Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2014

“Эрдэнэс Тавантолгой” ажлын байраа тогтвортой хадгалж чаджээ









MINING JOURNAL AWARDS-2014



“Эрдэнэс Тавантолгой” ажлын байраа тогтвортой хадгалж чаджээ

Шүүгч Д.Дондов:  
“Mining Journal Awards”-ын энэ жилийн шалгаруулалтаас хоёр зүйл онцгой анзаарагдлаа. Нэгдүгээрт, Монголын уул уурхайн үйлдвэрүүд шинэ технологи, тэр дундаа баяжуулалтын технологи нэвтрүүлэх талаар их санаачилгатай ажиллаж байна. Төмрийн хүдрийн баяжуулалт, нойтон аргын технологиуд гээд анхаарал татах олон сайн зүйлс гарч иржээ.

Хоёрдугаарт, уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг, ашиг малтмал олборлодог газрууд эко технологи, уурхайн нөхөн сэргээлтэд их анхаардаг болж. Үүнээс илүү олзуурхууштай нь дотоодын хөрөнгө оруулалттай уурхайнууд энэ ажлыг өөрсдөө гардан хийдэг болсон явдал. Томоохон уурхайнууд 70 орчим мянган га талбайд техникийн, 40-50 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Энэ дотроос “Монполимет” групп ихээхэн хөрөнгө гаргаж, олон га талбайг нөхөн сэргээж, маш олон мод тарьсан байна. Ойн төгөл хүртэл байгуулчихаж.  Бас нэг онцолж хэлэх зүйл бол гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнууд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх олон улсын стандартуудыг сайн хэрэглэж, бусад уурхайнуудад үлгэр болж байна.

Тухайлбал, “Оюутолгой”, “Бороо гоулд”, “Саусгоби Сэндс” зэрэг компани  байгаль орчны чиглэлээр орон нутгийнхантай хамтран ажиллаж, түүх дурсгалын газрыг хамгаалж байгаа нь сайн хэрэг. Энэ бүхнийг  харгалзан үзээд “Эко уурхай” номинацид нэр дэвшсэн “Монполимет” группт өндөр оноо өгсөн.
Мөн “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид “Эрдэнэс Тавантолгой” компанийг сонгосон. Өнөөдөр Тавантолгойн уурхайн Зүүн, Баруун Цанхи ажиллаж байгаа. Баруун Цанхи  өнгөрсөн жил нэлээд ажил хийлээ. Ихээхэн нүүрс гаргаж, хөрс хуулалтыг ч  сайн хийсэн. Үйл ажиллагаа нь ч тогтвортой байгаа.

Гадаад зах зээл энэ тэрээс болоод “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс борлуулалт хомсодсон тал бий ч өнгөрсөн жилийн тэр их нүүрсний дийлэнхийг  борлуулсан. Газар дээр байсан нүүрсээ экспортолсон нь маш чухал. Түүнээс гадна тус компани ажилчдынхаа цалинг 20%-иар нэмж, ажлын байраа тогтвортой хадгалж байгаа нь олзуурхууштай санагдлаа.

“Шилдэг технологи” номинацид материалаа ирүүлсэн “Фокус Метал Майнинг” компани төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах шинэ технологи, өндөр чадлын үйлдвэр  нэвтрүүлжээ.  Цаашид Монгол улсад баяжуулалтын технологи өргөжих төлөв ажиглагдаж байна. Тиймээс “Фокус Металл Майнинг”-т ач холбогдол өгч, өндөр үнэлгээ өгсөн. “Фокус Метал Майнинг” энэ чиглэлээр бусдадаа үлгэр дуурайл болно. Цаашид Монголд төмрийн хүдрээс гадна вольфрам зэрэг ашигт малтмалыг баяжуулах байх. Олон компани араас нь явах төлөвтэй. Ийм прогнозууд ч гарч байна. Төмрийн хүдэр баяжуулахаас гадна вольфрам баяжуулах чиглэлд нэлээд анхаарсан байна. Эцсийн үр дүнг өсгөх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад энэ нь ихээхэн ач холбогдолтой юм.

“Алтан Дорнод Монгол” хүнд нөхцөлд сайн ажиллаж чадсан

Шүүгч Д.Бат-Эрдэнэ:
“Эко уурхай” номинацид 7 компани материалаа ирүүлжээ. Говийн бүсэд ажилладаг компани, хангайн бүсэд ажилладаг компаниудын нөхөн сэргээлт ялгаатай. Хангайн бүсэд байгаль өөрөө хурдан нөхөн сэргээгддэг бол говийн бүсийн нөхөн сэргээлт олон шалтгаанаар илүү хөрөнгө оруулалт шаарддаг.

“Монполимет” группын байгаль орчны нөхөн сэргээлтийг харж байхад бусдыгаа бодвол шороон орд дээр ажиллаж, янз бүрийн хүндрэлүүдтэй ч тулгарч байсан. “Эко уурхай” шалгаруулалтад олон жил өрсөлдсөн “Монполимет” групп шүүгчдийн саналаар илүү оноо авлаа.

“Уул уурхайн  хариуцлагатай ажиллагаа” номинацийн хувьд “Оюутолгой” компани  Шүүгчдийн олонхийн санал авсан. “Оюутолгой” компани тийм ч урт хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байна. Зах зээл, гэрээтэй холбоотой асуудлууд гээд улстөржилт ч бий. Гэхдээ хүний амь нас, аюулгүй ажиллагаа гэдэг маш чухал. Үйлдвэрлэлийн процесс, тээвэрлэлт бүр хариуцлагатай байх ёстой. Эцсийн дүндээ мөнгө олохдоо гол биш, ажилчдаа сайхан орчинд аюулгүй ажиллуулахыг урьтал болгодгоор нь “Оюутолгой” компанид илүү оноо тавьсан.

“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацийн “тогтвортой” гэдэг ойлголтыг үйл ажиллагаа, ажлын байр, бүтээгдэхүүн борлуулалт, экспорт гээд олон талаас нь авч үзлээ. Уг номинацид нэр дэвшсэн “Эрдэнэс Тавантолгой”, “Саусгоби сэндс” компанийн хувьд хоёулаа янз бүрийн асуудалтай. Гэхдээ “Саусгоби сэндс”-ийн хувьд сүүлийн үед экспорт нь буурсан, ажилчдаа сул зогсоосон. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани SGS-ийг бодвол хамаагүй хүнд байдалд байгаа хэрнээ хамгийн их экспорт хийсэн компани юм. Хоёрдугаарт, энэ компани ажилчдаа халаагүй. Удирдлага нь, зах зээлийн худалдан авагч нь ярилцаад уурхайгаа жигд ажиллуулж чадсан. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийг “тогтвортой үйл ажиллагаа”-тай гэж үзлээ.

“Шилдэг уурхай” номинацид энэ жил маш цөөхөн материал ирсэн. “Алтан Дорнод Монгол” компани нэг биш, хэд хэдэн газарт үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдөө ч  олборлодог, гэрээгээр ч олборлолт хийдэг. Гэрээгээр олборлосноор бусад монгол компаниудаа ажилтай болгож байгаа юм. Нэг компани хэд хэдэн  газар өөрсдөө ажиллах амаргүй, тээвэр, зардал, зохион байгуулалт гээд маш олон асуудал гарч ирнэ. Энэ бүхнийг “Алтан Дорнод Монгол” компани зөв менежмэнтээр хийж ирсэн. Нөгөө талаас, АДМ шороон ордууд дотроос илүү ажилласан байдаг. “Урт нэртэй” хуулиас болоод шороон ордуудын үйл ажиллагаа зогссон ч АДМ хүнд нөхцөлд сайн ажиллаж чадсан гэдгээрээ “Шилдэг уурхай” номинацийг авч байна.

“Шилдэг технологи” номинацид сайн технологитой компаниуд өрсөлдлөө

Шүүгч Д.Галсандорж:
Энэ жил “Шилдэг технологи” номинацид сайн технологитой хэд хэдэн аж ахуйн нэгж орж иржээ. “Фокус Метал  Майнинг” компани 20-30 жил ашиглах нөөцтэй төмрийн орд газрыг ажиллуулж, 65%-ийн агуулгатай  төмрийн баяжмал гаргах юм байна. Хүчин чадал нь 300 мянган тонн. Цаашдаа энэ хүчин чадал нэмэгдэх бололцоотой. Тус компани шалгаруулалтад ирүүлсэн материалуудаа сайн боловсруулсан байна.

“Фокус Метал Майнинг”-ийн хувьд нэгдүгээрт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргана,  хоёрдугаарт зах зээлд олон жил ажиллана гэж бодож байна. Түүгээр зогсохгүй, экспортын болон төсвийн орлого бүрдүүлэх, хөдөө орон нутагт ажлын байр олноор бий болгох, хөрөнгө оруулалт хийх зэргийг нь харгалзан үзэж өндөр үнэлгээ өгсөн.

“Бэрэн” группын хувьд төмрийн салбарт нэлээд хэдэн жил амжилттай ажиллаж байгаа. Тус компани “Чингис” бондын хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан үйлдвэрийнхээ эхний ээлжийг ашиглалтад орууллаа. 2015-2016 онд үйлдвэрийн хоёрдугаар ээлж, мөн ширэмнээс ган гаргах иж бүрэн үйлдвэр ашиглалтад орно.

Стандартууд зөв байвал дагаад бүх зүйл зөв явна

Шүүгч Н.Алгаа:
Хариуцлагатай компани гэдэгт тухайн компанийн “Нийгмийн хариуцлага”-ын асуудал бүхлээрээ хөндөгддөг. Монголд ISO 26001 гээд сайн дураар хэрэгжүүлэх стандарт байгаа.  Энэ стандарт хөдөлмөрийн нөхцөл, ажилтны аюулгүй байдал, олон талын оролцоо, хүний эрх, байгаль орчны менежмэнт гээд цогц асуудлыг багтаадаг. Түүн дотор  олон улсын компанийн нийгмийн хариуцлагын  стандартууд ч бий.

“Рио Тинто” группын хувьд Оюутолгойд 200 жилийн үйл ажиллагааныхаа туршид бий болгосон  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, менежмэнтийн тогтолцоо буюу чанарын стандарт, аюулгүй ажиллагааны стандарт, байгаль орчны удирдлагын стандарт гээд компанийн засаглал, менежмэнттэй холбоотой стандартууд зөв байх юм бол  түүнийгээ дагаад бүх зүйл зөв явна гэдэг утгаар нь би “Оюутолгой” компанид саналаа өгсөн.

“Шилдэг уурхай” номинаци дээр “Алтан Дорнод Монгол” компанид илүү оноо өгсөн. Энэ компани алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд бусдыгаа манлайлсан. Хоёрдугаарт, Заамарын хөндийд “Алтан Дорнод Монгол”, “Мондулаан”, “Монполимет” гурав үлгэр жишээ нөхөн сэргээлт хийж байгаа.

“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинаци нь ашигт малтмалын үнэ унаж эхэлсэн үед  бий болгосон шалгуур. Ийм  хүнд үед  үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, ажлын байраа хадгалсан гэдэг талаас нь шалгарууллаа.

Төрийн өмчтэй, хувийн өмчтэй, нүүрс олборлодог хоёр компани энэ номинацид нэр дэвшсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд  нүүрсний олборлолт нь  буураагүй, ажилтнаа цомхотгоогүй, татвараа төлөөд явж байгаатай адил “Саус Гоби Сэндс”-ийн татвар  58%-иар нэмэгдэж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  хоёр дахин өссөн, 400 орчим ажлын байр хадгалсан, 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Монголд дээгүүрт орох хүнд даацын тээврийн замыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгасан гээд олон сайн үзүүлэлт гарч ирсэн. Энэ утгаараа “Саусгоби Сэндс”-т би  өндөр оноо тавьсан.     



“Эрдэнэс Тавантолгой зардлаа хэмнэх чиглэлээр сайн ажиллажээ

Шүүгч Б.Пүрэвтогтох:
“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид гурван компани материалаа ирүүлжээ. Гурвуулаа сайн ажилласан байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зах зээлтэй зайлшгүй холбогддог. Энэ утгаараа зах зээлийн хүнд нөхцөлд өмнөө тавьсан зорилгоо биелүүлжээ. Өнгөрсөн жил үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх чиглэлээр сайн ажилласан байна.

“Эко уурхай” номинацид жил бүр маш олон компани материалаа ирүүлдэг. Энэ нь уул уурхай эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар ихээхэн зүйл хийж байгаагийн илрэл юм. “Монполимет” групп энэ номинацид жил бүр өрсөлдсөн. Энэ жил тус компани техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг улам чамбай хийснээс гадна өмнөх жилүүдэд туршсан туршилтуудаа үр дүнд хүргэсэн байна.          
     
Ажлын байраа тогтвортой хадгалсан “Саусгоби сэндс” компанид өндөр оноо өглөө

Шүүгч Ж.Цэвээнжав:
Эдийн засгийн хямралтай үед олборлолтоо нэмэгдүүлж, орлого ашгаа өсгөхөөсөө илүүтэй байгаль орчноо нөхөн сэргээх талаар хичээнгүйлэн ажиллаж, 74.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 37.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, их хэмжээний мод бут суулган, орон нутгийн иргэдийг хамруулж, ажлын байраар хангасан “Монполимет” группыг би өндрөөр үнэлж,  “Эко уурхай” гэж үнэлсэн. 

Мөн нүүрсний зах зээл унасан өнгөрсөн жил хэмнэлтийн горимд шилжин ажиллаж, ажлын байраа тогтвортой хадгалсан “Саусгоби сэндс” компанийн ирүүлсэн “Тогтвортой ажиллагаа” номинацийн үзүүлэлтэд өндөр оноо өглөө. Удаахад нь хэдийгээр төрийн буруу бодлогоор тогтвортой үйл ажиллагааг нь тасалдуулсаар ирсэн ч зах зээл дээр нүүрсний үнэ 40% хүртэл унасан хүнд жилд хамгийн их экспорт хийж, хэмнэлтийн менежмэнт хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг оруулсан.

Мөн “Шилдэг технологи” номинацид төмрийн хүдрийг гүн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа “Бэрэн металл” ХХК-д өндөр оноо өглөө. 

“Хариуцлагатай үйл ажиллагаа” номинацид 2014 онд Баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, 27.5 сая тонн хүдэр боловсруулсан, аюулгүй ажиллагааны дэлхийн түвшний стандартыг Монголд нутагшуулж буй “Оюутолгой”-г шалгарууллаа.

Хамгийн нэр хүндтэй “Оны шилдэг уурхай” номинацид 2014 оны төлөвлөгөөгөө 100% биелүүлэн, борлуулалтын орлогоо өмнөх оноос 60%-иар нэмэгдүүлсэн, 15 сая куб.метр уулын цул хөндөж, 1548 кг алт олборлон, улс орон нутгийн төсөвт 3.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг санал болгосон. Хямралын жил гээд гар хумхин суугаагүй, байгаа бололцоогоо ашиглан шамдан ажилласаар олон хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт ихээхэн орлого төвлөрүүлэн, байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг хариуцлагаа умарталгүй, хариуцлагатай бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулсан уурхайчид, уул уурхайн байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

Нэг номинаци дээр хоёр компани шалгарсан нь анхны тохиолдол

Шүүгч Г.Шархүү:

“Mining Journal Awards”-ын шалгаруу­лалтад “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацийг нэмсэн нь их учиртай. Уул уурхайн салбарын компаниуд тогтвортой ажиллах нь чухал. Тиймээс тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, эрүүл мэндийг тогтвортой хадгалж, хамгаалах, хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр уг номинацийг шалгаруулдаг. Энэ жил 3 компани уг номинацид өрсөлдөж, шүүгчид, янз бүрийн санал өгсөн.

Миний хувьд “Саусгоби Сэндс” компанийг тавьсан шалгуурыг  хангасан компани гэж үзсэн. Шалтгаан нь ч маш тодорхой. Нүүрсний үнэ ихээхэн унаж, манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Ийм хүнд үед 2014 онд нүүрс олборлолтын хэмжээгээ тогтвортой хадгалсан төдийгүй экспортоо нэмэгдүүлж чадсан. Ингэснээр 390 орчим ажлын байрыг тогтвортой хадгалсан. 180-аад хүнийг түр ажлаас чөлөөлөхдөө 60%-ийн цалин өгч, ажлын байраа хадгалсан байна. Хөрөнгө оруулалтын тухайд 43 км урт, хагас метр зузаантай хатуу хучилттай хүнд даацын замыг барьж, ашиглалтад өгсөн. Энд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан. Мөн Гурвантэс сумын эмнэлгийг тохижуулж, тоног төхөөрөмжөөр хангасан, орон нутгийн 50-иад оюутанд тэтгэлэг олгож сургасан, улсад төлөх татварын хэмжээ нэмэгдсэн зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж, “Саусгоби Сэндс” компанийг тэргүүн байранд шалгаруулах санал гаргасан. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг оруулсан. Уг компанийн хувьд материал нь их товчхон байсан. Олборлолт, хөрөнгө оруулалтыг бууруулаагүй байсан. Манай гишүүдийн зарим нь “Эрдэнэс Тавантолгой”-г дэмжсэнээр хоёр компани нэг номинацид шалгарсан. Энэ бол Mining Journal Awards-ын түүхэнд нэг номинаци дээр хоёр компани шалгарсан анхны тохиолдол.

 “Эко уурхай” номинацийн хувьд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон улсын стандартаар баримт бичиг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж байгаа компани гэвэл Монголд ганцхан “Оюутолгой” ХХК. Алсын хараатай, Хаалтын менежмент боловсруулсан, байгаль орчинд ээлтэй, бүс нутгийн ургамал, ан амьтныг хамгаалахад хамгийн их анхаарч, хөрөнгө оруулалт хийсэн компани бол яалт ч үгүй “Оюутолгой” ХХК. Яг “Оюутолгой” шиг далайцтай, алсын хараатай ажиллаж байгаа компани Монголд байхгүй. Харин олборлосон газраа стандартын дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, археологийн үнэт зүйлсийг хамгаалсан компани олон бий. Тийм болохоор би “Эко уурхай” номинацид “Оюутолгой” компанийг шалгаруулж, удаах байрт “Монполимет” компанийг оруулсан. Олборлолт явуулсан уурхайгаа унаган төрхөнд нь дөхүүлж, нөхөн сэргээлт хийсэн. Хэдийгээр өргөн хүрээтэй, бүс нутгийн хэмжээнд ажиллаагүй ч Заамар сумын хэмжээнд нөхөн сэргээлтийг төлөвлөгөөтэйгээр сайн хийж гүйцэтгэсэн компани яалт ч үгүй мөн. Тиймээс манай бусад шүүгчид “Монполимет”-ыг энэ номинацид шалгарууллаа.

“Шилдэг технологи” номинацид би Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төмрийн хүдэр олборлон баяжуулж буй “Фокус Метал Майнинг” компанийг шалгаруулсан. Яагаад гэвэл анх удаа төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Манай зарим шүүгч “Бэрэн Метал”-ыг шалгаруулсан. Би үйлдвэрийг нь нүдээр үзсэн болохоор шүүгчдийн саналтай нийлэхгүй байгаа. Яахав, ширэм үйлдвэрлэж шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа нь сайн. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ тэр үйлдвэр орчин үеийн үйлдвэр мөн үү, байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг чухал. Миний хувьд сэтгэл дундуур байгаа. Эрдэнэт хотод очоод энэ үйлдвэрийг үзээрэй. Бөөн утаа л байгаа. Агаарын бохирдол нь ямар байгааг шалгаж байгаа юу. Бид шинэ үйлдвэрүүд барьж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү явах нь зөв. Гэхдээ тэр үйлдвэрүүд орчин үеийн технологитой байж, байгаль орчинд хор хохирол учруулах нөлөөлөл бага байх ёстой. Үүнийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтгүйгээр анхны үйлдвэр гэдгээр шалгаруулах нь буруу гэж бодсон болохоор би “Бэрэн” компанийг дэмжсэнгүй.

Бүх баяжуулах үйлдвэрт метал авалт гэж чухал үзүүлэлт байдаг. Өндөр агуулгатай төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулж, агуулгыг нь 10 хувиар нэмээд л экспортод гаргаж байна. Бага агуулгатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулж, өндөр метал авалттай байгаа нь “Фокус Метал Майнинг” компани. Цаашдаа төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах нь Монголд хамгийн шаардлагатай технологи гэж үзсэн учраас “Фокус Метал Майнинг” компанийн баяжуулах үйлдвэрийг шалгаруулсан юм.

“Шилдэг уурхай” номинацид 3 компани нэр дэвшсэнээс “Алтан Дорнод Монгол” компанийг хэд хэдэн үндэслэлээр сонгосон. Нөхөн сэргээлт хийсэн, хөрөнгө оруулалт нэмэгдүүлснээрээ бусдаасаа илүү байсан. Хоёрдугаарт тус компани хэд хэдэн оператор компанийг гэрээгээр ажиллуулсан нь шинэлэг, зөв шийдэл байсан. Нөгөө талаас “Алтан Дорнод Монгол” компани нийгэмд нэлээд тааруу үнэлгээтэй байдаг. Байгаль орчныг сүйтгэгч гэдгээс эхлээд л дандаа шүүмжлүүлдэг. Гэтэл ийм цолтой  байсан компанийг монгол залуус худалдаж аваад өдий зэрэгтэй сайхан авч яваад нь уурхайчин хүний хувьд баяртай байдаг.

“Mining Journal Awards” уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээнд шинэ, жижиг дунд компаниуд өрсөлдөх болсонд шүүгчийн хувьд баяртай байгаа. Нөгөө талаар энэ шалгаруулалтын маань жишиг болсон, 4 жил оролцож, шилдэг гэдгээ баталсан том компаниуд энэ жил оролцолгүй, бусад компаниудыг дэмжиж байгаа нь сайшаалтай. Монгол улсын хувьд уул уурхай тэргүүлэх салбар учир уг салбарыг олон улсын жишгийн дагуу, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд хор хөнөөл багатай, байгаль орчныг нөхөн сэргээдэг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн тулд Mining Journal Awards шалгаруулалтыг улам идэвхтэй болгох, шүүгчдийн хувьд шалгуур үзүүлэлтээ улам боловсронгуй болгож, босгыг өндөрсгөх ажлууд хийгдэх байх гэж бодож байна. Ингэснээр уул уурхайн салбарыг олон нийтэд сурталчлан таниулах, ямар компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг олон нийтэд үнэн зөв, бодитоор харуулна гэж боддог.