Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ огцом буурлаа

Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн 3 сарын гэрээт үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн нь 5350 ам.доллар болж, 2009 оны 7 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доод үнэд хүрсэн тухай хэвлэлүүдээр мэдээлж байна. Гэхдээ зэсийн 3 сарын гэрээт үнэ тус бирж дээр өчигдөр хаалтын үеэр 5555 ам.долларт хүрч ялимгүй өсчээ. Өнөөдрийн худалдаагаар зэсийн үнэ 5770 ам.доллар болж дээшлээд байна.

Тус бирж дээр зэсийн нөөц өчигдөр 194 мянган тоннд хүрч өссөн нь өнгөрсөн оны 5 дугаар сараас хойшхи хамгийн дээгүүр үзүүлэлт юм. Энэ сарын 12-ны байдлаар Лондоны металын бирж дээрх зэсийн шууд худалдааны үнэ 6130 ам.доллар/тонн-д хэлбэлзэж байсан юм.

Шинжээчид зэсийн үнэ ердөө хоёрхон өдрийн хугацаанд ийнхүү огцом буурсныг Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал болон зэсийн эрэлтийн өсөлт хумигдах төлөвтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн энэ онд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ хавьгүй давах төлөвтэй байгаа нь зах зээлийн байдлыг бүр ч дордоход нөлөөлжээ.

CRU группын мэдээлж буйгаар, Хятадын зэсийн эрэлт энэ онд 4%-д хүрэх төлөвтэй байгаа нь тус байгууллагын өмнө нь гаргаж байсан 5.5%-ийн таамгаас хавьгүй доогуур дүн юм. Өнгөрсөн 2002-2012 оны хооронд хүрэн металын эрэлтийн өсөлт урд хөршид дунджаар 10%-тай байжээ.

Goldman Sachs банкны мэдээлж буйгаар, дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс энэ улиралд зэсийн нөөцийг нэмэгдүүлэхээр худалдан авалт хийх эсэхээс үнэ сэргэх нь шууд хамаарах ажээ. Гэвч энэ улиралд тус улсын хэмжээнд нөөцөө  нэмэгдүүлэхээр худалдан авалт хийхгүй байж тун мэдэхийг тус банк мэдээлжээ.

Үүнээс гадна Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ онд 7% болж саарахаар байгаагийн зэрэгцээ урд хөршийн банкны зээлийн хэмжээ хумигдаж буй нь зэсийн эрэлт удаашрах хүчин зүйл болж байна. Зэсийн зах зээлд томоохон макро түвшний хөрөнгө оруулагчид тоглодог учир хүрэн металын ханш бусад эрдсийг бодвол илүү хурдан үнэ нь буурч буйг Citigroup-ийн шинжээч тайлбарлажээ.

Энэ оны хувьд Монгол улсын төсөвт нэг тонн зэсийн үнийг 6354.7 ам.доллар байхаар тооцсон. Дэлхийн судалгааны байгууллагууд ч зэсийн үнийг 2015 онд 6500-6800 ам.доллар/тонн хэмжээнд байх таамгийг өнгөрсөн оны төгсгөлд дэвшүүлж байсан. Үнэхээр ч зэсийн үнэ өнгөрсөн онд харьцангуй бага хувиар буурч, хөрөнгө оруулагчдын хувьд итгэл хүлээж чадахуйц баталгаатай метал гэдгээ харуулсан. Гэсэн ч он гармагц зэсийн зах зээл дэх тоглолт тун муу байгаа нь үнийн төлөв биелэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна.


Б.Төгс