Монгол улсын нийгэм, эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлж, улс орны хөгжлийн хурдыг түргэтгэх зорилго бүхий Хөгжлийн банк өнөөдөр үүдээ нээлээ. Тус банкны эдийн засагт оруулах хувь нэмэр, хүлээлт, үүрэг хариуцлага өндөр гэдгийг нээлтийн үеэр Монгол улсын Ерөнхий сайд онцолсон. Хөгжлийн банк нь улс орны хуримтлалыг ашиглан тэргүүлэх ач холбогдолтой салбаруудад Засгийн газрын бодлогын дагуу урт хугацаатай, хүү багатай зээлийг олгож, үндэсний эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох үүрэг хүлээн ажиллана. Улмаар эхний ээлжинд улс орны эдийн засагт чухал ач холбогдол бүхий “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, “Автозам болон эрчим хүчний шугам” гэх дөрвөн төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт “100 мянган айлын орон сууц” төслөөс эхлээд хөгжлийн төлөөх хэд хэдэн ажил багтаж буй юм. Өндөр ач холбогдол, хариуцлага бүхий дээрх дөрвөн төслийг хэрхэн санхүүжүүлэх нь тус банкны нэн эхний том даалгавар гэсэн үг.
Даалгавраа биелүүлэхийн тулд Хөгжлийн банк нийт 800 тэрбум төгрөгийн бонд буюу өрийн бичгийг дотоодод арилжаалах зөвшөөрлийг Засгийн газраас авсан. Энэ нь тав, 10 жилийн хугацаатай тус бүр нь 250 тэрбум, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн өрийн бичиг байх аж. Харин бондыг хэн худалдаж авахаас эхлээд нарийн асуудлыг Сангийн яамтай ярьж тохиролцсоны үндсэн дээр ил тод болгоно гэж Хөгжлийн банкны Монгол талын Тэргүүн дэд захирал Л.Болормаа хэлж байлаа.
Банкны удирдах бүрэлдэхүүний хувьд 50-иас доошгүй хувь нь Монгол улсын иргэн байх тухай холбогдох хуульд тусгасан. Тэгвэл менежтентийн баг найман хүнээс бүрдэх бөгөөд мөн тал хувь нь монгол иргэн байна гэдгийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун мэдэгдсэн.