Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас гишүүн байгууллагуудынхаа дунд сар бүрийн сүүлийн долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулдаг “Ассоциацийн өдөрлөг” боллоо. Нийгэмд хамгийн их маргаан үүсгээд байгаа Ашигт малтмалын тухай хуультай холбоотой зарим асуудлуудыг хөндөж ярилцсан нь энэ удаагийн өдөрлөгийн нэг онцлог байв.
УИХ-ын хаврын чуулганаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан МУУҮА-ийн зүгээс үзэл баримтлалын шинжтэй хэд хэдэн тодорхой санал нэмэрлэж байгаагаа Гүйцэтгэх захирал Н.Алгаа онцолсон. Уул уурхайн салбарын үйл ажиллагааг хүнд сурталгүй болгох, иргэдийн оролцоог эрх зүйн дагуу тэгш хангах, байгаль орчныг хамгаалахдаа аль болох даатгалын байгууллагуудыг хамруулахын зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудад хяналт тавих үүрэг өгөх зэрэгтэй холбогдсон хуулийн заалтуудыг нэмж тусгахаар болж байгаа аж.
Үүний дараа хуулийн төслийг гишүүн байгууллагууддаа танилцуулж, санал авах юм байна. Нэг үгээр хэлбэл, МУУҮА Ашигт малтмалын тухай хуулийг иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагаар үндсээр нь өөрчлөх бус, уул уурхайн хөгжил, цаг үеийн шаардлагаар тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн заалтыг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурь баримталж байна.
“Ассоциацийн өдөрлөг”-ийн уламжлалт арга хэмжээ нь МУУҮА-д шинээр гишүүн байгууллага элсүүлэх байдаг. Энэ удаад “Чоно Майнинг”, “Эрнст энд Яанг Монголиа Аудит”, “Иммерсив”, “Геолидер” компани өөрсдийн танилцуулгаа хийж, МУУҮА-д албан ёсоор элслээ.
Г.Идэр