Лондоны Хөрөнгийн Бирж Торонтогийн хөрөнгийн биржтэй нэгдэхээр болжээ. Удирдлага нь Лондон, Торонтод хэвээрээ үлдэх ба гагцхүү уул уурхайн хамгийн том компаниудыг жагсаалтдаа оруулсан хүчирхэг бирж болж байгаа юм.
6700 гаруй компани санхүүжилтээ олдог нэгдсэн биржид 6 триллион доллар эргэлдэх болно гэж биржийн удирдлага мэдээлж байна.
Энэ мэдээний араас Нью Йорк, Германы Хөрөнгийн Биржүүд нэгдэх талаар ярьж эхлэв. Дээрх хоёр бирж нэгдвэл мөн л дэлхийн хамгийн том биржийн нэг болох ба “Лондон Торонто”-гийн нэгдсэн биржийн гол өрсөлдөгч болох юм.
Нью Йорк, Германы Хөрөнгийн Биржүүд нэгдэнэ гэсэн мэдээнээс өмнө Лондоны Хөрөнгийн Биржийн хувьцаа 3,1 болж, эрс өсжээ. Лондоны Хөрөнгийн Бирж бол Лондоны Хөрөнгийн Бирж Группын нэг хэсэг ба хувьцаа эзэмшигчдийн мэдлийн, хувийн өмчит компани юм байна.
Ийнхүү сүүлийн үед тэргүүлэх биржүүд нэгдэх үзэгдэл түгээмэл болж байна.
Нью Йоркийн Хөрөнгийн бирж саяхан төв Европын орнуудын компаниудтай ажилладаг “Евронекст” биржийг худалдаж авсан юм. Энэ үеэр Германы Хөрөнгийн бирж Америкийн International Securities Exchange биржийг худалдан авсан байна.
Лондоны Хөрөнгийн Бирж ч гэсэн хэд хэдэн биржийг эгнээндээ нэгтгэсэн ба цаашид дахин жижиг биржүүдийг худалдаж авах юм. Тэдний халаасанд саяхан Борса Италиана Бирж ороод байна.
Ингэснээр тэд эрчим хүч, байгалийн нөөц болон төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын өргөн жагсаалт бүхий дэлхийн хамгийн том бирж болно.
Торонтогийн Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Томас Клоет Нэгдсэн биржийг тэргүүлэх юм байна.
Асар их туршлагатай мэргэшсэн баг, хөдөлшгүй итгэлтэй удирдлага бүхий “олон улсын группыг” бид байгуулж дэлхийн тавцанд гарцаагүй ялалт байгуулах болно. Мөн Канадын үйлчлүүлэгчид дэлхийн хамгийн баялан хөрөнгийн сангаас ашиг олохын зэрэгцээ Европчууд хойд Америкийн санхүүгийн зах зээл рүү нэвтрэх үүд хаалга нь манай бирж болно гэж ноён Клоет мэдэгдэв.
Мэдээж хамгийн том уул уурхайн компаниуд Лондоны Хөрөнгийн биржээс хөрөнгө босгодог. Торонтогийн биржээс дэлхийн томоохон алтны болон бусад жижиг уурхайн компаниуд санхүүжилтээ олдог байна. Торонтогийн Хөрөнгийн бирж мөн Монтреалийн бирж болон Бостоны Биржийг эзэмшдэг юм.
Дэлхийн хамгийн гол уул уурхайн компаниуд нэг тавцан дээр, нэг шүхрийн доор хөрөнгө эргэлдүүлэх болсон ч, жинхэнэ аварга болж чадахгүй гэж ажиглагчид бичжээ. Энэтхэгийн зах зээлтэй ямар нэг холбоотой болж байж эсвэл Сингапур, магадгүй Хятадын биржүүдтэй холбогдож байж тэд жинхэнэ утгаараа томорч чадах гэнэ.
Б.Халиун