Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2012

Mining Journal Awards-ийн үнэ цэнэ ба олны талархал

2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд “Central Tower”-ийн “Монет” ресторанд Mining Journal Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаа амжилттай болж өнгөрсөн юм.   Цаг хугацаа  харвасан сум мэт  өнгөрөх ажээ. Эдүгээ энэхүү  арга хэмжээ гурав дахь жилтэйгээ золгоод байна.

Өмнө нь Монголд олон нийтийн байгууллага, тэр дундаа сэтгүүлийн газар уул уурхайн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан удаагүй бөгөөд Mining Journal сэтгүүл үүгээрээ салбартаа, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс анхдагч билээ.

Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг  ямар нэг төрийн мэдлийн  байгууллага тодруулан шагнадаг байсан албадлагын шинжтэй хэвшмэл дүр зургийг Mining Journal Awards өөрчилж  чадсан.  Дарга нарын бус, харин салбарын мэргэжлийн хүмүүсийн үнэлгээг үнэ цэнтэй болгон өргөснөөрөө хариуцлагатай уул уурхайн ажиллагаа төлөвшихөд хувь нэмрээ оруулж буй юм. Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагааг олон нийт хэрхэн дүгнэж байгааг санал асуулгаар нээлттэй тодруулснаараа хөндлөнгийн бодитой үнэлэлт гарч ирэх  боломжийг ч давхар бий болгосон. Өөрөөр хэлбэл, хараат бус Шүүгчдийн зөвлөлийн өгсөн онооны нийлбэр ба олон нийтийн санал асуулга зэрэгцэн явагддаг нь  манай шалгаруулалтын дүн бодитой, хараат бус гарах үндэслэл болдог.

Түүнээс гадна  Mining Journal Awards арга хэмжээнд уригдагсдаас элдэв “такс” татдаггүй, хэн шилдгээр өргөмжлөгдөх нь онооны нийлбэр гарах эцсийн мөч хүртэл нууцлалтай явагддагаараа шалгаруулалт нэртэй бизнесийн олон арга хэмжээнээс анхнаасаа ялгарах зорилго тавьсан юм.

Уул уурхайн салбарыг зөвхөн мөнгөний авдар гэж хардаг, таалагдахгүй бол аль тааралдсанаараа муучилдаг болсон өнөөдрийн эрүүл бус хандлагыг  Mining Journal Awards өөрчлөхийг хүсдэг.  Чухамдаа эрчимтэй хөгжлийн шатандаа яваа  энэ салбарын бүтээмж өндөр байж, дэлхийн стандартад хүрсэн үйл ажиллагааг урамшуулахад уг шалгаруулалтын ач холбогдол оршиж буй юм. Дэлхийн уул уурхайн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлж яваа салбарынхныхаа амаргүй хөдөлмөрийг дэмжих нь Mining Journal Awards-ийн үүрэг гэж ойлгодог.  

Анхны шалгаруулалтыг  “Шилдэг үйл ажиллагаа”, “Шилдэг олборлогч”, “Шилдэг эко уурхай”, “Шилдэг дэвшилтэт технологи” гэсэн үндсэн дөрвөн номинацийн хүрээнд зохион байгуулсан ба  “Уул уурхайг дэмжигч хувь хүн, байгууллага”-ийг олон нийтийн санал асуулгад үндэслэн тодруулсан билээ.

Шалгаруулалтыг илүү бодитой хийхийн тулд мэргэжлийн байгууллагуудаар санал асуулга ажиллуулж, 300 гаруй санал, мөн онлайн хуудсаар дамжуулан олон нийтээс 1000 гаруй санал авчээ. Түүнчлэн   2010 оны Awards-т оролцох урилгыг 148 компанид шалгуур үзүүлэлтийн хамт хүргүүлснээс 26 компани дөрвөн номинацид өрсөлдөхөөр оны ажлын тайлангаа ирүүлсэн нь өдгөө Mining Journal Awards-ийн нэгэн түүх болон үлджээ.

Тэгвэл 2011 оны шалгаруулалтад мөн тооны компаниудад шалгуур үзүүлэлт бүхий албан захидал  илгээж,  30 гаруй компани  “Хайгуулын шилдэг компани” хэмээх шинэхэн  номинациар бүл нэмсэн  “Шилдэг таван номинаци”-д хүчээ сорьсон байдаг.  Жил ирэх бүр Awards-ийн арга хэмжээ чансаажиж, тэр хэрээрээ уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй компаниудын тоо нэмэгдэж ирэв. Мэдээж  тэр  бүхнийг сэтгүүлийн редакц хүндэтгэн үзэж,   Шүүгчдийн зөвлөлтэйгээ хэлэлцсэн ярилцсаны  эцэст тохирсон номинациудыг шинээр гаргаж байв. Монголын уул уурхайн салбарын үйл ажиллагаа хэрхэн өргөжиж буй хандлага жил тутмын шалгаруулалтын  явцад анзаарагддаг.  Нэг ёсны түүхэн толь болжээ.

Эдүгээ Mining Journal Awards-2012-ийн шалгаруулалт  “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг эко уурхай”, “ Уул уурхайн шилдэг технологи”, “Хайгуулын  шилдэг компани”, “Шилдэг ханган нийлүүлэгч” гэсэн үндсэн зургаан номинациас гадна  олон нийт, мэргэжлийн байгууллагуудын санал асуулгаар тодордог “Уул уурхайн оны хүн”, “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага” номинациар явагдаж байна.  Нэг компани цөөнгүй номинацид нэрээ дэвшүүлэх нь улам нэмэгдэж байна. Уул уурхайн компаниудын бүтээн байгуулалт өргөжихийн хэрээр өрсөлдөөн илт анзаарагдах болжээ.

Ялангуяа “Шилдэг эко уурхай” номинацид Монголын нийгэм өндөр ач холбогдол өгч байгаа нь харагддаг. Монголын томоохон банкуудын нэг ХАС банк нь энэхүү номинацийг анхнаас нь Ивээн тэтгэх санаачлага гаргаж,  уул уурхайн үйл ажиллагаанд экологийн асуудлыг онцлон анхаарч буй байгууллагад илүү хүндэтгэл үзүүлэх ёстой хэмээн үзжээ. Жил жилийн шалгаруулалтад “Шилдэг эко уурхай” номинацид нэр дэвшсэн компаниудын дунд маш хүчтэй өрсөлдөөн болж, уралдаанд ирүүлсэн видео материалуудаас нь Монголын уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийнхээ ажлыг хэрхэн үе шаттай, бүтэн жилийн турш уйгагүй хийдэг болсныг баримттай үзэж болохоор байдаг.

Mining Journal Awards-ийн талаар он оны Шүүгчид болон олон нийт сэтгэгдлээ илэрхийлжээ.

Г.Идэрхангай


УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Уул уурхайн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хооронд нь холбож, зохион байгуулах, салбар дотроо мэдээлэл өгөх, зарим талаараа сургалт болох, цаашлаад бизнесийн чиглэлийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд энэ шалгаруулалт чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм” хэмээн үнэлсэн бол  “Мэргэжлийн сэтгүүл Монгол улсын эдийн засгийн гол салбар болсон уул уурхайн тэргүүний үйл ажиллагааг шалгаруулах уламжлал тогтоож байгаа юм байна. Энэ нь нэг жилийнхээ ажлын үр дүнг дүгнэсэн салбарынхны амжилт юм. Нөгөө талаар Монгол улсын эдийн засаг, техник технологийн хөгжил, дэвшил ямар түвшинд хүрснээ дүгнэж харж байгаа хэрэг” хэмээн Сангийн сайд  С.Баярцогт  2010 онд сэтгэгдлээ илэрхийлжээ.Түүнчлэн Уул уурхайн яамны бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй “Mining Journal Awards арга хэмжээний гурван жилийн үр дүнгээс харахад үнэхээр шударга шалгаруулалт болж чаддаг нь анзаарагдсан”  гэсэн байна.  

Дэлхийн уул уурхай хөгжсөн орнууд ийм төрлийн мэргэжлийн шалгаруулалт хийдэг бөгөөд олон улсын хэмжээнд бүртгэгдсэн уул уурхайн мэргэжлийн шалгаруулалтын тоонд Mongolian Mining Journal-ийн энэхүү арга хэмжээ нэгэнт бүртгэлтэй болсон байна. Арга хэмжээнд гадаадын байгууллагуудаас цөөнгүй төлөөлөгч оролцдог уламжлалтай. Ялангуяа Монгол улсад суугаа Элчин сайд нар өндөр ач холбогдол өгч оролцдог, тус тусын улсынхаа компаниудыг оролцохыг ихээхэн дэмждэг билээ. Канад улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд ноён Григорий Голдхаук “Монгол улс нь өнөөдөр уул уурхайн салбарыг дагасан дэлхийн нэгэн шинэ зах зээл болж байна. Үүнийг тодотгож олон улсад таниулахад  Mining Journal Awards  онцгой үүргийг гүйцэтгэдэг” гэжээ.

Mining Journal Awards нь хэдийгээр гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй ч өнгөрсөн хугацаанд салбартаа шинэхэн шан татаж, өөр үнэлэмж бий болгож, асар их зүйлийн ард гарсан олон дурсамжийг үлдээжээ.  Awards-ийн түүхийг сөхье.       
             
Шүүгчдийн бүрэлдэхүүн өргөжив

Mining Journal Awards-ийн хамгийн эрхэмлэх учиртай, үнэ цэнэтэй зүйл бол шударга шүүлт.  Тийм ч учраас салбартаа ажил мэргэжил болоод ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн, ямар нэгэн лобби, эрх ашигт автдаггүй, аливаад шударга зарчимч байр сууринаас хандаж чаддаг эрхмүүдийг Шүүгчдийн зөвлөлд урьж оруулсандаа олзуурхдаг.  Шүүгчдийн зөвлөлд олондоо танигдсан, зөв хүмүүс бүрдэж гэмээнэ шүүлт бодитой, шударга болно.  Тиймээс ч эрхэм шүүгчид маань материалаа ирүүлсэн олон компанийн тухайн жилийн үйл ажиллагааг мэргэжлийн шалгуур үзүүлэлтийн дагуу шүүн тунгаах, оноог нэгтгэн дүгнэх нүсэр ажлыг амжуулдаг. Компаниудаас ирүүлсэн  оны  ажлын тайлан материал бүрийг  нягт нямбай судалж, үнэн зөв оноо дүгнэлт өгөхийг  эрхэмлэн ажилласаар ирсэн.

УИХ-ын гишүүн Х.Наранхүү,  Монгол улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Ашигт малтмалын   газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, ШУТИС-ын харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвтогтох, Маркшейдерийн холбооны тэргүүн Д.Дондов, Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нарын хүмүүс 2010 оны Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.  

Шүүгчдийн хувьд дор бүрнээ өөрсдийн байр суурь, үнэлэлт дүгнэлт  дээрээ хатуу зогсдог, ялангуяа  нэгдсэн хуралдаан  дээрээ  ширүүхэн мэтгэлцдэг  эрхмүүд.  Энэ бүхэн зөв   шүүлт гарч ирэх  эрүүл хөрс болдог.  Mining Journal Awards-ийн  ялагчид чухамдаа ийм   шүүгчдийн нарийн шалгуурыг давж гарч ирдэг юм.

2011 оны Шүүгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүн ялимгүй өөрчлөгдсөн  хэдий ч  салбартаа  хүндлэгддэг, нэр хүндтэй хүмүүс хүч нэмжээ.   Монголын баяжуулагчдын холбооны тэргүүн Г.Шархүү, Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж, “Ил тод” сангийн зохицуулагч Д.Цэрэнжав  нар  Шүүгчдийн зөвлөлд бүл нэмснээр    мэргэжлийн шалгаруулалтын  чансааг  улам чамбайруулсан. 

Тухайлбал, 2012 оны  Mining Journal Awards  үүнийг гэрчилнэ. Энэ онд “Хайгуулын шилдэг компани” хэмээх  шинэ номинаци орж ирсэн ба түүнийг цаашид  мэргэжлийн түвшинд бодитой шалгаруулахад мэргэжлийн шүүгчид онцгой үүрэгтэй.  Чухам энэ үүднээс геологи, хайгуулын салбарын өнөө ирээдүйг зангидан мэддэг, ойлгодог, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгдөг хоёр мэргэжилтэн уригдсан  нь  Үйлдвэрлэлийн Геологичдын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Өрөмдлөгийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар юм.

The Best Mine-ийн өрсөлдөөн

Mining Journal Awards-2010-ын  үндсэн таван номинацийн нэг нь “Шилдэг олборлогч” байв.  Уг номинацийн нэр Шүүгчдийн зөвлөлийн саналаар дараа жил нь “Шилдэг уурхай” хэмээн өөрчлөгдсөн.  Нэр   өөрчлөгдсөн болохоос биш Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал гэдэг утгаасаа   гажаагүй.  Мэдээж   “Шилдэг уурхай” гэснээрээ  зөвхөн олборлолтын түвшинд бус, уурхайн цогц үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд үйл ажиллагаагаа тайлагнахад илүү дөхөм болсон.

2010 оны буюу анхны  “Шилдэг олборлогч”-оор   үндэсний хөрөнгө оруулалттай “Монголын алт” компани шалгарч байлаа.  Хатуу шалгуур, дээр нь олон өрсөлдөгч дундаас гарч ирсэн, шүүгчдийг нэгдсэн байр суурь, үнэлэлт дүгнэлтэд хүргэж чадсанаараа МАК анхны шалгаруулалтын  цахиурыг  хагалсан юм. Тэр тусмаа Шүүгчид маань компанийн том нь бус, харин тухайн компанийн энэ жил хийсэн тэргүүлэх ажлаар нь дүгнэнэ гэсэн хатуу байр суурьтай байдгаас өрсөлдөөн нэмэгддэг. 

2006 он хүртэл Монголын уул уурхай хуурамч Техник эдийн засгийн үндэслэлээр /ТЭЗҮ/-гээр явж ирсэн гэдгийг   мэргэжлийн шүүгчид хэлдэг.  Тэд аль болох үүнээс сэргийлж   “Шилдэг олборлогчийн ТЭЗҮ сайн хийгдсэн байх ёстой. Үүнийг л голчилж харна” гэсэн байр сууринаас хандаж,  шүүлт хийжээ.  Үнэхээр ч шүүгчдийн харахыг хүссэн үзүүлэлтүүд МАК-ийн бэлдэж ирүүлсэн тайлан дээр маш сайн туссан байв. Товчхондоо уурхайн ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа, хаягдал бохирдлыг ТЭЗҮ-д тусгасан хэмжээнд барьж байгаа, дээр нь томоохон бүтээн байгуулалт өрнүүлж буй зэрэг олон үзүүлэлтээрээ МАК өрсөлдөгчдөөсөө илүүрхсэн.

“Монголын алт” компани 2009 онд хоёр сая тонн нүүрс олборлож байсан  бол 2010 онд таван сая тонныг олборлосон нь Монгол улсын уул уурхайн салбарын 88 жилийн хөгжлийн түүхэн дэх нүүрс олборлолт, борлуулалт, экспортын дээд амжилтыг тогтоосон юм.   Монголын уул уурхайн салбарыг ерөнхийд нь багцалж харахад  2010 он  “хар алт” олборлогчдын хувьд ихээхэн амжилт дагуулсан жил байв.  Өөрөөр хэлбэл, Монгол улс дэлхийн хэмжээний томоохон нүүрс экспортлогч улс болсон ба мөн оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 15 сая тонн нүүрсийг Монгол улс экспортолсон байдаг.

Түүнээс гадна 2010 онд манай улс анх удаа гадаад худалдааны эрчим хүчний балансаараа экспортолсон эрчим хүчний эх үүсвэр нь импортолсноосоо давчихсан. Энэ бол өнөө л “Шилдэг олборлогчид”-ын маань хийж бүтээсний үр дүн юм.  Зөвхөн олборлоод зогсохгүй, улсад төлсөн татварын хэмжээ ч  шилдгүүдийг тодруулахад нөлөөлсөн. Зөвхөн 2010 онд гэхэд МАК  улсын төсөвт хүлээгдсэн гүйцэтгэлээр 80 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг.  2010 оны Mining Awards-иин шалгаруулалтад “Тавантолгой” компани   МАК-ийн хүчтэй өрсөлдөгчөөр тодорч байлаа.  Тавантолгой дангаараа 5.1 сая тонн нүүрс экспортолсон нь мөн л сайн үзүүлэлт. 

Mining Journal Awards-ын 2011 оны шалгаруулалтыг зохион байгуулахын өмнө зарим номинацийн нэрийг Шүүгчдийн зөвлөлийн анхдугаар хурлаар ялимгүй өөрчилсөн гэдгийг  дээр дурдсан.  Уурхай гэдэг ашигт малтмалыг зөвхөн ухаад ачих нэр биш, дагалдах үйлдвэрлэлүүд хөгжсөн, нэмүү өртөг бүтээдэг, аюулгүй, технологийн өндөр шийдэлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хангасан цогц үйл ажиллагаа гэдгийг шүүгчид онцлон “Шилдэг уурхай” буюу “The Best Mine” гэж нэрлэхээр тогтсон билээ.

2011 онд тус номинацид төрийн болон хувийн хэвшлийн нэр хүндтэй дөрвөн компани өрсөлдсөн нь “Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд байлаа.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд Зүүн Цанхийн уурхайгаа нээчихсэн, нүүрсээ экспортлоод эхэлчихсэн учраас шалгаруулалтад нэлээд зоримог орж ирсэн.
2011 оны “Шилдэг уурхай”-н шагналыг Монгол улсын зууны манлай үйлдвэр болсон “Эрдэнэт үйлдвэр” хүртсэн юм. 30 гаруй жилийн түүхэндээ ямагт шилдэг байж ирсэн энэ үйлдвэрийг шалгарахад  эргэлзэж хүлээж авсан хүн  байгаагүй. Шүүгчдийн зөвлөлийн олонхийн саналаар “Эрдэнэт” үйлдвэр бүх шалгуурыг амжилттай  “давж” өндөр  баллаар гарч иржээ.
 
Дараа дараагийн Mining Journal Awards-ийн “Шилдэг уурхай” номинаци илүү өрсөлдөөнтэй болох нь эргэлзээгүй.  Учир нь, “Монголын алт” компани 2013 оноос Цагаан суваргын ордоо ашиглалтад оруулна, Баяжуулах үйлдвэрээ бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулна,  “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн, Баруун Цанхийн уурхайд дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөнэ гээд  “Шилдэг уурхай” номинацийн чанга  өрсөлдөгч олон бий.    

2009 онд уурхайн үйл ажиллагааг анх эхлүүлснээс хойш олборлолтын хэмжээг жил бүр хоёр дахин нэмэгдүүлж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж буй амжилтаараа “Энержи Ресурс” ч  энэ номинацийн шилдгүүдийн нэг.  2012 оны “Mining Journal Awards”-ийн шагналыг  ямар компани хүртэхийг хүлээх л үлдлээ.

Хариуцлагатай ажиллагааг эрхэмлэгчид


Энэ номинаци анх  “Уул уурхайн шилдэг үйл ажиллагаа” гэсэн нэрээрээ олон нийтэд  танил болсон.  Гэхдээ үүнийг хожмоо Шүүгчдийн зөвлөлийн саналаар  илүү тодотгон, “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” гэж ялимгүй өөрчилсөн юм.  Номинацийн үндсэн  агуулга, чиг зорилго ч  хэвээрээ. 

Үйл ажиллагаагаараа олборлолтоос үйлдвэрлэлийн шатанд амжилттай дэвшин орж, нийгмийн хариуцлагын чиглэлээр  дорвитой ажил өрнүүлсэн байх гэсэн үндсэн үзүүлэлтийг шаардсанаараа энэ номинаци өндөр үүдтэй. “Шилдэг олборлогч” хийгээд “Шилдэг үйл ажиллагаа” хоёрыг агуулгын хувьд давхцаж байна гэх эргэлзээ зарим шүүгчид байсан. Ялгаа нь гэвэл шилдэг олборлогчид тавигддаг нийтлэг шаардлага, стандартаас гадна бусдаас ялгарах давуу тал, онцгойрч буй үйл ажиллагааг гаргаж ирэхэд номинацийн ач холбогдол оршиж буй юм.

2011 оны шалгаруулалт уламжлалт дөрвөн ангиллын түвшинд болсон ба харин уул уурхайн компаниудын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт нь илүү нарийвчилсан байдлаар гарчээ. Тухайлбал, Хариуцлагатай үйл ажиллагааны номинацид нэрээ дэвшүүлсэн компаниудын ирүүлсэн материалд нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлын үр дүнг илүү өндөр оноогоор дүгнэхээр Шүүгчдийн зөвлөл хэлэлцэн тогтжээ.  

Д.Дондов шүүгчийн “Шилдэг гэдэг нь нийгэмд үзүүлж байгаа үзүүлэлт. Эцсийн хамгийн чухал утга санаа бол нийгмийн хариуцлага. Нийгмийн өмнө энэ уурхай юу хийв гэдгийг харах ёстой” гэсэн  тодорхойлолт нь шалгаруулалтын үндсэн тулгуур санаа.  

2010 оны буюу анхны шалгаруулалтаар  уг номинацид “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Энержи Ресурс”, Саусгоби сэндс”, “Мо Эн Ко”, “Бороо гоулд”, Рэдхил Монгол” гэсэн долоон компани өрсөлдсөн юм.      
Нэр дэвшигчдийг анх өрсөлдүүлэхдээ боловсруулах үйл ажиллагааны түвшинд дэвшин орсон байдал гэсэн үзүүлэлтийг эн тэргүүнд тавьсан. Улмаар гэмтэл осолгүй ажилласан цаг, хөдөлмөр хамгааллын менежментийн тогтолцоо, нийгмийн хариуцлагын төлөвлөгөө, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүү, үйл ажиллагааныхаа тайланг олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байдал, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдсэн эсэх зэрэг шалгуур “Уул уурхайн шилдэг үйл ажиллагаа” номинацид нэр дэвшигчдэд тавигдаж байв.

“Бороо гоулд”, “Мо Эн Ко” компанийн хувьд мэдээллээ учир дутагдалтай ирүүлсэн учир цааш ахьсангүй,  “Рэдхил Монгол”, “Оюутолгой”  олборлолтоо дөнгөж эхлүүлэх гэж байгаа гэсэн шалтгаанаар хасагдсан. Ингээд  шүүгчдийн анхаарал “Эрдэнэт”, “Саусгоби сэндс”, “Энержи Ресурс” дээр төвлөрч, мэтгэлцэв.  Улмаар “Саусгоби сэндс” нь боловсруулах үйл ажиллагааны түвшин гэх үзүүлэлтэд тэнцэхгүй тул “Энержи Ресурс”, “Эрдэнэт” хоёр  тунаж үлдсэн. Ингээд зам барьсан, цахилгаан станц байгуулсан, усан хангамжийн асуудлыг шийдсэн зэрэг маш олон анхдагчийн үзүүлэлтээрээ “Энержи Ресурс” компани   Mining Journal Awards-2010-ийн “Уул уурхайн шилдэг үйл ажиллагаа” шагналыг хүртсэн билээ.

“Энержи Ресурс” компанийн хувьд нийгмийн хариуцлагыг өндөр тавьдагаас гадна 2010 оны намар Mongolian Mining Corporation гэсэн нэрээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр үндэсний компаниудаас анх удаа IPO хийж, дэд бүтцийн олон төслүүдээ санхүүжүүлжээ. Эдгээр бүтээн байгуулалтын онцлог нь Монголын инженерүүдийн хүч хөдөлмөрөөр анх удаа босгож буй, технологийн хувьд шинэлэг шийдэлтэй ажлууд байсан юм.

 2011 онд  уг номинаци нь “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” гэдэг нэрээр  үндсэн  шалгаруулалтаа явуулсан. Түрүү жил дотоодын гэхээсээ гадны хөрөнгө оруулалттай компаниуд уг номинацийг сонгож,  нэр дэвшсэн онцлог бий. Харин ганцхан жилийн дотор байдал эсрэгээр өөрчлөгджээ. Нэр дэвшигчид бүгдээрээ үндэсний компаниуд. Шалгаруулалтын өндөр үүдийг дотоодын компаниуд зоригтойгоор татан орж ирж, харин гадаад шошготой компаниуд орон зайгаа үлдээн “Шилдэг технологи” зэрэг номинаци руу дайжжээ. Эндээс Монголын уул уурхайн салбарт ганц жилийн дотор ямар олон өөрчлөлт, хандлага бий болсныг харж болно.  Эх орны компаниуд хурдтайгаар өсөн өндийж, дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж эхэлснийг уншигч Та ч бас анзаарч буй байх.  Тэд олборлолтоос боловсруулалт, үйлдвэрлэл рүү эрчимтэй дэвшиж байна.

2010 оны Mining Journal Awards-ийн  “Шилдэг олборлогч”-оор шалгарсан “Монголын алт” компани “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид өрсөлдөн, материалаа ирүүлсэн ба “Шарын гол”, “Говьгео”, “Гложекс” зэрэг компани ч хүчээ сорьсон түүхтэй.

Гэвч өрсөлдөөн дунд “Энержи Ресурс”, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд олборлолтоос боловсруулалт руу дэвшин орсон байдал хийгээд нийгмийн хариуцлага талаараа  Шүүгчдийн саналыг нэг байр суурин дээр  авчирч чадсан.

“Энержи Ресурс” компани дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж, анхны боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж,  орон нутагт хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёлд анхаарсан цогц арга хэмжээгээрээ шалгаруулалтын эхэнд  бичигдсэн бол “Монголын алт” компани боловсруулах үйлдвэрлэлийг бий болгож, үйлдвэр барьж байгуулж, бүс нутагт их зүйл хийж  буй ч  технологийн хувьд “Энержи Ресурс”-аас арай доогуур түвшний үзүүлэлттэй гэдгээрээ хоёрдугаарт,  “Шарын гол” компани  их зүйл хийж байгаа ч зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэх үндэслэлээр  гуравдугаарт тус тус “жагссан” юм.

Ийнхүү Шүүгчдийн зөвлөл удтал хэлэлцсэний эцэст  “Энержи Ресурс” компанийг 2011 оны “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацийн эзнээр  шалгаруулсан. Олон нийтийн дунд онлайнаар явуулсан санал асуулгад тус компани мөн л хамгийн өндөр үнэлгээ авсныг нээлттэй харж болохоор байлаа.

Тэгвэл “Энержи Ресурс”-ийн өнгөрсөн жилүүдийн “өрсөлдөгч”-дийн  өмнө   суурийг нь тавьсан ажлуудын өгөөж энэ жил гарна.  Тэдний өнгөнд “Монголын алт”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг бүтээн байгуулалт нь ид жигдрэх компаниуд хүч түрэн гарч ирээд байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд өнгөрсөн жил Зүүн Цанхийн уурхайгаа нээж, нүүрсээ экспортолсон бол өдгөө  Баруун Цанхидаа олборлолт хийгээд эхэлчихлээ. Тус компаниас Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө монголчуудад “Эх орны хишиг” болон очжээ.

“Оюутолгой” компани ч мөн энэ жил  Баяжуулах үйлдвэрээ нээхийн  зэрэгцээ олон мянган хүнийг ажлын байраар ханган, Монгол улсын нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулсаар байна.

“Монголын алт” компани уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлэн, нийгмийн хариуцлагын чиглэлээр олон шинэлэг, дорвитой ажил өрнүүлж, ирэх жилээс Цагаан суваргын зэсийн ордыг  ашиглалтад оруулах зэргээр уул уурхай, бүтээн байгуулалтын үлгэр жишээг үзүүлсээр  байна.

“Mining Journal Awards-2012”-ийн “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид хүчирхэг өрсөлдөгчид эхнээсээ ийнхүү тодорч эхлээд байна.           

“Шилдэг технологи” мэтгэлцээн ихтэй

Монголын уул уурхайн салбар сүүлийн хоёр гуравхан жилд зөвхөн ашигт малтмалаа олборлоод экспортлоод  байхаасаа илүүтэй,  өөрсдөө  нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэгч  болох үе шат руу дэвшин орсон байдаг. Мэдээж хэрэг энэ бүхнийг гадаадын өндөр түвшинд хүрсэн технологийн шийдлийг эх орондоо нэвтрүүлж байгаа  уул уурхайн компаниудаас салгаж ойлгохын аргагүй.

Шүүгчдийн зөвлөлийн гишүүдийн хувьд энэ номинацид өрсөлдсөн үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахад хялбар байдаггүй.
Гэсэн хэдий ч эцсийн дүндээ технологийн шинэчлэлийг олон улсын стандартын дагуу  хэрэгжүүлж чадсан компани л шалгарч үлддэг.

2010 оны хувьд Mining Journal Awards-ийн “Шилдэг технологи”-ийн анхны ялагчаар “Эрдэнэт” үйлдвэр тодорсон юм. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд технологийн шинэчлэлээ тасралтгүй хийдэг гэж  шүүгчид үнэлж байсан ба 2010 онд метал авалтаа 86 хувьд хүргэсэн нь бүр онцгой үзүүлэлт болж байв.        

Тодруулбал,  Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсэг дэх Хөвүүлэн баяжуулалтын 3 дугаар ээлждээ хийсэн технологийн шинэчлэлтээр жилдээ дөрвөн сая тонн хүдэр авдаг байсан үзүүлэлтийг 6 сая тонн болтол өсгөж, баяжуулалтын метал авалтаа зэсээр 88 хувь, молибденоор 59 хувь хүргэж, улмаар 3 сая орчим ам.долларын эдийн засгийн үр ашгийг авчирсан нь яалт ч үгүй  оны шилдэг технологи болсон билээ.

“Монросцветмет” компанийн Бор-Өндөрийн жоншны уурхайн Баяжуулах фабрикийн шинэчлэл, Шивээ-Овоо ХК-ийн нэвтрүүлж байгаа нүүрсний конвейерийн систем зэрэг бүтээн байгуулалтын чанартай технологийн шийдлүүд Монголдоо  анхных бөгөөд “Mining Journal Awards-2010”-ийн шагналд тун ч  ойрхон очсон юм.

“Шивээ-Овоо” компанийн конвейерийн систем бүхий  онцгой бүтээлийг  бусад үйлдвэрлэгчид  уурхайдаа жишиг болгон хэрэгжүүлэх цаг ирнэ гэдэгт Шүүгчид үнэхээр итгэлтэй байсан. Тиймдээ ч   “Дараа жил Mining Journal Awards-т Шивээ-Овоо энэ технологиороо яалт ч үгүй түрүүлнэ шүү” хэмээн Д.Дондов шүүгч  хэлсэн удаатай. Хэдийгээр “Шивээ-Овоо” компани энэхүү бүтээн байгуулалтаараа  “Mining Journal Awards-2010”-т  биечлэн оролцож материалаа ирүүлэлгүй даруу загнасан   ч  уг конвейерийн системийн бүхий л барилга угсралтыг гардан гүйцэтгэж буй   “Таванталст”  компани материалаа Mining Journal Awards-ийн редакцид илгээсэн байлаа. 

Энд нэг зүйлийг онцлоход, нэр дэвшсэн компаниудын материалтай танилцах явцдаа Шүүгчид уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч болон өрөмдлөгийн чиглэлийн компаниуд олноороо оролцсоныг сайшааж байсан ч зарим нь номинацийн шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй байх явдал  цөөнгүй гарсан. Тэгэхээр цаашид уул уурхайн компаниуд Mining Journal Awards-т өрсөлдөхдөө Шалгуур үзүүлэлтүүдийг гол зарчмаа болгож,  тайлан материалаа ирүүлж байх нь оновчтой юм.
 2011 оны хувьд  Монголын уул уурхайн салбар дахь технологийн “Тэсрэлтийн жил” байлаа.  Анхны Цахилгаан станц, анхны Баяжуулах үйлдвэр, анхны Нүүрс хатаах, дамжуулах  технологи гээд Монголын үндэсний бахархал болсон  бүтээн байгуулалтууд чухамдаа  2011 онд л бий болсон байдаг. Тиймээс ч хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой номинациар “Шилдэг технологи”-гийг нэрлэхээс аргагүй байсан. 

2010 оны  Awards-ийн “Шилдэг технологи”-д зургаахан компани нэр дэвшин өрсөлдөж байсан бол 2012 оныход 13 компани болж өргөжсөн. Энэ бол нэг талаараа  Монголын уул уурхайн салбарт технологийн түрэлт хүчтэй явагдаж буйн, нөгөө талдаа  Mining Journal Awards-т өрсөлдөх сонирхол нэмэгдсэний илэрхийлэл.   

2011 оны шалгаруулалтад тэсрэх бодис үйлдвэрлэл, үйлчилгээний “Мера”, катодын зэс үйлдвэрлэлийн технологиороо “Эрдмин”, “Монголд анх удаа нойтон аргаар нүүрс баяжуулдаг Нүүрс баяжуулах үйлдвэрээрээ “Энержи Ресурс”, геологи, хайгуул, уул уурхайн Micromine программ хангамжаараа “Майкромайн”,  эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэлийн технологиороо “Бласт”,  анхны нүүрс хатаах үйлдвэр болон хамгийн урт конвейерийн системээрээ “Таван талст”, өрөмдлөгийн үйл ажиллагаагаараа “Говьгео”, нуруулдан уусгалтын технологиороо “Их Монгол майнинг”, Баяжуулах үйлдвэрийн технологи болон блогчлон олборлох технологиороо “Оюутолгой”,  алмаазан  болон хийн цохилтот өрөмдлөгийн технологиороо “МТ Дриллинг”, өрмийн шилдэг багаж хэрэгслээрээ “Сэндвик Монголиа”,   дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээрээ “Монголиан Стар Мелшерс”, хайгуулын багажаараа “Эрдэнийн эрэл” компани өрсөлдсөн.

2011 оны  Mining Journal Awards-ийн тухайд компаниудын өөрсдийнх нь санал хүсэлтээр буюу өрөмдлөгийн болон тэсрэх бодисын, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг түлхүү оруулж ирэх зорилгоор хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг нэмж тусгаснаараа онцлог болсон.

Тийм ч учраас энэ номинацид өрөм, тэсрэх бодис, эрэл хайгуул, үйлдвэр, геологийн үйл ажиллагаа гээд маш олон чиглэлийн  компаниуд өрсөлдөж, шүүгчдийн мэдлэг, мэтгэлцээнийг уралдуулсан. Үнэхээр ч нэг том үйлдвэрийг өрмийн машинуудтай, геологи хайгуулын программ хангамжийг тэсрэх бодис үйлдвэрлэлтэй харьцуулахын аргагүй ч  Монголд “шилдэг технологи нэвтрүүлсэн” гэдэг утгаараа адилхан жин дарахаар үзүүлэлт юм.

Шүүгчдийн  хувьд эцсийн оноо дүгнэх хуралдаан тун ч  “ширүүхэн”  мэтгэлцээн дунд өрнөсөн ба  “Эрдмин”, “Таванталст”, “Энержи Ресурс” гэсэн гурав дөрвөн компани дээр илүү төвлөрч яригдсан.

“Эрдмин” компанийн хувьд монголчуудын мөрөөдөл болсон  эцсийн бүтээгдэхүүн хийдэг технологийг бүгдийг нь эзэмшчихсэн,  “Шивээ-Овоо” /”Таванталст” гүйцэтгэгчээр ажилласан/  төрөөс санхүүжилт гэхээр юм байхгүй хэрнээ өөрсдөө  мөнгө хөрөнгөө хэмнэн байж босгосон Нүүрс хатаах үйлдвэр,  “Энержи  Ресурс”-ийн хамгийн сайн шийдэлтэй технологи бүхий Цахилгаан станц, Баяжуулах үйлдвэр гээд  шалгаруулахад маш өрсөлдөөнтэй үзүүлэлтүүд  гарч ирсэн.

Эко уурхай олон болоосой

Mining Journal Awards-ийн шилдэг компани шалгаруулах ёслолын ажиллагаа нь  тухайн ондоо  салбарынхаа хэмжээнд  шинэлэг олон ажил өрнүүлж, Монгол улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд  нөлөөлөхүйц томоохон хувь нэмэр оруулсан компаниудыг тодруулахаас гадна  ард нийтэд  сурталчлан таниулах, эерэг үнэн бодит мэдээллийг түгээхийг зорьдог. Тэр утгаараа Монголд олон олон эко уурхай бий болоосой, бусдадаа үлгэр жишээ үзүүлээсэй гэдэг үүднээс уг номинацийг Mongolian Mining Journal сэтгүүл жил бүр “Шилдэг эко  уурхай”-г шалгаруулан тодруулдаг. 

Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Д.Энхбат  “Номинацийн шалгуур үзүүлэлтийг хангахаар онцгой нөхөн сэргээлт хийсэн, эко уурхайтай компани одоогоор байхгүй. Танилцуулгаас харахад “Эрдэнэт” үйлдвэр арай гайгүй ажиллаж байна” гэсэн  нь шалгаруулалт  хатуу босготойг илтгэж байв.    

Өдгөө  хамгийн өрсөлдөөнтэй номинаци “Шилдэг эко уурхай”  болжээ. Хамгийн нэр хүндтэй нь ч юм. 2010 оны анхны шагналтан нь “Багануур” компани. Шүүгчид номинацийн эзнийг тодруулахдаа Байгаль орчны бодлогын албатай эсэх, байгаль орчинд нөлөөлөл багатай дэвшилтэт технологи нэвтрүүлсэн эсэх, байгалийн ямар бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн, ISO 1400, ISO 1900 стандартуудыг мөрддөг эсэх, уурхайн хаалтын санхүүжилтийн эх үүсвэр зэрэг нарийвчилсан шалгуур үзүүлэлтүүдийг чамбай баримталсан юм.

Энэ номинацид “Эрдэнэт”, “Багануур”  бусад нэр дэвшигчдээсээ  хүчтэй өрсөлдсөн. Дашрамд хэлэхэд,   уул уурхайн компаниуд тухайн жил хийсэн ажлаа  сайн хийсэн ч     тайлангаа дутуу бичиж ирүүлдгээс  шалгаруулалтын явцад оноо алдах тохиолдол цөөнгүй гардаг. Танилцуулга их багадаа биш, гол нь шалгуур үзүүлэлтээ  баримтлахыг шүүгчид сануулсаар байгаа юм.

Шүүгчдийн үнэлгээгээр байгаль орчны нөхөн сэргээлтийг “Багануур” ХК яг горимоор нь хийсэн бол “Эрдэнэт” үйлдвэр техникийн нөхөн сэргээлтийн технологи талдаа сайн гэсэн ерөнхий үзүүлэлтээр шүүгчид тодруулсан юм.   Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Н.Батбаярын  “Эко уурхайн шалгаруулалт дээр ганц нөхөн сэргээлтийн тухай яримааргүй байна. Уурхайн хаалтын асуудал маш тодорхой байх ёстой. “Бороо гоулд”, “Саусгоби сэндс”, “Монполимет” гээд энэ чиглэлээр дорвитой ажлууд хийсэн компаниудыг анзаарахгүй орхиж болохгүй” гэж хэлсэн нь санууштай үг.

2010 оны   Mining Journal Awards-ийн “Шилдэг эко уурхай” номинацид нөхөн сэргээлтээрээ Монголдоо үлгэр жишээг үзүүлдэг компаниудын нэг “Бороо гоулд”  материалаа ирүүлсэн ч байгаль орчны үзүүлэлтүүд нь огт байхгүй,  зөвхөн аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдээ л өгчихсөн байв.  Тиймээс үүнийг дүгнэхэд хүндрэлтэй болсон гэдгийг Шүүгчид  хэлж байсан юм. Ингээд “Багануур”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монполимет” гэсэн дарааллаар 2010 оны шилдгүүд жагссан.

Уул уурхайн салбар нь байгаль орчныг сүйтгэгч гэсэн нийтэд түгээмэл ойлголтыг сөрж, 2011 онд эл номинацид өмнөх жилийнхээс илүү олон компани хийж бүтээснээ мэдүүлсэн юм. Түрүү жил  аман хүзүүдсэн, байр, шагнал аваагүй компаниуд ч дахин “даагаа нэхэн” уралдсанаас гадна “Мондулаан”, “Монгол газар”, “Гацуурт”, “Пибоди Винсвей Ресорсез”, “Өрмөн Уул” гээд салбарынхаа бүхий л өнгө төрхийг илэрхийлж чадахуйц олон талтай компаниуд өрсөлдсөн.

Шүүгчдийн хувьд  ирүүлсэн тайлан, материалуудыг уншиж дүгнэхээсээ гадна  тухайн нөхөн сэргээсэн газар дээр  биеэр очиж,  “мянга сонсохоос нэг үз” гэдгээр хандах нь байдаг. Тухайлбал, Н.Алгаа, Г.Шархүү шүүгч нар  “Пибоди Винсвей Ресорсез”-ийн нөхөн сэргээсэн талбайг очиж үзээд, жижиг талбай гэлтгүй нөхөн сэргээлт яаж хийдгийг бодитоор харуулж чадсаныг,  “Энержи Ресурс”-ийн үйлдвэрийнх нь нээлтэд оролцохдоо ирээдүйн нөхөн сэргээлтээс гадна эргэн тойрондоо зүлэгжүүлэлт, ойжуулалт гээд нэлээд ажил хийснийг харсан болохоор  үнэлгээгээ өндөр тавьж, шалгарууллаа  хэмээн онцолж байв.

 “Шилдэг эко уурхай”-гаар шалгарсан  “Багануур” компанийн хувьд нөхөн сэргээлтийн ажил нь үргэлж сайн явж байх ёстой хэмээн  Шүүгчдийн  сануулсныг  бусад компанид ч хандаж хэлсэн үг ойлгож болохоор.

“Шилдэг эко уурхай” номинацийн эзнийг тодруулахад гол нөлөөтэй хоёр шүүгч бол Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар. Тиймээс ч шилдэг эко уурхайд өрсөлдсөн компаниудад энэ хоёр шүүгч ямар дүгнэлт өгөхийг уул уурхайнхан анхааралтай ажигладаг юм.  Тэдэнд олон шалгалтын дүн, бүтэн жилийн тайлан материал зэрэг харьцуулан үзэх нарийвчилсан баримт их байдаг.

Н.Батбаяр шүүгч  2011 оны Mining Journal Awards-ийн шилдгүүдийг тодруулах сүүлчийн хурал дээр “Компаниудаас ирүүлсэн материалыг үзэхэд үнэхээр харамсалтай санагдлаа. Уурхайн хаалт гэдэг зүйлийг хэн ч ойлгохгүй байна. Уурхайн хаалтыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлдэг юм бэ гэдгийг огтхон ч ойлгохгүй байна. Эко уурхайн хувьд байгаль орчныг хамгаалах бодлого ямар түвшинд явж байгаа нь нэн чухал үзүүлэлт. Гэтэл энэ чиглэлээр компаниудын ажилд үнэлгээ тавихад хүндрэлтэй байна. Харин Пибоди Винсвей Ресорсез-ийн хийсэн ажил уурхайг хааж болдог, үүн дээрээ тодорхой хэмжээний мониторинг хийгээд явж болдог, дотоодын MNS 2008 зэрэг хэд хэдэн стандартыг хэрэгжүүлж болдог гэдийг харуулж чадсанаараа онцлог” хэмээн үнэлсэн.

Харин Д.Энхбат шүүгч “Шилдэг эко уурхай бол их хүнд номинаци. Уурхайтай холбоотой дагалдах бүтээн байгуулалтын ажлуудыг цогцоор нь аваад үзвэл их өргөн хүрээний асуудал. Энэ шалгаруултад тэнцэх аж ахуйн нэгж үнэндээ ганц хоёрхон л байна. Пибоди Винсвей Ресорсез нөхөн сэргээлтийг үнэхээр сайн хийдгийг харсан. Гэхдээ алдаа гаргасан. Өнгөрсөн жил үерт урссан. Харин “Энержи Ресурс”  эко талаасаа усан хангамжийн асуудлаа бүрэн шийдсэн. Тиймээс би  Энержи Ресурсийг сонгоно” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Дашрамд дурьдахад, 2010 онд Шилдэг эко уурхайг шалгаруулахдаа баримталсан олон улсын стандартууд дээр дотооддоо мөрдөж буй бусад стандартын шаардлагыг нэмж, үнэлгээ өгөхөөр Шалгаруулалтын журамд нэмж тусгасан. Тэгэхээр  дараа дараагийн  эко уурхайнуудад ийм өргөн хүрээний шаардлага тавигдах нь тодорхой.  

“Хүннү коал”, дараагийн  шагналын эзэн хэн бэ


Mining Journal Awards шалгаруулалтад 2011 оноос “Хайгуулын шилдэг компани” номинаци  шинээр  орж ирсэн. Үүнийг  угтаа уул уурхай, тэр дундаа хайгуулын компаниудын хүсэлт шаардлагаар бий болгосон гэж хэлж болно. 
Уул уурхайн үйл ажиллагааны үндэс нь хайгуулаас эхэлдэг. Газар доорх ашигт малтмалыг нээн илрүүлж, нөөцийг нь тогтоож ашиглалтад оруулахад бэлэн болгодог гол үйл ажиллагаа бол хайгуул. Уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн сүүлийн жилүүдэд жилдээ гэхэд л хэдэн арван орд шинээр нээгдэж байгаа нь “Шилдэг хайгуулын компани” номинацийг бий болгох хүчин зүйл болсон юм. 

Үүнээс гадна Монголын үндэсний хайгуулын компаниуд гадны энэ төрлийн томоохон компаниудтай өрсөлдөхийн зэрэгцээ монгол менежментийг бий болгож, олон улсын жишгийн дагуу хайгуулын ажлыг эрчимтэй явуулдаг болжээ. Тэд  хайгуулын ажлыг богино хугацаанд амжилттай хийгээд зогсохгүй олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа  гаргаж, ихээхэн хэмжээний хөрөнгө босгож буй  нь хэр чадал чансаатай болохыг  харуулж байгаа хэрэг.   

Тэр ч утгаар  Mining Journal Awards нь зөвхөн олборлодог, экспортолдог  компаниудын өрсөлдөөн биш,  хайгуулын чиглэлээр хөл дээрээс босч яваа компаниуддаа ч боломж олгох ёстой гэсэн зохион байгуулагчдын саналыг Шүүгчдийн зөвлөл хүлээн зөвшөөрсөн юм.

2011 оны “Шилдэг хайгуулын компани” номинацийн анхны шалгаруулалтад “Кью Жи Экс”, “Эрдэнэ Монгол”, “Хүннү коал”, “Занаду Майнз Монгол”, “МТ Дриллинг”, “Эрдэнийн эрэл” гэсэн зургаан компани өрсөлдсөн.

Шүүгчдийн  зарим нь уг номинацид нэр дэвшигчдийг шүүхдээ гадаадын хөрөнгө мөнгө ихтэй хайгуулын компаниудыг хооронд нь өрсөлдүүлээд байх биш, хамгийн гол нь монгол мэргэжилтнүүдийг хэр их авч ажиллуулж байна, байгаль орчны асуудлыг хэр анхаарч байна, нийгмийн хариуцлага нь ямар байна гэдэг өнцгөөс давхар харах ёстой гэж үзэж байхад “Бид хэтэрхий үндэсний тал руугаа яваад байна. Эцсийн зорилго бол газар доор байгаа баялгийг нээн илрүүлж байгаа компанийг л гаргаж ирэх” гэсэн байр суурьтай Шүүгч ч байсан.

Шүүгчдийн зөвлөлд таалагддаггүй нэг зүйл бол тайлан материалаа англи хэл дээр ирүүлэх явдал. Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй хэн боловч Монгол улсын албан ёсны төрийн хэлээр тайлангаа бэлтгэх ёстой гэж Шүүгчид үздэг юм.

Энэ жилийн  шалгаруулалтад Монголын Өрөмдлөгийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав, Монголын Үйлдвэрлэлийн геологчдын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нарын геологи, хайгуулын салбарын мэргэжлийн хүмүүс Шүүгчээр орж ирсэн байгаа. Салбараа мэддэг хоёр эрхэм “Шилдэг хайгуулын компани”-ийг тодруулахад цэвэр мэргэжлийн байр сууринаас хандана гэдэгт итгэлтэй  байна.

2011 оны “Шилдэг хайгуулын компани”-ийн эзнээр анх байгуулагдсан цагаасаа хойш Монголын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш ихээр татаж байсан “Хүннү Коал” компани шалгарсан юм.  2010 ондоо Австралийн бирж дээр IPO хийж, хайгуулын мөнгөө босгож байсан тус компани богино хугацаанд асар их ажил амжуулж, багагүй хэмжээний нүүрсний нөөц илрүүлсэн билээ.

2012 онд хайгуулын шилдэг компани өрсөлдөөн ихтэй болох  нь эхнээсээ анзаарагдаж байгаа. Тухайлбал, Аспайр Майнинг, Занаду Майнс, Кью Жи Экс, Харанга Ресурс зэрэг олон тооны хайгуулын компани Mining Journal Awards-т өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.

Ханган нийлүүлэгчдийн идэвхжил

Уул уурхайн салбар ханган нийлүүлэгчидгүйгээр урагшаа ахихгүй. Тэр тусмаа нэн чухал    дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр  тасалдалгүй хангаж, тэдгээрийг  ажиллуулах мэргэжилтнийг сурган дадлагажуулж байдаг  ханган нийлүүлэгчдийн дундаас “Шилдэг ханган ний­лүүлэгч”-ийг  2012 оноос  эхлэн тодруулж байх  санаачлагыг  Mongolian Mining Journal сэтгүүл гаргасан юм.

Өмнөх жилүүдийн “Mining  Awards”-т  ханган нийлүүлэгчид зөвхөн “Шилдэг технологи” номинацид  материалаа ирүүлдэг ч түүнд нь тохирсон номинаци байдаггүйгээс  шалгаруулалтад тэнцэхгүй тохиолдол  олон гарч байсан.   Монголын уул уурхайн салбарт техник, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгчид маш олон. Гэхдээ тэднийг том, жижгээр нь ялгах ёсгүй.  Гол шалгуур нь үйлчилгээний чанар юм.  “Mining  Awards”-т  хэн ч материалаа ирүүлж, өрсөлдөх боломж нээлттэй.

Тухайн жилд хэдэн техник, тоног төхөөрөмж Монголд нийлүүлсэн, тухайн  техник, тоног төхөөрөмжийн талаар ямар сургалт явуулсан, тухайн техник, тоног төхөөрөмжид  нэг жилийн хугацаанд эвдрэл гэмтэл  гарсан эсэх, ханган нийлүүлэлтийн найдвартай байдал, тухайн ханган нийлүүлэгч компанийн улсад төлсөн татварын хэмжээ зэрэг үндсэн Шалгуур үзүүлэлтээр  ханган нийлүүлэгч компаниуд өрсөлдөх юм.  Гэхдээ  тэд Монголын уул уурхайн үйлдвэрлэлд ямар  нөлөө авчрав,  үндэсний хэчнээн  ажилт­ныг бэлтгэж сургав гэдгээрээ илүүтэй өрсөлдөх  биз ээ.

“Хера эквипмент”, “Вагнер Ази Эквипмент”,  “Лиебхэрр”, “Комацү”, “Монгол Моторс” групп, “Аодэ”  зэрэг уул уур­хайн техник, тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниудын дунд шилдэг ханган нийлүүлэгчийн төлөөх  өрсөлдөөн өрнөх гэж байна.  Тэд зөвхөн уул уурхайн зах зээлийн талбарт  хүчирхэг техникүүдээрээ, шилдэг тоног төхөөрөмжүүдээрээ, сайн менежментээрээ, ашиг орлого, борлуулалтаараа  өрсөлдөөд зогсохгүй   “Mining  Awards”-т үйлчилгээний чанараараа нэрээ гаргах бололцоо гарч байна.

Шилдгийн шилдэг  Гранпри

 “Mining Journal Awards 2011” шалгаруулалт  өнгөрсөн жилээс Гран При шагналыг бий болгосон юм.
Шилдгийн шилдэг гэж монголчууд ярих дуртай. Шилдгүүд дотроосоо бүх талаараа илүү, цорын ганцыг нэрлэж, тодруулдаг тэр л уламжлалын дагуу уг шагналыг  олгож байхаар Шүүгчдийн бүрэлдэхүүн, зохион байгуулагчид тогтсон билээ. 

Олборлолт, технологи, боловсруулалт, дэд бүтэц, нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал гээд бүхий л чиглэлээр жигд сайн үйл ажиллагаа явуулж байгаа  компанийг “Mining Journal Awards-ын Шилдгийн шилдэг буюу Гран При шагналыг гардах учиртай. Гэхдээ мэдээж   Awards-ын хамгийн олон номинацид нэр дэвшсэн, тухайн номинаци бүртээ хамгийн өндөр оноо авсан компани л Гран При-гийн шагналыг хүртэнэ. Жил бүр ийм өндөр шагналтан тодрохгүй ч байж мэднэ гэсэн үг.
2011 оны шалгаруулалтын хамгийн олон номинацид нэр дэвшсэн компаниуд нь “Оюутолгой”, “Монгол газар” , ”Эрдэнэт” үйлдвэр,  “Энержи Ресурс” байсан ба эдгээрээс хамгийн олон номинацид өндөр оноо авсан нь “Энержи Ресурс” байлаа.
Гран При шагнал нь  Mining Journal Awards”-ийн  хамгийн хүндтэй шагнал. Тийм ч учраас дараа дараагийн шалгаруулалтуудын ноён оргил нь байсаар байх болно.

Уул уурхайн салбарыг дэмжигч хувь хүн, байгууллага


Энэхүү шалгаруулалтыг Шүүгчдийн бүрэлдэхүүн бус, зөвхөн мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн санал асуулгын дүнгээр тодруулдаг учиртай.  2010 оны Mining Journal Awards-ын “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”-аар Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци шалгарч байв. Уг номинацид төрийн болон төрийн бус  67 байгууллагын нэрийг дэвшүүлсэн юм.

1994 онд байгуулагдсан цагаасаа хойш салбартаа ажиллаж байгаа хувийн хэвшлийнхнийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр хийж бүтээсэн ажлыг нь олон нийт ийн үнэлсэн билээ.
Монголын Уул уурхайн ассоциацийн араас “Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ олонхийн санал авсан ба The Mongolian Mining Journal  түүний ард бичигджээ. Манай сэтгүүлийг уншигчид маань уул уурхайн салбарыг дэмжигч хэмээн нэрлэсэн нь  Mongolian Mining Journal сэтгүүлийн  хамт олонд  урам өгсөн билээ. 2010 оны “Уул уурхайн салбарыг дэмжигч хувь хүн”-ээр төрийн зүтгэлтнүүд болоод эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид дундаас Сангийн сайд С.Баярцогт шалгарсан. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн бодлого, үйл ажиллагаа, судалгаа шинжилгээгээр хувь нэмэр оруулж байгаа хувь хүн, төрийн бус байгууллагыг  The Mongolian Mining Journal сэтгүүл  олон нийтийн үнэлэлт дүгнэлт, санал асуулгаар тодруулан гаргаж ирдэг уг номинацийг талархан хүлээж авдаг хүн олон бий.

Тэгвэл 2011 оны  Mining Journal Awards шалгаруулалтад олон нийтийн зүгээс ирсэн нийт 720 саналын 53 хувиар ЭБЭХЯ-ний сайд Д.Зоригт “Уул уурхайн салбарыг дэмжигч оны хүн”-ээр тодорсон. Тус номинацийн удаах байруудад Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, MCS группын ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал нар тус тус шалгарсан. Харин “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”-аар хамгийн их буюу нийт саналын 31 хувиар Худалдаа хөгжлийн банкийг  олон нийт шилдгээр тодруулсан. Тус банк нь 2010 онд уул уурхайн салбарт олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, салбарын тулгамдсан асуудлыг бодлого тодорхойлогчидтой хамтран хэлэлцэх хурлуудыг амжилттай зохион байгуулсан ба тэдгээрт 500 сая төгрөгийг зарцуулсан  нь санал асуулгад оролцогчдын талархлыг хүлээжээ.

Ийнхүү “Уул уурхайн салбарыг дэмжигч хувь хүн, байгууллага” номинацийг олон нийтийн санал асуулга хэлбэрээр нэг сарын турш явуулж, нийлбэр  дүнгээр ялагчийг тодруулдаг уламжлалтай. Уул уурхайн салбарын эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр  санаачлагатай ажилласан, салбарын хөгжил, судалгаа шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан 22 эрхмийг  Mongolian Mining Journal сэтгүүлээс Mining Journal Awards-2012-ын “Уул уурхайн оны хүн” номинацид нэрийг нь дэвшүүлээд  байна.  Тэдний дундаас “Уул уурхайн оны хүн”  тодрох учиртай. Ийнхүү жил жилийн Mining Journal Awards Монголын уул уурхайн түүхэн товчоон болон үлдсээр байна.


  • Уурхайчин залуу (202.21.106.42)
    Энэ шалгаруулж байгаа гишүүд нь нэр дэвшиж байгаа уурхайн талбай дээр очиж үзэхгүйгээр яаж шалгаруулаад байна вэ Энэ асуултанд хариу өгөх боломж байна уу
    2012 оны 11 сарын 24 | Хариулах