“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун талбайд нэг жилийн хугацаатай Уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийн тендер зарласан билээ. Тендерийн ялагчийг наадмын өмнө шалгаруулсан бөгөөд “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн нэгдэл ялсан хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” компаниас тендерийн ялагчийн талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.
Тендерийг тавдугаар сарын 31-нд нээжээ. Тендерт “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл, “Тавантолгой Транс”, “Монгол 999 үндэсний нэгдэл” консорциумын түншлэл, “Абсолют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт”, “Монлаа” компанийн түншлэл саналаа ирүүлсэн байдаг. Үүнээс эхний хоёр түншлэлийн материал шаардлага хангаж, цаашид өрсөлджээ.
“Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн Монгол уурхайчид түншлэл 1м3 уулын цулыг 8838 төгрөгөөр олборлох үнийн санал ирүүлж, өрсөлдөгчөөсөө үнийн саналын хувьд өндөр байгаа ч бусад үзүүлэлтээр шалгарсан байна. Мөн уг түншлэлд нэгдсэн компаниуд нь бүгд үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд бөгөөд тодорхой хэмжээний туршлагатай компаниуд юм.
Баруун Цанхийн талбайгаас энэ жил хоёр сая тонн орчим нүүрс олборлож, экспортлохоор төлөвлөж байгаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал ихээхэн дээшлэх боломжтой юм. “Монгол уурхайчид” түншлэл наймдугаар сараас олборлолтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
С.Болд-Эрдэнэ