“JORC” стандартын дагуу, хараат бус геологийн мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн нэмэлт хайгуулын ачаар уурхайн талбай төсөөлж байснаас хавьгүй их нөөц агуулж байгааг тогтоожээ. “Шарын гол” ХК-ийн эзэмшлийн талбай нийт 374 сая тонн нүүрстэйгээс 337.6 сая тонн нь газрын хэвлийн 300 метрийн гүнээс дээш давхаргад оршиж байгаа учраас ил аргаар олборлох боломжтой ажээ.
Хэрвээ цаашид хайгуулын талбайгаа өргөтгөж, томоохон хэмжээний судалгааны ажил хийвэл одоогийн нөөцийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм байна.
“Шарын гол” хувьцаат компани 2010 оны 5-11 дүгээр сарын хооронд уурхайнхаа лицензийн талбайд 17,000 метр урт өрмийн ажил хийжээ. Тус компани нь Австралийн “Triton Coal Pte. Ltd” компанийн /мэргэжлийн төслийн менежментийн үйлчилгээ үзүүлэгч компани/ зөвлөсөн менежментийн дагуу “Micromine” компаниар хөтөлбөрөө удирдуулжээ.
Нүүрсний дээжийн шинжилгээгээр үнслэг бага, хүхрийн агууламж дунд зэргийн, илчлэг өндөр учраас олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөхүйц сайн чанарын бүтээгдэхүүн гаргаж авах боломжтойг баталсан байна.
Нүүрс угаах хөнгөн үйлдвэр байгуулбал олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнслэг болон хүхрийн агууламж бага, чанартай нүүрс үйлдвэрлэж болох гэнэ.
“Шарын гол” ХК нь нийслэл Улаанбаатар хотоос хойш 215 км зайд байрлах Шарын голын уурхайн талбарыг 100 хувь эзэмшигч нүүрс олборлолтын компани юм. Уурхай төмөр замын үндсэн сүлжээнд 65 км замаар холбогдсон ба бусад нүүрс олборлогч компаниудтай харьцуулахад Орос болон БНХАУ руу чиглэсэн Транс-Монголын төмөр замд холбогддогоороо давуу талтай.
Одоогоор сардаа 50,000 тонн орчим нүүрс олборлож, ихэвчлэн дотоодын болон орон нутгийн хэрэгцээг хангаж байна.
Б.ХАЛИУН