Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Орон нутаг хайгуулаас яагаад татгалзаж байна вэ?

Г.Идэр


Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгаас ихэнхдээ татгалзсан хариу өгч байна. Энэ талаар аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсан юм.

Булган аймаг:

Манай аймаг бүх тусгай зөвшөөрлөөс татгалзсан
Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Бумбаяр:


Манай аймагт Ашигт малтмалын газраас 38 хайгуулын тусгай зөвшөөрөл ирсэн. Гэтэл орон нутаг нэгэнд нь ч зөвшөөрсөн хариу өгсөнгүй. Сумдын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ авсан саналын үр дүн ийм  байдалтай байна. Иргэд зөвшөөрсөнгүй. Зарим газарт газар тариалан эрхэлдэг, өөрөөр хэлбэл бусдад өөр чиглэлээр олгогдсон гэдгээрээ давхцал үүссэн. Түүнээс гадна сумдын Иргэдийн нийтийн хурал багагүй талбайг Тусгай хамгаалалтад авчихаад байна. 

Ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авна гэж Газрын тухай хуульд заасан байдаг.  Энэ нь  хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох үйл явцтай   газар дээрээ зөрчилдөж байгаа.  Гэтэл аж ахуйн нэгжүүд өч төчнөөн хөрөнгө гаргаад хайгуулаа хийх гэтэл сум, орон нутгаас энэ мэт асуудлуудтай тулгараад үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь ганц сумын эрх ашиг биш, улс орны эдийн засагтай холбоотой асуудал гэж тайлбарладаг. Гэтэл бодит амьдрал дээр  сум, орон нутаг хуулийн дагуу иргэдээсээ санал авсан гээд зөвшөөрдөггүй.

Бас нэг сонин явдал болж байгаа нь сумдын Иргэдийн нийтийн хурлууд хоорондоо холбогдоод, танай сум хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ, манайх ийм шалтгаанаар зөвшөөрөөгүй гэхчлэн хоорондоо ярьж, тохирох асуудлууд гарч байна. Үр дүнд нь сумдаас нэг хэвэнд цутгасан юм шиг шийдвэрүүд гарч байна. Мөн Булган аймгийн Дашинчилэн, Рашаант сумдад тусгай хамгаалалтад авсан газрууд нэлээд байна.

Дорнод аймаг:

30 хоногийн дотор санал авах заалт хэрэгжихэд хүнд байна
Дорнод аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн Байгаль орчин, эрдэс баялгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Уянга:


Манай аймагт хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 өргөдөл ирсэн. Хамгийн сүүлд нэг өргөдөл нэмж ирсэн. Яг юуных гэдгийг сайн мэдээгүй байна. Газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл  дээрх дөрвөөс өөр. Өмнө нь хайгуул хийж байсан талбайг Засгийн газарт буцааж өгсөн ч дахин энэ талбайд сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа юм билээ.  Гэхдээ энэ талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авах ёстой. Одоогоор ямар нэг  санал ирээгүй байна. ИТХ  бүрэн эрхийнхээ дагуу санал дүгнэлт өгөх учраас бид хүлээж байна. Газрын тосны газраас ямар нэгэн хугацаа тавьж өгөөгүй болохоор аймгийн ИТХ яаравчлахгүй байгаа юм болов уу гэж бодож байгаа.

Хайгуулын 4 тусгай зөвшөөрлийг орон нутаг одоогоор дэмжээгүй. Малын бэлчээр, түүх соёлын дурсгалт газар гэх зэргээр давхцалууд үүссэн. Нэг сум дээр хэт олон хайгуулын тусгай зөвшөөрөл ирэх нь гэсэн шүүмжлэл ч бий.

Хамгийн гол нь орон нутаг 30 хоногийн дотор иргэдээсээ санал авна гэсэн хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихэд бэрх байна. Бид энэ талаар Ашигт малтмалын газрынханд хандсан. Энэ заалтыг өөрчлөхгүй бол тусгай зөвшөөрлийн олголт бүрхэг болох нь.
Сумдын Иргэдийн нийтийн хурал жилдээ нэг хуралддаг. Иргэд 30 хоногтоо багтаж санал өгөхгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийг цаг хугацаанд нь олгоно гэдэг ярвигтай. Манай аймагт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүд цаашид нэлээд нэмэгдэж ирэх юм билээ.         


Өмнөговь аймаг:

Эхлээд орон нутгаас мэдээлэл авах ёстой байсан
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуяг:


Хайгуулын 84 лиценз хүссэн өргөдөл манай аймагт ирсэн. Давхардсан тоогоор 89. Өргөдлийн хариу ирсэн ч дахин хайгуулын лиценз олгоно уу гэсэн хүсэлтээр давхардсан тоо гараад байгаа юм.

84 тусгай зөвшөөрлөөс 12-ыг нь орон  нутаг зөвшөөрөөд байна. Гэхдээ сум орон нутагт мэдээлэл муу, ажлын уялдаа холбоо тааруу байгаагаас зарим  хүндрэл үүсч байгаа. Ашигт малтмалын газар хайгуулын лиценз хүссэн өргөдлийг цахимаар олгохоосоо өмнө эхлээд орон нутгаас санал авалгүй, шууд л хууль тогтоох байгууллагаас тогтоол гараад шийдвэр нь бидэнд ирсэн. Өмнө нь тусгай хэрэгцээнд авсан газруудтай хайгуулын лицензийн талбай давхцаж байгаа нь тогтоол, шийдвэр шууд гарсантай холбоотой. Орон нутгаас бүх мэдээллээ системтэй урьдчилж аваад, дараа нь тусгай зөвшөөрлөө цахимаар олгосон бол асуудал үүсэхгүй байх байлаа.

Манай аймагт хайгуулын лиценз олгох ажил 20 хувьтай явж байна. Хэдийгээр орон нутгаас татгалзсан хариу ирсээр байгаа ч өргөдөл хүсэгчдийн тоо нэмэгдсээр байгаа.    Зарим аж ахуйн нэгж талбайгаа авч чадахгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч, шүүх цагдаа дээрээ ч тулж байна. Харин хуулийн дагуу иргэдээс 30 хоногийн дотор санал авах ажил манай аймагт хүндрэл багатай байгаа. Бид өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа учраас харьцангуй гайгүй.

Төв аймаг:

Аймгийн Эрдэс баялгийн зөвлөл иргэдийн гомдлыг хэлэлцэж байгаа
Төв аймгийн ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Ж.Баттогтох:


Манай аймаг хайгуулын 179 тусгай зөвшөөрлийн өргөдлийг ажлын хоёр өдрийн хугацаанд  хүлээж авсан. Эдгээрийг аймгийн Газрын албанд шүүгээд, 65-ийг нь Ашигт малтмалын газрын Кадастрын алба руу илгээсэн. Кадастрын албанаас 40 гаруйг нь талбайн давхцалгүй,  боломжтой гэсэн хариу ирүүлсэн байгаа. Үүний дагуу холбогдох материалуудыг сумдын Иргэдийн нийтийн хурал руу явуулсан. Сумдын Иргэдийн нийтийн хурал  30 хоногийн дотор орон нутгийн иргэдээсээ санал авна. Дараа нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орно.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэнээс хойш хүмүүс янз бүрийн ойлголттой байгаа. Талбайн ийм тийм давхцал байна, булан тохой зөрж байна гэх зэргээр  гомдол нэлээд гарч байна. Төв аймаг Эрдэс баялгийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлөөр иргэдээс ирсэн гомдлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа.         


Сэлэнгэ аймаг:

Бусдын өмчлөлийн газруудтай давхацсан тул хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг буцаасан
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Эрдэс баялаг, байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбат


Ашигт малтмалын газраас манай аймагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 6 санал ирсэн. Бүгдээрээ орон нутгаас дэмжигдэлгүй буцсан. Учир нь аймаг, сумдын газрын албанаас эдгээр тусгай зөвшөөрөл хүссэн талбай орон нутагт газар тариалан, хадлан, айлуудын өвөлжөө гэсэн бусдын өмчлөлийн газруудтай давхцаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутгийн иргэдээс 30 хоногийн дотор санал авсан зүйл байхгүй. Тэгэх ч шаардлага гарсангүй.  Цаашид хэдэн санал АМГ-аас ирэхийг мэдэхгүй байна.
 
  • Зочин (122.201.21.203)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.194.114.186)
    Хайгуул нь ашиглалтынх ашиглалтынх нь эзэмших эзэмших нь өмчлөх гээд л явчихна дөө Орон нутгийнхан сайн байна Газар ухахаас өөр юм Төр засаг бодох цаг болсон
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.21.203)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • zochin (150.129.141.205)
    zuun tal olgogdogui naad chine urguduluur bush gej bga bizde sumdiin gargaj bgaa shidwer daanch dee gemeer bna zunduu hurungu mungu ajil udaj baij
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • guest (122.201.17.162)
    ene odoo ymr xetsuu yum beneg shirxeg unen medeelel bxgui bxiinbaruun zuunee ch medexguiugsun avsaniig ni ch shalgachixgui setguulchidteiene neg bol 6 jiliin umnux niitlel bnmining jurnal geed bgaa burxan mini yadaj neg unen too bdag boloosoigarig anduurtsan yum zoxiogood bichchdiimuu
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (49.0.162.21)
    Зүүн аймгуудад талбай олгоод эхэлчихсэн юм байх даа
    2015 оны 08 сарын 17 | Хариулах