Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгойн экспорт эхэлнэ

“Оюутолгой” компани энэ сарын 14-нд анхны зэсийн баяжмалаа экспортлох гэж байна. Тус компани богино хугацаанд баяжуулах үйлдвэрээ барьж, өнгөсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Улсын комисс баяжуулах үйлдвэрийн ажилтай танилцаад ашиглалтад хүлээн авчээ. Ингэснээр “Оюутолгой”  компанид бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдэж байгаа юм.

“Оюутолгой” компани бүтээгдэхүүнээ экспортлохоор гурван ч компанитай гэрээ хийсэн гэсэн мэдээ бий. Энэ онд 600 мянга гаруй тонн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй. Ингэснээр Монгол улсын экспортын орлого ихээхэн нэмэгдэх юм.

Энэ долоо хоногийн эхээр “Оюутолгой” компанийн ТУЗ хуралдсан байна. Уг хурлаар бүтээгдэхүүнээ экспортлох бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Дашрамд дурдахад тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилох асуудлыг Хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх юм байна. Одоогоор Хувь нийлүүлэгчдийн хурал хэзээ хуралдах нь тодорхойгүй байгаа аж.

С.Болд