Үндэсний татварын газраас энэ оны эхний хагас жилийн татварын орлого бүрдүүлэлтийн мэдээг гаргажээ. Эхний хагас жилд нэг их наяд 78 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс хагас жилийн гүйцэтгэлээр 877 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлжээ. Татварын орлого 201 тэрбум төгрөгөөр буюу 19.6 хувиар тасарсан байна. Өнгөрсөн оны эхний хагас жилд 909 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж байжээ. Энэ онд 2 их наяд 586 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй юм байна.
Зургадугаар сард 203 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэлээр 115 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, татварын орлогын гүйцэтгэл 56.7 хувьтай гарчээ.
Татварын орлогын төрлүүдээс хамгийн ихээр тасалдсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байна. Эхний хагас жилд 302 тэрбум төгрөгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс олохоор төлөвлөсөн ч гүйцэтгэлээр 112 тэрбум төгрөг төвлөрчээ. Ингэснээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого эхний хагас жилд 190 тэрбум төгрөгөөр тасарч, 37.2 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
С.Болд-Эрдэнэ