Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Орос нүүрсний 550 жилийн нөөцтэй





ОХУ нь нүүрсний олборлолтоор дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд олон улсын нүүрсний зах зээлийн томоохон тоглогч юм. Дэлхийн нийт нөөцийн гуравны нэг буюу 193.3 тэрбум тонн нүүрс газрын хэвлийд нь агуулагдаж байна. Үүнээс хүрэн нүүрс 101.2 тэрбум, коксжих нүүрс 39.8 тэрбум болон антрацит 6.8 тэрбум тонныг тус тус эзэлнэ. Нүүрсний нөөцийнхөө хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт, жилд 320 сая илүүтэй тонн нүүрс олборлодгоороо тавдугаарт ордог байна. Одоогийн мэдэгдэж буй нөөцийг нь 550 жилд хүрэлцэхүйц гэж үздэг.
Тус улсын нүүрсний салбарт олборлогч 228 аж ахуйн нэгж 91 нь гүний, 137 нь ил уурхайд үйл ажиллаагаа явуулж байгаагийн дийлэнх нь хувийн хэвшлийнхэн. Олборлосон нүүрсийг 49 баяжуулах үйлдвэрт боловсруулж байна. Одоогоор холбооны долоон бүс нутаг дахь 16  сав газарт нүүрсний олборлолт явагдаж байгаа юм.
Нүүрс нь цахилгаан эрчим хүч гарган авахад өргөн ашиглагдаж байгаа бөгөөд эрчим хүчний салбарын 25 хувийг бүрдүүлж байна. Салбарыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд хувь хэмжээг 31-38 хувьд хүргэх учиртай. Зах зээлийн 57 хувийг үндэсний компаниуд бүрдүүлж байгаагийн дотор “Евразгрупп”, “Сибуглемет” болон “Южный Кузбасс” нь тэргүүлэх байр суурьтай.
Салбарын хөгжилд ихээхэн анхаарал тавьдаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нүүрсний салбар Орос улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдолтой хэмээн мэдэгджээ. Тэрээр ирэх арван жилд нүүрсний эрэлт эрчимтэй нэмэгдэнэ гэсэн таамаглал дэвшүүлэн “Манай нүүрсний үйлдвэрлэл, тээврийн дэд бүтэц энэ эрэлт хэрэгцээг хангахад бэлэн байх болно. Бид өөрсдийн байр суурийг хадгалаад зогсохгүй өргөжүүлэн тэлэхдээ Ази-Номхон далайн бүс нутгийн ирээдүйтэй зах зээлийг чиглэх хэрэгтэй. Тиймээс хэзээ, хаана, хэр хэмжээтэй нүүрс олборлох, үүнд зориулан тээвэр логистик, аж үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа бид өнөөдөр мэдэж байх ёстой” гэж мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна.  


ОЛБОРЛОЛТ БА ЭКСПОРТ


2012 онд Оросын нүүрсний олборлолт 352.6 сая тоннд хүрсэн нь өмнөх жилийнхээс 4,7 хувиар өсчээ. Нүүрсний нийлүүлэлтийн нийт хэмжээ 3,1 хувиар нэмэгдэж, 315,7 сая тоннд хүрсэн бөгөөд экспорт 19 хувиар өсч, 126,8 сая тонн болсон байна. Үүнээс коксжих нүүрсний нийт экспорт 12,9 сая тонн буюу 36,5 хувиар өссөн аж. Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлсэн нүүрсний экспорт 14,7 сая тонн буюу 29 хувиар өссөн бөгөөд үүнээс коксжих нүүрс 0,9 хувиар өсч, 1,8 сая тоннд хүрсэн байна.


НҮҮРС ОЛБОРЛОГЧ КОМПАНИУД



2012 онд Оросын нүүрс олборлогч томоохон компаниуд ихэнх нь өсөлттэй үр дүн үзүүлсэн байна. Тус улсын нүүрсний тэргүүлэх үйлдвэрлэгч “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” /СУЭК/ нь нүүрсний олборлолтоо зургаан хувиар нэмэгдүүлж 97,5 сая тоннд хүргэжээ. Үүнээс дотоодын зах зээлд 52,9 сая тонн нийлүүлсэн нь өмнөх жилийнхээс дөрвөн хувиар буурсан аж. Харин экспортод 38,8 сая тонныг гаргасан нь 15 хувиар өссөн үзүүлэлт юм. СУЭК нь Оросын эрчим хүчний нүүрсний зах зээлийн 30 хувь, нийт экспортын 20 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. 2011 онд тус компани нүүрсний аж үйлдвэрлэлд 18 тэрбум рублийн хөрөнгө оруулж дээд амжилт тогтоожээ. Харин энэхүү амжилтыг Оросын нүүрсний салбарын хоёр дахь том тоглогч “Кузбассразрезуголь” компани 23 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар эвдсэн байна. Гэхдээ “Топ 10”-ын жагсаалтад багтахдаа нүүрсний олборлолтоо бууруулсан цорын ганц компани болсон юм. Олборлолт нь 3,3 хувиар буурч, 45,5 сая тоннд хүрсэн бөгөөд үүний 5,7 сая тонн нь коксжих нүүрс байв. Олборлолтоо бууруулсан нь компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой байжээ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөний хүрээнд нийт 360 сая куб метр газарт хөрс хуулалт хийсэн байна. “Кузбассразрезуголь” компанийн дотоодын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт дөрвөн хувиар өсч, 45,2 сая тоннд хүрсэн бол экспортод 25 сая тонн гаргасан нь өмнөх жилийнхээс 10 хувиар өссөн үзүүлэлт юм.
 2013 онд олборлолтын хэмжээгээ бууруулахгүйгээс гадна компанийн үйл ажиллагаанд 4,5 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар төлөвлөснөөс гурван тэрбум рублийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна.

Оросын нүүрсний салбарын гурав дахь томоохон үйлдвэрлэгч  “СДС-Уголь” компанийн үйл ажиллагаа өмнөх жилээс 11,4 хувиар өсчээ. 2012 оны эхний хагас жилийн байдлаар 23 хувийн өсөх үзүүлэлттэй байсан бол хоёрдугаар хагаст өсөлт бага зэрэг удаашрах хандлага ажиглагдсан байна. Тус компанийн үйл ажиллагааны мэдэгдэхүйц өсөлт нь тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой юм.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР


Эрчим хүчний яамны боловсруулсан “Нүүрсний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх тухай” урт хугацааны хөтөлбөрийг 2012 оны нэгдүгээр сард ОХУ-ын Засгийн газар баталжээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт 3,7 их наяд рублийн хөрөнгийн есөөс илүүгүй хувь буюу 251,8 сая рублийг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Хөтөлбөрт 2030 он гэхэд 82 ил болон 64 гүний уурхайгаас жилдээ 430 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Эрчим хүчний хэрэгцээнд зориулан дотоодын зах зээлд нийлүүлэх нүүрсний хэмжээг 90 сая тонн, экспортыг 44 хувь, далайн боомтуудын нүүрс ачих хүчин чадлыг 190 сая тоннд тус тус хүргэхээр тусгасан байна. Мөн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нүүрсний салбараас 1706,6 тэрбум рублийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Хөтөлбөрийн хүрээнд нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулахыг зорьж байгаа юм. Нүүрсний олборлолт, үйлдвэрлэл болон боловсруулалт бүхий шинэ цогцолборууд тус улсын дорнод хэсэг рүү шилжин төвлөрөх аж. “Нүүрсний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх” тухай урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд нүүрсний давхаргын метаныг гарган авч, эдийн засагт ашиглахаар төлөлөвлөжээ.


ИРЭЭДҮЙТЭЙ ТӨСЛҮҮД


Оросын нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлын 50 гаруй хувь төвлөрөх Кузбассын сав газарт Менчереп, Жернов, Уроп-Каракан, Новоказань болон Солонов гэх зэрэг орд газруудад томоохон уурхайнууд баригдахаар төлөвлөгдөж байна. 2030 он хүртэл Кузбассын нүүрсний сав газарт жилд 40,5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 11 гүний болоод 4 ил уурхай шинээр байгуулна. Мөн тус сав газар дахь нүүрсний ордоос метан гарган авч ашиглах эрчим хүч-технологийн цогцолборуудыг байгуулах аж. “ШахтаБеловская” компанийн 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй эрчим хүч-технологийн кластерийн цогцолборт жилд 6 сая тонн нүүрс олборлох ил уурхай, жилд 3 сая тонн нүүрс олборлох гүний уурхай, жилд 6 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр, жилд 160 мянган тонн нүүрс боловсруулах үйлдвэр, 40 МВт эрчим хүчний цахилгаан станц багтах юм.Тувагийн Бүгд Найрамдах улс нь нүүрс олборлох шинэ төв болох гэж байна. Учир нь тус нутаг дахь Улуг-Хемскийн нүүрсний сав газрын ордууд дээр өндөр үр ашигтай үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа юм. 2030 он гэхэд тус сав газар дахь нүүрсний олборлолт жилд 37 сая тоннд хүрэх аж. Эл сав газарт үйл ажиллагаа явуулж буй Евразгрупп, “Енисейн үйлдвэрлэлийн компани” тус бүр 12 сая тонн, Северсталь компани 11 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнуудыг байгуулах гэж байна. Забайкалийн хязгаар нутагт Апсатскийн ордыг ашиглах зорилгоор жилд 2,5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулагдана.
Үүнээс гадна Уралын бүс нутаг, Москва орчмын сав газар дахь үр ашиг бага, чанар муутай нүүрсний олборлолтыг бууруулахаар төлөвлөжээ. Оросын нүүрсний салбар дахь Дорнод Сибирийн хувь оролцоог 23,6-аас 35,7 хувь болгон нэмэгдүүлэх, Алс Дорнодыг 9,7 хувиас17,1 хувь болгон нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр тээвэрлэлтийн зардлыг багасгаж, экспортын нүүрсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.





Э.Жаргал