Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Америкийн занар өрөмдөгчид чуулна

АНУ-д өрөмдлөгийн шинэ технологи хэрэгжүүлж эхэлснээр шатдаг занарын хайгуул эрчимжиж, томоохон бизнес эрхлэгчид занарын ордуудыг ихээр худалдан авч байна. Шатдаг занараас маш их хэмжээний хий авах боломжтой нь нотлогдсоноор мартагдах шахсан нефтийн хуучин уурхайнууд бараг “шүтээн” болсон. Гэвч өрөмдлөгийн шинэ технологийг хэрэгжүүлэхэд багагүй саад тулгараад байгаа аж.

Америкийн шатдаг занарын томоохон ордууд далайгаас хол, эх газрын гүнд байдаг учраас дэд бүтцийн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байгаагийн дээр нутгийн иргэд байгаль орчинд өрөмдлөг сөргөөр нөлөөлж байна хэмээн эсэргүүцсэн учир өрөмдлөгийн ажил бараг зогссон байна. Тиймээс АНУ-ын “Занарын өрөмдлөгийн холбоо”-ны гишүүд энэ сарын 10, 11-нд Пенсильвани мужийн Питтсбург хотод цуглаж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэхээр болжээ. 

“Өрөмдлөгийн шинэ технологи өртөг өндөртэй, байгаль орчинд хортой гэх мэт асуудал ихтэй ч тулгамдсан асуудлуудыг тухай бүрт шийдээд явах хэрэгтэй. Занараас нефть, хий гаргаж авах технологийг яасан ч орхиж болохгүй гэж Засгийн газраас тушаал өгсөн” хэмээн National Review сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарт бичсэн нь оргүй зүйл биш гэдгийг “Занарын өрөмдлөгийн холбоо”-ны хурал нотолж байна.

Шатдаг занараас хий болон нефть гаргаж авсанаар АНУ дотоодын хэрэгцээгээ хангаж, эрчим хүчний хараат байдлаас гарна хэмээн үзэж буй. Босоо ба хөндлөн өрөмдлөгийн хослол “fracking” технологийг дэлхийн олон улсууд эрчимтэй судалж байна. Шатдаг занар “моодонд” ороод байгаа энэ үед Монголд ямар боломж байгаа талаар ММJ сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаараас уншаарай. 

О.Хосцэцэг