Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Инвест Монголиа” чуулган 9 дэх жилдээ боллоо

“Фронтиер Секьюритис” компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулган 2 өдрийн турш амжилттай болж өнгөрлөө. Уг чуулган 9 дэх жилдээ болж байгаа бөгөөд 500 орчим зочин төлөөлөгч оролцжээ.

“Инвест Монголиа” хурлын үеэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл, Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг өгсөн юм. Тухайлбал “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүүдлэй ирэх оноос далд уурхайн бүтээн байгуулалт дахин эхлэхийг онцолсон. Зэсийн үнийн уналтыг талаар Эндрью Вүүдлэй захирал “Ойрын жилүүдэд зэсийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа учир үнэ эргэн өсөх магадлалтай. Энэ үед манай далд уурхай ашиглалтад орно. “Оюутолгой” төслийн ирээдүйд итгэлтэй байгаа” гэв. Ирэх оноос тэрбум гаруй долларыг далд уурхайн хөрөнгө оруулалтад зарцуулах болохоор дотоодын компаниудын үйл ажиллагаа болон эдийн засаг эргэн сэргэхэд чухал нөлөөтэй байх болов уу гэсэн хүлээлт оролцогчдод байсан юм.

“Тавантолгой” төслийн талаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Засгийн газар Тавантолгойн хэлэлцээрийг бизнесийн зарчмаар хийхийг зорьж байна. Тиймээс ч хэлэлцээрийг “Эрдэнэс Монгол” компанид даалгасан. Одоо Тавантолгойн хэлэлцээр компани хоорондын хэлэлцээр болж байгаа. Хэлэлцээр үргэлжилж буй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямар ч байсан бид бизнесийн үр ашгаа тэргүүнд тавьж, хамгийн өндөр ашиг хүртэхийн төлөө ажиллаж байна” гэсэн юм. Мөн тэрбээр “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн нэмэлт хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах бэлтгэл ажил эхэлсэн гэдгийг хөрөнгө оруулагчдад дуулгасан.

Макро эдийн засаг, банкны салбарын нөхцөл байдлын талаар өгсөн мэдээллүүд ч оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар “Төсвийн орлого тасарч байгаа нь яалт ч үгүй орлогын буруу зарцуулалттай холбоотой. Өмнөх жилүүдэд төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр бид орлогоо хуримтлуулах биш зардлаа хамтад нь нэмж ирсэн. Орлого тасалдахаар одоо зардлаа танахаас өөр гарцгүй болж байна. Бидэнд том сургамж болж байна” гэв. Харин гадаадын хөрөнгө оруулагчид Монгол ганцхан мега төсөлдөө найдах биш мега төслөө дагасан дунд, жижиг төслүүдээ дэмжиж, хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэвэл эдийн засагт томоохон савлагаа үүсэхгүй хэмээн зөвлөж байв. Ялангуяа “Оюутолгой”, “Тавантолгой” гэлтгүй эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол хөрөнгө оруулагчдад байгаа бололтой. Эрчим хүчний сайд Д.Зоригт тэдэнд хандаж, “Цахилгаан станцын хэд хэдэн төсөл байгаа. Эдгээр төсөл хэрэгжвэл Монголын эрчим хүчний үйлдвэрлэл 2 дахин өснө. Тиймээс бид Хятад улстай эрчим хүч нийлүүлэх талаар ярилцаж байгаа” гэдгийг дуулгасан юм.

Эдийн засгийн өсөлтөө дагаад банкны салбарын өсөлт ч зогсож байгааг Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон онцолж байсан юм. Тэрбээр “Оны төгсгөлд муу зээлийн хэмжээ 10%-д хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ манай банкуудын өөрийн хөрөнгө хангалттай байгаа. Энэ онд ерөнхийдөө амь зогоосон, аргацаасан байдалтай өнгөрөх байх. Ирэх жил ч ийм л байх болов уу” гэсэн өөдрөг бус таамаглалтай байна. 

С.Болд-Эрдэнэ