Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙГ АШИГЛАХ ҮЕД ЭКСПОРТЫН 98 ХУВИЙГ АШИГТ МАЛТМАЛ ЭЗЭЛНЭ

Дэлхийн банкны уул уурхайн ахлах эдийн засагч Грэйм Хэнкок Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн клубынхэнтэй уулзав. Уг уулзалтаар Монголын эдийн засгийн хандлага, түүнд уул уурхайн салбарын нөлөөлөл хэр байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн оны статистик мэдээгээр манай улсын экспортын 85, төсвийн орлогын 40 хувийг уул уурхайн салбар шууд хэлбэрээр эзэлжээ. Энэ нь манай улсын эдийн засаг уул уурхайн салбараасаа хараат болсны илрэл гэж ноён Хэнкок хэлэв. Мөн ойрын жилүүдэд Тавантолгой, Оюутолгойг ашиглахад экспортын 98 хүртэл хувийг уул уурхайн салбар эзлэх тооцоо гарч байгаа аж. Ингэвэл ганц уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засаг тогтож, хямралд амархан өртөх магадлал өндөр гэдгийг ч тэрбээр онцолсон. Тиймээс энэ салбараас орж ирж байгаа мөнгийг үйлдвэрлэлийн өөр салбарт зарцуулж, уул уурхайн салбараас хараат байдлыг бага ч болов багасгах талаар ажиллах нь зүйтэй гэдгийг зөвлөж байлаа.

Хэдий өнөөдөр олон улсын зах зээл дээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрс, зэс, алтны үнэ өндөр байгаа ч хэзээ нэгэн цагт унах болно. Түүхий эдийн үнэ үргэлж өндөр байдаггүй, өсч буурч байдгийг анхаарч, бэлтгэлтэй байхыг ч сануулсан. Өнгөрсөн онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг сайшааж, уул уурхайн салбараас орж ирж байгаа мөнгийг хадгалж, хэрэгтэй үед нь хэрэглэж байх бодлогыг баталсан УИХ, Засгийн газрын шийдвэрийг тэрбээр харин дэмжиж байгаа аж. Харин дээрх хуулиа ягштал мөрдөхийг сануулав.

Нөгөөтэйгүүр сүүлийн үед олны анхаарлыг хамгийн их татаж байгаа урт нэртэй хуулийн талаар ч мөн байр сууриа илэрхийлсэн юм. “Анх энэ хуулийг гарч ирэхэд надад ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр ийм муу шийдвэр хэзээ ч хэрэгжихгүй гэж бодогдсон. Товчхондоо бол уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа сайн, муу аль ч компанийг хамтад нь шийтгэсэн хууль болсон” хэмээн ноён Хэнкок хэлэв. Хэрэв хуулийг хэрэгжүүлээд компаниудын лицензийг хураавал тухайн алттай гэж тогтоогдсон газарт нинжа нар хүссэн хүсээгүй орох болно. Мөн компанийн ажилчид ч нэгэнт ажилгүй болсон болохоор мэддэг газраа нинжа хэлбэрээр ажиллах болно. Ингэвэл компаниас хурааж авснаасаа илүү хортой үр дагавар авчирна гэдгийг ч тэрбээр нэмж хэлсэн. Байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулсан газруудыг харж байхад ихэнх нь төрийн өмчит компаниудын ашиглаж байсан газар байдаг юм шүү гэдгийг ч Хэнкок онцолж байв.

С.БОЛД-ЭРДЭНЭ