Эдүгээ дэлхийд нүүрлээд байгаа санхүү, эдийн засгийн хямралаас болж аж үйлдвэрийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ багасах боллоо. Үүнийг дагаад манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ илт буурсан. Гэвч зэсийн үнэ буурлаа гээд манай тал хөнгөн хуумгай гэрээ хэлэлцээр байгуулж боломгүй мэт. Харин ч нухацтай хэлэлцэж, ашигт малтмалын үнэ өсөхийг бодолцож шийдвэр гаргавал оновчтой болов уу. Дэлхийн эдийн засаг буцаад сэргэнэ шүү дээ. Харин ч хурдан сэргэх төлөвтэй байна. Өмнө нь дэлхийн эдийн засгийн хямралыг хохирол багатай гэтлэн давахад улс орнууд өнөөгийнх шиг олон зуун тэрбум доллараар нь хөрөнгө гаргаж байсан тохиолдол байгаагүй. Саяхан Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны департментын туслах дэд сайд Монголд айлчлах үеэрээ Канад улс уул, уурхайн салбарт хөрөнгө оруулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон. Манайх Канадтай уул уурхайн салбарт харилцан ашигтай байх буюу хоёулаа хожих зарчим дээр тулгуурлан хамтран ажиллах нь зүйтэй.
Эдийн засгийн гуравдагч түншийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
Монгол улсын гадаад бодлогод “гуравдагч хөрш“-ийн тухай ойлголт бий. Хоёр том хөрштэй манай орны хувьд аль нэг орноос хамааралтай болчихгүйн тулд тэнцвэржүүлэх бодлого баримталдаг. Улс орны аюулгүй байдлын үүднээс гуравдагч хөрштэй байх нь ач холбогдолтой хэмээн хөгжингүй бүлэг орныг энэ хүрээнд ойлгож байгаа. Саяхан Канадын Засгийн газраас “Канад улс Монголын гуравдагч хөршүүдийн нэг нь байхыг хүсч байна“ гэж мэдэгдсэн. Энэ нь манай гуравдагч хөршийн тухай ойлголтыг гадаад талдаа ч ойлгож, хүлээн авч байгаагийн нэг илрэл. Товчоор хэлэхэд гуравдагч хөршүүд маань манай эдийн засгийн гуравдагч түнш байхыг дэмжих учиртай.
Эх орныхоо эдийн засгийн талаар, ялангуяа уул уурхайн чиглэлийн мэдээллийг та бүхэн ямар сувгаар авдаг вэ? MMJ сэтгүүлийн ач холбогдлыг хэрхэн үзэж байна вэ?
Энэ талаарх мэдээллийг гол төлөв интернэтээр авдаг. ММJ сэтгүүлийн сүүлийн хоёр дугаарыг үзлээ. Уул уурхайн мэдээллийн чухал эх сурвалж болох ач холбогдолтой гэж үзэж байна. Ажилд тань амжилт хүсье.