Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монгол Хятадын тэргүүлэх нүүрс нийлүүлэгч боллоо

Хятад руу нийлүүлж буй коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээрээ Монгол улс Австралийн урд оржээ. Энэ оны эхний найман сарын байдлаар, Хятадын коксжих нүүрсний нийт импортын 43 хувийг Монгол улс хангасан байна. Хятадын коксжих нүүрсний импорт 2011 оны эхний найман сарын хугацаанд 26 .49 сая тоннд хүрчээ. Харин Австрали улс үүний 21 хувийг нийлүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үед уг үзүүлэлт 37 хувь байсантай харьцуулахад нэлээд буурчээ. Хятадын ийнхүү Монголоос коксжих нүүрсээ импортлох сонирхолтой байгааг судлаачид хямд үнэтэй холбон тайлбарлаж байна. Хятад улс зөвхөн Монголоос нүүрс импортолбол жилд 6 тэрбум ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоо ч байдаг аж.

Хятадын коксжих нүүрсний импортын өнгөрсөн жилийн статистик мэдээллээр бол, Австралийн коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 185 ам.доллар байсан бол Монголынх 62 ам.доллар байжээ. Гэхдээ Австралийн нүүрс боловсруулсан байдгаараа манайхаас давуу юм.

Харин энэ жил Австралийн коксжих нүүрс олборлолтын гол хэсэгт хүчтэй үер болсны улмаас уг түүхий эдийн үнэ 330 ам.доллар болтлоо огцом өссөн юм. Одоогоор Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ 240-285 ам.доллар болж буураад буй ч Хятадын хувьд хөрш Монголоос хямд үнэтэй түүхий нүүрс авах нь илүү ашигтай юм. Одоогоор Сэхээ боомтоор дамжуулан урагш нь экспортолж буй коксжих нүүрсийг тонн тутмыг нь 660 юаниар тооцон гаргаж байна.

 

Б.Төгс