Илюмжиновын замаар нүүрс гэлдрүүлэх неополитик

2013-08-21 08:57

Засгийн газрын сүүлийн хуралдаанаар нарийн царигийн төмөр замын богинохон  маршрут баталсныг олон хүн анзаараагүй болов уу. Цагаан хаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хориод километрт нарийн царигийн буюу олон улсын стандартын төмөр зам байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцүүлэх магадлалтай.


Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасны дагуу Засгийн газар нь экспортын чиглэлийн төмөр замын царигийн хэмжээг тухай бүрт нь УИХ-д оруулан батлуулж зөвшөөрөл авах үүрэгтэй. Энэ удаа Засгийн газар Төмөр замын талаар баримтлах бодлогыг гуйвуулан, зөвхөн Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэлх богино зайд нарийн царигийн зам байгуулах зөвшөөрөл хүсэхээр зэхсэн бололтой. Төмөр замын тухай Монгол улсын төрийн бодлогод “Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод Боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ” хэмээн тун тодорхой тусгасан. Нүүрс боловсруулах үйлдвэр нь Тавантолгой ордод байрлах бөгөөд уг үйлдвэрээс даруй 240 орчим километр зайд ОХУ-ын стандартын өргөн царигийн төмөр зам байгуулж, улмаар Цагаан хадны гаалийн агуулах бүхий бүсэд очиж нүүрсээ шилжүүлэн ачих, тэндээсээ нарийн царигийн замаар тээвэрлэх шинэ дамжлагыг Засгийн газар Парламентад санал болгоно гэсэн үг. Тэртээ тэргүй 240 км замд Оросын стандартын даац муу, хурд удаан вагоноор гэлдрүүлэн авчирсан нүүрсийг хилээс хориодхон км-т байгаа Цагаан хаданд дахин буулгаж, нарийн царигийн зам дээр гаргах нь эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой юм.


Нүүрсийг шилжүүлэн ачих илүү дамжлагын явцад хамгийн багаар бодоход тонн тутамдаа 5 ам. долларын нэмэлт зардал үүснэ. Шилжүүлэн ачих үеийн дараалал, хүнд суртал, байгаль орчны бохирдлын талаар огт тооцоогүйгээр зөвхөн өргөн замын нэг вагоноос нарийн стандартын нөгөөд “хөмрөн ачих” үеийн илүү зардал 5 ам. доллар. Бусад зардал, алдагдал мэдээж гарна.


Монголын сайн чанарын коксжих нүүрсний үнийг улам бүр унагах улс төрийн муйхар шийдвэрүүд сүүлийн таван жилд тасралтгүй гарсан бөгөөд энэ удаа тэнэглэл ийнхүү энерциэрээ үргэлжилсээр байна. Логистикийн хамгийн оновчгүй, хамгийн их алдагдалтай хувилбарыг Засгийн газар Тавантолгойн сайн чанарын нүүрсэнд сонгож, эдийн засгийн хохиролтой шийдвэр үргэлжлүүлэн гаргаж буй нь энэ юм. ОХУ-ын стандартын өргөн царигийн төмөр замыг уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтдээ зайлшгүй дагаж мөрдөх “геополитикийн” шахалтыг Монгол улс хүлээдэг юм уу? Үгүй. Оросуудын зүгээс заавал өргөн цариг хэрэглэ гэсэн дарамт шахалтыг Монгол улсад үзүүлдэггүй. Энэ бол зөвхөн Монголын улстөрчдийн өөрсдийнх нь дуртай тоглоом. Тэд энэ тоглоомоор сүүлийн таван жил наадсаны дүнд Тавантолгойн коксжих нүүрс Хятадын зах зээлд нэгдүгээр экспортлогч явсан алтан байр сууриа алдсан. Одоо экспортын жаахан орон зай царайчилж, Хятадын төрийн өмчийн “Чалко” мэтийн компаниудыг Монголын Засгийн газар гуйж яваа билээ.


Өргөнөөс нарийн замд, нарийн төмөр замаас өргөний зориулалтын вагонд бараа бүтээгдэхүүнээ зөөж дахин ачих энэхүү дамжлага монгол хүн болгоны амьдралд үнийн нэмэгдэл болон орж ирдгийг Та бид сайн мэднэ. “Шилжүүлэн ачих байгууламж” гэдэг үг бидний худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүн болгоны үнэ дээр, банкны өндөр хүүтэй зээлээр авч буй барилгын ам. метр болгонд нэмэлт дарамт, үнийн хөөсрөл болон орж ирдэг. Будаа, элсэн чихрийн үнэ дээр тээврийн зардал хамгийн ихээр шингэн бидний цалинг шимж шулдаг. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн 330 ачигч цементийг хэр хурдан зөөхөөс шалтгаалан бидний худалдан авч буй барилгын үнэ өсдөг. 330 ачигч барилгын метр квадратын үнийг шууд тодорхойлдог гэсэн үг. Ачигчийн тоог гурав дахин нэмээд, мянган хүн цемент зөөж, Хятадын нарийн царигийн замаас Монголын төмөр замын өргөн замын вагонд шуурхай ачих юм бол барилгын үнэ буурна гэсэн үг. Ийм энгийн үнэн, нүдэнд ил зовлон монголчуудын амьдралд шууд тусдаг. Тэгвэл одоо гадагшаа экспортолж доллар олж буй ганц бүтээгдэхүүн-уул уурхайн бүтээгдэхүүний үнийг ашиггүй, алдагдалтай болгох Шилжүүлэн ачих шинэ тэнэглэлийн шийдвэр ийнхүү гарах гэж байна.


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь манай улсын экспортын гол суваг, уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны хамгийн том гарц бөгөөд энэ чиглэлийг “хоёрдугаар ээлжийнх” хэмээн цааш нь түлхэж, таван жил дарсны эцэст өнөөдөр эдийн засгийн хамгийн үр ашиггүй хувилбараар нь логистикийн бүтээн байгуулалт хийж эхлэв. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын тухай мэдээллийг Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” дээр бараг дурдахгүй, “жич ярина” гэсэн тайлбартайгаар бүрхэгдүүлж байгааг сэтгүүлчид анзаардаг. Гэхдээ энэ бол мэдэхгүй, харахгүй өнгөрч үл болох эдийн засгийн үндсэн асуудал юм. “Монголын эдийн засаг нь уул уурхайн бус, харин төмөр замын эдийн засаг” хэмээн Ерөнхий сайд асан М. Энхсайхан онцолсон удаатай бөгөөд ашигт малтмалын бүтээгдэхүүний тээврийн оновчтой логистик байгуулахгүйгээр эдийн засаг сэргэхгүй гэдгийг тодотгосон энгийн үнэн  юм.


Хэрвээ Засгийн газар ОХУ-ын стандартын төмөр замыг сонгож байгаа бол уг өргөн замыг яагаад шууд Хятадын хил рүү нэвтрүүлэх хувилбар дээр ажилласангүй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Олон улсын тээврийн хэлэлцээрээр ийм боломж Монгол улсад бий. Эдүгээ Эрээнээс Хятадын нарийн төмөр замаар Замын-Үүдэд оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг хил орчмын 5 километрт ачиж буулгах боломж байгаа. Хүлээн авагч талын хилээр оруулан бараа бүтээгдэхүүнийг буулгах боломж Олон улсын гэрээ хэлэлцээрээр Монгол улсад бий гэсэн үг. Нүүрс шиг байгаль орчинд асар хор хөнөөлтэй, нурмаг бүтээгдэхүүнийг өргөн царигийн төмөр замаараа хүлээн авагч Хятадын нутаг дэвсгэрт шууд оруулан хилийн зурваст нь, тэдний нутаг дээр яагаад буулгаж болохгүй байна вэ? Нэгэнт Монголын Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал Оросын өргөн замаар зөөнө гэж зүтгэж буй юм бол ядахдаа Шилжүүлэн ачих зардал болон байгаль орчны хохирлыг хүлээн авагч талтай  хуваалцах хувилбар дээр яагаад ажилласангүй вэ?


Гашуунсухайт хилийн боомтын хувьд Их говийн дархан цаазтай нутаг дэвсгэрийн бүст багтдаг учир тэнд Нүүрс шилжүүлэн ачих байгууламж барих боломжгүй. Хил орчмын 16 км бүсийг хамарсан Их говийн дархан цаазтай байгалийн сайхан тэнд бий. Тиймээс Шилжүүлэн ачих байгууламжийг хилээс наана, Цагаан хаданд барихаар төлөвлөсөн. Ийм тохиолдолд хоёрын хооронд хорьхон км-т царигийн шилжилт хийж, Шилжүүлэн байгуулах барилгын шинэ зардал гаргаж байхаар хүлээн авагч Хятад улсын хил рүү оруулан  тэрхүү “нүүрс хөмөрдөг”, үнс тоос болсон заваан байгууламжаа босгох нь Монголын говийн эко дархлааг хадгалахад чухал асуудал юм. Чухам Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас ямар дүгнэлт гарсан болоод Цагаан хад орчмыг улам бүр экологийн гамшигт оруулах гэж байгааг үл ойлгоно!


Якунины замаар цемент зөөх геополитик


Эдийн засаг уналаа, сүйрлээ гэж хүн болгон ярих болжээ. Гадаад зах зээл муудсанаас боллоо, Хөрөнгө оруулагчдыг үргээсэн муу хууль гаргаснаас үүдсэн гэх мэтээр хүн бүр өөрийн дүгнэлтийг хийх аж. Харин манай улсын эдийн засгийн суурь өвчнийг Монголбанк яг онож оношилсон. Тэрхүү өвчнийг дарах зөв жор гаргасан гэж боддог. Тэрхүү жор нь бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, логистикийн шуурхай бүтцийг бий болгох эмчилгээ. Даралт ихсээд цус харвах гэж буй өвчтөний цусыг шингэлж, судсаар нь чөлөөтэй гүйлгэх энгийн эмчилгээ бичсэн гэсэн үг. Яг юу вэ гэвэл нөгөө л Шилжүүлэн ачих ажлыг шуурхай болгох, бараа бүтээгдэхүүн хил дээр гацах бөглөөс таглаасыг арилгах, будаа элсэн чихэр өдөртөө Улаанбаатарын дэлгүүрт бууж байх шуурхай зохицуулалт хийхийг Монголбанк оролдсон гэсэн үг. Барилгын үнийг өсгөж байгаа цемент Эрээнээс эхлэн бүтэн сар сажилж байж Улаанбаатарт бууж буй гацаа бөглөөг гаргах Хөтөлбөрийг Төв банк санал болгосон юм.


Өнгөрсөн оны аравдугаар сараас уг Хөтөлбөр хэрэгжсэний дүнд өнөөдөр мөнөөх цемент арав хоногт багтан Улаанбаатарын барилгын хашаанд бууж байгаа нь барилгын үнийг хэт өсгөхгүй үндэслэл уг нь болох ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар  нийлүүлэлтийн ийм ахиц дэвшлийг тооцоондоо анхаарч аваасай. Үндэслэлгүй үнээ өсгөж байгаа барилгын компаниудад хэлэх нэг үндэслэл энэ болох ёстой. Манай улсын эдийн засгийн өвчнийг зөв оношлох, анагаах боломж бидэнд өөрсдөд маань байгааг дээрх жишээ харуулдаг.


Эдийн засаг зөвхөн гадаад зах зээлээс, эсвэл Рио Тинто-г гомдоосноос болж муудаагүй. Эдийн засгийн цусны эргэлтийг нэмэгдүүлэх, тунгалаг болгох шаардлагатай байгааг л өнөөгийн хямрал бидэнд харуулж байна. Харин хямралыг далимдуулж Рио Тинто шиг хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрыг дарамталж, монгол ажилчдыг халж, амьжиргаагаар нь тоглож байгаа нь үнэн юм.


Эдийн засгийн эмчилгээг хийхэд юу садаа болж байна вэ? Элсэн чихэр будаа, цементийн үнийг өсгөхгүйн тулд Монголбанк Хөтөлбөр гаргажээ. Төв банкны Хөтөлбөр гэдэг нь санхүүжилт гэсэн үг. Тэр мөнгийг хэн залгидаг вэ? Төмөр зам. Замын-Үүдэд шилжүүлэн ачих байгууламж шинээр барьж өг хэмээв. За май, 70 тэрбум төгрөг, зөв компаниа сонгож байгууламж хийлгээрэй дээ... Цемент зөөдөг хүний тоог нэм. Ачигч нарын эзэн компани гэж бий. Тэдэнд, за май... Хятадаас цементийг машинтай зөөж оруулдаг хувийн компаниуд гэж бас бий. Нийт 1500 ачааны машинаар цемент зөөдгөөс 900 нь Хятад компанийн мэдлийнх. Тэд тээврийн хөлсөө дураараа нэмдэг. Тэдэнтэй тохиролцох хэрэг гарна. Замын-Үүд-Эрээний боомтын тав аравхан километр дунд хэчнээн дамжлага, хэчнээн их хүнд суртал, хэчнээн өндөр ашигтай мөнгө хүүлэл явагдаж байна вэ? Ёох...ачаа барааг арайхийж Улаанбаатар төмөр замын вагон дээр гаргаад ирлээ.


Одоо “Улаанбаатар төмөр зам” гонгинож эхэлнэ. Битүү вагон хэрэгтэй, хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээ хагас вагонд ачихгүй гээд байна...хөргөлттэй вагон авъя, дулаалгатай зориулалтын вагон хүрэлцдэггүй ээ...зүтгүүр байхгүй...ачаа эргэлтийг хурдасгая гэвэл парк шинэчлэх шаардлагатай... шатахуун шуурхай авах эргэлтийн мөнгө өг...Тянжинаас ямар ачаатай чингэлэг ирж байгаа мэдээллээ бидэнд урьдчилж өгөхгүй байна...Замын-Үүдээс Шилжүүлэн ачих байгууламж хүртэл засмал зам тавьж өг, терминал III-ыг засах хөрөнгө хэрэгтэй...Ачааны машинуудын зогсоол барих мөнгө өг...ачааны машинуудыг эмх замбараатай дугаарлуулах програм авна, ачаа шилжүүлж зөөх кран хүрэлцдэгүй ээ...тээр энэ машин ачаагаа даахгүй далийлаа... нурлаа ий яана аа... Ачаанд дарагдаж хүн амь алдсан тухай харамсалтай баримт ч байна.


Нэг иймэрхүү зовлон Замын-Үүд дээр үл тасарна. Тасралтгүй мөнгө нэхнэ. Алхам тутамд зардал гарна. Тэр зардал нь будаа, саахар худалдан авч буй Та бид хоёр дээр буудаг. Энэ бүхнийг “Шилжүүлэн ачих шидэт зардал” хэмээн нэгтгэн харж болно. “Логистик”, “Логистикийн төв” хэмээн Зам тээврийн яамныхан гоё нэрлэдэг. Шийдвэрлэе, гарц олъё гэж тэд нэг их хичээдэггүй юм шиг санагдана. Харин ч нэмж хоёрдугаар Замын-Үүд буюу Цагаан хадны геополитик бодож олоод, Засгийн газрын хуралдаанд оруулж “шийдүүлчихээд” суугаа билээ.


Манай эдийн засагт нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх, инфляцийг өсгөхгүй барих үндсэн гарц Замын-Үүд дээр байдаг. Тэр эмчилгээг хийхээр Төв банк чамгүй хөрөнгө гаргасан, мөнгийг төмөр замын нэн үр ашиггүй бүтэц залгисаар байна. Тэгвэл хоёрдугаар Замын-Үүдийн бөглөө буюу экспортын зохиомол бэрхшээл үүсгэх тэнэглэл одоо Цагаан хаданд биеллээ олох гэж байна. Өргөн царигийн замаар экспортын доллар олдог гол бүтээгдэхүүнээ зөөн, үнийг нь унагах Шилжүүлэн ачих байгууламжийг Цагаан хаданд байгуулах ажлыг Засгийн газар Чингис бондын мөнгөөр санхүүжүүлж байна. Зөвхөн үр ашигтай төслүүдийг Чингис бондын мөнгөөр санхүүжүүлээрэй хэмээн Ерөнхийлөгч үүрэг даалгавар өгөөгүй билүү?


Эдийн засгийг Монголын улстөрчид өөрсдөө унагаж буй бөгөөд доллар олох судсаа нэмж ханасаар байгаа жишээ энэ.




Л. Болормаа




 

 

  • z (202.72.245.122)
    bichsen zviliin chine 60-aas 70 huvi ni shaal hotsrogdson medeelel bnaymar neg ym bichih demedeelel sain oloj bgaad bichmeer ym
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • zochin (202.72.245.122)
    Ene tumur zamiin talaar bichsen hvn arail medeelel muu ymaa ene medeeleliig bichsen gar ooroosoo ichij amidraasaa zarim neg zvil chine shaal hudlaa hotsrogdson medeelel bna lol tumur zam medehgvi teneg malaa ymar malnaas iim medeelel avaad bichdeg mal be chiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii lol
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.170.84.10)
    unen
    2013 оны 08 сарын 21 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 12 цаг 23 минутад
    Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
  • 2020-11-24 15:46
    Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
  • 2020-11-24 15:31
    УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
  • 2020-11-24 15:22
    Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
  • 2020-11-23 15:42
    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.