Монгол улсын Ерөнхий сайд Австралид хийж буй дөрөв хоногийн айлчлалынхаа сүүлийн өдөр тус улсын Ерөнхий сайд Жулия Гиллардтай уулзаж ярилцсан байна. Хоёр улсын Ерөнхий сайд нар уулзалтын үеэр боловсрол, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, төрийн удирдлагын чиглэлд хамтран ажиллах Гэрээнд гарын үсэг зуржээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Жулия Гиллард Монголд үйл ажиллагаа эрхэлж буй өөрийн улсын уул уурхайн компани, хөрөнгө оруулагчдад туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Австралийн Худалдааны Комиссын /Austrade office/ салбарыг оны сүүлээр Улаанбаатар хотноо байгуулах саналтай байгаагаа мэдэгджээ. Мөн манай улсад усны эрүүл ахуйн чиглэлээр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан 1.5 сая долларын тусламж үзүүлэхээ илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С. Батболд манай улс харилцагч улсыг гуравдагч хөршөө гэж үздэгийг тэмдэглэсэн бөгөөд тус улсын Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан агентлагийнхаа салбарыг Монголд байгуулах асуудлыг найрсгаар хүлээн авах болно гэдгээ мэдэгджээ.
Энэхүү айлчлал нь Монгол-Австралийн дипломат харилцааны дөчин жилийн хугацаанд манай талаас тус улсад хийж буй анхны Ерөнхий сайдаар тэргүүлсэн төлөөлөл бүхий өндөр дээд хэмжээний айлчлал болж буйгаараа онцлог юм. Эдүгээ Монгол улсад Австралийн уул уурхайн гуч гаруй компани үйл ажиллагаа явуулж байна.
Б.ТӨГСӨӨ