж буйн хэрээр үнэ нэмэгдэж, инфляци өсч байгааг Дэлхийн банкны эдийн засагчид хэлж байна. ОУВС ч Дэлхийн банктай санал нэг байгаагаа баасан гаригт сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр хэлсэн юм. Энэ жил Монголын хувьд инфляцийн шуурга болно хэмээн Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэгч эдийн засагч Рожер ван ден Бринк хэлж байсан.

Дэлхийн банк ийн мэдэгдсэний маргааш нь буюу өнгөрсөн пүрэв гаригт Монголбанкнаас мөн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал “Бид энэ жил инфляцийг нэг оронтой тоонд барина” хэмээн мэдэгдэв. Монголбанкны зүгээс инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэгт итгэлтэй байгаагаа хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Түүний нэг нь өнгөрсөн онд инфляци 13 хувьтай гарсан үзүүлэлт. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монголбанк төдийгүй Дэлхийн банк ч оны төгсгөлд инфляци 20 хувь давна гэсэн төсөөлөлтэй байсан ч үр дүн нь бараг хоёр дахин бага гарсан. Эндээс үндэслэн Монголбанк инфляци дахин 25 хувьд хүрнэ гэсэн таамаглалд итгэхгүй байгаа бололтой. Харин Дэлхийн банкны хийсэн мэдэглийн тухайд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал “Тэр мэдэгдэл дээр би сэтгэгдэл хэлмээргүй байна. Бид нэлээд уулзсан, ярьсан. Санал нийлэх болоод зөрөх зүйлүүд ч байгаа. Гол нь нийгэмд инфляци 25 хувьд хүрнэ гэж зарлах нь буруу байх. Ноднин жил бид адилхан ийм л зүйл ярьж байсан. Үр дүн нь ямар гарсан гэдгийг өнөөдр бүгд харж байна шүү дээ” гэв.

2010 онд инфляци 13 хувьтай гарсны 5.9 нэгж хувь нь махны үнэ 44 хувиар өссөний үр дүн аж. Тиймээс энэ жил хүнс, тэр дундаа махны үнийн өсөлт дээр цаг тухайд нь Засгийн газраас зохицуулалт хийснээр инфляцийг бага хэмжээнд барих том хөшүүрэг болох аж.

Харин төсвийн алдагдал өндөр байгааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч “Төсвийн алдагдал бараг 10 хувьд хүрсэн байгаа ч ирээдүйд хүчтэй тэлэх эдийн засгаа харах юм бол энэ алдагдал бас ч гэж гайгүй гэдэг эерэг талаас бид харж байна” гэсэн тайлбар өгсөн юм.

Ямар ч байсан ОУВС болоод Дэлхийн банк нь Засгийн газрыг төсвийн алдагдлаа багасгаж, зарим зохицуулалтыг хийхгүй бол энэ жил манай улсад инфляцийн шуурга дэгдэнэ гэж мэдэгдэж байхад Монголын Төв банк инфляцийг “номхотгоно” гэж мэдэгдэж байна.

С.БОЛД