Монголын хамгийн том уул уурхайн компани “Оюутолгой” зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр “дуншиж” байна. Өнөөдөр экспортоо эхэлнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар долоо хоног хойшилсон билээ. Урьд нь мөн хойшилж байсан удаатай.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Оюутолгойн экспорт хойшилсон талаар товч бөгөөд тодорхойгоор “Борлуулалтын орлого Монголд орж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэсэн тайлбар хэлсэн юм. Ерөнхий сайдын энэ үг Хувь нийлүүлэгчдийн хуралтай холбоотой. Хувь нийлүүлэгчдийн хурлаар “Оюутолгой” компанийн борлуулалтын орлого Монгол улсад орж ирэх ёстой гэсэн байр суурийг Засгийн газрын зүгээс илэрхийлж байгаа.
Үүнээс гадна өөр нэг асуудал байгаа экспортын гэрээтэй холбоотой. “Оюутолгой” компани Хятад руу бүтээгдэхүүнээ экспортлох бөгөөд зургаан компанитай борлуулалтын гэрээ байгуулаад байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Оюутолгой” компани борлуулалтын гэрээгээ Монголын талд үзүүлэхгүй байгаа бололтой. Ямар үнээр бүтээгдэхүүнээ борлуулах нь тодорхойгүй байгаа үед экспортыг эхлүүлэхээс Монголын тал цааргалж байгаа гэнэ. “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал К.Макрей бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулах гэрээ хийсэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Ямар ч байсан ирэх долоо хоногийн баасан гаригт “Оюутолгой” компанийн экспорт эхэлж магадгүй байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч ийн хэлсэн билээ.
С.Болд-Эрдэнэ