NTR Metals: Монголын алтны салбар тогтвортой, зөв хэлбэрээр хөгжинө

2014-01-27 16:47
АНУ-ын “NTR Metals” компани үнэт металын худалдаа, боловсруулалтын чиглэлээр дэлхийг хамран амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тус компани Монголын алтны салбарт хүч үзэхээр шийджээ. “NTR Metals” компанийн захирал Кеннет Байлстайнтай Монголд ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлж буй болон манай улсын алтны салбарын хөгжлийн боломжуудын талаар ярилцлаа. 




“NTR Metals”–ын Монголын алтны салбарт нэвтрүүлэх логистик, арилжааны үйлчилгээг Монголд шинэ зүйл гэж хэлж болно. Компанийнхаа Монгол дахь салбарын үндсэн үйлчилгээг тодруулж ярина уу? Монгол дахь танай компанийн үйл ажиллагааны үндсэн зорилго юу вэ?

Монголын уул уурхайн салбарт “NTR Metals” компанийг танилцуулах дашрамд өөрийн бизнесийн боломж, чадамжуудыг тайл¬барлахдаа таатай байна. “NTR Metals” бол үнэт метал цэвэршүүлж, худалдаалах чиглэлээр Монголд үйл ажиллагаагаа нэвтрүүлж буй дэлхийн хэмжээний анхны компани юм. Бидний зорилго бол олон улсын зах зээлийн үнэд тулгуурласан шууд болон ирээдүйн гэрээт худалдаа, хэжинг (hedging), хайлуулах, цэвэршүүлэх, сорьц тогтоох, түргэн шуурхай төлбөр хийх зэрэг алт, мөнгөний худалдааны бүрэн цогц үйлчилгээг хүргэхэд оршино. Мөн үйлчлүүлэгчдэдээ бүтээгдэхүүнийг нь “хаалганаас хаалганд” аюулгүй найдвартай тээвэрлэх цогц шийдлийг санал болгох юм. Энэ хүрээнд бид хамгаалалт болон логистикийн үйлчилгээ эрхэлдэг “Бамбай секьюрити” болон “Бринкс глобал сервис” зэрэг компанитай стратегийн түншээр хамтран ажиллаж байгаа. Товчхондоо бид үнэт метал цэвэршүүлэх болон худалдаалах бүрэн цогц үйлчилгээг Монголын уул уурхайн салбарт авчирч, Улаанбаатар дахь дэлхийн зах зээлиин үнэ, худалдааны нөхцөлийг санал болгох юм.

Монголын алтны салбарын компаниудад худалдаа, логистикийн үйлчилгээгээ ямар зарчмаар, хэрхэн хүргэх вэ?
Бидний үйл ажиллагаа нь уул уурхайн бус харин дэд бүтцийн үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, бид Монголын алтны компаниудын бүтээгдэхүүнийг тухайн уурхай эсвэл хэрэглэгчдийнхээ санал болгосон газраас нь Улаанбаатар дахь өөрийн салбарт хүргэх бүрэн цогц тээвэрлэлтийн шийдлийг санал болгон, дэлхийн зах зээлийн бодит үнэд тулгуурлан худалдаж авах юм. Монголын алтны компаниудын хувьд одоогийн байдлаар Монголбанкны үнээр бүтээгдэхүүнээ худалдаж байгаа. Монголбанк Лондоны үнэт металын биржийн үнэд суурилсан худалдан авалт хийдэг боловч энэ нь нэг өдрийн өмнөх үнэ байдаг. Харин манай үйлчилгээ тухайн өдрийн яг тэр цаг мөчийн дэлхийн зах зээлийн үнийг санал болгоно. Энэ бол манай үйлчилгээний давуу талуудын нэгэн чухал хэсэг юм.
Дээж авах болон сорьц тогтоох ажлыг манай Улаанбаатар дахь төвд хийнэ. Нөгөөтэйгүүр, алтны компаниуд алтаа худалдахдаа тухайн үеийнх нь дэлхийн зах зээлийн үнээр худалдаж болохоос гадна үнэт металын бирж дээрх үнийн дунджаар эсвэл ирээдүйн гэрээт үнэд тулгуурлан хийгдэх худалдааг сонгох боломжтой. Ингэснээр бүтээгдэхүүнийхээ борлуулалтын орлогыг зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамаарал багатайгаар тооцоолох боломжтой болох учир тухайн компанийн үйл ажиллагааны менежментэд тун эерэг нөлөө үзүүлэх юм.

Жишээ нь, таныг алтны   уурхайтай гэж бодъё. Та олборлосон алтныхаа зарим хэсгийг боломжийн, тодорхой үнээр ирээдүй цагт худалдах замаар орлогынхоо зарим хэсгийг найдвартай болгож баталгаажуулахыг хүсч болно. Энэ нөхцөлд ирээдүйн гэрээт худалдаа нь таныг орлого, ашгаа нарийвчлал сайтай төлөвлөж, уурхайгаа үр ашигтайгаар удирдахад тань маш их тустай шийдэл байх болно. Одоогийн байдлаар Монголын алт олборлогч компаниудад орлогоо ирээдүй цагт найдвартай болгож түгжих, менежмент хийх үр дүнтэй механизм байхгүй байна.

Түүнчлэн одоогоор дээрх алт олборлогчид маань бүтээгдэхүүнээ тээвэрлэн борлуулах ажлыг өөрсдөө хариуцаж байгаа. Эдгээр тээвэрлэлт зарим үед их төвөгтэй байж болно. Харин одоо “NTR Metals”-тай хамтран ажилласнаар энэ тээвэрлэлтийн ажлыг бидэнд даатган, олборлолтын ажилдаа гол анхаарлаа хандуулж, сэтгэл амар ажиллах боломжтой. Үүнээс гадна, бидний бизнесийн хамгийн чухал зүйл бол холбогдох салбарын хууль, эрх зүйн хэм хэмжээнд бүрэн нийцсэн үйл ажиллагаа эрхлэх явдал юм. Бидний бизнесийн нэр хүнд нь бүрэн хэмжээний ил тод байдал болон хууль ёсыг чанд баримтлан үйл ажиллагаагаа явуулдагт оршдог.   

Танайх шинэ салбараа хүний нөөц, технологийн хувьд ямар чадамжтай байгуулж байна вэ?
Улаанбаатар дахь манай салбар бүхэлдээ монгол ажилтнуудаас бүрдсэн бөгөөд “NTR Metals”-ын сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн мэргэжлийн монгол менежерүүдээр удирдуулсан хамт олон байгаа. Улаанбаатар дахь метал арилжааны цахим самбар нь манай Хонконг болон Даллас дахь (HQ) толгой компанийн арилжааны цахим самбаруудтай холбогдсон болохоор хайлуулах болон сорьц тогтоох технологийн хувьд хамгийн шилдэг нь гэж хэлж болно. “NTR Metals” нь 24 цагийн турш метал арилжааны самбар ажиллуулдаг бөгөөд  “NTR Mongolia” нь  тэрхүү дэлхийн худалдааны цахим самбартай холбогдсон байгаа.

Монголын алтны зах зээл харьцангуй жижиг. Танай компани Монголын алтны зах зээлийг яагаад сонгох болов? Манай оронд энэхүү үнэт металын зах зээлийг хөгжүүлэх боломжийг Та хэрхэн харж байна вэ?
Монголын алтны зах зээл Австрали, Хятад, Перу зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрлэгчидтэй харьцуулахад жижиг байж болох юм. Хэдий тийм ч Монгол бол нэлээд хэмжээний алт үйлдвэрлэгч орон. Алтны үйлдвэрлэл бол Монголын эдийн засгийн нэгэн чухал хэсэг. Тогтвортой хөрөнгө оруулалтын орчин, сайн боловсорч мэргэшсэн, туршлагатай ажиллах хүчин, боломжийн сайн хөгжсөн алтны салбар зэргийг харгалзан үзэж бид Монголыг Азийн бизнес хөгжлийн стратегийнхээ нэг хэсэг болгож сонгосон. Бид Монголын энэхүү үнэт металын салбарыг өснө гэж харж байгаа. Энэхүү салбарын өсөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулах, улмаар Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд нэмэр хандив болж ажиллахыг эрмэлзэж байна.

Та өөрийн компанийн дэлхийн алтны салбар дахь байр суурь болон тус компанийн амжилттай хөгжлийн түүхээс хуваалцахгүй юу?
“NTR Metals” бол Америк, Европ, Азид 70 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа үнэт металын салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм.

Манай “Elemetal LLC” групп компанийн охин компани болох “Ohio Precious Metals” нь алт, мөнгө цэвэршүүлэх чиглэлээр АНУ-д тэргүүлдэг, “good delivery” шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бизнесийн нэгж юм. “NTR Metals”-ын томоохон алтны зах зээлийн бүсүүдэд байгуулсан бүрэн цогц үйлчилгээ бүхий салбар компаниудын бизнес хөгжлийн загвар нь ихээхэн амжилттай хэрэгжиж байгаа. Үүний нэг жишээ нь манай Улаанбаатар дахь салбар. Бид Монголд үйл ажиллагаа эрхлэх болсондоо сэтгэл их өндөр байна.

Танай компанийн үйлчилгээ Монголд нэвтэрснээр алтны салбар нэлээд цэгцрэх төлөв харагдаж байна. Монголд Гэнэтийн ашгийн татварын хууль хэрэгжсэнээс хойш алтны олборлолт эрс багасч, тэр хэрээрээ далд эдийн засаг буюу хууль бус алтны экспорт нэмэгдсэн?

Бид бүхий л худалдан авалт болон борлуулалтын дэлгэрэнгүй мэдээгээ тухай бүр нь тайлагнаж байх бөгөөд энэ нь Монголбанкны тайланд нэгтгэгдэх болно. Түүнчлэн бид зөвхөн Монгол Улсын зохих хууль, дүрэм журмын дагуу ажилладаг, тусгай зөвшөөрөл бүхий, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлдөг компаниудтай л хамтарч ажиллах болно. Мөн бид Монголбанк, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар зэрэг төрийн байгууллагуудтай бүрэн хамтран ажиллана. Үнэндээ олон улс орон Гэнэтийн ашгийн татварыг хэрэгжүүлсэн байдаг. Гэвч тэд урьдчилан тооцоолоогүй, таагүй үр дүнд хүрч байсан. Нөгөөтэйгүүр Монголын хувьд гар аргаар алт олборлогчид олон бий. Тэднийг хууль ёсны алт олборлогч болоогүй нөхцөлд бид тэдгээр бичил уурхайчдын алтыг худалдаж авах боломжгүй юм. Гар аргаар алт олборлох нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөтэй тул хуулиар анхаарал болгоомжтой зохицуулагдах шаардлагатай.  

Танай үйл ажиллагааны хүрээнд монголчууд ямар боломжийг олж авах вэ?
“NTR Metals” энэ салбарт олон төрлийн үйлчилгээг цогц байдлаар нэвтрүүлэх болно. Улаанбаатар дахь салбар компанийн үйлчилгээнд багтаж байгаа хайлуулах, дээж авах, сорьц тогтоох, олон улсын зах зээлийн бодит “real time” үнэлгээ, түргэн шуурхай төлбөр, олборлох алтныхаа тодорхой хэсгийг урьдчилан худалдахыг хүссэн үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа ирээдүйн гэрээт худалдаа, найдвартай хамгаалагдсан аюулгүй, “хаалганаас хаалганд тээвэрлэх” зэрэг үйлчилгээ нь алтны салбарт маш чухал хэрэгцээтэй зүйл юм. Товчхондоо эдгээр үйлчилгээ Монголын алтны салбарт яг одоо шаардлагатай байгаа. Эдгээр үйлчилгээний ашиг тусыг монголчууд хүртэнэ. Учир нь “NTR Metals”-ын нэвтрүүлж буй үйлчилгээнүүд тодорхой дэд бүтцийг хөгжүүлэх юм. Энэ нь эргээд ажлын байрны боломжийг нэмэгдүүлж, эдийн засгийн төрөлжилтийг дэмжиж, татварын бас нэг эх үүсвэр болно.

Хэдийгээр дэлхийн томоохон эдийн засгууд энэ жил удааширч буй ч алтны үнэ дэлхийн зах зээлд унаж байна. Маш олон судлаач шинжээч   эдийн засгийн хямралын үед алтны үнэ өснө гэж үзэж байсан. Та алтны зах зээлийн богино болон урт хугацааны төлөвийг хэрхэн харж байна вэ? Яагаад алтны үнэ ийнхүү буурч байна вэ?
Маш олон хүчин зүйл алтны үнийн хэлбэлзэлд нөлөөлж байна. Ялангуяа богино хугацааны тухайд. Саяхан л хөрөнгө оруулагчид АНУ-ын хөрөнгийн зах зээлд гол анхаарлаа хандуулж байсан. Бид ч үүний үр нөлөөг АНУ-ын хөрөнгийн бирж дэх хувьцааны хэлбэлзлээс олж харсан. Гэхдээ, урт хугацааны хувьд бид алтыг хөрөнгө оруулагчдад ашигтай зах зээл гэж харж байгаа. Зүүн болон Өмнөд Азийн эдийн засгуудын  урт хугацааны хөгжил нь алтны өөдрөг зах зээлийг хэлж өгч байгаа юм. Үүнд Латин Америкийн өсөлтийг ч нэмж дурдаж болно. Түүнчлэн Хойд Америк, Европ, Ази дахь хөгжсөн эдийн засгуудын сорилтууд болон хүн ам зүйн байдал нь алтны хөрөнгө оруулалт эрсдэлгүй болохыг баталж байгаа. Ерөнхийдөө алтны урт хугацааны үнийн өсөлтөд бид бүрэн итгэлтэй хэвээр байна.

Монголд алт цэвэршүүлэх, боловсруулах салбарыг цаашид хөгжүүлэх боломжийн тухайд Та хэрхэн харж байна вэ?
Бидний харж буйгаар Монголын алтны салбар тогтвортой, зөв хэлбэрээр үргэлжлэн өсөх болно. Энэхүү өсөлттэй зэрэгцэн хоёрдогч хэрэгцээнүүд үүснэ. Энэхүү хөгжлийг дэмжих дэд бүтцийн үйлчилгээнүүд хэрэгтэй. Иймээс “NTR Metals” Улаанбаатарт салбараа нээж байна.

Алт цэвэршүүлж, боловсруулах нь тодорхой хэмжээгээр хортойд тооцогддог. Энэ чиглэлийн технологи хэр зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй болж хөгжиж байна вэ?
Алт боловсруулах технологийг гурван үндсэн хэсэгт ангилж үзэж болно. Пирометалург, электрохими, химийн боловсруулалт. “NTR Metals”-ын Монгол дахь үйл ажиллагаа нь хайлуулах, дээж авах, сорьц тогтоох төхөөрөмжийн шинжилгээ хийхэд төвлөрнө. Эдгээр үйл ажиллагаа байгаль орчинд ноцтой нөлөөлөхгүй.

Манай групп компани болох “Elemetal LLC” нь “Хариуцлагатай эх үүсвэр” нөхцөлийг хангасан салбартаа тэргүүлэгч компани. Манай цэвэршүүлэгч компани болох “Ohio Precious Metals” хөндлөнгийн аудит үнэлгээнд орж, эрчим хүч, ус, хаягдал болон нийлүүлэлтийн сүлжээний менежментийн хувьд шилдэг стандарт хэрэгжүүлдгийг баталгаажуулсан гэрчилгээ гардан авсан. Мөн гомдол маргаангүй хайлуулах үйлдвэр гэсэн гэрчилгээг EICC/GESI байгууллагаас олгосон.

Дэлхийн томоохон улс орнууд алт болон бусад үнэт металын нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Зарим шинжээч Хятад зэсийн нөөцөө нэмэгдүүлэхийг хичээж байна гэж ярьж байна. Та ирээдүйд зэс шинэ алт болно гэсэн таамаглалын талаар ямар бодолтой байдаг вэ?
Маш сонирхолтой асуулт байна. Олон улс орон янз бүрийн металын талаарх стратегийн нөөцийг гаргасан байдаг. Оргил эрэлтийн үед нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд шүү дээ. Алт, мөнгийг багахан хэмжээгээр “санхүүгийн нөөц” болгон хуримтлуулж ирсэн түүх бий. Зэс стратегийн нөөц бус харин санхүүгийн нөөц болохын хувьд би тэгнэ гэж бодохгүй байна. Зэсийг аж үйлдвэрийн метал гэж үзвэл илүү оновчтой. Тиймээс үүнийг стратегийн нөөц гэдэг талаас нь харвал илүү зохимжтой байх.

Монголд нүүрс, зэс, төмрийн хүдэр болон бусад эрдсийн төсөл хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Манай эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч өсч хөгжиж байна. Том эдийн засаг томоохон алтны эрэлт, нөөцийг шаардана. Ийм цаг үед алтны зах зээлээ зөв удирдах тухайд манай эдийн засагт юу гэж зөвлөх вэ?

Монгол улс бол эрдэс баялгийн нөөцийн тухайд маш азтай орон. Цөөн хүн амтайгаас гадна тулгарч буй бас нэг сорилт бол байгалийн нөөц баялгийг ашиглаад түүнийгээ монголчуудын урт хугацааны, тогтвортой баялаг болгох явдал юм. Тогтвортой, урт хугацааны баялгийг монголчуудад хүргэх энэ сорилт үргэлж тэргүүлэх зорилт байвал зохино. Энэхүү сорилтыг даван туулахад зөвлөх гурван санамж үг байна: тогтвортой, ил тод, хариуцлагатай байх. Тогтвортой бодлого болон зохицуулалтаар хөгжлийг удирдана. Тэрхүү хөгжил нь ил тод, нээлттэй арга барилаар явагдах хэрэгтэй. Хариуцлагатай бодлого болон зохицуулалт, түүний хэрэгжүүлэлт. Алтны зах зээл эсвэл эдийн засгийн бусад салбар гэдгээс үл хамааран тогтвортой, ил тод, хариуцлагатай байдал нь Монголын эдийн засагт тогтвортой ашиг тус авчрах болно.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 12 цаг 23 минутад
    Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
  • 2020-11-24 15:46
    Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
  • 2020-11-24 15:31
    УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
  • 2020-11-24 15:22
    Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
  • 2020-11-23 15:42
    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.