Сүүлийн
үед шатдаг занараас нефть, хий гаргаж авах нэлээд ярих боллоо. Ирээдүйн
түлш гэж нэрлээд байгаа занарын нөөц, ашиглах технологийн талаар
Монголын химийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, академич, доктор, профессор
Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
Монголд шатдаг занарын судалгаа хэр хийгдсэн бэ? Шатдаг
занар гэдэг нь 10-50 хувийн байгалийн органик бодис агуулсан хурдас
чулуулаг юм. Амьтан ургамлын үлдэгдэл газрын хэвлийд хуримтлагдаж,
хувиралд орсны үндсэн дээр үүссэн байгалийн түүхий эд гэж ойлгож болно.
Манай орны говь, тал хээр гээд бүх л газарс нутагт шатдаг занар түгээмэл
бий. Нийт нөөцийг нарийн тогтоосон судалгаа одоогоор байхгүй байна.
Манай Нүүрсний хими технологийн лабораторид одоогоос 15 жилийн өмнөөс
Монгол орны зарим нэг занарын орд газарт химийн найрлага шинж чанарыг
судалсан. Эстони улсын “Oil Shale” хэмээх занарын мэргэжлийн томоохон
сэтгүүлд манай улсын шатдаг занарын найрлага бүтцийн талаар нийтлэл
хэвлүүлж байлаа. Мөн шатдаг занараас халууны задралын аргаар нефтьтэй
төстэй шингэн бүтээгдэхүүн гаргаж авах судалгааны ажлуудыг хийж байсан.
Энэ судалгааны дүнд Дундговийн Баянжаргалан сумын Хөөт, Ээдэмтийн ордууд
органик бодисын агууламж өндөртэйг тогтоосон. Хөөтийн орд газарт МАК
компани уурхайн ам нээн ажиллаж байгаа. Хөөтөд хүрэн нүүрсний орд бас
бий. Манайхан Хөөтийн ордын нүүрсийг нь авч ашиглахын тулд занараас
бүтсэн хөрсийг хуулж авдаг. Шатдаг занарыг боловсруулах, нефть
бүтээгдэхүүн гаргаж авах талаар МАК компани судалж, хөөцөлдөж байгаа юм
билээ.
Занар бусад шатах ашигт малтмалаас юугаараа ялгаатай, онцлогтой вэ?Занарт
органик бодис агуулагддаг гэж дээр хэлсэн. Занарыг нүүрстэй
харьцуулахад боловсруулахад амар. Занарын хурдаст байгаа органик массыг
халууны аргаар задалж нефтьтэй төстэй шингэн бүтээгдэхүүн гаргаж авахад
хялбар байдаг. Нүүрс маш өндөр температурт задардаг бол занарын органик
бодис харьцангуй хурдан задардаг онцлогтой.
Шатдаг занарыг боловсруулах ямар ямар технологи байдаг вэ?Шатдаг
занарыг агааргүй орчинд хуурай нэрлэгийн аргаар нэрж, нефтьтэй төстэй
шингэн бүтээгдэхүүн, хий гаргаж авах боломжтой. Нэрж гаргасан шингэн
бүтээгдэхүүнээсээ шатах тослох материал, химийн бүтээгдэхүүн гаргаж
болно. Эстонийн занар боловсруулах үйлдвэр, Хятадын Фүшиний үйлдвэр гэж
байдаг. Занарыг боловсруулдаг янз бүрийн арга бий. Түгээмэл хэрэглэдэг
аргыг тайлбарлавал уурхай нээгээд олборлосон занараа халууны задралд
оруулдаг реакторт нэрж, шингэн болон хийн бүтээгдэхүүн гаргаж авах
боломжтой. Нэрээд үлдсэн эрдэс хэсгийг цемент, шохой, тоосго үйлдвэрлэх
болон зам барилгын ажилд хэрэглэж болдог. Ер нь занараас хаях зүйл
байдаггүй.
Дэлхийн нефтийн нөөц жил ирэх тусам багасч байгаатай
холбоотойгоор нефтийн үнэ өссөөр байна. 2008-2009 онд нэг баррель
нефтийн үнэ 150 доллар хүрлээ. Нефтийн нөөц багасаад үнэ нь өсөөд
ирэхээр дэлхий нийтээр ямар альтернативын нефть бүтээгдэхүүн гаргаж авах
арга зам байна вэ гэдэгт маш их анхаарч эхэллээ. Жишээ нь: Нүүрсийг
шингэрүүлж шатахуун гаргаж авах арга байна. Түүний нэг чиглэл нь занарыг
ашиглах юм. Сүүлийн үед хэрэглэж байгаа үр ашигтай арга бол занарыг
газрын гүнд нь өрөмдөж нефть хийг гаргаж авах арга байна. Газрын гүнд
халууны задралаар нефть хийг халаагаад нефть олборлохтой төстэй соруулж
авдаг арга юм. Энэ аргыг Америк, Канад, Бразилд хэрэглэж эхлээд илүү
боловсронгуй болгох тал дээр анхаарч байна. Ялангуяа АНУ-ын Техас мужид
байдаг маш том занарын орд газарт хэвтээ өрөмдлөг хийж, газрын хэвлийд
хийжүүлэх, сорж авах аргыг нэлээд эрчимтэй хэрэгжүүлж байна.
Зөвхөн
Америкаар зогсохгүй Герман, Франц, Ойрхи Дорнодын орнууд занарыг ихээр
сонирхож эхэлсэн. Хуучин социалист орнуудын нэг Эстони улсад 1920-иод
оноос занар боловсруулах үйлдвэр байгуулагдаад өнөөг хүртэл ажиллаж
байна.
АНУ-д нефть хий гаргаж авч байгаа шатдаг занарын бүтэц, найрлага Монголын шатдаг занараас ялгаатай юу?АНУ-ын
Техас мужид байдаг шатдаг занар бүтэц найрлагын хувьд манай орны
занартай нэлээд төстэй. Учир нь хоёулаа эх газрын үүсэлтэй юм. Занар нь
эх газрын үүсэлтэй, далай тэнгист ойрхон гээд төрөл бүрийн бүтэцтэй.
АНУ-ын Флорида, Техаст ашиглаж буй шатдаг занарын ордууд эх газрын
үүсэлтэй учраас Монголынхтой төстэй гэж хэлж болно.
Тэгэхээр Монголын шатдаг занарын ордуудаас хөндлөн өрөмдлөгийн аргаар нефть, хий гаргаж авах боломж байна гэж ойлгож болох уу?Тэгж
ойлгож болно. АНУ-д хэрэгжүүлж байгаа аргаар олборловол газрын гүнд
олон янзын өрөмдлөг хийх шаардлагатай болно. Халаах өрөмдлөг хийсний
дараа бүтээгдэхүүнээ гаргаж авах өрөмдлөг хийнэ гэх мэт. Тэгэхээр асар
их зардал орно. Нефтийг өрөмдөхөд ямар их өртөг ордог билээ. Түүнтэй
адилхан. Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдчихвэл газрын гүнд өрөмдөх аргыг
хэрэглэж болно.
Монголд шатдаг занарыг аль технологиор боловсруулах нь илүү үр дүнтэй вэ?Манай
орон шиг газрын хөрсөн дээр занар түлхүү байдаг тохиолдолд ил уурхай
нээж боловсруулдаг Эстонийн туршлагыг хэрэгжүүлэх нь илүү ойр. Ритортинг
хэмээх технологиор халууны задралд оруулж боловсруулна гэсэн үг. Миний
төсөөлж байгаагаар ил уурхай нээж, пиролезийн аргаар болосруулах нь
эхэлж хөгжих болов уу. Хэрвээ гадны томоохон хөрөнгө оруулагчид орж
ирвэл газрын гүнд нь боловсруулах аргыг ч мөн нэвтрүүлэх боломжтой юм.
Шатдаг
занарыг боловсруулахад ус их ашигладаг гэдэг. Хөөт, Ээдэмт зэрэг
ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад говийн усны нөөц ус хүрэлцэх
болов уу?Усыг их хэрэглэх нь хэрэглэнэ. Говьд усны нөөц бага
гэх мэт асуудал мэдээж гарч л таарна. Тэдгээр асуудлыг шийдэхийг зорих л
байх. Энэ хоёр технологийг хэрэгжүүлэх боломж бүрэн бий гэдгийг
урьдчилан тооцоолсон байгаа. Ер нь шатдаг занарыг судлах бодлого гараад
явж байна.
Шатдаг занарыг судлах бодлогын хүрээнд ямар ажил хийж байна вэ?Дэлхий
нийтээр шатдаг занарыг сонирхож эхэллээ. Мөн манай улс нефтийн хувьд
гадаадаас 100 хувь хараат байна. Энэ байдлаас гарах арга замыг хайх нь
зүй ёсны хэрэг юм. Нүүрс, занараас шингэн бүтээгдэхүүн гаргаж авах 3-4
үйлдвэртэй болъё гэсэн асуудал Засгийн газрын хэмжээнд яригдаж байна.
Яриад явж байгаа ч яг эцсийн шийдвэр гарч өгөхгүй л байна. Занарыг
боловсруулж нефть шингэн бүтээгдэхүүн гаргаж авах боломж бий эсэх талаар
ЭБЭХЯ болон ШУА-ын Хими, Хими-технологийн хүрээлэн хамтарсан тушаал
гаргаад Занарыг ашиглах хөтөлбөр боловсруулах талаар хэлэлцэж байна.
ШУА-ийн эрдэмтэд, салбарын яамны мэргэжилтнүүд, судлаач , геологичид
нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж эхэлсэн. Монгол
орны шатдаг занарын нарийвчилсан үнэлгээ, нөөцийн тодорхойлолт, зах
зээлийн үнэлгээ гаргах, мөн бусад улсад занарыг хэрхэн боловсруулдаг
талаар нарийн судлахаар төлөвлөөд явж байна.
Академич
Б.Пүрэвсүрэн гуай бидэнд шатдаг занарыг нэрж, нефтьтэй төстэй шингэн
бүтээгдэхүүн гаргаж авах лабораторийн төхөөрмжийг танилцуулсан юм. Уг
төхөөрөмжийг Нүүрсний хими-технологийн лабораторийнхон өөрсдөө хийсэн
байна. Монгол хүний оюун ухаанаар өндөр технологийг нэвтрүүлж, нефтийн
хараат байдлаас гарах боломж байгааг эндээс харж болохоор байна. Харин
шинжлэх ухааны байгууллагууддаа хөрөнгө мөнгө гаргаж, дэмжих хэрэгтэй
байгаа нь хэрэглэж буй багаж төхөөрөмж, байр сууцаас нь эхлээд
анзаарагдсан юм.
О.Хосцэцэг