ГТЛ элементийн шинжилгээний технологиор тэргүүлж буй ICP-MS төхөөрөмжийг Монголд анх удаа Геологийн төв лаборатори суурилуулж, ажиллуулж эхлээд байна.
Индукцийн холбоост плазмын масс спектрометр буюу ICP-MS нь өндөр мэдрэх чадвартай, байгаль орчны болон геологийн дээжинд нэгэн зэрэг олон элементийн шинжилгээг хурдавчлал, нарийвчлалтай хийх боломжтой, хэрэглэхэд хялбар орчин үеийн төхөөрөмж юм. ICP-MS-ээр 70 орчим элементийг маш богино хугацаанд, өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж болдог байна.
Энэ төхөөрөмж нь олон элемент тодорхойлох боломж, тодорхойлох өргөн хязгаар, динамик муж болон изотопын харьцааг тогтоох чадвартайгаараа анхаарал татаж байгаа юм. ICP-MS нь хатуу болон шингэн аль ч хэлбэрийн маш бага хэмжээтэй дээжийг ppt-ээс ppm-ийн түвшинд шинжилнэ. ГТЛ-ийн энэхүү шинэ төхөөрөмж нь Collision/ Reaction Cell буюу CRC-д үндэслэсэн технологи бөгөөд АНУ-ын Thermo Fisher Scientific компанид үйлдвэрлэгдсэн ажээ.
ГТЛ суурилуулалтаа 2012 оны 6 сард эхэлж, холбогдох ажилтнуудаа сургаж байгаа аж. Энэ төрлийн ICP-MS нь үелэх системийг бүхэлд нь хамрах боломжтой хамгийн цогц дөрвөн туйлт систем гэдгээрээ онцлог. Шинэ төхөөрөмжөөр ГТЛ литийгээс уран хүртэлх бүх элементийн изотоп, олон төрлийн үйлдвэрлэлд чухал хэрэгцээтэй байдаг 17 газрын ховор элементийг тодорхойлох боломжтой болж байгаа аж. Дэлхий даяар телевиз, гар утас, мэдээллийн технологийн хэрэгслүүд, компьютер зэргийг үйлдвэрлэгчид газрын ховор элементийн хомсдолд ороод байгаа. БНХАУ-аас гадна зарим Азийн орнууд, Австрали, АНУ, Канад зэрэг улс газрын ховор металын үйлдвэрлэлээр эрчимтэй хөгжиж байна.
ГТЛ ICP-MS ашиглаж, шинжилгээний хүрээгээ өргөжүүлснээр газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажил эрхэлж байгаа дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад асар их цаг хугацаа, хөрөнгө хэмнэх боломжийг олгох ажээ. Энэ нь Монгол улсын уул уурхайн салбар, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.