Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Нүүрс экспортлогч уурхайнуудын үйл ажиллагаа



2014.01.21

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК

2013 онд
        
        Баруун Цанхийн хэсгээс  2736.2  мян.тн нүүрс  олборлон  898.9  мян.тн-ыг,
        Зүүн Цанхийн хэсгээс  2564.5  мян.тн-ыг  олборлон,  1187.7  мян.тн-ыг экспортод тус тус гаргажээ.


“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 5300.7 мян.тн олборлосноос 2086.6 мян.тн-ыг экспортод гаргасан бөгөөд 3214.1 мян.тн нүүрс нь Баруун, Зүүн Цанхийн хэсгүүдэд үлдэгдэлтэй байна.
Зүүн Цанхийн хэсгээс Хятад улсын хилийн Ганц модны боомт хүртэл 1 тонн коксжих түүхий нүүрсийг 60 ам.доллар, Баруун Цанхиас уурхайн ам нөхцөлөөр 40 ам.доллараар борлуулж байна.

“Эрдэнэс Тавантолгойн” уурхайд одоогийн байдлаар 2013 оны тендерт шалгарсан тээврийн компаниуд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд 2014 онд нэмж тендер зарлажээ.  Тус тендерт оролцох аж ахуйн нэгжийг өргөнөөр оролцуулахын тулд 50 автомашинтай компаниудыг оруулдаг байсан бол 5 машинаас дээш автомашинтай компанийг оролцуулахаар болсон байна.

Тус уурхайн Баруун Цанхийн хэсгийн гадаад борлуулалт нэгдүгээр сарын 13-наас түр хугацаагаар зогсоод байгаа ба Зүүн Цанхийн хэсгээс хоногт 40 орчим машин буюу 3.3-4.0 мянган тонн нүүрс борлуулж байна. Борлуулалт буурч байгаа шалтгаан нь Хятад улсад нүүрсний үнэ унасан, мөн Сар шинийн баяр болохтой холбоотой байна. Нэгдүгээр сарын 28, 29-нөөс 5 хоног Сар шинийн баяртай холбогдуулан амарна. Хоёрдугаар сарын 3-наас улсын хил онгойх хэдий ч Хятадын жолооч нар хоёрдугаар сарын 15-наас ажиллах мэдээлэлтэй байна. Уурхайн борлуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 15-наас жигд ажиллаж эхлэх төлөвтэй байна.

2. “Тавантолгой” ХК

2013 онд

3123.8  мян.тн нүүрс олборлон  101.1  мян.тн-ыг айл өрхөд,  3022.7 мян.тн-ыг экспортод борлуулжээ.



Тус уурхайн экспортын түүхий коксжих нүүрсний нэг тоннын бор­луулалтын үнэ уурхайн аман дээрээс 37.4 ам.доллар байна.
Одоогийн байдлаар гэрээтэй 2-3 компанид хоногт 6.0-7.0 мян.тн нүүрс борлуулж байгаа бөгөөд Хятадын Цагаан сарын баяртай холбогдуулан нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15 хүртэл зогсохоор болсон байна. Тус хугацаанд уурхайн хөрс хуулалтын ажил явагдах юм байна.
Уурхайн олборлолт, борлуу¬лалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 15-наас жигд ажиллаж эхэлнэ.

3. “Энержи ресурс” ХХК

2013 онд


        Ухаахудагийн уурхай нь 2013 онд  9177.5  мян.тн  нүүрс олборлон  5860.3  мян.тн-ыг борлуулснаас  5759.6  мян.
        тн коксжих баяжуулсан болон эрчим  хүчний нүүрсийг  экспортод  борлуулжээ.


Коксжих баяжуулсан нүүрсээ 90 ам.доллараар борлуулж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн борлуулалтын үнээс 10 хувиар бага байгаа юм.  Тус уурхайн борлуулагдаагүй үлдсэн 3.3 сая.тн нүүрс нь Гашуунсухайтын хилийн боомтын Цагаанхадны гаалийн агуулахад 1.0 сая.тн гаруй, Ухаахудагийн Баяжуулах үйлдвэрийн гадна 2 сая гаруй тонн нь хуримтлагдсан байна. 2012 оноос эхлэн нүүрсний зах зээл илт муудаж, олон компани “үүдээ барихад” хүрсэн боловч тус уурхайн хувьд үйл ажиллагаагаа өнөө хэр үргэлжлүүлэн, ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалж, нөөц бололцоогоо шавхан, үйл ажиллагаагаа аль болох тогтвортой үргэлжлүүлэх бүхий л зохицуулалтуудыг хийж ажилласаар ирсэн байна.  2013 оны сүүлчийн байдлаар тус компанийн Цагаанхадны агуулахад борлогдоогүй бүтээгдэхүүний их хэмжээний хуримтлал үүссэнээс үүдэн компанийн болон ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын эргэлтийн хөрөнгийн санхүүжилт нөхцөл байдал хүндэрчээ.

Иймд уурхайн олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 20-доос эхлэн зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ хугацаанд уурхай болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн байгууламжуудын засвар, үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Ажиллагсдын тухайд хуулийн дагуу цалинтай амралт олгох буюу сул зогсолтын олговрыг зохих журмын дагуу тооцон олгохоор зохицуулж ажиллах юм байна. Санхүүгийн хүнд байдал нь алдагдалтай үнээр нүүрсээ борлуулсан болон Сангийн яамнаас гаргасан нүүрс борлуулах жишиг үнээр татвар төлдөг, төрөөс авах авлагаа аваагүйгээс бэлэн мөнгөгүй болсон зэргээс шалтгаалжээ. Энэ хугацаанд Баяжуулах үйлдвэр гаднах нүүрсээ угаан баяжуулах бөгөөд гаалийн агуулахад хуримтлагдсан нүүрсний борлуулалт явагдах болно.

4. “Монголын Алт МАК-Нарийнсухайт” ХХК

2013 онд

Тус компанийн Нарийн­сухайтын уурхай нь 2013 онд 3210.9   мян.тн олборлон, борлуулсан бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байнa.

Одоогийн байдлаар 1 тонн нүүрсээ уурхайн аман дээрээс 40 орчим ам.доллараар, хоногт дунджаар 50-60 хүнд даацын автосамосвал нүүрс тээвэрлэн борлуулж байна. Хөрс хуулалтын ажил хэвийн явагдаж байна. Сар шинийн баяртай холбогдуулан бусад уурхайнууд амрах хэдий ч тус уурхай амралтгүйгээр ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

5. “Саусгоби сэндс” ХХК

2013 онд


Овооттолгойн уурхай нь 2013 онд 3057.2 мян.тн нүүрс олборлон, 2715.7 мян.тн нүүрсийг экспортод борлуулсан.

Тус уурхайн уулын ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд сайн болон дунд зэргийн чанарын нүүрсээ 13-38 ам.доллараар борлуулж байна. Одоогийн байдлаар хоногт дунджаар 200-гаад машин нүүрс тээвэрлэж байгаа ба нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 15 хүртэл Хятадын Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан зогсох юм байна. Хоёрдугаар сарын 15-наас уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэвийн явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

6. “Чинхуа МАК-Нарийнсухайт” ХХК

2013 онд


Тус уурхай 2013 онд 674.4 мян.тн нүүрс олбор­лон, 673.4 мян.тн-ыг экспортод гаргасан бөгөөд 1 тонн нүүрсээ 40 ам.доллараар борлуулсан байна.

Олборлолт, борлуулалтын жил 2014 оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10 хүртэл зогссон. Уурхайд нийт 350 хүнд даацын автосамосволын жолооч ажилладаг ба үүний 90 гаруй нь монгол жолооч, үлдсэн 250 нь гадаадын харьяат жолооч байдаг байна. Иймд гадаадын иргэдийн квотын асуудал нэлээд яригдаж байгаа ба энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсний дараа уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна.

7. “Си Өү Эй Эл” ХХК

2013 онд



Тус компанийн Айлбаян­гийн уурхай 2013 онд 240.3 мян.тн нүүр­сийг экспортод гар­гаж, 1 тн-ыг 72 ам.доллараар борлуул­сан байна.

Уурхайн олборлолт, борлуулалт худалдан авч  буй талын нүүрсний үнэ их гэдэг асуудлаас болж 10 сараас зогсонги байдалд орсон. Гэвч уурхайн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 17-ноос эхлүүлсэн бөгөөд 72 ам.доллараар борлуулахаар төлөвлөн ажиллаж эхлээд байна. Мөн Сар шинийн баяртай холбогдуулан тодорхой хугацаагаар амарна.