Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хөтөлбөр

Засгийн газрын 2009 оны . . . дугаар тогтоолын хавсралт ӨМНӨД ГОВИЙН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2009 оны . . . дугаар тогтоолын хавсралт



Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

1.1. Нийтлэг үндэслэл

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дэвшүүлсэн, өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглан эдийн засгийн салбарын бүтцийг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн чадавх, хуримтлалыг бүрдүүлэх, боловсруулах аж үйлдвэрийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг тэргүүлэх зорилтууд нь хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн  ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг хугацаа алдалгүй авах, алт, зэс, нүүрс, төмөр, уран зэрэг эрдэс, түүхий эд, ашигт малтмал, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, тээвэрлэхэд шаардлагатай дэд бүтцийг барих үүднээс салбар дундын бодлогын уялдаа, зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төвийн бүсийн Өмнөд говьд байрлаж буй Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Нарийн Сухайт, Шивээ Овоо зэрэг стратегийн  ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд /Зураг 1/ онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Стратегийн  ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг 2010-2015 онд эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглаж эхлэхтэй холбогдон эдийн засгийн өсөлт жилд дунджаар 12.5 хувь болон өсч, 2015 онд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 5250 ам.долларт хүрч 2009 оны түвшингээс 2.7 дахин нэмэгдэхээр /1, 3 дугаар хавсралт/ байна.

Эдийн засгийн бүтцийг авч үзэхэд, 2015 он гэхэд ДНБ-д эзлэх хөдөө аж ахуйн салбарын хэмжээ 13.2 хувь, аж үйлдвэрийн салбарын хэмжээ 49.8 хувь, үйлчилгээний салбарын хэмжээ 37.0 хувьтай болохоор байна. Ингэснээр Манай улсын эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч аж үйлдвэр, үйлчилгээний салбар давамгайлсан эдийн засгийн бүтэц рүү шилжих алхам бүрэлдэж эхлэнэ. Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 2009 онд дөнгөж 5 хувьтай байгаа бол 2015 онд 2.2 дахин нэмэгдэж 11.1 хувьд хүрэхээр байна.

Өмнөд говийн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг, байршил, дэд бүтцээр хангах онцлогийг нь харгалзан гурван хэсэгт хуваан үзэж болно /1 дүгээр хавсралт/. Үүнд:
 
Баруун хэсэгт: Нарийн Сухайт, Овоот толгойн нүүрсний орд;
Төвийн хэсэгт: Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Оюутолгойн зэс-алтны орд;
Зүүн хэсэгт: Цагаансуваргын зэс молебдений орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд байрлаж байна.

Эдгээр стратегийн ач холбогдол бүхий ордууд болон өмнөд говийн бусад ашигт малтмалын ордуудыг түшиглэн дараах  уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж байна. Үүнд:  

Баруун хэсэгт Нарийн Сухайтын нүүрсний бүлэг ордыг түшиглэн уул уурхай-кокс хими-эрчим хүчний цогцолбор;

Төвийн хэсэгт Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн уул уурхай-кокс хими-эрчим хүчний цогцолбор, Оюутолгойн зэс-алтны ордуудыг түшиглэн зэс баяжуулах- хайлуулах үйлдвэр, Тарагтын гөлтгөнийг ашиглан барилгын материалын үйлдвэр,

Зүүн хэсэгт Цагаансуваргын зэс молебдений орд болон түүний ойр орших бусад ордыг түшиглэн уул уурхайн баяжуулах үйлдвэр, Чойр, Сайншандын бүсэд эрчим хүчний цогцолбор, газрын тос боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр, Хавиргын улааны орд,   Билүүтийн шохойн чулууны орд, Түшлэгийн базальт чулууны ордуудыг түшиглэн барилгын материалын үйлдвэр барих зэрэг болно.
Өмнөд говийн ашигт малтмалыг олборлох, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэхийн  тулд ажиллах хүчин суурьших хот сууринг байгуулах, хүн ам, үйлдвэрлэлийн   хэрэгцээний усны судалгаа хийх, нөөцийг илрүүлэх, цахилгаан, эрчим хүчээр хангах, уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх тээврийн сүлжээ байгуулах зэрэг инженерийн суурь дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээ /2 дугаар хавсралт/, шаардлага зайлшгүй тулгарч байна.
Мөн томоохон уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээс өмнө тэдгээрийн байгаль орчинд болон нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах арга замыг тодорхойлсон байх шаардлагатай байгаа зэрэг нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

1.2. Хууль эрх зүйн үндэслэл

1.2.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын холбогдох заалтууд үндэслэл болно.

1.2.2 Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглан эдийн засгийн салбарын бүтцийг сайжруулж мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн чадавх, хуримтлалыг бүрдүүлнэ, боловсруулах аж үйлдвэрийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэсэн тэргүүлэх зорилтуудыг тусгасан.

1.2.3 УИХ-ын, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай 2007 оны 02-р сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоол;

1.2.4. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Стратегийн болон томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгойн нүүрсний, Оюутолгойн зэс, алтны, Цагаансуваргын зэс-молибдений ордуудыг ашиглаж эхэлнэ”, “Стратегийн ач холбогдол бүхий ордуудын цахилгаан хангамж, авто зам, төмөр замын асуудлыг шийдвэрлэнэ. Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, Багануур-Чойр, Чойр-Мандалговийн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2 хэлхээтэй болгоно”, “Говийг /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр/ хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс-алт, Цагаансуваргын зэсийн ордод түшиглэн уул уурхай-металлурги-эрчим хүчний цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн.

1.2.5. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудыг түшиглэн 10-20,0 мянган хүн амтай хотыг шинээр байгуулах иж бүрэн зураг төслийг боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ” гэсэн арга хэмжээг тусгасан.

1.2.6. Монгол Улсын өмнөд бүсийн ашигт малтмалын томоохон орд газруудад шаардагдах дэд бүтцийн хөгжлийн стратегийг тодорхойлох тухай Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дүгээр тогтоол  зэрэг нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

1.3. Нэр томъёоны тодорхойлолт

1.3.1 Хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
-“өмнөд говь” гэж Төвийн бүсийн өмнөд хэсгийн говийн дөрвөн аймгийг /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/ хамарсан нутаг дэвсгэрийг;

-“суурь дэд бүтэц” гэж хөтөлбөр хэрэгжиж буй нийт нутаг дэвсгэрийг хамарсан, улсын  чанартай, цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах гол шугам сүлжээ, төмөр зам, авто зам, нисэх буудал, усны эх үүсвэр, дамжуулах гол шугам сүлжээг;

-“уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц” гэж, тухайн үйлдвэрүүдийн зам, тээвэр, цахилгаан, дулаан, холбоо, цэвэр ус, ариутгах татуургын эх үүсвэр, шугам сүлжээг;

-“хот, суурины инженерийн дэд бүтэц” гэж, тухайн хот, суурины зам, тээвэр, цахилгаан, дулаан, холбоо, цэвэр ус, ариутгах татуургын эх үүсвэр, шугам сүлжээг;

-“хот, суурины нийгмийн суурь үйлчилгээ” гэж, хүн амын эрүүл мэнд, боловсрол, хүнс, орон сууцны хангамж, соёл ахуйн зэрэг үйлчилгээг;

-“хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэж, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг;

-“хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, хороолол, цогцолборын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг;
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хамрах хүрээ,
           хэрэгжүүлэх хугацаа, зарчим

2.1. Хөтөлбөрийн зорилго нь Өмнөд говийн суурь дэд бүтэц, уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн дэд бүтэц, тэдгээрийг түшиглэн  хөгжих хот, суурины инженерийн дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгоход оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тодорхойлж байна.

2.2.1.Зорилт 1: Өмнөд говийн суурь дэд бүтцийг байгуулах.

2.2.2.Зорилт 2: Өмнөд говийн уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийн дэд бүтцийг байгуулах.

2.2.3.Зорилт 3: Хот, суурины инженерийн дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг хөгжүүлэх

2.3. Хөтөлбөрийн хүрээнд, Төвийн бүсийн өмнөд хэсгийн говийн дөрвөн аймгийн /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/ нутаг дэвсгэр хамрагдана.

2.4. Хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилтуудыг 2010-2015 онд хэрэгжүүлнэ.

2.5. Хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ дараах  зарчмыг баримтална:
2.5.1    Үндэсний аюулгүй байдалд харшлахгүй, олон нийтийн эрх ашигт нийцсэн байх;
2.5.2    Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
2.5.3    Эдийн засгийн өсөлтийг хангах;
2.5.4    Төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг дэмжих;
2.5.5    Тухайн салбарын шилдэг техник, технологи, олон улсын дэвшилтэт стандартуудын дагуу  чанартай барьж байгуулах;

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Өмнөд говийн суурь дэд бүтцийг байгуулах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.1.1. Цахилгаан, эрчим хүчээр хангахын тулд  дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ /2 дугаар хавсралт/:

3.1.1.1    Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 22ОкВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих;

3.1.1.2     Ухаахудагийн нүүрсний ордыг түшиглэн 12 мВт-ын жижиг цахилгаан станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих;

3.1.1.3    Тавантолгойн нүүрсний бүлэг орд орчимд 400 мВт-аас доошгүй хүчин чадалтай цахилгаан станцыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар   барих;

3.1.1.4     Шивээ-Овоогийн цахилгаан станцаас 300мВт орчим цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын дотоодын хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх.

3.1.2. Зам, тээврийн суурь дэд бүтцээр хангахын тулд дараах  арга хэмжээг хэрэгжүүлнэ /2 дугаар хавсралт/:
3.1.2.1    Тавантолгой-Цагаансуварга-Сайншанд чиглэлийн төмөр замын суурь бүтцийг  барих;

3.1.2.2    Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээ Хүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих;

3.1.2.3    Оюутолгой-Гашуунсухайт-Улсын хил чиглэлийн 105 км хатуу хучилттай авто замыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барих;  

3.1.2.4    Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 56 км хатуу хучилттай авто замыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барих;

3.1.2.5    Улсын чанартай Улаанбаатар-Мандалговь-Цогтцэций чиглэлийн 249 км, Даланзадгад-Цогтцэций-Оюутолгой-Гашуун сухайт-Улсын хил чиглэлийн 338 км хатуу хучилттай авто зам барих.

3.1.3. Үйлдвэрлэлийн болон ундны усны хэрэгцээг хангахын тулд  дараах  арга хэмжээг хэрэгжүүлнэ /2 дугаар хавсралт/:

3.1.3.1    Өмнөд говийн бүсэд хэрэгжих уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийн усны хэрэглээг нарийвчлан тодорхойлж, одоогийн байдлаар илэрсэн усны ордын нөөцөөр хангах нөхцөлийг судлах, шаардлагатай тохиолдолд усны ордын нэмэлт хайгуул хийх;

3.1.3.2    Газрын доорх  усны ордын нөөцийг ашиглах тооцоог нарийвчлан боловсруулж шийдвэрлэсний дараа тухайн нөөцийг ашиглахад шаардлагатай инженерийн шугам сүлжээг байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй технологийн дагуу барих, усыг цэвэрлэх, дахин ашиглах норм стандартыг боловсронгуй болгох;

3.1.3.3    Усны хэрэгцээг газрын доорх  болон гадаргын усаар,  хосолмол аргаар хангах бодлого  барьж ирээдүйд өсөн нэмэгдэх усны хэрэгцээг “Орхон-Говь” болон “Хэрлэн-Говь” төслүүдийг хэрэгжүүлж хангах хувилбар боловсруулж шийдвэрлэх зэрэг болно.

3.1.4. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд дараах  арга хэмжээг хэрэгжүүлнэ /2 дугаар хавсралт/:

3.1.4.1    Өмнөд говийн “Байгаль орчны стратегийн ерөнхий үнэлгээ”-г хийсний дараа дэд бүтцийн төсөл тус бүрээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж, хэрэгжүүлэх;

3.1.4.2    Хатуу хучилттай авто замаар ачаа тээвэрлэх горимд яаралтай шилжүүлэх, /хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа хатуу хучилттай автозамыг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлгүй, хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих шаардлагыг хангасан стандарт, технологийн дагуу бариулах шаардлагатай байна/;

3.1.4.3    Төмөр зам, авто замын суурь бүтэц барих төслүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд ан амьтдын гарцыг төлөвлөх арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх;

3.1.4.4    Уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн төслүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд, их хэмжээний газрын доорх  усны нөөц ашигласнаар усны хомсдолд орхоос сэргийлэх, усны мониторингийн тогтолцоо бий болгох;

3.1.4.5    Эрчим хүч хэмнэх, байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи ашиглах замаар цаг уурын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулах;

3.1.4.6    Бичил уурхайн үйл ажиллагаанаас үүсч буй сөрөг нөлөөллүүдийг бууруулах арга хэмжээ авах;

3.1.4.7    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах  төлөвлөгөөний хэрэгжилтэд төрийн бус байгууллага, аймаг, сумын төр захиргааны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, чадавхийг бэхжүүлэх зэрэг болно.

3.2. Өмнөд говийн уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийн дэд бүтцийг байгуулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.1 Уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийг /4 дүгээр хавсралт/ цахилгаан, эрчим хүчээр хангахын тулд дараах  арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.1.1    Баруун хэсгийн, Нарийнсухайтын уул уурхай-кокс хими-эрчим хүчний цогцолборыг эрчим хүчний бие даасан эх үүсвэрээр хангаж цаашид төвийн эрчим хүчний системтэй холбох асуудлыг шийдвэрлэх;
3.2.1.2    Төвийн хэсгийн, Тавантолгойн уул уурхай-кокс хими-эрчим хүчний цогцолбор, Оюутолгойн зэс хайлуулах үйлдвэрүүдийг Тавантолгойн цахилгаан станцаас хангах, Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 22ОкВ-ын цахилгаан дамжуулах шугамаар дамжуулан төвийн эрчим хүчний системээс хангах асуудлыг цогцоор шийдвэрлэх;

3.2.1.3    Зүүн хэсгийн, Цагаансуваргын уул уурхайн баяжуулах үйлдвэр, Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэрийг Шивээ-Овоогийн цахилгаан станцаас эрчим хүчээр хангах;

3.2.1.4    Орон нутагт баригдах барилгын материалын үйлдвэрүүдийг, Тавантолгойн цахилгаан станц, Шивээ-Овоогийн цахилгаан станц, төвийн эрчим хүчний системээс хангах асуудлыг тухайн төслийн ТЭЗҮ-ийг үндэслэн шийдвэрлэх;

3.2.2 Уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийг /4 дүгээр хавсралт/ зам, тээврээр хангахын тулд дараах  арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.2.1    Тавантолгойн уул уурхай-кокс хими-эрчим хүчний цогцолбор, Цагаансуваргын уул уурхайн баяжуулах үйлдвэр, Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэрийг өмнөд говийн төмөр замын суурь бүтэц, авто замын улсын болон орон нутгийн сүлжээгээр дамжуулан улсын төмөр замын болон авто замын үндсэн сүлжээтэй холбох;

3.2.3 Уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийг /4 дүгээр хавсралт/ усан хангамж, ариутгах татуургын эх үүсвэр, шугам сүлжээгээр хангахын  тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.3.1    Баруун хэсгийн Нарийнсухайтын орд орчмын үйлдвэрлэлийн болон ундны усны хэрэгцээг хангахын тулд Баруун гол-Нарийн уулын газрын доорх  усны ордын нөөцийг ашиглах тооцоог нарийвчлан боловсруулж шийдвэрлэх;

3.2.3.2    Төвийн хэсгийн Тавантолгой, Оюутолгойн орд орчмын үйлдвэрлэлийн болон ундны усны хэрэгцээг хангахын тулд Балгасын улаан нуур, Наймантын хөндий, Гүний хоолой, Галбын говь, Зайрмагтай, Гурамсангийн хоолой, Таван-Алдын говийн газрын доорх  усны ордын нөөцийг ашиглах тооцоог нарийвчлан боловсруулж  шийдвэрлэх;

3.2.3.3    Зүүн хэсгийн Цагаан суваргын орд орчмын үйлдвэрлэлийн болон ундны усны хэрэгцээг хангахын тулд Цагаан цав, Нарангийн хөндийн газрын доорх  усны ордын нөөцийг ашиглах тооцоог нарийвчлан боловсруулж шийдвэрлэх;

3.2.3.4    Сайншанд, Чойрын боловсруулах аж үйлдвэрийн цогцолборуудын усны хэрэгцээг хангахын тулд Зээгийн хөтөл, Тэрэгтийн хөндий, Бор хөөвөр, Долоодын говийн газрын доорх  усны ордын нөөцийг ашиглах тооцоог нарийвчлан боловсруулж шийдвэрлэх;

3.2.4.Өмнөд говийн уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийг мэдээлэл, холбооны, өргөн зурвасын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбоно.

3.3. Хот, суурины инженерийн дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах  арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.3.1. Шинээр барьж байгуулах болон дахин төлөвлөлт хийж хөгжүүлэх хот, суурины байршил хүчин чадлыг тодорхойлж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах /2 дугаар хавсралт/:

3.3.1.1    “Өмнөд говийн бүсийн хот байгуулалтын хөгжлийн стратеги”-ийг боловсруулах;

3.3.1.2    Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга, Нарийн сухайт зэрэг томоохон ашигт малтмалын орд орчмын  уул уурхайн үйлдвэрийг түшиглэн хөгжих хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах;

3.3.1.3    Өмнөд говийн боловсруулах аж үйлдвэрийн цогцолборуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах;

3.3.1.4    Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах болон бүтээн байгуулалтын ажил эхлэх шатанд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

3.3.1.5    Өмнөд говийн бүсэд хэт сууршил үүсэхээс сэргийлэх, олборлох үйлдвэрлэлээс хараат байх түвшинг бууруулах  арга хэмжээг тооцоолж, хот, суурины төлөвлөлтөд тусгах;

3.3.1.6    Улсын хэмжээнд хийгдэж буй өндрийн сүлжээний хэмжилтэд өмнөд говийн нутаг дэвсгэрийг тэргүүн ээлжинд хамруулах;

3.3.1.7    Улсын хэмжээнд хийгдэж буй 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалд өмнөд говийн нутаг дэвсгэрийг тэргүүн ээлжинд хамруулах;

3.3.1.8    Газрын мониторингийн сүлжээнд өмнөд говийн нутаг дэвсгэрийг тэргүүн ээлжинд хамруулах зэрэг болно.

3.3.2. Хот, суурины инженерийн дэд бүтцийг /нийтийн тээвэр, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, үерийн далан суваг/ хөгжүүлэх:

3.3.2.1    Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Нарийнсухайт зэрэг томоохон ашигт малтмалын орд орчмын  уул уурхайн үйлдвэрийг түшиглэн хөгжих хот, суурин болон  боловсруулах аж үйлдвэрийн цогцолборуудын инженерийн дэд бүтцийг цогц байдлаар төлөвлөж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар   барих;

3.3.2.2    Уул уурхайн хотхоны инженерийн дэд бүтцийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар   барих;

3.3.2.3    Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдах орон сууцны тодорхой хэсгийг өмнөд говийн хот, суурин газарт барих, шаардлагатай инженерийн дэд бүтцийг /орон сууцны хороолол, цогцолборын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэр/  байгуулах;

3.3.2.4    Өмнөд говийн хот, сууринг мэдээлэл, холбооны, өргөн зурвасын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох;

3.3.2.5    Орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, өмнөд говийн хот, суурин, инженерийн дэд бүтцийн барилгын материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, тээврийн зардлыг багасгаж, барилга байгууламжийн  өртгийг  бууруулах арга хэмжээ авах зэрэг болно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу эрүүл хот, суурин байгуулахын тулд инженерийн дэд бүтцийг барихдаа экологид ээлтэй, тухайн салбарын шилдэг техник, технологи, олон улсын дэвшилтэт стандартуудын дагуу  барьж байгуулах шаардлагатай байна.
3.3.3. Өмнөд говийн Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтуудыг хөгжүүлэхийн тулд дараах  арга хэмжээг хэрэгжүүлнэ /2 дугаар хавсралт/:
3.3.3.1    Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг 24 цагийн ажиллагаатай, олон улсын боомт болгох;
3.3.3.2    Хилийн боомтуудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;
3.3.3.3    Хилийн боомтуудын инженерийн дэд бүтцийг /зам тээвэр, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ/ өмнөд говийн суурь дэд бүтэцтэй холбох болон бие даасан байдлаар төлөвлөж, цогц байдлаар  хөгжүүлэх;
3.3.3.4    Хилийн боомтын ажиллагсадыг орон сууц, эмнэлэг зэрэг нийгмийн суурь үйлчилгээгээр хангаж, эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх;
3.3.3.5    Хилийн боомтын дэргэд иргэдэд үйлчлэх буудал, зоогийн газар, дэлгүүр, ариун цэврийн байгууламж бүхий боомтын дэргэдэх суурьшлын бүс буюу хотхоны байршлыг 2-5 км-т байхаар бодож, тэдгээрийн инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээг нэгдсэн системээр шийдэх;
3.3.3.6    Хилийн боомтуудын байгаль орчны үнэлгээ хийх, тусгай хамгаалалттай газраас тодорхой хэмжээний газрыг хот байгуулалтын шаардлагаар чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлэх зэрэг болно;
3.3.3.7    Хилийн боомтын зорчигч тээврийн авто зам, нүүрсний экспортын зам, төмөр замын хяналт шалгалтыг тус, тусад нь, шуурхай зохион байгуулах, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх;
3.3.3.8    Экспортод гаргаж байгаа нүүрсийг чанараар нь ангилан ялгах, тээвэрлэх үйл ажиллагаанд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орчин үеийн технологи нэвтрүүлэх ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх.     
3.3.4. Хот, суурины нийгмийн суурь үйлчилгээг хөгжүүлэх /2 дугаар хавсралт/:

3.3.4.1    Хот, суурины эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хангамж зэрэг нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах, хамрах хүрээг өргөжүүлэх;
3.3.4.2    Даланзадгад, Чойр, Сайншанд зэрэг орон нутгийн томоохон хотуудад ажиллаж байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх;
3.3.4.3     Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хүн амын бүхий л давхаргыг хөгжлийн үр шимийг хүртэгч байлгах  бодлого барих, орон нутгийн аж ахуй эрхлэгчдэд уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар орлого олох бололцоог бүрдүүлэх;
3.3.4.4    Уул уурхайн компаниудын оролцоотой, ажлын байран дээрх болон чадамжид суурилсан сургалтаар мэргэжилтэй ажилчид бэлтгэх, уул уурхайн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг дахин сургах, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
3.3.4.5    Уул уурхайн үйлдвэрлэлээс хамааран оршин суугаа газраасаа нүүх малчдад амьжиргааны чанар, түвшингээ алдахгүй байх нөхцөлийг /нөхөн олговор олгох г.м/ бүрдүүлэх;
3.3.4.6    Шинээр нүүдэллэн ирсэн иргэд орон нутгийн иргэний бүртгэлд хамрагдан нийгмийн суурь үйлчилгээ хүртэх нөхцөлийг хангах;
3.3.4.7    Гадаадын ажилчид, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах;
3.3.4.8    Амьжиргааны үнийн гэнэтийн  өсөлтийг даван туулах арга замыг тооцоолох /Уул уурхайн салбарт ажиллагсдын хувьд эдгээр өсөлт харьцангуй бага мэдрэгдэх боловч орлого нь төдий л нэмэгдээгүй орон нутгийн ард иргэд, шинээр нүүж ирсэн иргэд, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг хөгшид, тахир дутуу иргэд, төсвийн цалинтай орон нутгийн төрийн албан хаагчид илүү их өртөнө/;
3.3.4.9    Хүн амд нийгмийн үйлчилгээг  хүргэхэд төр, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг дэмжих зэрэг болно.
Нийгмийн суурь үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, чанар хүртээмжийг сайжруулах замаар төр, хувийн хэвшлийн түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллана.      

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохицуулах” үүрэг бүхий Ажлын хэсэг хариуцан ажиллана. Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд ахлах бөгөөд орлогч даргаар нь Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, бүрэлдэхүүнд нь Сангийн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Эрдэс баялаг, эрчим хүч, Гадаад харилцаа, Нийгэм, хамгаалал, хөдөлмөр, Эрүүл мэнд,  боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нар байна.

4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт, шинжилгээ хийх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хянаж сайжруулах, баталгаажуулахыг Ажлын хэсэг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо хариуцан ажиллана.
4.3. Олон нийтэд хөтөлбөрийн ач холбогдлыг сурталчлах, санал солилцох уулзалт, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн зохион байгуулах ажлыг, Ажлын хэсэг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн ЗДТГ, төслийн нэгжүүд хамтран зохион байгуулна.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийн санхүүжилт дараах  эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1.1.    Улсын болон орон нутгийн төсөв;
5.1.2.    Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгө оруулалт;
5.1.3.    Банкны зээл;
5.1.4.    Гадаад орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл;
5.1.5.    Гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж,
5.1.6.    Хөрөнгийн бирж дээр босгосон хөрөнгө;
5.1.7.    Бусад.
Өмнөд говийн бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 4.4 их наяд орчим төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тойм тооцоо байгаа бөгөөд, хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байна /Хүснэгт 2/.

Хүснэгт 2. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын урьдчилсан тойм тооцоо  /2015 он хүртэл/


Дэд бүтцийн нэр төрөл            сая.төгрөг
Цахилгаан, эрчим хүч                796 800,0
Цахилгаан станц                650 800,0
Цахилгаан дамжуулах агаарын шугам,
дэд станц                    146 000,0
Зам тээвэр                    2 533 920.0
Төмөр зам                    2 232 950.0
Авто зам                    300 970.0
Усан хангамж                 494 200,0
Гидрогеологийн хайгуулын судалгаа        4 200,0
Шугам хоолой                 490 000,0
Хот байгуулалт, нийгмийн дэд бүтэц        525 800,0
Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө         10 000,0
Хот, тосгоны инженерийн дэд бүтэц,
эх үүсвэр, шугам сүлжээ            170 000,0
Орон сууц                     120 000,0
Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж     80 000,0
Барилгын материалын үйлдвэрүүдийн
инженерийн дэд бүтэц                20 000,0
Хилийн боомтуудын инженерийн дэд бүтэц        95 800,0
Их, дээд сургуулийн салбар, мэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн
инженерийн дэд бүтэц                30 000,0

НИЙТ                    4 350 720.0

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт

6.1. Хөтөлбөрийн үр дүн:
6.1.1    Өмнөд говьд уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах аж үйлдвэр, хот, суурин хөгжих үндсэн нөхцөл болох инженерийн суурь дэд бүтэц /цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр замын суурь бүтэц, хатуу хучилттай авто  зам, усан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ/ баригдсан байна;
6.1.2    Эдийн засгийн өсөлтийн хурдац нэмэгдэн, төсвийн орлогын хэмжээ өсч, үүнтэй уялдан нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өссөн байна;
6.1.3    Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэл баримтлан, эрдэс түүхий эдийн экспортын эзлэх хувийн жинг аажмаар багасгаснаар экспортын бүтцэд чанарын өөрчлөлт гарч, гадаад худалдааны тэнцэл сайжирсан байна;
6.1.4    Дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн импортын хэмжээ нэмэгдсэн байна;
6.1.5    Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар нэмэгдсэн байна;
6.1.6    Ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн хувь тодорхой хэмжээгээр буурсан байна.

6.1.7    Өмнөд говийн байгаль орчин, хүн амд, үйлдвэржилт, хотжилтоос  үзүүлэх сөрөг нөлөөлөл багассан байна;

6.2. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт:

6.2.1    Өмнөд говийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа цахилгаан станц, дэд станц, цахилгаан дамжуулах сүлжээний хүчин чадлын ашиглалт, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хүртээмж;
6.2.2    Шинээр баригдсан өргөн төмөр зам, нарийн төмөр замын суурь бүтцийн хэмжээ;
6.2.3    Шинээр баригдсан хатуу хучилттай авто замын хэмжээ;
6.2.4    Усан хангамжийн эх үүсвэр, нөөцийн төрөл, тоо, хэмжээ;
6.2.5    Хот, суурины шинээр баригдсан инженерийн дэд бүтцийн /нийтийн тээвэр, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, үерийн далан суваг гм/ төрөл, тоо, хэмжээ;
6.2.6    Шинээр баригдсан орон сууцны тоо;
6.2.7    Шинээр бий болсон нийгмийн үйлчилгээний төрөл, тоо, хэмжээ;
6.2.8    Өмнөд говийн дэд бүтцийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн тоо, тэдгээрт ажиллаж байгаа ажиллах хүчний тоо;
6.2.9    Шинээр бий болсон ажлын байрны тоо, мэргэжил дээшлүүлсэн болон урт, богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэжил эзэмшсэн хүний тоо;
6.2.10    Агаар, хөрс, усны бохирдлын хэмжээ буурсан үзүүлэлт;
6.2.11    Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, эдийн засгийн өсөлтийн хурдац, төсвийн орлогын хэмжээ, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ,  экспорт, импортын хэмжээ бүтэц, гадаад худалдааны тэнцэл зэрэг болно.

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО