Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Чингис бондыг ингэж зарцуулна

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Гол сэдэв Чингис бондын зарцуулалтын талаар байв. Тэрбээр юуны түрүүнд Чингис бондын ач холбогдлын талаар танилцуулсан юм. 2009 оных шиг хямралд орох магадлал өндөр байсан тул Чингис бондыг яаран гаргаж, валютын ханшийг тогтвортой байлган үнийн өсөлтийн дарамтаас хамгаалах шаардлагатай болсон гэж тайлбарлав. Мөн монголчууд үйлдвэр барья, бүтээн байгуулалт өрнүүлье гэхээр мөнгө байхгүй гээд суудаг байсан. Одоо мөнгө олоод ирэхэд ямар ч ялгаа байхгүй байна. Энэ нь асуудал мөнгөндөө биш хүндээ байсныг харуулж байна гэсэн юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард олон улсын зах зээлээс босгосон 1,5 тэрбум долларын бондыг юунд зарцуулах, ямар төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь одоо хүртэл тодорхой болоогүй байгаа. Н.Батбаяр сайдын хэлснээр Засгийн газраас эцсийн шийдвэр гараагүй ч бондын мөнгийг хэд хэдэн төсөлд зарцуулахаар бэлтгэж байгаа аж.

Юуны түрүүнд энэ онд 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох авто замын ажлыг санхүүжүүлэх юм байна. Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийг нийслэлтэй холбох 1300 гаруй км авто замд 300 гаруй сая доллар зарцуулах аж.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 276 км төмөр замыг ирэх хавраас барьж эхлэх бөгөөд үүнд ойролцоогоор 400 орчим сая доллар зарцуулах гэнэ. Уг төмөр замд 800 орчим сая долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийдэх бололтой.

Зам тээврийн яамнаас МИАТ компанид авах гурван онгоцны мөнгийг Чингис бондоос шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Ойролцоогоор 200 гаруй сая долларын санхүүжилт хэрэгтэй аж. Өнөөдрийг хүртэл Монгол улс өөрийн ганц ч онгоцгүй бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэнэ хэмээн сайд хэллээ.

Монгол улсын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэхийн тулд 5 дугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж байгаа. Цагаан сараас өмнө станц барих гэрээ байгуулах байх хэмээн Н.Батбаяр сайд хэлэв.

Үүнээс гадна сүүлийн үед хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр. Компанийн зүгээс бүх өрөө дарахад шаардлагатай хөрөнгийг Чингис бондоос гаргаж өгөхийг хүссэн. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд “Эрдэнэс Тавантолгой”-н санхүүжилтийг Чингис бондоос биш өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх саналтай байгаагаа хэлсэн. Богино хугацааны санхүүжилтээр өрийг шийдвэрлэсний дараа Хятад улстай урт хугацааны худалдааны гэрээ байгуулж, нүүрсээ олон улсын зах зээлийн үнээр, тохирсон тодорхой квотоор экспортлох боломжтой болох гэнэ. Ингэснээр урт хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн асуудал нэгмөсөн шийдэгдэнэ гэж үзэж байгаа аж.

Энэ жилээс эхлэн хэд хэдэн үйлдвэр ашиглалтад орох бололтой. Нэг сая тонны хүчин чадалтай Хөтөлийн цементийн үйлдвэр долдугаар сард ашиглалтад орох юм байна. Үйлдвэрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг Хөгжлийн банкнаас гаргажээ. Ирэх жил тус бүрдээ нэг сая тонны хүчин чадалтай цементийн хоёр ч үйлдвэр ашиглалтад орох бөгөөд ингэснээр цементийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой болох юм.

Мөн Дарханд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудлаар Японы талтай хэлэлцээр хийж эхэлжээ. Евро 5 стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг манай талаас санал болгож байгаа бөгөөд үйлдвэр ашигтай ажиллаж эхлэх үеэс ашгаасаа зээлээ төлж барагдуулах хэлбэрээр санхүүжүүлэхээр яригдаж байгаа аж.

С.Болд

Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.